Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01546

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2019/01546

 

 

Б.Үийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00897 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Үийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/07399 дугаар захирамжаар Б.Ү, Б.Б нараас 157 104 511 төгрөгийг гаргуулж Стар кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгөд шинжээч томилж 161 496 300 төгрөгийн үнэлгээ тогтоон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Ү, Б.Б бидэнд 41677 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Б.Б бидний төлбөр төлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчин, барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, хүний амьдралын орон байрыг хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үндэслэлгүйгээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 7399 дугаар захирамжаар Б.Ү, Б.Б нараас 157 104 511 төгрөгийг гаргуулж Стар кредит ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдэл өгч, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй учир үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхон, 103 дугаар байрны 14 тоот, 86,96 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлахаар заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцахаар заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, Улсын бүртгэлийн Ү-2204029340 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо /шинэчилсэн бүртгэлээр 26 дугаар хороо/, Их Монгол улсын гудамж, 103 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 86,96 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Үийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ү давж заалдах гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00897 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 103 дугаар байр, 14 тоот хаягт байршилтай 86,96 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшаас илт багаар үнэлж бидний эрх ашгийг ноцтой зөрчиж эрх зүйн байдлыг дордуулсан байхад анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх орон сууц нь хотын А бүсэд байрладаг, 2009 онд ашиглалтад орсон, сургууль, цэцэрлэг, автобусны буудал, худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон зах зээлд өндөр үнэлгээтэй гэдгийг анхааралгүй, нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг харгалзахгүй зөвхөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан үндэслэл муутай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШЗ2017/07399 дүгээр Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай захирамжаар Б.Ү, Б.Б нараас 157 089 511 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Стар кредит ББСБ ХХК-д олгож, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 103 байр, 14 тоотод байрлах 86,96 м.кв талбай бүхий орон сууцыг үүргийн гүйцэтгэлд хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 33-35 дахь тал/

 

Дээрх захирамжийг Б.Ү, Б.Б нар сайн дураар биелүүлээгүйгээс Стар кредит ББСБ ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гарган 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1664 дүгээр гүйцэтгэх хуудас, 101/ШЗ2017/16370 дугаар захирамж бичүүлсэн байх ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д заасанд нийцжээ. /хх 30-32,36 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн /хх 47,48,51 дэх тал/ улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шинжээч томилох тухай тогтоол гарган Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Б.Үийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Их Монгол улсын гудамж, 103 байр, 14 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204029340 дугаартай 86,96 м.кв талбай бүхий орон сууцыг 161 496 300 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /хх-55-65/. Уг үнэлгээ нь талуудын маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Б.Ү нь хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... орон сууц нь А бүсэд байрладаг, 2009 онд ашиглалтад орсон, сургууль, цэцэрлэг, автобусны буудал, худалдаа үйлчилгээний газруудтай ойрхон зах зээлд өндөр үнэлгээтэй орон сууц гэдгийг анхаараагүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийхдээ тухайн орон сууцны давхрын байршил, ашиглалт, засвар үйлчилгээ зэрэг шинж байдал, онцлогийг харгалзсан эсэх нь тодорхойгүй, мөн үнэлгээний тайландаа энэ талаар тусгаагүй байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид хуулийн гэх/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 9.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/00897 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД