Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00502

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/00502

 

 

С.Минжингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Минжингийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-д холбогдох

 

Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын 01 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн 02 дугаар протоколыг тус тус хүчингүй болгуулах тухай  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Буянхишиг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Минжин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Минжин С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нар хамтран хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх түр сургалт явуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ыг үүсгэн байгуулж, С.Минжинг удирдах зөвлөлийн даргаар томилж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нийт гурван гишүүнтэйгээр 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, мөн бусад гишүүд болох Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар нь С.Минжинд мэдэгдэлгүйгээр үгсэн хуйвалдаж, С.Минжинг байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж, Улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр бүртгүүлсэн байна. Дээрх 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар Удирдах зөвлөлийн протокол, 01 дугаартай үүсгэн байгуулагчдын 02 дугаар тогтоол зэрэгт зурагдсан гарын үсэг нь С.Минжингийн гарын үсэгтэй харьцуулахад өөр байна. Иймд 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын Удирдах зөвлөлийн протокол, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ыг байгуулсан байдаг. С.Ариунцэцэг, С.Минжин, Л.Отгонжаргал нар анх үүсгэн байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд нь Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар байсан. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанд С.Минжин нь өөрөө биечлэн оролцсон. Тус өдрийн хуралдаанд Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын үүсгэн байгуулагчид, гишүүд болох Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа, С.Минжин нарын оролцсон. Тус хуралдааны тэмдэглэл болон хурлын тогтоолыг гарын үсэг зуруулах болон улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой ажлыг С.Минжин нь өөрөө биечлэн гүйцэтгэсэн болно. Эхлээд тус хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Хожим нь өөрийн гарын үсэггүй хурлын тэмдэглэл болон тогтоолыг Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-д өгсөн. Нэхэмжлэгч талаас 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн 2 шаардлага гаргасан. Нэгт хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Мөн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол 140 400 төгрөг төлөх буюу нэхэмжлэлийн шаардлага бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч талаас 70 200 төгрөг буюу нэг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага бүрт тэмдэгтийн хураамж төлөхийг шаарддаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Минжингийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Минжингээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг давж заалдах гомдолдоо:

... Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, үүсгэн байгуулагчдын тогтоолд С.Минжин, Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, М.Мөнх-Очир, Д.Наранбаатар, Г.Соёлмаа нар оролцсоноор тэмдэглэж, тэдний гарьн үсэг зурагдсан байгаа хэдий ч нэхэмжлэгч С.Минжин гарын үсгээ зураагүй нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тодорхой нотлогдож байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэх хэсэгтээ дурьдсан байна. Гэвч шүүх зөвхөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Ариунцэцэг, М.Мөнх-Очир нарын мэдүүлэг дээр үндэслэн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон С.Ариунцэцэг, М.Мөнх-Очир нар нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцож, хуурамч гарын үсэг зурахад байлцсан бөгөөд шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгнө гэдэг нь эргэлзээтэй байна. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө тухайн үед ямар асуудлын талаар ярилцаж байсныг санахгүй байсан төдийгүй яг нэхэмжлэгч С.Минжинг гарын үсэг зурсан талаар тоймтой мэдүүлэг өгөөгүй нь хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой харагдана. Мөн Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт "гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна", "Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв" НҮТББ-ын дүрмийн 9.1-т "Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална", 10.1-т "Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ", 12.1-т Удирдах зөвлөлийн шийдвэр тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байна. Гэтэл "Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв" НҮТББ-ын дарга, үүсгэн байгуулагч С.Минжин Удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралд оролцоогүй гарын үсэг зураагүй байхад шүүх тухайн хуралдааныг хууль, байгууллагын дүрэмд заасан журмын дагуу явуулж шийдвэр гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.Минжин нь хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-д холбогдуулан тус төрийн бус байгууллагын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын 01 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн 02 дугаар протоколыг тус тус хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэл тус тус гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Минжин Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын 01 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн 02 дугаар протоколыг хүчингүй болгох үндэслэлээ ...тухайн хурлыг надад мэдэгдэлгүйгээр хийж, намайг тус байгууллагын удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлсөн, хурлын протокол болон үүсгэн байгуулагчдын тогтоолд миний гарын үсэг зурагдаагүй гэж тайлбарласан байна.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч С.Минжинг 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралд оролцсон, хурлаас гарсан бичиг баримтад гарын үсэг зурсан гэж маргаж, гэрчээр М.Мөнх-Очир, С.Ариунцэцэг нарыг асуулгажээ.

 

Хэргийн 6-7 дугаар талд нэхэмжлэгч С.Минжингийн гарын үсэн зурагдсан Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протокол, 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, харин хэргийн 25-26 дугаар талд нэхэмжлэгч С.Минжингийн гарын үсэг зурагдаагүй Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протокол зэрэг зөрүүтэй бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4006 дугаар шинжээчийн дүгнэлтээр хэргийн 6-7 дугаар талд авагдсан Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протокол, 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол зэрэгт зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч С.Минжингийн гарын үсэг биш болох нь тогтоогджээ. /хх-ийн 43-46 тал/

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд нэхэмжлэгч С.Минжин нь хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын үүсгэн байгуулагч, Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан байх бөгөөд тус төвийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар тогтоолоор С.Минжинг удирдах зөвлөлийн тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

 

Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын дүрмийн 9.1-д Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгоно. Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ, 9.2-т Удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг нас барсан, зөвлөлийн гишүүнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, хууль тогтоомж, дүрмээ удаа дараа ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр чөлөөлнө гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч С.Минжин өөрийн эрхэлж байсан Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй, уг байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага хууль буюу дүрэмд заасны дагуу С.Минжинг гүйцэтгэж байсан ажил үүргээс нь чөлөөлсөн болохоо нотлоогүй тул Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протокол хууль, дүрэм зөрчиж гарсан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протоколыг хүчингүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишигийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03179 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг баримтлан Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дугаар үүсгэн байгуулагчдын тогтоол, 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протоколыг хүчингүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Минжингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв НҮТББ-иас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Минжинд олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Минжингийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           Э.ЗОЛЗАЯА

                                                   Ц.ИЧИНХОРЛОО