Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 00069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

              Хохирогч                                              Б.Мө

                         Шүүгдэгч                                          Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бод холбогдох 1832000380047 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бэсүд овогт Тунгалагын Б.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн №1-24 тоот хашаанд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөтай маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мө, Бм, Заяа нарыг манай ажлын хашаанд “Хараа” нэртэй нэг шил архи хувааж ууж байхад нь таарч хамт уусан юм. Тэгээд дэлгүүрт бараа  буулгаад байж байхад Мө, Бм, Заяа нар намайг дахиад дуудахаар нь Ма бид хоёр хамт очиж тэд нартай нийлж дахиж нэг шил архи уусан. Тэгээд байж байтал Ма, Мө хоёр Хараагийн №24 тоот хашаан дотор маргалдаад зодолдоод байж байсан. Тэгээд би Мө ахыг салгаж болиулахад Мө ах, Маыг “ална аа” гээд буцаад явж байгаад газар уначихаар нь би очоод Мө ахыг газар хэвтээд босохгүй болохоор нь “наадах чинь баашилж байгаа юм” гээд нэг удаа гэдэс рүү нь өшиглөсөн юм. Тэгээд Мө ахыг газраас босгоод ажлын байшинд оруулж унтуулж, өөрөө гэрлүүгээ явсан, миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Мө мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар 06-ны шөнө найз Бм, Заяа нартай хамт нэг шил архи хуваагаад ууж байхад Б, Ма хоёр ирсэн. Тэгээд цуг архи ууж байгаад би Матай өмнө нь манайд амьдардаг байсан асуудлаас болж маргалдсан юм байна лээ. Тэгээд хоёр шил архи хувааж уучихаад гарч маргалдсан. Гэтэл хажуу талаас Б миний гэдэс рүү өшиглөсөн. Би нилээн согтсон болохоор тэрийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд нэг сэрэхэд би манаачийн байранд унтаж байсан. Босоод явах гэтэл босож чадахгүй байсан. Тэгээд мөлхөж гараад хашаа налж явсаар байгаад гэртээ очсон. Өглөө нь сэртэл нуруугаар хатгаж өвдөөд, гэдэс базлаад байсан. Тэгээд би хоёр эгчийгээ дуудаж эмнэлэг дээр очиж үзүүлээд Зүүнхараад хагалгаанд орсон, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Т.Бод хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.  

Хохирогч Б.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би Хараагийн 1-24 тоот хашаан дотор Б, Ма, Бм, Заяа гэх эмэгтэй нарын хамт хоёр шил архи хувааж уусан. Бид нар ууж байгаад Ма бид хоёр маргалдаад барилцаад мууталцаад байж байтал Ма миний нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгээд барьцалдаад байж байтал Б миний хажуугаас гэдэс рүү өшиглөсөн тэгэнгүүт би эвхэрээд газар унасан. Тэгээд ухаан балартаад цааш болсон асуудлыг санахгүй байна, нэг сэрсэн чинь Хараагийн 1-24 тоот хашаанд байрлах рамын ажилчдын байранд унтаж байсан. Тэгээд босоод гэртээ хариад унтсан. Өглөө сэрсэн чинь нуруу өвдөөд гэдэс базлаад байсан тэгэхээр нь эмнэлэгт үзүүлсэн чинь Зүүнхараа явж үзүүл гээд Зүүнхараад эмнэлэгт ирсэн чинь шууд хагалгаанд ор гээд хагалгаанд орсон. Би сар бүр банкинд 80000 төгрөг төлдөг банкны 1 сая төгрөгний зээлтэй үүнийг төлөөд өгчихвөл өөр нэхэмжлэх зүйлгүй, эмчилгээнд 500000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/

         Гэрч Б.Ма мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Архи ууж дууссаны дараа би Мөыг унт гэж хэлээд аваад явах гэтэл цуг явахгүй надтай хэрүүл маргаан хийгээд байсан юм. Намайг чи манайхаас явсан шигээ байгаарай, би чамайг яаж амьдрахыг харна гэж хэлээд бид хоёр маргалдаад барилцаж авсан. Дараа нь бид хоёр хэд хэдэн удаа цохилцсон. Мө нь түрүүлж нүүрэнд 2 удаа цохисон. Харин би дараа нь Мө ахын нүүрэнд 3 удаа цохисон. Дараа нь Б хажуу талаас эхлээд бид хоёрыг салгасан. Салсныхаа дараа уначихсан юм. Унаснаа тийчлээд босч ирэхгүй зайл гэх зэргээр хараагаад байхаар нь Б нь Мөыг баашилаад байна гээд 1 удаа гэдэс рүу нь өшиглөсөн юм. Тэгээд бид хоёр шууд Мөыг Цагаанаагийн хашаанд ажил дээр нь оруулж унтуулчихаад яваад өгсөн. Би Мөын зүүн талых нь нүдэнд 1 удаа, 2 удаа толгой хэсэгт нь цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

         Гэрч М.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Ажлынхаа байранд Бм, Мө нартай 1 шил архи хувааж уусан, гаднаас Ма, Б нар ирсэн. Тэгээд бид нар дахин 1 шил архи хувааж ууж байсан. Би тэр үед хүүхдээ хөхүүлэх гээд гэртээ орсон хойгуур хашааны гадаа хүмүүс зодолдоод байсан. Очоод харсан чинь Мө, Ма хоёр хоорондоо барьцалдчихсан газар хэвтэж байсан. Би салгах гэсэн чинь ах дүү хүмүүс учраа олж байна. Чамд хамаагүй гээд ойртуулахгүй байсан. Тэгэхээр нь би ажилчдын байранд байсан Бмийг дуудаад дагуулаад гараад ирсэн чинь эд нар хашаанд орж ирчихсэн. Мө газар хэвтэж байсан. Тэгсэн чинь Б наадах чинь баашилж байгаа юм гээд Мөын бие рүү нэг өшиглөөд авсан, яг хаана нь өшиглөсөн талаар мэдэхгүй. Бм гарч ирээд Мөыг тасарчихсан байна, дотогшоо оруулъя гээд тэд нар хамт өргөж байшинд оруулсан. Мөын нүүрэнд ил шарх сорви гэмтсэн гэмтэл байгаагүй. Тэгэхээр нь энэ тасарчихсан юм байна гээд оруулаад унтуулчихья гэж ярилцаж оруулсан. Тэгээд би шөнө ажилчдын байранд 04 цагт орж харахад Мө явчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

      Гэрч С.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... тэр үед Мө нилээн согтсон байсан. Ма луу янз бүрийн юм яриад хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь би Мөыг боль согтуу байж битгий хэрүүл маргаан гаргаад бай гэж хэлсэн. Ма тухайн үед Мөыг гэрт нь хүргэж өгнө гээд байшингаас гарсан. Тэгээд байж байсан чинь Заяа орж ирээд зодоон болоод байна. Мө, Ма, Б гурав хоорондоо зодолдоод байна би салгаж чадахгүй байна чи гараад салгаадах гэж хэлсэн. Тэгэхлээр нь би байшингаас гарсан чинь Мө газар хэвтэж байсан нилээн цаана Б, Ма хоёр зогсож байсан. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм. Мө яасан юм гэсэн чинь Б наадах чинь баашилж байгаа юм яагаач үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь гадаа даарна байшинд оруулъя гээд бид хамт өргөөд байшинд оруулаад хэвтүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/

         Гэрч Д.Цо мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ байж байтал Мө нь хэвлийгээр хүчтэй өвдөж эвхэрсэн байдалтай эмнэлэгт орж ирсэн. Тэр үед Мөаас юунаас болж өвдсөн юу болсон талаар асуухад урьд шөнө буюу 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчим архи ууж яваад хүнд өшиглүүлж дэвсүүлсэн гэж хэлж байсан.Тухайн үед ирж үзүүлэхгүй яасан юм гэсэн чинь согтуу байсан тэгээд өвчинөө мэдээгүй гэж байсан. Тэгээд би Мөд үзлэг хийхэд хэвлийгээр өвчинтэй эмзэглэлтэй байсан. Биеийн үзлэгээр хэвлийгээс өөр газар эмзэглэлгүй байсан бусад газар ил шарх сорви хөхрөлт, гэмтэл байгаагүй. Би тухайн үед ЭХО аппаратанд харж хэвлийдээ гэмтэлтэй байна гэж оношлоод Зүүнхараа луу гэмтлийн эмчид үзүүлж онош тодруул гэж шилжүүлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 -р хуудас/

         Т.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 22-23-р хуудас/

        2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №51 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

         1. Мөын биед нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хүралт гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хүчтэй цохиулах, өшиглүүлэх, хатуу ирмэгтэй зүйл дээр хэвлийгээр хүчтэй унах, шидүүлэх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-н 65 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн №1-24 тоот хашаанд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөтай маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Мөын мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд барьцалдаад байж байтал Б миний хажуугаас гэдэс рүү өшиглөсөн тэгэнгүүт би эвхэрээд газар унасан. Тэгээд ухаан балартаад цааш болсон асуудлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р тал/, Гэрч Б.Маын мөрдөн байцаалтанд өгсөн “...Унаснаа тийчлээд босч ирэхгүй зайл гэх зэргээр хараагаад байхаар нь Б нь Мөыг баашилаад байна гээд 1 удаа гэдэс рүу нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/, Гэрч М.Энгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...тэгсэн чинь Б наадах чинь баашилж байгаа юм гээд Мөын бие рүү нэг өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч С.Бмийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, Гэрч Д.Цогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 -р хуудас/, Т.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 22-23-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №51 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Быг хохирогч Б.Мөын биед хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг Хараагийн №1-24 тоот хашаанд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Б.Мөтай маргалдан улмаар түүний хэвлий тус газар нь өшиглөж Мөын биед нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндийд шингэн хүралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж согтуурсан үедээ зүй бус авир гаргаж, зан харьцааны дутагдал гаргасан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч Т.Бод ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Т.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор болох 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэсүд овогт Тунгалагын Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 10000 /арван мянга/ нэгж буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Быг торгох ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.