| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0262/З |
| Дугаар | 128/ШШ2026/0645 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0645
2026 06 30 128/ШШ2026/0645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А ББСБ” ХХК /РД:/
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******, Г.Б
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Д, Г.Н, Т.М нарын хооронд үүссэн татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Тэргэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар эцэслэсэн. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нэхэмжлэлдээ “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2025 оны 12 сарын 23-ны өдрийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг үл маргах журмаар суутгасан захирамжилсан шинжтэй үйлдэл бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас суутган төлсөн 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах” гэж шаардлагаа тодорхойлсон бөгөөд тус шаардлагадаа өөрчлөлт оруулаагүй.
1.2. Иймд, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэсний дагуу нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн тухайд:
2.1. “А ББСБ” ХХК нь Зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг ба ингэхдээ Иргэний хуульд заасан Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (цаа “Фидуци” гэх)-гээр автомашин худалдах үйлчилгээ явуулдаг байна.
2.2. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн Хас банк дахь дугаар данснаас 75,000,000 (далан таван сая) төгрөгийг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт суутгажээ.
2.3. Улмаар “А ББСБ” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газарт хандсан ба тус газраас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0 дүгээр албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан байдаг.
2.4. Ингээд, “А ББСБ” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2025 оны 128/ШЗ2025/ дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.
Гурав. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Автотээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвар, Агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг гаргуулахаар нийт 218,977,225.81 төгрөгийн татварын нэхэмжлэх үүсгэн, банкнууд дахь харилцах, хадгаламжийн дансыг битүүмжлэх ажиллагааг хийсэн. “А ББСБ” ХХК нь татварын албаны энэхүү үйлдлийг эс зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр татварын албанд хандаж, дээр дурдсан төлбөр болон татварын өр төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй этгээд бөгөөд зээлдэгчээр татварын өр төлбөрийг төлүүлэх ажиллагааг хийж байгаа талаар тайлбар хүргүүлж ажилласан. Улмаар татварын өр төлбөрийг төлүүлж, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс банкнуудын харилцах дансыг битүүмжлэх ажиллагааг зогсоож, чөлөөлсөн. Гэвч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс нь татварын нэхэмжлэлийг дахин үүсгээгүй бөгөөд манай байгууллагад урьдчилан мэдэгдэлгүйгээр 75,000,000 төгрөгийг Хасбанкны тоот данснаас үл маргах журмаар суутгасан байна. Татварын хэлтсийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан үйлдэл юм. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэн, хуулийн этгээдийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмчлөлд түр хугацаанд шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөлийг зээлдэгч буюу тээврийн хэрэгсэл эзэмшигчид буцаан шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл, банк бус санхүүгийн байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж авдаг боловч тухайн хөрөнгөтэй холбоотой татварыг хариуцах, аливаа зээлийн төлбөр, шимтгэл хураамжид татварын өр төлбөрийг тусгадаггүй, тухайн хөрөнгийг санхүүгийн аливаа тайланд өөрийн хөрөнгөд бүртгэж, бодитоор эзэмшиж, ашигладаггүй буюу зээлдэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасны дагуу тухайн тээврийн хэрэгслийн эзэмших, ашиглах эрхийг гэрээгээр шилжүүлэн авч эзэмшдэг болно. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “Тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч нь агаарын бохирдлын төлбөр төлөгч байна” гэж тус тус заажээ. Дээрх зохицуулалтаас үзвэл, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн татварын өр төлбөрийг хариуцан төлөх этгээд бөгөөд өмнөх хэсэгт дурдсанчлан Фидуцийн зүйлийн хувьд тээврийн хэрэгслийг бодитоор өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн эзэмшиж буй зээлдэгч нь автотээврийн хэрэгслийг эзэмших хугацаанд үүссэн албан татвар болон автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой гарсан торгууль, төлбөр, даатгалын хураамжийн төлбөрийг төлөхөөр байна. Түүнчлэн Автотээврийн үндэсний төв нь тээврийн хэрэгслийн бүртгэлийг хариуцан ажилладаг ба автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээнд тээврийн хэрэгслийн эзэмшигчээр зээлдэгч, өмчлөгчөөр ББСБ бүртгэгддэг. Гэвч татварыг төлөх үүрэггүй этгээд болох “А ББСБ” ХХК-иас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт 75,000,000 төгрөгийн суутгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу эрх зүйн үндэслэлгүй буюу илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлтэй. ...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар болон агаарын бохирдлын болон авто тээврийн зам ашигласны төлбөр гаргуулахаар нийт 218.977.225 төгрөгийн татварын нэхэмжлэлийг үүсгэж, манай компанийн харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх үйл ажиллагааг хийсэн. Тэгээд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр татварын албанд хандаад, төлбөр болон татварын өр төлбөрийг манайх хариуцан төлөх үүрэггүй. Зээлийн гэрээгээр байгуулсан зээлдэгч нараар тухайн татварын өрийг төлүүлэх талаар хийх ажиллагааг тайлбарт хүргүүлсэн байдаг. Татварын өр төлбөрөө төлүүлээд, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр албан бичиг хүргүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс банкны харилцах дансны битүүмжлэлийг зогсоосон, чөлөөлсөн байгаа. Тэгээд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс татварын нэхэмжлэлийг дахин үүсгээгүй, манай байгууллагад урьдчилан мэдэгдээгүй, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нийт татвар 75,000,000 төгрөгийг Хас банкны данснаас үл маргах журмаар суутгасан үйл баримт байгаа. Банк бус санхүүгийн байгууллага нь зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор өмчилж байгаа авто тээврийн хэрэгслийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу өөрийн өмчлөлд түр шилжүүлэн авч, зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болвол авто тээврийн хэрэгслийн өмчлөлийг зээлдэгч нарын эзэмшилд буцаадаг байгаа. Банк бус санхүүгийн байгууллага нь тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлж авдаг боловч татварын өр төлбөрийн асуудал тусгагдаагүй байдаг. Тухайн хөрөнгийг санхүүгийн тайланд бүртгэж авдаггүй. Бодитоор эзэмшиж, ашигладаггүй учраас зээлдэгч нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх гэдэг нэрийг гэрчилгээнд бүртгүүлж байгаа боловч бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн үйл баримт биш. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу албан татвар төлөгч байна гэж заасан байгаа. Агаарын бохирдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4-т заасан байдаг. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь татварын өр төлбөрийг хариуцаж төлөх этгээд бөгөөд ашиглалтад шилжүүлэн авч байгаа этгээд, эзэмшигч, зээлдэгч нь татвар төлөх ёстой. Ийм учраас ашиглалттай холбоотой гарсан торгууль, төлбөр, албан татвар бусад хураамжийг зээлдэгч төлөхөөр байгаа. Авто тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээнд тээврийн хэрэгслийн эзэмшигчээр зээлдэгч, өмчлөгчөөр банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байдаг. Иргэд и монголийг нээгээд үзэхээр авто тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч банк бус санхүүгийн байгууллага гэж гарч ирнэ. Нөгөө талаар манайхаас зээл авсан зээлдэгч нь тухайн автомашины эзэмшигч гэсэн хүснэгтэн хэлбэрээр гэрчилгээнд албан ёсны мэдээлэл харагддаг. Фидуцийн гэрээний дагуу авто тээврийн хэрэгслийн зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор өмчлөлд шилжүүлж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан бусад нөхөн ногдуулах бүртгэлийн журамд заасны дагуу тухайн зээлийн гэрээний дагуу үүргээ хүлээгээгүй, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, өөрсдийн өмчлөлд шилжүүлж авснаар банк бус байгууллага тухайн зээлийг өөрийнх өмнөөс хаагаад, хөрөнгөд бүртгэж авдаг. ...Хариуцагч тал хариу тайлбартаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасны дагуу татвар ногдуулна гэж заасан. Гэхдээ хууль хэрэглээний талаар буруу тайлбарлаж байна гэж үзэж байгаа. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу агуулгаа буруу хэрэглэж, банк бус байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Тухайн тээврийн хэрэгсэл бүртгэлээс хасагдаж, татвар ногдуулахгүй. Татвар ногдуулсан нь хэвээрээ байна гэж хуульд заасан байна. Фидуцийн гэрээний холбоотой маргаан банк бус байгууллагад гардаггүй. Бусдад хохирол байгаа тохиолдолд банк бус байгууллагыг хариуцагчаар татдаг. Зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эзэмшилд авчихсан этгээд байгаа болохоос биш хохирлыг барагдуулах субьект мөн гэж үзэхгүйгээр үндсэн хохирол учруулсан байгаа тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд хариуцлага ногдуулдаг. Эрүүгийн хэргийн маргааны хувьд зам тээврийн хэрэгслийн осол гарсан тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагчаар ороод явж байгаа. Авто тээврийн хэрэгсэл шилжиж байгаатай холбоотой хохирлыг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцна. Фидуцийн гэрээ нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилготой. ... Дахиад нэхэмжлэх үүсгээгүй. Яагаад гарсан талаар тодорхойгүй. Мэйл авагдсан боловч Татварын ерөнхий газрын даргын баримт бичгийг батлах тухай 2020 оны А/43 дугаартай тушаалд заасны дагуу нэхэмжлэхийн загвар нь 13 дугаар хавсралтаар батлагдсан байдаг. Энэ хавсралтад заагдсан нэхэмжлэхийн загвараар баримт бичиг ирээгүй. Хүснэгт эксель байдлаар маш ойлгомжгүй, мэдээлэл ирсэн. Өмнө нь 09 дүгээр сард нэхэмжлэх ирүүлж байсан. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 11 дүгээр сарын 20-ны өдөр банкуудруу чөлөөлөх бичгийг хүргүүлсэн байгаа. Энэ ажиллагаа дууссаны дараа 12 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдээгүй. Тэгээд 12 дугаар сарын 23-ны өдөр үл маргах журмаар татвар суутган төлөхтэй холбоотойгоор албан бичиг хүргүүлээд суутгагдсан гэсэн үг. Зохих журам, загварын дагуу гаргаагүй. Бид нарт мэдэгдээгүй. Татварын хуульд заасны дагуу улирал тутамд төлбөрөө төлөх ёстой. Гэтэл өмнөх нэхэмжлэлийн дагуу татвар нэхэмжлэхээс өмнө суутгаж, хууль бусаар авч байгаа нь тодорхойгүй байна. Үүнд албан ёсны тайлбар өгөөгүй байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ...” гэв.
Дөрөв. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргадаг. Үүнд:
4.1. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...“А ББСБ” ХХК-д тус хэлтсийн татварын удирдлагын нэгдсэн системд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирлын төлбөр, автозам ашигласны төлбөрийн төрлөөр 218,997,225.81 төгрөгийн татварын өр үүссэн. Монгол Улсын Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 6.1-т “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж тус тус заасан. Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17 дахь хэсэг, Монгол Улсын Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээний 3.1.1 дэх хэсэгт зааснаар Зам тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллага болох Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн эзэмшигчийн бүртгэлийн мэдээллийг мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгэн албан татвар, төлбөр ногдуулдаг. Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1, 55.2, 55.2.1, 55.2.2 дахь заалтыг тус тус зөрчиж, хуулийн хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэх хүргүүлж, үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийсэн. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, 63.1.4 дэх заалтыг үндэслэн үл маргах журмаар гаргуулах ажиллагаа хэрэгждэг болно. Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөрийн өрийн мэдээллийн талаар татварын алба нэхэмжлэх үүсгэн данс битүүмжилснийг мэдсэн болохоо нэхэмжлэлдээ мэдсэн байдаг бөгөөд данс нээлгэх хүсэлтээ ч ирүүлж байсан байна. Нэхэмжлэгийн Хасбанкны данс дахь бүртгэлтэй данс нь нээгдээгүй байсан тул төлөгдөөгүй байсан татварын өрийг битүүмжлэх хуудаст заасны дагуу шилжүүлсэн. Монгол Улсын Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дугаар зүйл, Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д заасан татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд эсхүл суутган төлөгчийг ойлгохоор зохицуулсан. Нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч нь “А ББСБ” ХХК болох нь Татварын албаны татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт гэж үзэхгүй...” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.17, Авто тээврийн хэрэгслийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл, Авто тээврийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2009 оны 251 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нэг талаас Зам тээвэр хөгжлийн яам, нөгөө талаас Татварын ерөнхий газарт гэрээ хийгдсэн. Энэ гэрээний 3.1.1 дэх хэсэгт заасан Зам тээвэр хөгжлийн яамны харъяа Авто тээврийн үндэсний төв ТӨҮК-ийн газраас ирүүлсэн авто тээвэр хэрэгслийг эзэмшигчийн бүртгэлийн мэдээлэл, мөн гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар Татварын ерөнхий газар мэдээллийн санд бүртгүүлж, албан татварыг ногдуулдаг зохицуулалттай. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн буюу авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр эзэмшигчээр бүртгүүлсэн тул Үндэсний авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар албан татвар төлөгч болж байна. Төлөөгүй татварыг хураан барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 55, 63 дугаар зүйлд заасны дагуу данс битүүмжлэх ажиллагааг хийсэн байгаа. Данс нээлгүүлэх хүсэлтээ ирүүлсэн. Нэхэмжлэгчийн хас банкинд бүртгэлтэй данс нь нээгдээгүй байсан. Тухайн хугацаанд шилжүүлсэн байдаг. Үүний улмаас мөнгө татагдсан. Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар арилжааны банкны эрх үүрэг байгаа. Нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “А ББСБ” ХХК нь татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэлтэй. Үзлэг хийгдсэн байгаа. Эзэмшигч үү? өмчлөгч үү? гэдэгт маргаад байгаа юм. Гэтэл Авто тээврийн хэрэгслийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд эзэмшигч гэдгийг ямар нэгэн байдлаар хоёрдмол утга бүхий шууд хэрэглэсэн. Эзэмшигч татвар төлөгч байна гэдэг нь тус системээр татварын хур системээр ганцхан татагдаж байгаа мэдээлэл нь банк санхүүгийн байгууллага эзэмшигчээр байгаа учир татвар ногдуулна. Төрийн байгууллага хууль хэрэгжүүлдэг байгууллага. Үйлдлээр эзэмшигч гээд заачихсан. Хур системээр эзэмшигчийг заасан байгаа. Хуулийн дагуу эзэмшигч дээр татвар ногдуулаад явж байгаа. Өмнө нь ижил төстэй албан байгууллагад хэрэгжүүлсэн...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үнэлээд, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. Хариуцагчийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75,000,000 (далан таван сая) төгрөгийн татварыг үл маргах журмаар хураан авсан үйлдлийн тухайд:
1.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж тус тус зааснаар захиргааны акт нь захиргааны журамласан, тогтоосон үйлдлээр илрэх боломжтой.
1.2. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар 23-ны өдөр “А ББСБ” ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь данснаас 75,000,000 (далан таван сая) төгрөгийн татварыг үл маргах журмаар хураан авсан (цаа “Маргаан бүхий захиргааны шийдвэр” гэх) нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг хангаж байна.
1.3. Хариуцагч нь Татварын ерөнхий хууль (2019.03.22)-ийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “битүүмжлэх мэдэгдэх хуудас хүлээн авсан даруйд банк битүүмжлэх мэдэгдэх хуудсанд заасан дансанд өртэй татвар төлөгчийн нэг буюу түүнээс дээш дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шилжүүлэх” гэсний дагуу нэхэмжлэгчийн Хас банк дахь харилцах данснаас автомашины татварын өрөнд 75,000,000 (далан таван сая) төгрөгийг төрийн сангийн дансанд үл маргах журмаар шилжүүлэн авсан гэдэг.
Харин нэхэмжлэгч нь “Иргэний хуульд заасан Зээлийн болон Фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор иргэдийн автомашины өмчлөх эрхийг түр хугацаанд шилжүүлэн авсан бөгөөд бодитоор тухайн иргэд эзэмшиж, улмаар татварын өр төлбөрийг тэдгээр иргэн, хуулийн этгээд төлөхөөр харилцан тохиролцсон тул банк бус санхүүгийн байгууллага төлөхгүй” гэж тайлбарладаг.
Тус нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-т “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.” гэж тус тус заасны дагуу талууд 1/бодитоор эзэмшиж буй этгээд эсхүл 2/улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн хариуцагч нарын хэн нь албан татвар төлөгч болох талаар хууль хэрэглээний хувьд маргадаг.
1.4. Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “бүх төрлийн ачааны автомашин”, 4.3-т “суудлын автомашин” гэж тус тус зааснаар албан татвар ногдох хөрөнгөд “А ББСБ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн суудлын болон ачааны автомашинууд хамаарна.
Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй автомашины лавлагаа[1] болон тус төвөөс гаргадаг “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт” буюу Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаагаар дээрх автомашинуудын өмчлөгч гэдэгт “А ББСБ” ХХК-ийг, харин эзэмшигч гэдэгт “хувь хүн, хуулийн этгээд” (Жишээ нь: УБГ улсын дугаартай автомашины эзэмшигчээр иргэн О.Н, өмчлөгчөөр банк бус бүртгэлттэй гэж)[2]-ийг тус тус бүртгэсэн байна.
1.5. Мөн, нэхэмжлэгч нь иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан Зээлийн болон Фидуцийн гэрээнийхээ дагуу Автотээврийн үндэсний төвд гэрээний зүйл болох автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж, харин эзэмшигчээр иргэн, хуулийн этгээдийг бүртгүүлэх гэсэн агуулгатай хүсэлтийг гаргаж[3], улмаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ банк бус байгууллагын нэр дээр өмчлөх эрхтэйгээр бүртгэгджээ[4].
Харин, хариуцагчаас “автомашины татвар төлөгчийг Зам тээврийн хөгжлийн яам болон Татварын ерөнхий газрын хооронд байгуулагдсан 2017 оны дугаар “Мэдээлэл харилцан солилцох тухай гэрээ[5]”-ний дагуу Автотээврийн үндэсний төвийн Татварын удирдлагын нэгдсэн системд нийлүүлсэн мэдээллэлд үндэслэн тодорхойлсон байх ба тус цахим систем (tais.mta.mn /itax/)-д “А ББСБ” ХХК-ийг эзэмшигч гэж оруулсан нь шүүхийн үзлэгээр тогтоогддог[6].
1.6. Үүнээс үзэхэд, маргаан бүхий автомашинуудын бодит ашиглалт, эзэмшил хэний мэдэлд байгаа эсэхээс үл шалтгаалаад нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасны дагуу хөрөнгийн туйлын эрхийг эзэмшиж байгаа ба түүний аливаа зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээд нь автомашиныг захиран зарцуулах эрхгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж, 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна.” гэж тус тус зааснаас үзэхэд хуулийн дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн “А ББСБ” ХХК-ийн автомашины өмчлөх, эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхийг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.
Тиймээс, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “эзэмшиж байгаа этгээд” гэдэгт тухайн хөрөнгийг ашиглаж байгаа этгээд бус харин хөрөнгийг захиран зарцуулах эрх /улсын бүртгэлд бүртгэгдсэн/-тэй этгээдийг ойлгох ба энэ нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна.” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгчийг албан татвар төлөгч гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
1.7. Монгол Улсын дээд шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь заалтад тус тус заасны дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах буюу зөрүүг арилгах зорилготой тул Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг Улсын дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор ижил тохиолдолд дараах байдлаар тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Үүнд:
Тогтоолын хянавал хэсгийн 11-т “Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг “хуульд татвар төлөгчийг “автотээврийн хэрэгслийн өмчлөгч” гээгүй харин “эзэмшиж буй этгээд” буюу “эзэмшигч” гэж заасан ба эзэмшигч гэдгийг “тухайн автотээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгүүлсэн этгээд” гэж ойлгохоор байна.” гэж, 12-т “Ийнхүү татварын хууль тогтоомжид татвар төлөгчийг шууд буюу хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан байхад тухайн ойлголтыг бусад хууль тогтоомжтой холбож, тухайлбал хувийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр дэлгэрүүлэн тайлбарлах үндэслэлгүй юм” гэж, 13-т “Иймд, “...Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг “тухайн тээврийн хэрэгслийг бодитоор эзэмшиж буй этгээдийг эзэмшигч” гэж тодорхойлох боломжтой, 6 дугаар зүйлийн 6.1-ийн агуулга нь тухайн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасаагүй л бол тээврийн хэрэгслийн албан татварыг төлүүлэх тухай зохицуулалт юм” гэжээ.
1.8. Иймд, “А ББСБ” ХХК нь өөрийн нэр дээр бүртгэлтэй, гэрчилгээ олгогдсон автотээврийн хэрэгслүүдийн “автотээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар төлөгч” мөн тул холбогдох татварын өр болох 75,000,000 (далан таван сая) төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.” гэж заасны дагуу хуульд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
1.9. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл ашиглалтаас хасагдсан тохиолдолд улсын бүртгэлээс хассан тухай албан ёсны баримт бичгийг үндэслэн түүнд ногдох албан татварыг дараа улирлаас эхлэн зогсооно. …” гэж заасныг баримтлан эзэмшигчээр бүртгэсэн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн татвар төлөх үүрэг зогсох буюу иргэн, хуулийн этгээдэд шилжинэ гэж тайлбарладаг.
Гэхдээ, тус хуулийн заалт нь энэхүү маргаанд хамааралгүй бөгөөд зөвхөн автомашин болон өөрөө явагч хэрэгсэл нь зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй болж актлагдах буюу хөрөнгөөс бүртгэл нь хасагдах тохиолдолд татвар ногдогдуулалтыг зогсоохтой холбоотой тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
1.10. Татварын ерөнхий хууль (2019.03.22)-ийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт татварын өрийг үл маргах журмаар гаргуулахтай холбоотой татварын албаны авах арга хэмжээг нарийвчлан зохицуулсан бөгөөд хуулийн 63.1.1-т “татварын улсын байцаагч татварын өрийг өртэй татвар төлөгчийн банкан дахь мөнгөн хөрөнгөөс хураах тухай битүүмжлэх мэдэгдэх хуудсыг татварын албаны даргаар батлуулан харилцагч банканд хүргүүлэх” гэжээ.
Юун түрүүнд “татварын өр”-ийг үл маргах журмаар гаргуулах тул Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаа "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно” гэж, 50.1.1-т “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр” гэж, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлнө.” гэж тус тус заасны дагуу автомашины албан татварыг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй тохиолдолд татварын өр үүсэхээр байна.
1.11. Нэхэмжлэгч нь 2025 оны 3 дугаар улирлын автомашины албан татварыг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, харин 4 дүгээр улирлын автомашины албан татварыг мөн оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлөх үүрэгтэй.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаа, нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 1/автомашины албан татварт 139,373,996.15 (нэг зуун гучин есөн сая гурван зуун далан гурван мянга есөн зуун ерэн зургаа төгрөг арван таван мөнгө) төгрөгийн өр, 2/авто зам ашигласны татварт 76,861,829 (далан зургаан сая найман зуун жаран нэгэн мянга найман зуун хорин ес) төгрөгийн өр, 3/агаарын бохирдлын татварт 2,741,400.66 (хоёр сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун төгрөг, жаран зургаан мөнгө) төгрөгийн өр, нийт 218,977,225.81[7] (хоёр зуун арван найман сая есөн зуун далан долоон мянга хоёр зуун хорин таван төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн өртэй байдаг.
Нэхэмжлэгчээс дээрх 218,977,225.81 төгрөгийн татварын өрийн 75 (далан тав) хувь буюу 164,232,919.36 (нэг зуун жаран дөрвөн сая хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун арван есөн төгрөг, гучин зургаан мөнгө) төгрөгийн төлөлтийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар төлж барагдуулсан гэжээ[8].
Ингэхдээ, авто зам ашигласны татвар 76,861,829 төгрөгийг, агаарын бохирдлын татвар 2,741,400.66 төгрөгийг, автомашины албан татвараас 84,629,689.698 төгрөгийн өрийг тус тус төлж, харин 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөгдөх ёстой автомашины албан татварын өрнөөс 54,744,306.452 (тавин дөрвөн сая долоон зуун дөчин дөрвөн мянга гурван зуун зургаан төгрөг, дөрвөн зуун тавин хоёр мөнгө) төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн байдаг.
Иймд, хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой байсан татварын үлдэгдэл өр болох 54,744,306.452 төгрөгийг үл маргах журмаар хураан авсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.
1.12. Харин, нэхэмжлэгчээс 2025 оны 04 дүгээр улирлын автомашины албан татвар болох 20,255,693.548 (хорин сая хоёр зуун тавин таван мянга зургаан зуун ерэн гурван төгрөг, таван зуун дөчин найман мөнгө) төгрөгийг 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй ба уг хугацаа өнгөрөхөд сайн дураараа төлөөгүй бол мөн сарын 26-ны өдрөөс эхлэн “татварын өр” болж, улмаар татварын алба татвар төлөгчийн банк дахь мөнгөн хөрөнгөөс хураахаар байх боловч хариуцагч нь мөн сарын 23-ны өдөр таталт хийжээ.
Ийнхүү, хариуцагч нь 20,2 сая төгрөгийн төлбөрийн хувьд “татварын өр” үүсэхээс 3 (гурав) хоногийн өмнө “А ББСБ” ХХК-ийн Хас банкны данс дахь мөнгөн хөрөнгөөс хураан авсан нь хуулийн хугацааг зөрчсөн байх боловч уг татвар нь нэхэмжлэгчийн заавал төлөх татвар тул Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “албан татварын зайлшгүй байх” зарчмын хүрээнд “улсын төсөвт төлөх ёстой татвар”-ыг нэхэмжлэгчид буцаан олгохгүй гэж шүүхээс үзэв.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хууль зөрчиж 3 хоногийн өмнө 20,2 сая төгрөгийн татварыг нэхэмжлэгчээс үл маргах журмаар хураасныг зөвтгөхгүй боловч өнөөдрийн байдал (2026.06.30)-аар хуулийн дагуу заавал төлөгдсөн байх ёстой албан татвар тул буцаан олгохгүй болно.
1.13. Нөгөө талаараа, хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.2-т тус тус заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №******* дугаар мэдэгдэх хуудсаар, нэхэмжлэгчийн дансыг нийт 77,890,924.22 төгрөгөөр битүүмжлүүлэхээр Хасбанканд хандаж,[9] 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 04/3347 дугаар албан бичгээр Хас банканд нэхэмжлэгчийн битүүмжлэгдсэн данснаас 75,000,000 төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлэх[10]-ийг мэдэгджээ.
Иймээс, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т заасны дагуу Хасбанканд мэдэгдэл хүргүүлж, тус банк дахь нэхэмжлэгчийн данснаас 2026 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 75,000,300 төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлэн авсан нь[11] хууль тогтоомжид нийцсэн арга хэмжээ байна.
1.14. Нэхэмжлэгч нь “2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 218,977,225.81 төгрөгийн албан татвар төлөх тухай нэхэмжлэх үүсгэсэн бөгөөд “А ББСБ” ХХК-иас мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар албан бичгээр гаргасан арилжааны банкнуудын дансны битүүмжийг арилгасан. Гэтэл хариуцагчаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 75,000,000 төгрөгийн албан татварт нэхэмжлэх дахин үүсгэх ёстой байсан ч үүсгээгүй, мэдэгдээгүй” гэж, харин хариуцагчийн зүгээс “цахим шуудангаар татварын өр үүссэн автомашины мэдээллийг хүргүүлсэн” гэж тус тус маргасан.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн төлөх ёстой байсан 218,977,225.81 төгрөгийн татварын өрийг ******* дугаар нэхэмжлэх[12] -ээр үүсгэж, тус нэхэмжлэхийг “А ББСБ” ХХК-ийн Хууль, комплаенсийн хэлтсийн дарга Б.Э******* (энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа) гардан авсан байдаг.[13]
Ингээд, нэхэмжлэгчээс 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр[14] татвар төлөгч биш бөгөөд иргэний эрх зүйн гэрээний дагуу иргэн, хуулийн этгээд төлөх талаар тайлбар хүргүүлж, улмаар дахин 2025 оны 11 сарын 20-ны өдөр татварын төлбөрийн 75 хувийг төлж барагдуулсан гэсэн хүсэлт ирүүлснийг үндэслэн хариуцагч нь 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгээр нийт 8 банк (Тээвэр хөгжлийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан, Хас, Төрийн, Капитрон, Голомт, М банк)-ны дансыг “татварын өрөө төлж байгаа” гэсэн шалтгаанаар нээлгүүлжээ[15].
1.15. Гэхдээ, Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаа "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх…” гэж заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэх үүсгэж, татварын өрийг төлөх тухай нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Тус өрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар бүрэн төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн “албан татварын 75 хувийг төлсөн тул банкны дансны битүүмж арилгуулах” хүсэлтээр тогтоогдож байх ба хариуцагчийн зүгээс татварын дийлэнх өр төлөгдөж, төлбөрийн дүн багассаныг харгалзан үзэж, арилжааны банкууд дахь нэхэмжлэгчийн дансны битүүмжийг дээрх байдлаар зогсоосон нь уг асуудлыг бүрэн дууссан гэж үзэхгүй, мөн тухайн нэхэмжлэхээр хүргүүлсэн татварын өр төлөгдөж дуусаагүй байхад дахин нэхэмжлэх шинээр үүсгэхийг шаардах хууль зүйн үндэслэл байхгүй болно.
Нөгөө талаараа, хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаар мэдэгдэх хуудсаар Хасбанканд дахин хандаж, нэхэмжлэгчийн харилцах дансыг 77,890,924.22 (далан долоон сая найман зуун ерэн мянга есөн зуун хорин дөрвөн төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгөөр битүүмжилж, энэ талаарх мэдээллийг “А ББСБ” ХХК-ийн Хууль, комплаенсийн хэлтсийн дарга Б.Э*******ын *******.*******.mn и-мэйл хаяг (өмнө хүргүүлсэн нэхэмжлэхийг гардан авсан баримтад тус ажлын цахим шууданг тэмдэглэж үлдээсэн байдаг)-руу илгээсэн байдаг.
Энэ нь шүүхээс ажил хариуцсан байцаагчийн *******.*******.mta.gov.mn цахим шууданд хийсэн үзлэгээр “2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3.33 минутад enkhmandal.*******.mn цахим шууданд мэйл явуулсан” болох нь тогтоогдсон[16] тул хариуцагчийг урьдчилан мэдэгдээгүй гэж буруутгасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.
1.16. Дээр дурдсанаар Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 2025 оны 12 дугаар 23-ны өдөр “А ББСБ” ХХК-ийн эзэмшлийн Хас банк дахь данснаас 75,000,000 (далан таван сая) төгрөгийг үл маргах журмаар хураан авсан нь хууль тогтоомжид нийцсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нь нэхэмжлэгчийн “Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, улсын төсөвт хураан авсан 75,000,000 төгрөгийг буцаан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Хоёр. Тус захиргааны хэрэгтэй хамааралтай бусад үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг үндэслэн маргаан бүхий захиргааны шийдвэр (үйл ажиллагаа)-ийг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.9.2-т “...нэхэмжлэгч нь захиргааны актыг “хүчингүй болгох” нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор “захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан бөгөөд маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж зөрчсөн нь тогтоогдвол нэхэмжлэгчийн “зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээх” үндсэн зорилгыг хангах үүднээс шүүх уг актыг “хүчингүй болгох” боломжтой, энэ нь “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан” агуулгад хамаарахгүй….” гэж тайлбарласан.
Иймд, шүүхээс захиргааны актын хүчингүй болгуулах үндэслэлийн хүрээнд шалгаж үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа (Татварын ерөнхий газарт 2026.01.14-нд хандаж, тус газраас 2026.02.11-ний өдрийн огноотой гомдол хянасан хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн)-г хийж, мөн зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацаа (Хариуцагч 2025.12.23-ны өдөр маргаан бүхий захиргааны шийдвэрийг гаргасныг 2026.01.14-нд дээд шатны захиргааны байгууллагад хандаж, улмаар 2026.02.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан)-нд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.
2.2. Энэхүү шүүхийн шийдвэр нь “А ББСБ” ХХК-аас Иргэний хуулиийн дагуу иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан Зээлийн болон Фидуцийн гэрээний харилцааны талаар аливаа байдлаар дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалт, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус баримтлан “А ББСБ” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан “Хариуцагчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварт 75,000,000 /далан таван сая/ төгрөгийг үл маргах журмаар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид буцаан олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН
[1] Хавтас хэрэг (цаа “Хх” гэх)-ийн 87-92 дахь тал
[2] Хх-ийн 25 дахь тал
[3] Хх-ийн 101-126 дахь тал
[4] Хх-ийн 172-177 дахь тал
[5] Хх-ийн 154-160 дахь тал
[6] Хх-ийн 45-48 дахь тал
[7] Хх-ийн 14 дэх тал
[8] Хх-ийн 26 дахь тал
[9] Хх-ийн 24 дэх тал
[10] Хх-ийн 8 дахь тал
[11] Хх-ийн 12 дахь тал
[12] Хх-ийн 14 дэх тал
[13] Хх-ийн 22 дахь тал
[14] Хх-ийн 13 дахь тал
[15] Хх-ийн 66-73 дахь тал
[16] Хх-ийн 49-56 дахь тал