Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00070

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                    Б.Ариунсанаа

Улсын яллагч                                                  Э.Энхбат

Хохирогч                                                          С.Тү

Хохирогчийн өмгөөлөгч                                  Д.Галсанпунцаг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч                                                  О.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Од холбогдох 1832001230042 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зүтгүүрийн инженер мэргэжилтэй, хэрэт татагдах үедээ Монголын залуучуудын холбооны бодлого хэрэгжилтийн газар олон нийттэй харилцах ажил хариуцсан мэргэжилтэн  ажилтай байсан.*тоотод  эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд өмнө 1 удаа ял шийтгүүлж байсан, Тайчууд овогт Оюунтунгалагийн О РД:/*/

 

           Шүүгдэгч О.О нь Монголын залуучуудын холбооны чууулга уулзалт зохион байгуулах ажлаар ирсэн үедээ согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудлын 505 дугаартай өрөөний өрөөний ариун цэврийн өрөөнд С.Тү, Г.Ба нарыг хоорондоо маргалдаж зодолдлоо гэх шалтгаанаар С.Түг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Түд учруулсан хохирол, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тийм болохоор мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогч С.Тү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Монголын залуучуудын холбоонд ороод маш их хичээж ажилласан. Яагаад гэвэл би энэ байгууллагад тууштай ажиллая гэж бодсон. Гэвч энэ байгууллага намайг ажилд орохоос өмнө нүдээр харж байсан байдал дотор нь ороод ажиллахад шал өөр байсан. 7 хоногийн 3-4 өдөр нь байнга ууж идэж, шоуддаг тийм л байгууллага байсан. Бид нар Зүүнхараад ирэхэд ганц ажил хийдэг хүн нь би байсан. Эд нар уугаад идээд нэг нэгэнтэйгээ тоглоод өрөө хэсээд байж байдаг байсан. Тэгээд би ажлаа зохицуулчихаад унтаж амаръя гээд өрөөндөө орж хэвтэх гэтэл араас Бт орж ирээд тамхиныхаа галаар миний цээжэн дээр наагаад л яаж байгаа юм бэ гэхэд зориг чинь байвал цохичих чамайг харъя гэж байсан. Тэгээд бид хоёр жоохон маргалдаж, цохилцоод миний хамарнаас цус гарсан нөгөөдүүлийн өрөө рүү орж угаах гэтэл Шинэхүү дарга намайг доошоо буугаад түлхүүр өгөөд ир гэхэд тэр хооронд Шинэхүү, Бт, энэ гурав байнга ууж идэж баар хэсээд байж байсан. Энийг баримт нотолгоотой нь би гаргаж өгч чадна. Би Ог өмнө нь маш их хүндэлж байсан. Бидний хооронд урьд нь ямар нэгэн зүйл болж байгаагүй. Тэгтэл намайг шууд цохиж унагаад дээрээс дэвсэж байсан. Тэгэхэд Бя одоо болно ш дээ гэхэд Бя руу чи муу бацаан одоо миний урдаас ингэдэг болсон уу гээд л томорч байсан. Тэгээд намайг нойл руу ороод ир гэхэд нь би юу ч саналгүй ороход шууд зодоод, зодох зодохдоо намайг тарчлаан зовоож зодсон. Чи гөлөг биздээ, чи нохой биздээ хэлдээ чи. Чи гөлөг бол одоо гөлөг шиг хуцдаа гэх мэтээр хэлж байсан. Би толгойгоо бариад бөхийгөөд хэвтэж байхаад миний нуруу руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Толгой руу цохисон. Тэгээд унаад би босож чадахгүй байхад бос гээд л арай хийж босохоор чи муу яагаад байгаа юм бэ гээд зоддог байсан. Эхний нойлд ороход намайг 40-50 минут үнэхээр тарчлаан зовоож, хэлэх хэлэхгүй үгээр доромжилж зодсон. Тэр үед би огт уугаагүй, би архи ууж, тамхи татдаггүй. Энийг манай найзууд болон ажлынхан гэрчилнэ. Тэгээд намайг нойлоос доголоод гарч ирэхэд О чи муу янхан болчихсон юм уу яагаад матах гээд байгаа юм бэ, зүгээр яваач гэж дахиад нойл руу оруулж зодсон. Тэгээд нойл руу 2-3 удаа оруулсны дараа Бя болиоч, Бэлгүтэй дарга болиоч гээд ундааны сав шидэхэд та нар зүгээр тайван байхыг хүсье, аятайхан байхыг хүсье гээд аягүй сонин өнгө аясаар хэлж байсан. Хэдий Бэлгүтэй, Шинэхүү нар өөрийнхөн дарга боловч үг хэлж чаддаггүй. Дандаа хамт архи уусаар байгаад нэг нэгэндээ шаардлага тавьж чадахгүй, намайг өмгөөлж чадахгүй байсан. Намайг зодуулаад цус нүжиндээ холилдоод байж байхад Нарны өртөө зочид буудлын эзэн Гантөмөр гэдэг залуу байсан. Тэр үед би намайг өмгөөлөөд ганц үг хэлчээсэй гэж маш их хүсэж байсан. Гэтэл юу ч хэлэхгүй байсан, би тэр залууд мөн үнэндээ гомдсон. Сүүлд нь мэдүүлэг өгөхдөө тэр талаар ерөөсөө яриагүй байсан. О миний L1, L2 ясыг хугалсан. L4, L5-н диск бүлтэрч гарч ирж мэдрэлийн судасыг дарсан гэсэн. Эхний хэдэн сар маш их хэцүү байсан. Би 2017.11.07-нд зодуулаад 2017.11.14-ний өдөр түр оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст өргөдлөө өгсөн. Энэ хугацаанд би цагдаад өгнө гэж бодоогүй. Эр хүний уужуу сэтгэлээр зүгээр орхие гэж бодсон боловч намайг үнэндээ тоогоогүй. Үл тоож байсан. Тэгээд манай аав, ээж, эгч, би нөгөө талаас О, Бя, Шинэхүү, Энхтуяа гээд хүмүүс Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчийн өрөөнд уулзсан. Тэгэхэд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мө та нар яах гэж хүний хүүхэд зодож байгаа юм бэ гэхэд О ямарч шалтгаан байхгүй гэдэг, тэгсэн мөртлөө миний эмчилгээний зардлыг төлөх, уучлалт гуйх ямарч тийм хандлага аваагүй. Би энэ байдалд нь маш их гомдсон. Тэгээд намайг Мө ерөнхийлөгчийн хувийн машинаар эмнэлэг рүү зөөж байсан. Тэр үед Мө ерөнхийлөгч муу сайн юмнууд ууж идэх нь ихдээд байгаа юм, та нарыг бүгдийн ажлаас хална гэж байсан. Тэгээд тэр үед намайг шууд гэмтэл рүү аваачаагүй. Гэмтэл рүү аваачихаар цагдаад мэдэгдэн гэж бодсон юм уу, эсвэл ойрхоноор нь мөнгөн гүүр лүү аваачъя гэж бодсон юм уу, тэгээд тэр эмнэлэгтээ зураг авхуулаад дараа дараагийнхаа зургийг авхуулж чадаагүй. Миний гар утсанд Огийн бичсэн бүх мессеж, чатууд байгаа. Би Огээс ганцхан миний эмчилгээний төлбөрийг өгчихөөч гэж гуйж байж авсан. 2-рт би зодуулсаныхаа дараа энэ хүнийг та л гэж дуудаж байсан. Тэгтэл энэ хүн үнэндээ намайг тоогоогүй би маш их гомдолтой байгаа. Би цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэрээ канондуулан тамгалуулаад өгсөн байгаа. Эмчийн бичсэнээр хамгийн багадаа 6 сарын хугацаанд ажил хөдөлмөрийн дэглэм барина, 3 кг-аас дээш хүнд зүйл өргөж болохгүй гэсэн байгаа. Тийм болохоор би цалингийнхаа нэхэмжлэхийг оруулсан. Тэгэхэд оруулаагүй байна лээ. Тэгээд өнөөдөр би ахмад Мөнхсүхээс та миний цалингийн тодорхойлолт авна гэсэн аваагүй байна. Тэрнээс болсон юм уу ямарч байсан нэхэмжлэхээр мөнгө ороогүй байна гэхэд угаасаа наадах чинь хэрэггүй ш дээ. Нийгмийн даатгал чинь тамгатай байгаа нь чамайг цалин авдаг гэдгийг нотолж байна. 2-рт эмчийн чинь тодорхойлолтоор 6 сар хөдөлмөр эрхэлж болохгүй, шүүх эмнэлгийн тодорхойлолтоор бүх зүйл нь тодорхой байна хэрэггүй гэж хэлсэн байгаа. Би хоёр зүйл дээр маш их гомдож байна. 1-т О хийсэн зүйлдээ чин сэтгэлээсээ гэмшихгүй байна. Тэр гадаа уучлалт гуйсан гэж байгаа нь Огийн өмгөөлөгч надаас уучлалт гуйчих гэж шаардсаны дагуу надаас уучлалт гуйсан. Үнэхээр эр хүн шиг надаас уучлалт гуйгаагүй. Намайг дарамталсан мессеж бичсэн гэж байна. Би Хөвсгөлд гэртээ очоод усаа ч авч чадахгүй, гадуур явахаар хүн амьтаны амны бай болоод хүмүүс өрөвдсөн харцаар хараад надад үнэндээ маш их хэцүү байсан. Тийм болохоор би чамаас заавал өшөөгөө авна, хууль журмынхан дагуу би хөлөө хүрэх газар хүртэл явна, хэлээ хүрэх газар хүртэл заргалдан, би болохгүй бол монгол комментод ч чамайг бичнэ, би чамд хэзээ ч бууж өгөхгүй гэж 2 өмгөөлөгчийн хажууд хэлж байсан. Энэ үг бол үнэхээр цөхөрсөн хүний амнаас гарсан үг гэж ойлгоорой. О хийсэн хэрэгтээ гэмшихгүй, 2-рт намайг үнэхээр тарчлаан зовоож бие сэтгэлийн шаналал үүсгэн зодсон. Энэ бол хүндрүүлэх нөхцөлтэй хуулийн заалттай юм байна лээ. Тэр үед миний нэг гар юм уу, нэг хөл хугарсан бол яахав, гэтэл миний нэг насны тулах эрхтнийг минь гэмтээсэн. Би энийг ойлгодоггүй байсан. Би хүнтэй ч суугаагүй ийм залуу насан дээрээ ийм өвчин тусаад цаашид ажил хөдөлмөр эрхлэх нь тодорхойгүй. 2-рт Эмчийн хагалгаанд орох гэсэн заалттай байгаа, би бол өөрөө орохгүй байгаа. 3-рт цаашид хэзээ ч суумгай болж магадгүй. Тийм учраас намайг үнэхээр тарчлаан зовоож бие сэтгэлийн яргалал, шаналал үүсгэн зодсон гэж хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзнэ гэсэн саналтай байгаа. Хохирол төлбөрийн хувьд 5174500 төгрөг нэхэмжилсэн. Өчигдөр 1000000 төгрөг өгсөн. Ярихдаа намайг тавлаж ярьсан. Бие чинь гайгүй юу ха ха ч гэх шиг. Тэгээд надаас миний дансыг авсан 1000000 төгрөг шилжүүлсэн байсан. Өмнө нь ч гэсэн эмнэлэгт хэвтэж байхад эмнэлгийн төлбөрийг төлөөгүй. Эмнэлгээс намайг төлбөрөө төлж байж гар гэж байсан. Тэгээд би өөрөө төлбөрөө төлж, дараа нь буцаад авсан. Ог үнэндээ маш их гуйлгаж өгсөндөө. Би бас цалингаа нэхэмжилж авна гэж бодож байгаа...” гэв. 

            Гэрч Б.Бэлгүтэй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...би өөрийнхөө өрөөнд орох гэж байхад Тү, О, Ба нар ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхээр нь би юу болоод байгаан бэ? унтаж амар гэж хэлээ биздээ гэхэд О “би энэ хоёрыг эвлэрүүлэх гээд ээ” гэж хэлсэн ба Батбямбын нэг нүд нь хавдчихсан, Түгийн хамраас нь цус гарсан байснаа угаачихсан байсан. Тэгээд би өглөө босоход Тү явж чадахгүй нэлээн өвдсөн байдалтай байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд “нэлээн хүнд гэмтсэн байна, Улаанбаатар хот явж үзүүл” гэсэн ба би юу болсон талаар асуухад “намайг болон Батбямбыг О ариун цэврийн өрөө рүү оруулаад хоёуланг нь зодсон” гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 40-р тал/

Гэрч Г.Ба мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  “...О Тү бид хоёрыг “гараад ир” гээд ариун цэврийн өрөө рүү ороод бид хоёрт хандаж “та хоёр Залуучуудын холбоог төлөөлж явж байж ингэхээсээ ичээч” гэж хэлээд миний хавирга руу нэг удаа цээж рүү хоёр удаа цохиход Тү “чиний буруу биз дээ” гээд над руу дайраад байсан ба О Түг “чи дуугүй байж бай” гээд хавирга руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 43-44-р тал/

Гэрч Г.Ун мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өглөө 09 цагт Тү босоорой гэсэн чинь босож чадахгүй байхаар нь яасан талаар асуухад “О намайг зодоод гэмтээчихлээ” гэж хэлээд өвдөж шаналсан байдалтай байсан ба эмнэлэгт үзүүлсэн...Мөнгөн гүүр эмнэлэгийн эмч Түг үзээд нурууных нь үе гэлүү сэртэн яс хугарсан байна гэж онош тавьсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 46-48-р тал

Гэрч Ө.Шинэхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...О болохоор Ба, Тү хоёрт хандаж хооронд нь болсон асуудлыг зэмлэх хандлагатай юм ярьсан...О Ба, Тү гурав бие засах өрөө рүү орсон ба юм яриад байх шиг байсан. О хооронд нь эвлэрүүлэх гээд үзээд байсан байхаа, ернө бол зодоон болоод байгаа юм уу гэлтэй чимээ гараад байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 49-51-р тал/

Гэрч П.Бя мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...О, Ба, Тү гурав бие засах өрөө рүү ороод юм ярьцгаагаад байсан ба сүүлдээ Огийн дуу чангараад эхэлсэн ба би бие засах өрөөний хаалгыг татахад дотроос нь цоожилсон байхаар нь больчихоод буцаад сууж байхад дахиад пижигнээд явчихаар нь очоод хаалгыг таттал тэр гурав өөдөөс гараад ирсэн” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 64-65-р тал/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №14393 дугаартай, ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №377 дугаартай “...С.Түгийн биед бүсэлхийн 1, 2-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, нурууны зүүн хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэтэл нь нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Бүсэлхийн 1, 2-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний алимны салстын цус харвалт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлтүүд. /хавтаст хэргийн 79-81-р тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/, шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд болох иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-ийн 99-100-р хуудас/, ял шалгах хуудас/хх-ийн 95-р хуудас/, урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-125-р хуудас/, болон хохирогчийн нийтгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, хохиролын баримтууд /хх-133-145-р хуудас/ болон бусад баримтуудаар

 

            Шүүгдэгч О.О нь Монголын залуучуудын холбооны ажлаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байхпаа согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө тус суманд үйл ажиллагаа явуулдаг “Нарны-Өртөө” зочид буудлын 505 тоотын ариун цэврийн өрөөнд С.Тү, Г.Ба нарыг хоорондоо маргалдаж зодолдлоо гэх шалтгаанаар С.Түг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч О.Огийн хохирогч С.Түг цохиж зодсон үйлдэл нь  Ба Тү нарыг хооронд маргалдаж зодолдлоо гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогч С.Түгийн  эрүүл мэндэд бүсэлхийн 1, 2-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, нурууны зүүн хэсгийн цус хуралт, баруун нүдний алимны салстын цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.... Бүсэлхийн 1, 2-р нугаламын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд хугарал нь шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Хохирогч С.Тү нь эмчилгээний болон бусад зардалд 2600000 төгрөг гарсанг шүүгдэгчийн зүгээс төлсөн ба ба хохирогчийн ажилгүй байсан хугацааны  6 сарын цалин 3000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж.

Шүүгдэгч О.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжилж буй  гэм хорын  хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1200  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 05 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1.Шүүгдэгч Тайчууд овогт Оюунтунгалагийн Ог хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Ог 1200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 /нэг сая хоер  зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан  О.О нь 1200000 төгрөгийн торгох ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, О.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

            6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Огээс  гэм хорын хохиролд 3000000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Мөрөн сум 1-20-10 тоотод оршин суух Сүхбатын Тү /РД: РЭ94060211/-д олгосугай.

            7.Хохирогч С.Тү  нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан  эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Од өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.АЛТАНЦЭЦЭГ