| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0737/З |
| Дугаар | 128/ШШ2026/0745 |
| Огноо | 2026-08-20 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2026/0745
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, Ш.Г******* нарыг оролцуулан, Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж өгнө үү... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ХХК-иас Хан Уул дүүргийн 16 хороо ******* төслийн 905, 906, 907, 908, 909, 910 дугаар орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн болон захиалагч иргэдийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ******* төслийн 905, 906, 907, 908, 909, 910 дугаар орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч болон захиалагч иргэдийн нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, Ш.Г******* нараас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, сайн дураараа хангаж байгаа...Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул зохих хуулийн дагуу хэрэг маргааныг хааж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхэд бичгээр илэрхийлж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т******* ХХК-иас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн болон захиалагч иргэдийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ