Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/02343

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2017/02343

 

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02337 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ ХХК-д холбогдох

 

ХХХХ ХХК-ийн борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, захиалгын урамшуулал 216 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие ХХХХ ХХК-д 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл захиалга хүлээн авагч ажилтнаар ажиллаж байсан бөгөөд тус компанид ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилласан. Нэг сарын цалин 300 000 төгрөг, захиалга орсны 2 хувийг цалин дээр нэмж олгохоор тохиролцож ажилласан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч нэг хувийг надад өгөөгүй, ажилд авсан тушаалаа надад танилцуулаагүй. 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн намайг ажил үүргийн хуваарьт байхгүй ажил буюу нийт ажилчдын хоол хийхийг надаас шаардсан ба би хоолыг нь хийж өгдөг байсан. Улмаар тогооч хийгээд байхаар захиалга авч чадахгүй байна гэдгээ компанийн удирдлагад мэдэгдэж, дахин хоол хийх боломжгүй гэдгээ хэлэхэд чи ажилчдын хоол идэх эрхгүй гэж хэлсэн. Үүнээс хойш би өөрийн мөнгөөрөө хоолоо авч иддэг болсон бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ажилчдын цалин өгсөн ч миний цалинг өгөөгүй. Тухайн өдөр би өлсөөд 2-3 удаа орж цалингаа нэхэхэд намайг уучлалт гуй гэж хэлсэн бөгөөд миний бие ямар учраас уучлалт гуйж байгааг мэдэх талаар асуугаад цалингаа авахын тулд аргагүй эрхэнд уучлалт гуйсан боловч миний цалинг өгөөгүй. Маргааш нь ажилдаа ирээд 13 цагийн үед цалингаа асуухад чамайг ажлаас халсан зайл гэж хөөгөөд зодох гэж сүрдүүлсэн. Надад ажлаас халсан тушаалыг гардуулаагүй. Би мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаснаар нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсэн. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, захиалгын урамшуулал 216 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ ХХК нь үйл ажиллагааны хүрээнд иргэд болон байгууллагын хүсэлтийн дагуу тавилга захиалгын ажлыг гүйцэтгэдэг ба ихэнхдээ үйлчлүүлэгч татах зорилгоор борлуулалтын ажилтан авах шаардлага болсны улмаас иргэн ХХХийг борлуулалтын ажилтнаар ажилд авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулж, үндсэн цалинг 300 000 төгрөгөөр, мөн ажлын үр дүнгээр нэмэгдэл цалин тооцон олгохоор тохиролцон ажиллах болсон. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагын хүрээнд байгууллагын зүгээс ХХХт олгох ёстой цалин болон нэмэгдлийг цаг тухай бүрд олгож байсан ба харин ХХХ нь 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр удирдлагаас өгсөн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж улмаар ажлын байраа шууд орхин явсан. Ингэж ажилтан ХХХ нь гэрээгээр хүлээсэн хүрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор Хөдөлмөрийн гэрээ 2.3-д Сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах тохиолдол ... 2 болон түүнээс дээш хоногоор ажил таслах заасан ноцтой зөрчил гаргаснаа эс хүлээн зөвшөөрч ажлаас үндэслэлгүйгээр халсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХХ-ийг ХХХХ ХХК-ийн борлуулалтын ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, ХХХХ ХХК-иас 2 010 502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг ХХХХ ХХК-д үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 47 ,118 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо: ... "ХХХХ" ХХК нь ажилчдын өдрийн хоолыг даадаг ба ажилдчдын хоолыг хийдэг хүн хэсэг хугацаанд ажиллах боломжгүй болсон тул хэсэг ажилтнууд цөөн хэдэн хоног хоолоо ээлжлээд хийж байхаар тохиролцсон. Нийт 5 ажилтан ээлжлэн хоолоо хийсээр ХХХ-ийн хийх ээлж ирэхэд тэрээр "би хоол хийхгүй" гэж маргасан байдаг. Түүний хэлсэнчлэн ажил үүргийн хуваарьт тусгаагүй хоол хийх ажлыг байнга хийлгээд байсан зүйлгүй. Энэ нь байгууллага дотор хоорондоо зөвшилцөж болох болохгүйгээ тохирох асуудал байснаас биш үүрэгт ажлаа хийх нөхцөлгүйгээр шахаж шаардсан үйлдэл байгаагүй юм. Хэдийгээр ажилтан, ажил олгогч нар байгууллага доторх асуудлаар багахан хэмжээнд үл ойлголцол байсан гэж тайлбарласан ч энэ нь ажлаас халах үндэслэл биш байсан гэдэг нь тушаалын үндэслэл болох хөдөлмөрийн гэрээ болон зохих хуулийн заалтыг үндэслэсэн байгаагаар харагдаж байгаа. "ХХХХ" ХХК-ийн удирдлага 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдөр "ажлаас халлаа гэж амаар хэлж хөөж явуулсан" гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар "бид ХХХийг ажилдаа ирэхийг 7 хоног хүлээгээд 6 дугаар сарын 11-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан" гэх тайлбараар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Мөн шүүх нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс хойш ажилдаа очоогүй ба хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй юм, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзэж байна" хэмээжээ. Нэхэмжлэгч ХХХийг ажлаас халсан тушаал 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гарсан ба тус тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байгаа. ХХХ нь 2017 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс хойш тушаал гарсан өдрийг хүртэл хугацаанд ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйг байгууллагын цаг бүртгэлийн төхөөрөмжөөс ХХХ-ийн хурууны хээгээр бүртгэгдсэн бүртгэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэвч шүүх энэхүү баримтын хүрээнд нотлогдож буй үйл баримтыг огт үнэлээгүй шийдвэр гаргасан. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02337 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байгаа боловч ажил олгогчоос ажилтаны ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, мөн урамшууллыг гаргуулж шийдвэрлэхдээ тооцооны алдаа гаргасан байх тул уг үндэслэлээр шийдвэр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХХ ХХК-д холбогдуулан борлуулалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, захиалгын урамшуулал 216 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхгүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

 

ХХХХ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тушаалаар ХХХийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр борлуулатын ажилтаны албан тушаалаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримталжээ. /хх 15-18 тал/

Ажил олгогч нь дээрх тушаалдаа ажилтныг удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг зөвшөөрөхгүй хэмээн маргаан үүсгэсэн, ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл заажээ.

 

Хэргийн 17 дугаар талд зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний 2.3-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд ...ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэх, 2 болон түүнээс дээш хоногоор ажил таслах гэж заасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтанаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй гэж заасан бөгөөд ХХХХ ХХК нь нэхэмжлэгч ХХХийг борлуулалтын мэргэжилтэн гэсэн албан тушаалд ажиллуулахаар түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулсан атлаа ажилчдын хоол хийлгүүлэх тогоочийн ажлыг гүйцэтгүүлэхээр шаардсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй ажил үүрэг гүйцэтгэхээс татгалзсаныг буруутгах боломжгүй.

 

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ХХХийг ажил олгогч нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс хойш ажлын байранд нэвтрүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажил хийлгэхийг даалгасан гэх тайлбар нотлогдсон гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч ХХХийг ажил олгогч нь хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч ХХХийг ажил тасалсан гэх тушаалд заасан үндэслэл хэргийн 32-33 дугаар талд авагдсан баримтаар няцаагдаж байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь борлуулалтын 2 хувийн урамшуулалд 216 800 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговор болон урамшууллыг буруу тооцож шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нэхэмжлэгч ХХХ нь 300 000 төгрөгийн үндсэн цалинтай байсан эсэх асуудлаар зохигчид маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн сарын цалингийн хэмжээ нь түүний үндсэн цалингийн хэмжээнээс их байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу борлуулалтын 2 хувийн урамшууллыг үндсэн цалин дээр нэмж олгож байсан гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх ажилтны цалин хөлсийг үндсэн цалингаас бус нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хэмжээгээр олговрыг тооцсон атлаа дахин 2 хувийн урамшуулал нэмж олгохоор шийдвэрлэж байгаа нь алдаатай болжээ. Мөн ажил олгогч нь ХХХийг 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн байхад анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг түүний ажлаас чөлөөлөгдөөгүй байх үе буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс тооцсон нь буруу болжээ.

 

Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарсан 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажлын 65 өдрийг ажилтны нэг өдрийн дундаж цалинтай дүйцүүлэн тооцож, хариуцагч ХХХХ ХХК-иас 1 627 925 /65*25 045=1 627 925/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ... 2 010 502 төгрөг... гэснийг ... 1 627 925 төгрөг... гэж,

3 дахь заалтын 47 118 төгрөг... гэснийг 40 997 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа ХХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 119 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО