Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

 

 

 

 

 

 2025        02           12                                           2025/ДШМ/09

 

 

                                        П.Н, Ц.Б нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Шүүгдэгч                                                     П.Н, Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Хохирогч                                                       Б.О

Хохирогчийн өмгөөлөгч                            Б.Б

            Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 514 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О, хохирогч Б.О нарын давж заалдах гомдлоор П.Н, Ц.Б нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт П-н Н, Монгол Улсын иргэн,

Ц овогт Ц-н Б, Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал П.Н нь Уурхайчин багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухай асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэх заалт,

35 дугаар зүйлийн 35.1-д заасан “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэх заалтад заасан үүргээ биелүүлээгүй улмаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 1.5 метрийн гүнтэй, 2.6 метрийн өргөнтэй ухсан сувгийн хэмжилт хийж байсан туслан гүйцэтгэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  ажилтан болох хохирогч Б.О шороонд дарагдаж эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

шүүгдэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал Ц.Б нь Уурхайчин багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх явцдаа

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх заалт, 28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэх заалтад заасан ажил олгогч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүргээ биелүүлээгүй улмаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 1.5 метрийн гүнтэй, 2.6 метрийн өргөнтэй ухсан сувгийн хэмжилт хийж байсан ажилтан болох хохирогч Б.О шороонд дарагдаж эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: П.Н, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч А овгийн П-н Н, Ц овгийн Ц-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид даалгаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ноос 842.261 төгрөг, шүүгдэгч Ц.Боос 842.261 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.О нь ажилгүй байсан хугацааны цалин орлогоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

... Хэрэгт цугларсан нотлох баримтуудын болох мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /15 хх /... өргөнийг заахад 2.70 метр байна гэх тэмдэглэл, хохирогч Б.О-н /21-23 хх/ мэдүүлэгт 5-6 метр орчим урт ухсан шуудуу 1.60 метр өргөнтэй, 2.95 метрийн гүнтэй байсан бөгөөд 5-6 метр орчим урт нүх байсан, гэрч Б ... сувгийн гүн нь 1.30 см, өргөн 2.30 хэмжээтэй байсан ... гэх мэдүүлгүүд хохирогч, гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн, ухсан шуудуу хэдэн метр өргөн, гүн байсан талаар хэрэгт хэдэн метр ухах үүрэгтэй байсан талаарх баримт байхгүй, үүнд шинжээч анхаарч дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл суваг, шуудуу нь хэдэн метр байхаас шалтгаалж, бэхэлгээ хийх эсэх, хамгаалалт хийх эсэхийг шийдвэрлэх талаар барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД-12-101-05 стандартын 1.5-д заасан. Уг заалтад үндэслэн Суурийн суваг, хүнхэрийн ханын налуугийн хэмжээг хөрсний геотехникийн шинж чанараас хамааруулж шийдвэрлэхээр, мөн стандартын 1.6-д Хэрэв ухсан нүхний хана хөрсний усны үйлчлэлээр нурж болохуйц нөхцөлд бэхэлгээ хийнэ гэжээ. Гэтэл бэхэлгээ хийгээгүй гэж шууд буруутгасан нь үндэслэлгүй байна.

Мөн стандартын 1.7-д Газрыг бэхэлгээгүй хөндийлөн ухах ба элсэрхэг хөрсөнд бэхэлгээгүй 1 метрээс илүү гүн нүх, шуудуу ухахыг хориглоно, 1.8-д Элс шавар холимог хөрсөнд 1.25 м, шаварлаг хөрсөнд 1.5 м, нягт хөрсөнд 2 метрээс илүүгүй гүнд эгц босоо хана босгож болно гэх заалтууд нь гэрч Ч.М өгсөн мэдүүлэг / 24 хх /… 2.6 метрийн өргөнтэй, 1.5 метр гүнтэй сувгийн газар шорооны ажилд нурахаас хамгаалах хамгаалалт хийх шаардлагагүй гэж үздэг гэх мэдүүлгэн баримтуудтай харьцуулан үзэхэд стандартыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ухсан нүхний өргөн, гүний хэмжээсээс хамаарч, бэхэлгээ хийх журамтай болох нь харагдаж байхад шинжээч уг асуудлыг тодруулаагүй атлаа Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын ... газар шорооны ажлыг аюул, осолгүй гүйцэтгэхийн тулд нуралтаас хамгаалах арга хэмжээг урьдчилан авна гэх заалтыг зөрчсөн, мөн журмын 2.3-т “Барилгын суурийн ажил эхлэхийн өмнө болон угсралт хийх үед ухагдсан суваг, нүхний ханын бэхэлгээний бат бөх байдлыг заавал шалгасан байхаас гадна ханын налалтын байдлыг сайтар шалгана гэх заалтыг зөрчсөн гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй байна.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт экскавотор сувгийн нүхийг ухаж байсан хэмжээс нь шаардлагад нийцэж байгаа эсэхийг хэмжиж байсан гэх мэдүүлгүүд авагдсан байна. Энэ нь суваг шуудуу ухах явцад буюу ухах хэмжээг тогтоож хамгаалалт хийх эсэх, стандартын дагуу ухсан эсэхийг шийдвэрлэхээр хийгдсэн байж болзошгүй үе байх ба энэ үед хамгаалалт хийсэн байх ёстой мэт дүгнэх нь хуульд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл шинжээч барилгын суурийн ажил эхлэхийн өмнө болон угсралт хийх үед ... гэх шууд заасан заалт нь суваг ухаж байх үеийн нөхцөлд хамааралгүй байхад үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байна

Түүнчлэн уг стандартын 2.3 дахь заалтаар буюу нүхнээс гаргаж байгаа шороог ирмэгээс 0.5 метрээс багагүй зайд хаях хэрэгтэй гэх заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй буюу хэрэгт байхгүй үйл баримтаар буруутгасныг шүүх хэргийн бодит үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 8 хуудаст авагдсан Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд ... тухайн үед их бороо орсны улмаас газрын хөрс зөөлөрч нуранги үүсэх нурж унах аюултай байсан ... гэх агуулгатай өргөдлөөс харахад хохирогч нуранги үүсэх аюулын тухай анхнаасаа мэдэж байсан, мэдэж байсан атлаа нүхэнд орж, нүхэн дотор ороод хэмжээс хийж байхад нүхэн доторх шороо нурсан гэх үйл баримт хэрэгт авагдсан байхад нүхнээс гаргаж нүхний гадна хаягдсан байсан шороонд дарагдсан мэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна .

Хохирогчийн мэдүүлэгт ... ажиллах чиг үүргийг болон ажиллагсдын аюулгүй байдал ерөнхий инженер Н, захирал Б нар хариуцдаг байсан гэх мэдүүлэг, хэрэг учрал болоход хэргийн газарт П.Н байгаагүй. Тухайн өдөр хэн ажилтныг ажиллуулж байсан талаарх мэдүүлгээс Ц.Б нь тухайн ажилтныг тухайн өдөр ямар ажил албан тушаалд, ямар гэрээгээр ажиллуулахаар тохиролцож ажиллуулж байснаа Д.Нид мэдэгдсэн гэх үйл баримт огт байхгүй түүнийг ажил олгогч мэт үзэж холбогдох заалтуудаар буруутгасан.

Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хохирогч Б.О-н ажил олгогч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани биш, “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани болох талаар хохирогч, гэрч Б, гэрч М, хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байхад “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Д.Н ажил олгогч нь байсан мэт үзэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар буруутгасан нь үндэслэлгүй байна. Шинжээч энэ талаарх заалтын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлаж чадаагүй.

“М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь ерөнхий гүйцэтгэгч байгаагүй, компани буюу хуулийн этгээд ерөнхийлөн гүйцэтгэгч байсан талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин уг тухайн компанийг төлөөлж, захирлаар нь ажиллаж         аймгийн Засаг даргатай гэрээг байгуулж байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтаар “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал нь “ерөнхийлөн гүйцэтгэгч хариуцна” гэх заалтыг зөрчсөн гэх агуулгатай дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь анхнаасаа ойлгомжгүй буюу ерөнхийлөн гүйцэтгэгч болох хуулийн этгээд хариуцна гэх заалтыг Д.Н нь ямар үндэслэлээр, ямар зөрчил гаргасан болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй атлаа түүнийг хууль зөрчсөн гэж уг заалтыг баримтлан шууд буруутгасан болох ойлгомжгүй байхад Д.Нийг шууд буруутай гэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэхдээ П.Нийг “гэм буруутай эс үйлдэхүй” гаргасан гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт гаргахдаа “хариуцах эзэнгүй орхигдуулсан" гэх хэрэгт нотлогдоогүй үндэслэлийг зааж Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээг “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан нь хэрэгт нотлогдсон ба тухайн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасны дагуу ... барилгын норм ба дүрэм, стандартын дагуу өөрийн хуваарьт ажлаа хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч буюу “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа барилгын ажил хийж гүйцэтгэхдээ Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартыг туслан гүйцэтгэгч компани дагаж биелүүлэх үүрэгтэй байсан нь харагдаж байна. Эдгээр үндэслэлүүдийг анхаарч хэргийн Орхон аймаг дахь сум дундын эрүүийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/514 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Нийг цагаатгаж өгнө үү … гэжээ.

Хохирогч Б.О давж заалдах гомдолдоо:

... Шийтгэх тогтоолд хохирлын талаар анхан шатны шүүх шийдвэрлэхдээ П.Н, Ц.Б нар хохирогчийг ажилгүй байсан хугацаанд тодорхой хэмжээний мөнгийг цалин гэх нэрээр шилжүүлсэн нь хохирогчийн эмчилгээний зардалд эсхүл цалин хөлсөнд тооцож олгосон нь тодорхойгүй, мөн хохирогчийн цалин хөлсний хэмжээ тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж ... гэж шийдвэрлэсэн. Гэтэл миний хувьд 1 өдөрт 60.000 төгрөгийн ажлын хөлс авахаар тохиролцсон бөгөөд цалин хөлсний талаар мөн шүүгдэгч нар шүүх хуралдааны үед тодорхой хэлсэн бөгөөд талууд энэ талаар маргалдаагүй. Тэгэхээр миний хувьд цалин 1 өдрийн 60.000 төгрөг х 30 хоног = 1.800.000 төгрөгний цалинтай ажиллаж байсан. Би сүүлийн 6 сарын цалинд 1.800.000 төгрөг х 6 сар =10.800.000 төгрөг нэхэмжилсэн, энэ мөнгөнөөс П.Н 1.300.000 төгрөг цалинд өгсөн, Ц.Б нь 1.320.000 төгрөг, нийтдээ 2.620.000 төгрөгийг л цалинд нөхөж өгсөн гэж тооцно. Харин 9 сарын цалин гэж өгсөн 1.330.000 төгрөг нь миний 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан ажлын цалин тул хохиролд нөхөн төлсөн цалинд тооцогдохгүй. Миний авах ёстой байсан цалин хөлс гэж нэхэмжилсэн 10.800.000 төгрөгийн цалингаас дээр 2.620.000 төгрөгийг хасаад 8.180.000 төгрөгийг П.Н, Ц.Б нар хариуцан төлөх ёстой байсан бөгөөд анхан шатны шүүх энэ тооцооллыг хийж хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдэх үндэслэлтэй байсан.

Иймд анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас 8.180.000 төгрөгийг тэнцүү байдлаар хуваан гаргуулж, хохирогч надад олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Н тайлбартаа: ... Би О-тай гэрээ байгуулаагүй, манай ажилтан биш ... гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тайлбартаа: ... О нь цагийн ажилтан. Бүх цалинг нь бодож өгсөн ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Шүүгдэгч П.Нийг цагаатгаж өгнө үү ... гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.О тайлбартаа: ... Цалин хөлс гэж нэхэмжилсэн мөнгийг минь гаргуулж өгнө үү ... гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Хохирогч Б.О шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Анхан шатны шүүх хохирлыг бүрэн барагдуулах үндэслэлтэй байхад гаргуулаагүй ... гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүгдэгч П.Н, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О болон хохирогч Б.О нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

          Шүүгдэгч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал П.Н нь Уурхайчин багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд гүйцэтгэгчээр, шүүгдэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал Ц.Б нь Уурхайчин багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн   туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байхдаа

 

          Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн   ажилтан болох хохирогч Б.О шороонд дарагдаж эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх шүүгдэгч П.Н, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт       аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын шинжээч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Э-н 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт авагдсан байх боловч уг дүгнэлтэд “сувгийн гүн, өргөний хэмжээ, тухайн сувагт бэхэлгээ хийх шаардлагатай байсан эсэх, шүүгдэгч нарын ямар үйлдэл, эс үйлдэхүй нь Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар БД12-101-05 стандартын аль зүйл, хэсэг заалтад заасныг зөрчсөн эсэх” зэргийг тодорхой дүгнээгүй орхигдуулсан байна.

 

 Шинжээчийн дүгнэлт бүрэн бус гэж үзвэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт шинжилгээ хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд энэхүү заалтын дагуу тус хэрэгт шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулж, тодруулах нь хэрэгт ач холбогдолтой гэж үзлээ.

 

Мөн тус компаниуд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан болон зааварчилгаа өгөх, хяналт тавих эрх бүхий албан тушаалтан ажилладаг эсэхийг шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байсан ажилтан байсан эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн компаниудын дүрэм хэрэгт авагдаагүй байх ба аль компанийн ямар албан тушаалтан ямар стандарт, шаардлагыг зөрчсөний улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан болохыг шалган тогтоох, буруутай компанийг иргэний хариуцагчаар татах зэрэг ажиллагаа огт хийгдээгүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэрэг гарсан байдал”, өөрөөр хэлбэл дээрх үйл баримт болоход хэний үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлснийг нарийвчлан шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсний эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулах байдлаар үнэлж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэдэг.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О-н гаргасан давж заалдах гомдлын “... шинжээч үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч Х.О-н гаргасан давж заалдах гомдлын “...Нийг цагаатгаж өгнө үү...” гэсэн хэсэг болон хохирогчийн гаргасан “...анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас 8.180.000 төгрөгийг тэнцүү байдлаар хуваан гаргуулж, хохирогч надад олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэснийг дурдав.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

         2. Хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

         3. Шүүгдэгч П.Н, Ц.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4. Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлын “... шинжээч үйл баримтад бодит дүгнэлт хийгээгүй гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсэг болон хохирогч Б.О-н давж заалдах гомдлыг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

         5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА