| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 187/2017/0296/Э |
| Дугаар | 296 |
| Огноо | 2018-04-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Урангуа,
Улсын яллагч А.Баясгалан,
Шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М. О.Х, Т овогт Б Б.Д нарт холбогдох 1705013060286 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ш овогт М. О.Х
Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Т овогт Б Б.Д
Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэх”-ийн зогсоол нэртэй газарт байрлуулсан хохирогч М.Гийн эзэмшлийн 25-75 УНК улсын дугаартай эксковатор машины цилиндрийг хууль бусаар хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэх”-ийн зогсоол нэртэй газарт байрлуулсан хохирогч Э.М.Бын эзэмшлийн 14-47 УНК улсын дугаартай эксковатор машины цилиндрийг хууль бусаар хулгайлж 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О.Х мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б.Д мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Э.М.Бын: “...2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүр даваад Биг худалдааны төвийн баруун талд өөрийнхөө эксковатор машиныг байрлуулж тавьсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ ирэхэд миний машины нурууны цилиндр хулгайд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх 16-17 хуу/
Хохирогч М.Гийн: “...2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед 79-72 УНЭ улсын дугаартай Зил-130 машин дээрээ өөрийнхөө 25-76 УНК улсын дугаартай эксковатор машинаа ачсан байдалтай Баянгол дүүргийн 20 дугаар хороо гурвалжингийн гүүрний урд Тэхийн зогсоол дээр байрлуулсан. Тэгээд өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр машин дээрээ байж байгаад ажилд гаралгүй 19 цагийн үед гэрлүүгээ явсан.Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины цилиндр хулгайд алдагдсан байсан. ..Би өөрийнхөө цилиндрийг 1,800,000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх 21-22 хуу/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/660 дугаартай дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 3,4,5,6,7,8,9,10 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх 3,4,7,9,10 гэж дугаарласан наалтууд дахь гарын мөр нь санд Батхуяг овогтой Буяндэлгэр гэсэн нэрээр бүртгэгдсэн хүний баруун гарын алга, дунд, ядам болон зүүн гарын алга, дунд хурууны дардастай тус тус тохирно. 3. хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх гарын мөрүүд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна гэжээ. /хх 28/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11,12/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48, 49/
Эд зүйлийн үнэлгээ /хх 50/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 89,90/
Гомдолгүй гэх баримтууд /хх 80, 81/ зэрэг болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэх”-ийн зогсоол нэртэй газарт байрлуулсан хохирогч М.Гийн эзэмшлийн 25-75 УНК улсын дугаартай эксковатор машины цилиндрийг хууль бусаар хурлгайлан 1,800,000 төгрөгийн хохирол, хохирогч Э.М.Бын эзэмшлийн 14-47 УНК улсын дугаартай эксковатор машины цилиндрийг хууль бусаар хулгайлан 1,800,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.М.Б /хх 16-17/, М.Г /хх 21-22/ нарын мэдүүлэг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 01/660 дугаартай дүгнэлт /хх 28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11,12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48, 49/, эд зүйлийн үнэлгээ /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 89,90/, хохирогчийн санал хүсэлтийн талаарх баримт /хх 80, 81/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж байгаа, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт М. О.Х, Т овогт Б Б.Д нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ш овогт М. О.Х, Т овогт Б Б.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэх албадлангийн арга хэмжээ хэрэглэж хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч нар гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.О.Х, Б.Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.