Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/15

 

 

 

 

 

 

 2025        01        29                                         2025/ДШМ/15

 

Н.Дт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Д.Буяндалай, Д.Уртбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/915 дугаар захирамжтай Н.Дт холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д овогт Нгийн Д, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр багийн 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 000/.

Н.Д нь 00 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багийн нутагт Тоуоtа рrius 00 маркийн 00 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө ...замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийн анхаарч мэдсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан Probox-ХР-50 маркийн 00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн уг машины жолооч Г.Оын биед хүнд хохирол, Д.Лгийн биед хүндэвтэр хохирол, Т.Хын биед хүндэвтэр хохирол, М.Ггийн биед хүндэвтэр хохирол, Г.Нгийн биед хөнгөн хохирол учруулсан, Тоуоtа рrius 00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан А.Дгийн биед хүнд хохирол, Ц.Сийн биед хүндэвтэр хохирол, Ц.Аийн биед хүндэвтэр хохирол, Ж.Бийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулж “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/915 дугаар захирамжаар яллагдагч Нгийн Дт холбогдох эрүүгийн 000 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Цэен-Ойдов эсэргүүцэлдээ: “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхээс “Д.Гыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй” гэжээ. 1-р хавтаст хэргийн 40 дүгээр талд Д.Гыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлаж, мэдүүлэг авсан байна.

2.“Тоёота приус 00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч тодорхойгүй, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг татаагүй” байна гэжээ.

...Яллагдагч Н.Дын 00оны 11 дүгээр сарын 09-ний өдөр жолоодож явсан “Тоёота” приус-00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Дынх болох нь гэрчээр Д.Шын өгсөн гэрээ байгуулж өөрийн төрсөн аав Дт өгсөн талаар мэдүүлсэн мэдүүлэг, “Нэт капитал финанс” ХХК-ийн мэргэжилтэн О.Згийн “Д.Ш гэх залуу 20 сая төгрөг гаргуулж сар бүр 927,000 төгрөг төлөх гэрээ байгуулж авсан. Одоо төлөлт хэвийн явагдаж байгаа...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд яллагдагч Н.Дын жолоодож байсан тоёота приус-00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл  өөрийнх нь болох нь тогтоогдож байх тул өөр хэн нэгэн этгээдийг иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ...захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Буяндалай, Д.Уртбаяр нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд  заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Н.Д нь 00оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Хөвсгөл аймгийн Т сумын 0 дугаар багийн нутагт Тоуоtа рrius 00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө ...замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийн анхаарч мэдсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөний улмаас эсрэг урсгалаас ирж явсан Probox-ХР-50 маркийн 00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж,  Г.Оын биед хүнд хохирол, Д.Лгийн биед хүндэвтэр хохирол, Т.Хын биед хүндэвтэр хохирол, М.Ггийн биед хүндэвтэр хохирол, Г.Нгийн биед хөнгөн хохирол, А.Дгийн биед хүнд хохирол, Ц.Сийн биед хүндэвтэр хохирол, Ц.Аийн биед хүндэвтэр хохирол, Ж.Бийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулж “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх “...Д.Гыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч Д.Г, хохирогчийн өмгөөлөгч Д.О нарт танилцуулаагүй, мөрдөгчийн тогтоол, шинжээчийн эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан баримтад шинжээч гарын үсэг зураагүй, “Toyota prius 00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоогоогүй, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг татаагүй” гэсэн үндэслэлээр яллагдагч Н.Дт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан  нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Яллагдагч Н.Д нь Toyota prius 00 маркийн 00УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн “тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоогоогүй, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг татаагүй”  гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус зохицуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, иргэний хариуцагчийг зөв тогтоох нь гэм хорын хохирлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.13-т заасан “шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах” хохирогчийн эрхийг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн “шинжээчийн дүгнэлтүүдийг хохирогч, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Мөн мөрдөгчийн тогтоол, шинжээчийн эрх, үүрэг танилцуулж, хууль сануулсан баримтад шинжээчээр гарын үсэг зуруулах зэрэг ажиллагааг бүрэн гүйцэт хийвэл зохино.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Харин хэрэгт Д.Гыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 40-44-р хуудас/ авагдсан байхад шүүх дээрх ажиллагааг явуулаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2025/ШЗ/915 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ

                                                                                Б.СОСОРБАРАМ