| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0605/З |
| Дугаар | 128/ШШ2026/0297 |
| Огноо | 2026-03-24 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Л.Хэрлэнчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б нар ХХК /РД:/.
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо.
Маргааны төрөл: Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, Д.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах гэжээ.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгч "Б нар" ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 онд дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг авч тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд бүртгэлтэй орон сууцны хотхон, айл өрх, аж ахуйн нэгжүүдийг ус, дулаанаар хангаж байна. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос 2025 оны 05 сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр хүчингүй болгуулах, хугацааг сунгах шийдвэр гаргахыг даалгахаар нэхэмжлэл гаргаж байна... Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн маргаан бүхий дугаартай тогтоолыг гаргахдаа Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалт "Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана" гэснийг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 411 дүгээр тогтоол /ТЗНХ-ыг хангалтгүй гэж дүгнэсэн/-ыг тус тус үндэслэн "Б нар" ХХК-д олгосон дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон байна. Ингэхдээ хууль хэрэглээний дараах алдаануудыг гаргасан ба гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг татгалзсан шийдвэр гаргах үндэслэлгүй байсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна...Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалт "Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана" гэж заасан. Гэтэл "Б нар" ХХК нь тустай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг зохих хэмжээнд биелүүлж, хангаж ажиллаж байгаа ба энэ талаар тайлбар, баримтыг гаргаж өгсөн. Харин Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг "хангалтгүй" гэж дүгнэсэн. Гэтэл "хуульд заасан нөхцөл шаардлага хангахгүй" гэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн заалтыг үндэслэж тусгай зөвшөөрлийг сунгаагүй нь буруу бөгөөд "хуульд заасан шаардлага хангахгүй", "хангалтгүй" гэсэн агуулга нь өөр бөгөөд эдгээр нь үр дагаврын хувьд зөрүүтэй ойлголт тул нийтийн эрх зүйн харилцаанд төсөөтэй хэрэглэх ёсгүй юм. Түүнчлэн дээрх дүгнэлтийг хийснээс хойш Эрчим хүчний зохицуулах хорооны мөн өдрийн 410 дугаар тогтоолоор "Б нар" ХХК-ийн дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн шаардлагыг 2 дугаар хавсралтаар шинэчлэн тогтоосон ба уг нөхцөл шаардлагыг дахин дүгнээгүй байгаа болно. Иймд шинэчилсэн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага мөрдөгдөж байхад, хүчингүй болсон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэсэн дүгнэлтээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах нь үндэслэлгүй бөгөөд хууль бус юм. Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Эрчим хүчний тухай хулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтыг хэрэглэсэн нь мөн буруу бөгөөд 24 дүгээр зүйл нь Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд хуулийн 24.6 дахь заалтыг хэрэглэх нөхцөлийг "Тусгай зөвшөөрөл олгогч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд" гэж заасан. Гэтэл маргаан бүхий тогтоолын утга нь тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох" тухай бөгөөд уг заалтаар тус компанийн үйл ажиллагаа, үйлчлэх хүрээний хэрэглэгчийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт 2025 оны 07 сарын 01-ний дотор шилжүүлэхээр заасан нь үндэслэлгүй болсон байна...Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлаас өмнө нэхэмжлэгч "Б нар" ХХК руу хэд хэдэн үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүнээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах болсон гол үндэслэл нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцээгүй барилга, байгууламжуудын үйл ажиллагааг тухайн дулаан дамжуулах салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцаж ажиллаж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх гэсэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас худалдан авсан дулааны эрчим хүчний өр төлбөрийг бүрэн төлж барагдуулах асуудлууд байсан. Компанийн зүгээс Ф200мм-ээс дээш шугам сүлжээг төрийн өмчид бүртгүүлэх ажлын хүрээнд дундын өмчлөлд байгаа компани, байгууллагуудад албан тоот хүргүүлсэн. Энэ ажлын хүрээнд дээрх шугамууд манай компанийн дангаар өмчлөлд биш тул ганцаар шийдвэр гаргаж, дур мэдэн бусдад шилжүүлэх боломжгүй юм. Мөн " хаус" хотхоны ашиглалт үйлчилгээг шилжүүлэн өгөх боломжтой байгууллага болох "М" ХХК шилжүүлэхээр санал тавьсан ч "уг шугам сүлжээг шилжүүлж авахгүй" гэсэн хариу ирүүлснийг удаа дараа Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, шийдвэрлэхэд туслалцаа хүсэж байсан. Түүнчлэн нөхцөл шаардлагын биелэлтэд ач холбогдолтой эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд манай байгууллагаас эрчим хүчний хэмнэлт гаргахуйц ажил нэлээдгүй хийж, холбогдох баримтыг өгсөн байхад оноо өгөлгүйгээр 2024 оны байдлаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй байна. Мөн манай компанийн "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-д төлөх өр төлбөр хуримтлагдсан асуудал нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф батлагдаагүй, бөөний тарифаар зохицуулагдаж байснаас үүссэн, түүнчлэн манай үйлчлэх хүрээний айл өрхүүд ихэвчлэн түрээсээр оршин суудаг нөхцөл байдлаас үүдэлтэй. Энэ талаар тайлбар гаргаж байсны дагуу "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас нээлттэй хаалганы өдөрлөгөөр манай үйлчлэх хүрээний өр төлбөртэй айлуудаар сурталчилгаа, төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авахаар хамтарч ажилласан ч айл өрхүүдээс хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулж чадаагүй, бодит байдалтай танилцаж ойлгож байсан. Гэсэн ч манай зүгээс өр төлбөрийг үе шаттай бууруулсаар санхүүгийн бэрхшээлийг өөрсдийн боломжоор бууруулж байна. Түүнчлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх Эрчим хүчний зохицуулах хорооны хуралд манайхаас биечлэн оролцох, тайлбар гаргах хүсэлтэй байсан ч биечлэн оролцож тайлбар гаргах эрхээр хангаагүй ба хурлын өмнө цахимаар оролцохыг мэдэгдэж, нотлох баримт, тайлбарыг бүрэн аваагүй. Мөн тус компанийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй орон сууцны хотхонуудын ус, дулаан дамжуулах шугам сүлжээ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Орон сууцны тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалтын дагуу барилгын компани, өмчлөгчтэй байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч компанийн өмчид бүртгэгдэж, элэгдэл хорогдол тооцогдож, засвар үйлчилгээ, шинэчлэлд сайжруулалт, хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалтыг шийдвэрлэхдээ манай компанийн өмчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж, шууд ОСНААУГ-т хэрэглэгчдийг шилжүүлэх асуудлыг тусгасан байгаа нь бодит байдал дээр хэрэгжих боломжгүй юм. Нэхэмжлэгч компанид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах тустай зөвшөөрлийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр анх олгож, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус тус сунгалт хийсэн бөгөөд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, Ус сувгийн удирдах газар болон түүний салбар нэгжүүдтэй жил болгон холбогдох гэрээг байгуулан хамтран ажилладаг ба ус, дулаанаар хангах үйлчилгээг хамт үзүүлж байгаа байтал дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрлийг сунгаагүй нь үйл ажиллагаа доголдоход хүргээд байна. Дээрхээс дүгнэж үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан маргаан бүхий тогтоол нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул шаардагдах захиргааны акт буюу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага үүсэж байна. Иймээс 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолыг 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/530 дугаартай албан тоотын хамт хүлээн авч эс хүлээн зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гомдол гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо нь Монгол Улсын Засгийн Газраас байгуулагдаж, тус Хорооны Зохицуулагчдыг хуульд заасан журмын дагуу санал болгосноор Монгол Улсын Ерөнхий сайдаас томилдог тул Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93. 1-т заасны дагуу дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариуг ирүүлээгүй тул шүүхэд хандаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч компанийн , дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан маргаан бүхий Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч "Б нар" ХХК-ийн 2017 оны дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх ажлын хүрээнд хөдөлгүүр тавьсан. Хувиргуур нь эрчим хүчний хэмнэлтийг 20-30 хувь, онцгой тохиолдолд 80 хувь хүртэл бууруулдаг. Хөдөлгүүрийг хэрэглэгч өөрийн хэрэгцээнд тааруулан удирдсанаар процессын удирдлага хяналтыг сайжруулах болно. Цахилгааны хөдөлгүүрийг зөрүүлэн асааснаар элэгдэл, гэмтэл, ашиглалтын зардал буурна. Хөдөлгүүрийн дуу чимээ багасах, насжилт уртсах гэх мэт тайлбартай, эрчим хүчний хэмнэлттэй холбоотой ажлаа хугацаа сунгуулах материалд нэмж өгсөн. Энэ нь хангалтгүй гэж дүгнэсэн 53.5 онооны буюу өөрөөр хэлбэл нөхцөл шаардлагын биелэлтийн 5 дугаар шаардлага бүхэлдээ биелсэн буюу 10 оноо авах боломжтой байсан. Мөн 4 дэх шаардлагын хүрээнд нэхэмжлэгч талаас хугацаа сунгалтын материалд 3 дугаар ботийн 103-105 дугаар талд авагдсан нээлттэй хаалганы өдөрлөг буюу хэрэглэгч нарт үйл ажиллагаа сурталчлах, хэрэглэгчдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсан материалыг нэмж өгсөн...Энэ нь нөхцөл шаардлагын биелэлтийн 4 дүгээр талд хамаарч тодорхой хувь дор хаяж 0.1 хувийн процент буюу 3 оноо авснаар нөхцөл шаардлагын биелэлтээс хойш сунгалтын үед Б нар ХХК-ийн үйл ажиллагааны нөхцөл шаардлагын биелэлтэд 60 хувиас дээш оноо авах боломжтой хэмжээнд хүрсэн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Гэвч нөхцөл шаардлагын биелэлт нь 2024 оны үйл ажиллагааг дүгнэж байгаа. 2025 онд сунгуулахдаа үйл ажиллагаа дээрх байдлаар ахисан байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна. Тухайн үед хангалтгүй гэж дүгнэж байгаа, мөн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Б нар ХХК-д хийсэн шалгалтаар ажлын хэсгийн дүгнэлтэд ажилчид байхгүй, санхүүгийн доголдолтой байсан талаар дурдагдсан. 2025 оны тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалтын материалын 58-67 дугаар талд ажилчдын мэдээллийг, тодорхойлолттой хамт оруулсан. Энэ мэдээллийг тухайн үед эдгээр хүмүүс ажлын байрандаа байгаагүй эсвэл Б нар ХХК-д ажилладаг нь бодитой эсэх нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоос харагдах болно... гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ирсэн шалгалтын удирдамжийг цахим /viber/-аар авсан...Ажилдаа ирэх үед мэргэжилтэн Э.Ч, н.Э******* болон өөр 2 хүн ирсэн. Тухайн өдөр ажиллаж байсан ажилчдыг бүгдийг нь дуудаж танилцуулсан. Манайхыг хариуцсан мэргэжилтэн манай ажилтай танилцсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгалтад өгсөн материал нь нөхцөл шаардлагын биелэлт дээр манайх эрчим хүчний хэмнэлт хийгээгүй гэдэг шалтгааныг өмнө ирэхэд мэргэжилтэн хэлж байсан. Манайх үүнийг шинээр тавьсан талаар газар дээр нь бодитой тайлбарлаж хэлсэн. Нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэхэд бид өгөөгүй боловч 02 дугаар сарын 20-ны өдрөөр нөхцөл шаардлагын биелэлтийг хаадаг. Энэ хооронд Эрчим хүчний зохицуулах хорооны сайт руу манай инженер явуулсан. Хариуцагч байгууллагын сайтад хадгалагдсан...Оноог хасах шаардлагагүй байсан гэж үзэж байна. Нийгмийн даатгалыг өнөөдрийг хүртэл төлсөөр ирсэн тул ажилчдын тоо харагдах болно. Хариуцагч байгууллагад хурал болоход манай бүх ажилчид очиж оролцдог, ямар нэг байдлаар сургалтад мэргэжилтнээ төлбөр төлж хамрагдуулдаг...Инженерүүд дуудлага ирсэн тохиолдолд гадуур ажилладаг... бохирын ачаалал, усны ачаалал багассан үед ажлаа хийхээр шөнө ажилладаг мэргэжлийн онцлогтой...Мөн 2023 оны нөхцөл шаардлагын биелэлтээс гадна хугацаа сунгалтын материалд дуудлагын цаг өндөр гэж гарсан. Үүн дээр оноо хассан...Дуудлагын цагийг нэгэнт ингэж дүгнэж байгаа бол яагаад 10 цагт дуудлага орж байгаа вэ, яагаад дуудлагад явдаггүй вэ гэдгийг эхлээд лавлах боломж байсан гэж үзэж байна. Айл өрх, байгууллагад бохир бөглөрсөн, ус алдаж байлаа гэхэд 10 цагийн дараа очно гэж байхгүй. Нөхцөл шаардлагын биелэлт болон тусгай зөвшөөрлийн сунгалтад орсон ажлын хуудас байгаа. Дуудлагын 55 хувь нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас автоматаар цуцлагддаг. Төлбөр тооцоотой айлуудыг тасалдаг. Тус гомдлын 50-аас дээш хувь нь түүнтэй холбоотой гомдол байдаг...Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас усыг хаасан байхад бид нээх эрхгүй. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас хаасан асуудалд ирсэн гомдлын 50-60 хувь нь үүн дээр ирсэн байна. Дуудлагад анализ хийж ялгаж салгасан бол оноонд нөлөөлөх байсан. Санхүүгийн чадваргүй болсон асуудалд би удаа дараа тайлбар хэлж байсан. 05 дугаар сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох шалгалтын дүнг надад танилцуулаагүй. Би өөрөө танилцахаар н.Н*******ийн өрөөнд очсон. Э.Ч н.Н*******ийн өрөөнд таарахад н.Н******* надад танай тусгай зөвшөөрлийг сунгах гэж байна, өөрийн биеэр ирж оролцож болно гэж хэлсэн болохоос хугацаа сунгалтын дүнгийн талаар танилцуулаагүй. Мөн шалгалтын дүн, үнэлгээ тусгай зөвшөөрлийн сунгалтад 100 хувь нөлөөлөх байсан бол яагаад эхлээд надад танилцуулаагүй вэ...Би н.Э*******д манай санхүүгийн нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болж техникийн алдаа гарсан буюу тайландаа 100 хувийн авах ёстой орлогоо зааж өгөөгүйн улмаас санхүүгийн алдаа гарсан байна. Үүнийг засъя, аудит оруулъя. Энэ хүний буруутай үйл ажиллагаа байжээ гэж хэлсэн. Үүний дагуу аудит оруулсан. Засаад, засан тайлангаа явуулсан... гэжээ.
2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны дүгээр тогтоол нь холбогдох хуулиудыг буруу хэрэглээгүй бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т "тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах" гэж заасны дагуу Б нар ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоож өгсөн төдийгүй тэдгээр нөхцөл шаардлагыг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 2024 оны тайланг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтээр Б нар ХХК нь "хангалтгүй" үнэлгээ авсан. Энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтыг хэрэглэх үндэслэл болсон. Эрчим хүчний зохицуулах хорооны дүгээр тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бөгөөд энэ тохиолдолд тухайн хариуцаж байгаа хэрэглэгч нарын асуудлыг шийдвэрлэх шаардлагын үүднээс Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь заалтыг хэрэглэсэн болно...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Жилийн эцсийн 02 дугаар сарын 20-ны өдрийн тайланг нотлох баримтаар өгсөн. Ирүүлсэн тайлан нь хангалтгүй байсан. Холбогдох инженер, нягтлантай уулзсан...нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч материал ирүүлээгүй учир оноо хассан талаар хэлж, сонсох ажиллагаа явуулахад нягтлан бодогч нь за ойлголоо гэж хэлээд явсан. Үүний дагуу нэхэмжлэгчээс оноо нэмүүлэх хүсэлт, материал, албан бичиг ирүүлээгүй. Гарсан оноогоор дүгнэгдэж, 04 дүгээр сарын 23-ны өдөр бид мэдэгдэл өгсөн. Сонсох ажиллагаа, хорооны хурлын тэмдэглэлийг шүүхэд өгсөн. Хүмүүст танилцуулга мэдээллийг хангалттай өгсөн...Эхний шаардлага нь үйл ажиллагаатай холбоотой 10 онооны ажил байсан ч нэхэмжлэгч компани үүнтэй холбоотой материал ирүүлээгүй. Манайд осол аваар гараагүй гэх тайлбарыг л бичсэн байсан. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч нар 1 дүгээр зэргийн саатал дээр 0, 2 дугаар зэргийн саатал дээр 0 гэж бичдэг. 1 дүгээр зэрэг, 2 дугаар зэргийн саатал гэдгийг нэхэмжлэгч компани мэдэхгүй. 1 дүгээр зэргийн сааталд хэрэглээг 2 цаг хүртэл хязгаарласан тохиолдол хамаардаг. Гэтэл нэхэмжлэгчийг дээрх зүйлээ мэдэхгүй, ямар ч тайлбар мэдээлэл ирүүлээгүй байхад би нэхэмжлэгч компани дээр хүн эрсдээгүйг нь үнэлж 10 оноо өгсөн. Иймд аваар саатал гараагүй учир 10 оноо өглөө гэж дүгнэлтдээ бичсэн...Бусад компаниас хэдэн цагийн хооронд, хэдэн удаагийн цахилгааны 1 дүгээр зэргийн саатал гарлаа гэх тайлбар мэдээ ирүүлж байхад нэхэмжлэгчид үүнийг бүртгэдэг дэвтэр ч байхгүй. Саатал гарсан бол улаан дэвтэртээ цахилгааны, шугамын хязгаарлалт гарсан талаар бүртгээд, түүнийгээ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д мэдээлэх ёстой. Гэтэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д мэдээлсэн зүйл байгаагүй...2-рт 20 онооны шаардлага бий. Үүн дээр 10, 10 оноогоор тусад нь задалж үздэг. Эхний оноо нь Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасантай нийцэж байгаа барилга байгууламж төлөвлөгөө гаргасан байх ёстой...2023 онд 348 дугаар тогтоол гарсан...2024 оны жилийн эцсийн тайлан өгөхөд юу ч хийгээгүй байсан. 2017 онд гарсан тусгай зөвшөөрөл өөрчлөх хүрээнд нэмэлт өөрчлөлт гараагүй. Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Төвлөрөөд нэг контортой байвал хэрэглэгчдэд ойр, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх болно...Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт байртай. Тэнд нь үйлчлэх хүрээний төв байхгүй. ******* хотхонд төвлөрдөг. Сүхбаатарын 1 барилгыг авах гэхэд өгнө гэж байснаас биш ямар нэг арга хэмжээ аваагүй. Тэр талаар төлөвлөгөө биелүүлээгүй. Иймд 10 оноо хассан. Харин Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар 2 дугаар хэлхээнд орсон байрыг нь өр төлбөртэй байхад манайх нэмсэн. Өр төлбөртэй бол өмчлөх хүрээнд өөрчлөлт оруулахгүй гэж шаардлагад заасан байхад нэхэмжлэгч 2 сараас хойш орон сууц ашиглалтад орж улсын комисс ажилласан. 11 дүгээр сард бид нэмсэн. 7, 8 сар төлбөрөө төл, манайх өмчлөх хүрээнд нэмж өгье гэж олон бичиг явуулсан. Гэтэл нэхэмжлэгч компани төлбөрөө төлж чадахгүй байсан ч хичээж ажиллаад төлбөрөө төлөөрэй гээд дэмжлэг үзүүлэх замаар өмчлөх хүрээнд 122 дугаар байрыг оруулж өгсөн...Үгүй бол айл өрх, барилгын компани хохирохоор байсан. Авах ёстой контор нь авах гэхээр өртэй учраас авч чадахгүй байгаа. констракшнаас байраа нэмүүлэхийг хүсэж, аж ахуй нэгж төлбөр төлөх хүнд байгаа талаар хэлж уулзаж байсан. Тэрийг нь харгалзаж үзээд 11 дүгээр сард үйлчлэх хүрээнд оруулсан. Үүнийхээ төлөө бид дээрх хуулийн 16.1-т заасны дагуу өөрийн үйлчлэх хүрээ дээр байр нэмүүлсэн гэж үзээд 10 оноо өгсөн. Бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй маргаан үүсгээгүй учир 10 оноо өгсөн. Доор нь хангалттай тайлбар бичсэн...3 дахь шаардлага нь дамжуулах шугам сүлжээнд 15 оноо авах ёстой байсан. 2023 оны 348 дугаар тогтоолд зааснаар дамжуулах шугам 200-аас дээш байвал дамжуулах шугам сүлжээ гэж үзнэ. Үүнийг дамжуулах эрх бүхий техникийн нөхцөл олгодог компани хариуцна. Улаанбаатар дулааны цахилгаан сүлжээ ТӨХК хариуцах болно. Гэтэл нэхэмжлэгч 200, 300-гийн шугамтай. Тэр шугам нь өмнө жил хагарсан. Тус шугамаа одоог хүртэл шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулах боломж байсан... гэжээ. 3 дахь шаардлагад 10 онооны тал оноог өгч байгаа. Ганц албан бичиг явуулснаас өөр зүйл хийгээгүй. Тэр албан бичгийг мэдээд 10 оноо өгсөн...2024 оны материалд...шаардлагаас аль нь биелсэн талаарх тайлан ирүүлээгүй. Судалгаагаа гаргасан гэж үзье, ганц нэг тийм шугам байгаа гэж бодоод 2 оноо өгсөн...тайландаа тайлагнаагүй байхад нь би оноог нь өгсөн. 4 дүгээрт хэрэглэгчийн шаардлага бий. Хэрэглэгчийн олон гомдолтой. Гомдол нь дан бохироос биш, дандаа цахилгааны хязгаарлалт, ус сувгаас ус хязгаарлаж хэрэглээний халуун усгүй болсон хязгаарлалт...Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК төлбөрөө авахын тулд нэхэмжлэгчийн дулааныг хязгаарлахад хэрэглэгч нар нь уурладаг. Хэрэглэгч төлбөрөө төлсөн хэр нь халаалт авч чадахгүй, халуун ус хэрэглэж чадахгүй бол бухимдах нь ойлгомжтой. Нэг компанийн доголдолтой үйл ажиллагаанаас болж сар болгон 100,000-200,000 төгрөг төлөөд ч хохироод байвал хэцүү. Үүнээс шалтгаалж хэрэглэгчийн гомдол ихэссэн. Манай хороонд 2024 онд 44 гомдол ирсэн. Үүнийг сүүлийн үед 11-11 төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн шуурхай удирдлагын газар руу явуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд компанид арга хэмжээ авахыг шаардаж Нийслэлийн захирагчийн албанаас манайх руу залгадаг. Нэхэмжлэгч 15 онооноос хэрэглэгчдэд холбогдох арга хэмжээний хувьд ёс зүйн доголдолтой байна гээд оноо алдсан...төлбөр цуглуулалт хангалтгүй...Үүнийг Хэрэглэгчийн орон нутгийн газар буюу хэрэглэгчийн гомдлыг хариуцдаг мэргэжилтэн 5 үзүүлэлтийн хүрээнд дүгнэдэг бөгөөд үзүүлэлтийг нь сонгож 6 оноо өгсөн. Нэхэмжлэгчээс ирсэн тайланд үндэслэж гаргадаг. 15 онооноос 6 оноо авч, 9 оноо хасуулсан. Эрчим хүчний хэмнэлт дээр тайлбар хэлэхэд, нэхэмжлэгч аргачлалаа мэдээгүй...Эрчим хүчний чиглэлээр ажлын төлөвлөгөө гаргасан байх ёстой. Ганц хуудас хангалтгүй. Үүний дараа гүйцэтгэл хийх ёстой. Төлөвлөгөөнөөс ямар ажлуудыг хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийж, хэрхэн хэмнэлт хийсэн талаар бичдэг. Үүнийг 05 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн. Хугацаа сунгах асуудалтай хамт ирүүлсэн. 02 дугаар сарын 02-ны өдөр ирүүлээгүй. 05 дугаар сарын 01-ний өдөр зассан боловч нэг хуудас баримт байсан нь инвертор тавьсан талаар байсан. Бүх газар инвертортой. Үүнийг эрчим хүчний хэмнэлт гэж үзэхгүй. Насосыг ачаалалгүй үед зохицуулалтыг тохируулах, эргэлтийг тохируулах төхөөрөмж юм. Хэмнэлтэд хамааралтай зүйл биш. Танайх зарцуулалт бага үед эргэлтийн мотор нь арай бага эргэлдэж хэмнэлт үүсэж байгаа. Тэрийг зөв тооцоолсон эсэхийг би мэдэхгүй байна. 6, 7, 8 дахь шаардлагад 10 оноо байгаа. Дээрх 3 шаардлага нь эрчим хүчний үнэ тарифтай холбоотой. Нэг нь тусгай зөвшөөрлийн нэг худалдан авагчийн загвар. Нэг худалдан авагчийн загварыг нэхэмжлэгч мөнгөн урсгал явж байна гэдэг боловч 100 хувь яваагүй. Өөр дансаар авч байсан гэдэг нь тодорхой болсон. Гэхдээ 10 оноог нь өгсөн. Мөн санхүүгийн зохистой харилцаа гэж бий. Нэхэмжлэгчээс өгсөн тайланг үнэлж, санхүүгийн зохистой харилцаа алдагдсан, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өр төлбөртэй гэж оноо хассан. Татварын мэдээ тайлан ирсэн. Мөн аудитын тайлан ирсэн гэж оноог нь өгөөд нийт 20 оноо өгсөн. Бүх оноог нь нэмээд 53.9 оноо гарсан. Нэхэмжлэгчийг хангалттай дэмжсэн. Нэхэмжлэгч тайланг ямар шалгуураар дүгнэхийг ойлгоогүй. 7, 8 жил үйл ажиллагаа явуулж байгаа хэр нь ямар тайлан ирүүлдэг талаар мэдэхгүй...жилийн эцэст хэмнэлтийн төлөвлөгөө, угсралт, засвар үйлчилгээний ажлын төлөвлөгөө гаргаж гүйцэтгэлийг өгөх ёстой, хэдэн төгрөгийн төлөвлөгөө гаргасан, ямар хугацаанд хийнэ гэж төлөвлөсөн юм, биелэлт нь хэдэн хувьтай талаар хувилж тавиагүй...Өгсөн 3 тайлангаа засвар үйлчилгээ болон ажил хийж байгаа гэж өгсөн...Бараг 2 жил болж байхад тайлангийнх нь зураг өөрчлөгддөггүй, зургийнх нь байрлал ч өөрчлөгддөггүй...ирүүлж байгаа тайлангаа анхаарах хэрэгтэй...02 дугаар сарын 20-ны өдөр хангалтгүй гэж дүгнэсэн...Тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангах эсэхийг 12 шаардлагаар шалгадаг. Хангах тусгай зөвшөөрлийн шаардлага 9 байдаг. Нийт 21 шаардлагыг дүгнэдэг. Тусгай зөвшөөрлийг сунгахад 21 шаардлагыг харах хэрэгтэй болдог. Гэтэл энэ жил энэ ажлыг дүгнэнэ гэж гаргаж өгсөн 8 шаардлагаар хугацаа сунгах асуудал яригддаггүй... 5 дугаар сард нэхэмжлэгч компанид очиж үзлэг шалгалт хийнэ гээд хангалтгүй үнэлэгдэхээр байгаа талаар урьдчилсан хурлаар орсны дараа мэдэгдсэн. Очиж үзлэг, шалгалт хийсэн. Бодит байдалтай танилцаж гарсан дүнгээр тусгай зөвшөөрлийг нь сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх талаар албан бичигтээ тодорхой бичсэн...хугацаа тулгаж хэлсэн зүйл байхгүй, 04 дүгээр сард урьдчилсан хурлын дараа албан бичгээр компанид мэдэгдсэн...үзлэг, шалгалтын үеэр тайланг төлөвлөгөөтэй нь тулгахаар Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэгч компанийг хариуцсан н.Т******* хамт явсан. Нэхэмжлэгч компанид төлөвлөгөө байгаагүй учраас Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн манайхаас өгсөн шаардлагыг дулааны инженерээс авч тус шаардлагын дагуу ар талд нь чеклээд явсан. Бүх засвар үйлчилгээг хангалттай хийгээд явж байсан. Хэрэглэгч нарыг чанартай дулаанаар хангаж байна гэж тайлбарлаж байгаа боловч 2023 оноос эхэлж дулаантай холбоотой өр төлбөр үүсэж, 2024 онд бүхэлдээ өр төлбөртэй гарсан. Бид бүтэн 1 жил харсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ирж надтай уулзаад би дараа жил төлбөрөө төлөх болно. Сая асуудал үүсээд доголдлоо, график байгуулаад Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай гэрээ хиймээр байна. График байгуулаад өгөөч гэж байсан...Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нэхэмжлэгчтэй нэг худалдан авагчийн загвар хэрэгжүүлж байгаа...Эрчим хүчний салбарт нэг тал нь доголдоод зогсоход нөгөө тал мөн доголддог...24 цаг бэлэн байдалтай байдаг. Мэргэжлийн боловсон хүчингүй бол үйл ажиллагаа явуулж чадахааргүй салбар. Улирал болгон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас компаниудыг дүгнэдэг. Эрчим хүчний зохицуулах хороо жилд нэг удаа дүгнэдэг. Гэтэл улирал болгон дүгнэж байгаа Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д нэхэмжлэгч 2024 оны 4 улирал, 2025 оны эхний улиралд хангалтгүй, нийт 6 удаа хангалтгүй дүгнэгдсэн...5 зохицуулагч бүх материалыг хянаад хангалтгүй гэж дүгнэсэн байна... гэжээ.
2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч компанийн хувьд үйл ажиллагаа явуулж эхэлснээс нь хойш Эрчим хүчний зохицуулах хороо ямар нэг байдлаар байнга дэмжиж өнөөдрийг хүргэсэн...Жилийн эцсийн тайлангийн хурал болоход компаниас заавал оролцуулдаг. Манайх нэг хурлаар асуудлыг шийдвэрлэдэггүй...2 үндсэн үе шаттай явдаг. Мөн нөхцөл шаардлага дүгнэх 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 18 дугаар хурлын тэмдэглэлээс үзэхэд Б нар ХХК-ийн 2024 оны мөрдөж ажиллах нөхцөл шаардлагыг дүгнэх асуудал дээр гүйцэтгэх захирал Х.Б, нягтлан бодогч н.Б*******, ерөнхий инженер н.Г******* нар оролцсон нь хурлын протоколд тэмдэглэгдсэн. Хурлын протоколоос манай зохицуулагч нар маш их асуулт асуусан нь харагдана...асуудлуудыг бүгдийг нь нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гарсан. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр хурлаар Б нар ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ хуралд Х.Б оролцож, хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бүх асуудлыг ярьсан. Иймд оролцоо хангаагүй гэх асуудал байхгүй...Өр төлбөртэй байсан гэдгийг ахлах аудитор н.Э******* хэлсэн. Санхүүгийн аудитыг хийсэн байгууллагын мэдээлэлд үндэслэж мэргэжилтнүүд эргэлтийн өр, харьцааг гаргасан. Эргэлтийн харьцаа нь төлбөр төлсөн бол барагдуулалтын чадварын харьцаа 0,05 буюу цаасан дээр нэхэмжлэгч компани дампуурсан байна гэдгийг шалгалтын явцад мэдээлэл өгсөн. 2024 оны жилийн эцсийн байдлаар хэрэглэгчээс 113,9 сая төгрөгийн авлага авах байсан. Нэхэмжлэгч компанитай холбоотой бүх асуудлыг хурал дээр ярьж, хариу тайлбараа өгөөд асуудлууд нь хурлаар орж шийдвэрлэсэн. Тус хуралд компанийг төлөөлж захирал Х.Б оролцож асуудлуудаа ярьсан...Бид 2024 оны нөхцөл шаардлага, үнэлгээг үндэслэж шууд хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэж болох байсан. Учир нь Зөвшөөрлийн тухай хуульд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахгүй тохиолдолд хугацаа сунгахаас татгалзах зохицуулалт байдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хороо тухайн компанид 2024 оны нөхцөл шаардлагаар хангалтгүй үнэлэгдлээ, ямар ч байсан дахин ажлын хэсэг гаргая. Дахин ажлыг нь шалгаад үзье. Үнэхээр үйл ажиллагаа сайжирсан, хэрэглэгчийн гомдлыг барагдуулсан, 3 жил дараалан ирүүлсэн тайланд өөрчлөлт орсон байна уу гэдгийг нягталж үзэж зохицуулахаар дахин ажлын хэсэг байгуулж, дахин дүгнэлт гарсан. Энэ компанийн нөхцөл байдлыг Эрчим хүчний зохицуулах хороо бүх талаас нь буюу 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдлыг арилгах гэж 3 жил дараалан ирүүлсэн тайланг нь үнэлж...өмнө нь ирүүлсэн тайлангаар нь дүгнэсэн. Эрчим хүчний зохицуулах хороо үндэсний аюулгүй байдалд холбогддог салбар. Цаана нь хэрэглэгчийн асуудал байдаг. Хэрэглэгч нар халуун, хүйтэн усаар хангагдаж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг нь бүрдүүлж байдаг салбар тул өвлийн хүйтэнд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг асуудлыг авч үздэггүй. Өөрөөр хэлбэл дулааныг 05 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хаасан хугацаанд засвар хийдэг. Өвлийн эд ачаалал эхлэх 09-04 дүгээр сар хүртэлх хугацаанд компаниудын үйл ажиллагааг зогсоох эсхүл тусгай зөвшөөрөлтэй холбоотой ямар нэг асуудлыг хөндөж ярих боломж байдаггүй. Учир нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдалтай нийцүүлж дээрх асуудлыг авч хэлэлцдэггүй. Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын нөхцөл шаардлагыг хугацаатай сунгахтай холбоотой асуудлыг 05 дугаар сар буюу дулааны үйлчилгээ үзүүлэхгүй байх хугацаанд авч үздэг. Ийм нөхцөл байдлыг уялдуулж бид шийдвэр гаргасан. Хариуцагч тал нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан үндэслэл нь зөвхөн нэг сарын хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлын үнэлгээ биш. Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тусгай зөвшөөрөл авснаас хойших нөхцөл байдлыг харгалзаад, нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэсний дагуу бид нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан акт гаргасан. Хугацаа сунгахаас татгалзсан зохицуулалтад хангалтгүй үнэлгээ авсан актыг үндэслэж гаргасан. Түүнээс биш ажлын хэсгээс гарсан дүгнэлт, 1 сарын хугацаанд хийсэн ажлыг үнэлж гаргасан акт биш... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б нар ХХК-аас гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 дугаар сарын 05 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 24 дүгээр зүйлийн 24.6, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 411 дүгээр тогтоол, Б нар ХХК-ийн 2025 оны 24/84 дүгээр албан бичгийг тус тус үндэслэн Б нар ХХК-д олгосон дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгожээ.
3. Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзахдаа Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн шаардлага хангаагүй гэснийг хангалтгүй гэсэн дүгнэлтийг үндэслэсэн нь буруу, мөн хуулиар тогтоосон журмыг зөрчиж шийдвэр гаргасан, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн шаардлага хангасан учир сунгахыг даалгах үндэслэлтэй гэх агуулгаар маргасан.
4. Б нар ХХК нь 2017 оноос Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн дагуу бүртгэлтэй орон сууцны хотхон, айл өрх, аж ахуй нэгжүүдийг ус, дулаанаар хангах үйл ажиллагаа явуулдаг байна.
5. Уг тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл шаардлагыг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан эрх хэмжээний дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоолоор шинэчлэн тогтоож, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар тогтоолоор дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгажээ.
6. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 2-д Хуульд өөрөөр заагаагүй бол зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдөл, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлсэн баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана гэж зааснаар нэхэмжлэгч нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 24/84-1 тоот албан бичгээр тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтээ, холбогдох баримтын хамт гаргасан.
7. Харин дээрх зүйлийн 4-д Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна:
4.2-д өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг шаардлага хангаагүй, эсхүл бүрдэл дутуу бол нөхөн бүрдүүлэх талаар зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх,
5-д Эрх бүхий этгээд энэ зүйлийн 4.2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл эзэмшигчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана гэж тус тус зааснаар хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 06/413 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгуулах тайландаа албан бичгээр мэдэгдсэн үүрэг даалгаврыг биелүүлж тайлагнаагүй байх тул Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагын биелэлтэд газар дээр нь хяналт хийж, түүний үр дүнг үндэслэн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах эсэхийг хуралдаанаар шийдвэрлэх талаар мэдэгдэж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байна.
8. Улмаар батлагдсан удирдамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийг дуустал ажлын 3 хоног шалгахаар баталж, ажлын хэсгийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтээр Б нар ХХК нь Зөвшөөрлийн тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хуульд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх, 2.2 тухайн үйл ажиллагааг эрхлэх хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллах заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд Б нар ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.8, 28.2-д заасныг зөрчсөн гэжээ.
9. Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг тодорхойлж, 25.1.2-д хууль тогтоомж, эрчим хүчний техникийн ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, тусгай зөвшөөрөлд заасан нөхцөл, шаардлага, тусгай зөвшөөрөл олгогчийн шийдвэрийг дагаж мөрдөх,
25.1.3-д санхүүгийн тайлан бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон үйл ажиллагааны төрөл тус бүрээр, тусгай зөвшөөрөлд хамаарахгүй үйл ажиллагааны тайлан бүртгэлээс тусад нь хөтлөх,
25.1.4-д аудитын байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайланг тусгай зөвшөөрөл олгогчид жил бүр гаргаж өгөх,
25.1.8-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, эдийн засгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөхөд шаардлагатай мэдээллийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын шаардсанаар цаг тухайд нь үнэн зөвөөр гаргаж өгөх; гэж тус тус заасан.
10. Харин тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага гэдгийг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох гэж заасан эрхийн хүрээнд Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаар тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага-аар нарийвчлан тогтоосон байна.
11. Энэ нөхцөл, шаардлагын Дөрөв. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх гээд,
4.1-д Эрчим хүчний тухай хуулийн 12.1.1-12.1.11 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийн шаардлагад хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг сайжруулах, хэрэглэгчийн эрх ашгийг хангах зорилгоор тухайн жилийн шаардлага, түүний харгалзах оноог тогтооно,
4.2-д ...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор тусгай зөвшөөрлийн цахим системээр тайлагнах бөгөөд мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцна
4.7.Тусгай зөвшөөрлийн шаардлагын тухайн оны биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны хурлаар хэлэлцэн дүгнэж, дараа жилд мөрдөх шаардлагын хамт тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус зааснаар жил бүр тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэж, дараа жилд мөрдөх шаардлагыг хүргүүлдэг байна.
12. Үүний дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийн 2024 оны нөхцөл шаардлагын биелэлтийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээн авч, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 411 дүгээр тогтоолоор биелэлтийг хангалтгүй гэж дүгнэн, мөн өдрийн 410 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоожээ.
13. Дээрх 411 дүгээр тогтоол гарахаас өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 он 04 дүгээр сарын 17-ны 06/322 албан бичгээр ...сунгуулах хүсэлтийг урьдчилсан хуралдаанаар хэлэлцэх үед Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д дулааны эрчим хүчний өр төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай талаар, мөн өдрийн 06/321 тоот албан бичгээр ...2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 576 дугаар тогтоолоор сунгахдаа 5 үүрэг даалгавар өгсөн боловч одоог хүртэл тус тогтоолын 2.2 дахь заалтын Хэрэглэгчдэд борлуулсан дулааны төлбөрийг бүрэн төвлөрүүлэх, ... Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлж барагдуулах, 2.3 дахь заалтын Эрчим хүчний тухай хуулийн 16.1 дэх хэсэгт нийцээгүй барилга байгууламжуудын үйл ажиллагааг тухайн дулаан дамжуулах, салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцаж ажиллаж буй тусгай зөвшөөрөлтэй эзэмшигчид шилжүүлэх үүрэг даалгаврыг биелүүлээгүй, нөхцөл шаардлагын 2024 оны биелэлтийг ...хорооны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дүгээр урьдчилсан хуралд хэлэлцүүлэн Хангалтгүй гэж дүгнэгдэхээр болоод байна....2024 оны 427 дугаар тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2, 3, 4, 5, 7 дахь шаардлагууд, мөн 2024 оны 576 дугаар тогтоолын 2.2, 2.3 дахь заалтаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан бүрэн биелүүлж тайлагнахыг мэдэгдэж байна гэжээ.
14. 2024 оны 427 дугаар тогтоолын нөхцөл шаардлагын 2-д Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт нийцээгүй барилга байгууламжуудын үйл ажиллагааг тухайн дулаан дамжуулах, салаа шугамын хамгийн их ачаалалтай хэрэглэгчдийг хариуцаж ажиллаж буй тусгай зөвшөөрөлтэй эзэмшигчид шилжүүлэх,
3-д Дулаан дамжуулах сүлжээг төрийн өмчид шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах,
4-д Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж ажиллах хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авах бүрэн шийдвэрлэх,
5-д Эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
7-д Санхүүгийн зохистой харьцааг хангаж, дулааны эрчим хүчний өр төлбөргүй байх гэж тогтоосон байна.
15. Нэхэмжлэгч нь Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д өр төлбөрийн үлдэгдэлтэй, гэрээ дүгнэсэн актаар хангалтгүй гэж дүгнэгдсэн, тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргах үед төлбөрөө барагдуулаагүй, харин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр гарснаас хойш Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5577 дугаар захирамжаар төлбөр төлөх хугацаа тогтоож, эвлэрсэн,
Дулааны шугам шилжүүлэх талаар холбогдох байгууллагад албан тоот хүргүүлсэн гэж нэхэмжлэгчээс тайлбарласан, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/2589 дүгээр албан бичгээр ... хаус хотхон, *******, ******* хотхонуудын Ф200 дээш голчтой шугам тоноглолын тоо хэмжээ, ажлын зураг төсөл, төсөв одоогийн үнэлгээ...баримт бичгүүдийг бүрдүүлэн....материал ирсэн нөхцөлд холбогдох ажилтнууд газар дээр нь шугам тоноглолын тодруулгыг хийж хамтран ажиллах болно гэсэн, нэхэмжлэгчээс уг шугамтай холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24/19 тоот алөбан бичгээр Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд, мөн өдрийн 24/17 тоот албан бичгээр Бүгд найрамдах элчин сайдын яамд хүргүүлснийг нөхцөл шаардлагын 2024 оны биелэлтийн тайланд хавсаргасныг хариуцагчаас шаардлагын биелэлт хангаагүй гэж дүгнэж, уг шаардлагуудыг хангуулахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн,
Санхүүгийн бүртгэл, санхүүгийн үйл ажиллагааны талаар 2024 оны биелэлтийг дүгнүүлэхдээ аудитлагдсан тайлан ирүүлээгүй, харин 2025 оны 05 сард хийсэн дүгнэлтээр нэхэмжлэгч нь санхүүгийн чадавхигүй талаар дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.
16. Харин нэхэмжлэгчээс тухайн албан бичгүүдийг хариуцагчаас зохих журмын дагуу мэдэгдээгүй гэж маргасан боловч албан бичгүүдийг тухай бүр нь шуудангаар хүргүүлж байсан нь явсан бичгийн бүртгэлээр тогтоогдсон, үүний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлуудад оролцсон нь тухайн өдрүүдийн хурлын тэмдэглэлээс харагдана.
17. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлэх ёстой, хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасантай холбогдуулан дээрх тусгай зөвшөөрлийн шаардлагыг биелүүлэхийг мөн шаардаж байсан, үүнээс хойш хугацаанд биелүүлэх боломжтой ч биелүүлээгүй, биелүүлэх боломжийг тухай бүрт нь удаа дараа дээрх албан бичгүүдээр хүргүүлсэн байна.
18. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 411 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн 2024 оны нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн боловч хугацаа сунгах хүсэлт ирүүлэхдээ тухайн шаардлагыг биелүүлэх боломжтой талаар мэдэгдэж, улмаар нөхцөл байдлыг бодит байдал дээр ямар байгааг 2025 оны 05 дугаар сард газар дээр нь шалгахаар болсон нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 5-д Эрх бүхий этгээд энэ зүйлийн 4.2-т заасан арга хэмжээний талаар зөвшөөрөл эзэмшигчид баримт бичгийн бүрдлийг шалгах хугацаанд багтаан мэдэгдэнэ. Нөхөн бүрдүүлэх шаардлагатай баримт бичиг тус бүрийн талаар мэдэгдэлд тодорхой тусгана гэж заасантай нийцжээ.
19. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 4-д Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгаж, дараах арга хэмжээ авна, 6-д Энэ зүйлийн 4.2-т заасан баримт бичгийг нөхөн бүрдүүлэх хугацаа ажлын 10 өдөр байна, 7-д Зөвшөөрөл эзэмшигч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий этгээд дараах хугацаанд магадлан шалгана гээд 7.1-д тусгай зөвшөөрлийг ажлын таван өдрийн дотор, 10-т Эрх бүхий этгээд магадлан шалгах ажиллагааг дууссанаас хойш ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх шийдвэрийг гаргана гэж тус тус заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж, газар дээр нь шалгалт явуулж, дүгнэлт гаргасны дагуу магадлан шалгах ажиллагааг явуулж, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шийдвэр гаргасан нь хуульд заасан хугацаанд байна.
20. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахгүй болох нь газар дээр шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хариуцагчаас маргаан бүхий тогтоолыг гаргахдаа 2025 оны 411 дүгээр тогтоолыг үндэслэсэн нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11-д Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж заасан эрхийн хүрээнд гаргасныг шүүхээс буруутгах үндэслэлгүй.
21.Учир нь Эрчим хүчний зохицуулах хороо нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг захиргааны байгууллага, шүүхээс тухайн байгууллагын шийдвэрийг хянахдаа хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргасан эсэх, шийдвэр гаргахад үндэслэл болгосон нөхцөл нь тогтоогдсон эсэхийг шалгахад дээр дурдснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалтад заасныг тус тус баримтлан Б нар ХХК-ийн Эрчим хүчний зохицуулах хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, дугаартай дулаан түгээх, дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс илүү төлсөн 70,200 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж, үлдэх 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ