Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/16

 

 

 

 

 

 

 2025        02        19                                         2025/ДШМ/.....

 

Э.Бад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Баттөмөр,

Нарийн бичгийн дарга: П.Ханбүргэд  нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдлоор Э.Бад холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, П овогт Эн Б, 00 оны 00 дугаар сарын 00- ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Э сумын 0 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/.

Э.Б нь 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын 0 дугаар баг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 3 ширхэг босоо мод буюу 4.7 метр куб хуурай шинэс мод унагаж бэлтгэн, ойн санд 792,678 төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 00 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолоор П овогт Эн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эн Быг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 000 дугаар хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн 00 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 792,678 (долоон зуун ерэн хоёр мянга зургаан зуун далан найм) төгрөгийн үнэлгээ бүхий 4,7 м.куб хэмжээтэй хуурай модыг хураан авч улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хуандай Портер-1” загварын 00 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч М.Т (000)-т олгож, тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Э.Баас гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн 000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий “БАЙКАL БК-7800 БЕНЗОПИЛА” гэх бичиглэлтэй хөрөө 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Э.Б нь 00 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газраас зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 3 ширхэг босоо мод буюу 4.7 метр куб хуурай шинэс мод унагаж бэлтгэн ойн санд 792,678 төгрөгийн хохирол учруулж, энэ хохирлоо 3 нугалан 2,378,034 төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд тушааж хохирлоо бүрэн төлсөн. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөөг хуулийн дагуу хураалгасан.

...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна....” гэж заасаар байтал шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т дээрх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан атлаа 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хураан авах ажиллагаа хийлгүйгээр, хураан авсан хөрөнгө болголгүйгээр үнийг гаргуулж улсын орлогод оруулж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байна гэж харж байна.

...Хохирлоо төлчихөөд байхад хуулийг ингэж хэрэглэх шаардлага байхгүй байсан гэж үзэж байна. Э.Б нь зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн болохоос тээвэрлэсэн гэж яллах дүгнэлт үйлдэгдээгүй юм. Үүнийг ч анхан шатны шүүх дүгнэж үзэж ёстой байсан.

Дээрх тээврийн хэрэгслийн үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгахад ч ач холбогдолтой шүүхийн үйл ажиллагааны зарчим, шударга ёсонд ч шаардлагатай гэж үзэж гомдол гаргаж байна...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.” гэв.

Хуралдаанд оролцсон өмгөөлөгч саналдаа: “...Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Б нь 00 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Э сумын 0 дугаар баг “Х” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр цахилгаан хөрөө ашиглан 3 ширхэг босоо мод буюу 4.7 метр куб хуурай шинэс мод унагаж бэлтгэн, ойн санд 792,678 төгрөгийн хохирол учруулж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Хохирлоо төлчихөөд байхад ...тээврийн хэрэгслийн үнийн дүнг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж, 2-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус зохицуулсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх бөгөөд тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлийнх биш болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг албадан гаргуулах учиртай.

Шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл түүнийх биш болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл М.Тынх болох нь тогтоогдсон, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураах үндэслэлгүй тул  портер маркийн 00 ХӨА улсын дугаартай тээврийг хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.

Харин шүүх шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн  “3.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, “4.... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэсэн заалт хэрэглэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгчийн  өмгөөлөгч Н.Баттөмөрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00/ШЦТ/465 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “7.5 дугаар зүйлийн 3, 4” гэснийг “7.5 дугаар зүйлийн 1, 2” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                       ШҮҮГЧИД                                   Н.БАЯРХҮҮ

                                                                                Б.СОСОРБАРАМ