Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/11

 

 

 

 

2025       02          19                                          2025/ДШМ/11

 

 

 Б.С, З.Я нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                                        Э.Г

 Яллагдагч нарын өмгөөлөгч                     Н.М, А.Т

 Нарийн бичгийн дарга                               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Э.Г-н эсэргүүцлээр яллагдагч Б.С, З.Я нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н С,

 

С овогт З-н Я,

 

   Б.С нь 2024 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ    аймгийн  сумын    багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “W” баарны үүд хэсэгт хохирогч Т.М-г бүжгийн талбайд сэнс булаацалдсанд өсөрхөж, гарч явахад нь араас нь үсдэж унагаан, эрүүл мэндэд нь “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

З.Я нь тухайн үед Б.Сийг найз Т.М-г нь үсдэж унагааснаас үүдэн чихийг нь хазаж, эрүүл мэндэд нь “баруун чихний дэлбэнд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.С, З.Я нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Я, Б.С нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг Орхон аймгийн прокурорын газарт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцааж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлж, хэргийг прокурорт очтол яллагдагч З.Я, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Г эсэргүүцэлдээ:

 

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргахаар хэлэлцэх асуудлын хүрээ хязгаарыг тогтоосон.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай бүлгээр зохицуулагдсан ажиллагаа буюу шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа байтал шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай адилтган нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцсэн мэтээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, шинжээчийн дүгнэлтийг өөр өөр байдлаар гаргасан нь эргэлзээтэй гэж дүгнэн дээрх асуудлуудыг шалгаж тодруулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг алдагдуулж байгаагийн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан .. шүүгч... яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ гэж заасан байх ба үндэслэл нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэж заасан байдаг. Гэтэл шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг буюу шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан дүгнэлтийг нь тайлбарлуулах, асууж тодруулах боломжтой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5, 33.1 дүгээр зүйлийн 6.10, 35.21 дүгээр зүйлд заасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулахаар заасан хуулийн заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж дүгнэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг ноцтой зөрчсөн буюу мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Б.Сийн өгсөн мэдүүлгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон урьдчилан дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл энэ нь шүүх “яллагдагч Б.С нь баарнаас гарах хэсгийн шатны дэргэд Т.М-н үснээс зулгааснаас өөр үйлдэл хийж амжаагүй байхад Б.Я ирж миний үснээс зулгааж, намайг газарт унагаж, цохиж, чихнээс хазаж зодсон, тиймээс Т.М-н биед учирсан цус хуралт бүхий гэмтлүүдийг би учруулах боломжгүй. Харин бүжгийн талбайд болсон үйл явдлаас Т.М нь гэмтэл авсан байх боломжтой гэж мэдүүлсэн нөхцөл байдлыг тодруулахад гэмт хэрэг гарсан байдал, Т.М-н биед хэн гэмтэл учруулсан нөхцөл байдлыг тогтоох” ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.

Энэ нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг, мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Гэрч Ж.С-н “... би тэр хоёрыг гарахаар нь хамт дагаж гарч явж байгаад харсан чинь М газар уначихсан нэг эмэгтэйтэй зодолдож байсан. Тухайн үед би балмагдаад юу болоод байгааг ч ойлгоогүй, ингэж байтал бааранд хүмүүс салгаад тэгсэн чинь хэдэн эмэгтэйчүүд орилолдоод маргалдаад болохгүй болохоор нь хоёр найзыгаа аваад гарсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26/,

гэрч Б.О-н “... Би С, Д нарыг дагуулаад баарны коридор луу гараад зогсож байсан. Ингээд зогсож байсан чинь түрүүний маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь С нь тэр хоёр охины араас нь очиж нэг охины үснээс нь зулгааж, хоёулаа газар унасан чинь хамт явсан нэг охин нь Сийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан. Энэ үед би хамт явсан бас охинд нь найзыгаа салгаачээ наадах чинь хазаад байгаа юм биш үү гэсэн чинь хазаагүй гэсэн. Энэ үед тэнд байсан хүмүүс салгаад холдуулсан чинь Сийн чихнээс зөндөө их цус гарч байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28/,

гэрч Ж.Д-ны “... Бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал С нь тайзны хажуу талд байрлуулсан сэнснээс болоод үл таних хоёр эмэгтэйтэй маргалдаж өөр өөр рүүгээ сэнсийг харуулж тавьж байгаад сүүлдээ С нь уг сэнсийг цааш нь түлхчихсэн. Би Сийн хажууд зогсож байсан чинь нэг эмэгтэй нь миний үснээс татаж намайг газар унагаасан. Юу болсныг би тийм ч сайн харж амжаагүй. Энэ үед хүмүүс биднийг салгасан чинь найз О ирээд бид хоёрыг дагуулаад баарны үүд хэсэг рүү гараад зогсож байсан. Энэ үед би дүүтэйгээ утсаар яриад хэдэн минутын дараа эргээд гараад ирсэн чинь Сийн чихнээс цус гарчихсан хүмүүстэй хэрэлдэж маргалдаад зогсож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 30/ зэрэг нь өөр хоорондоо зөрөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт бөгөөд эдгээр нотлох баримтыг шүүх хэрхэн үгүйсгэсэн талаар захирамжид дурдаагүй атлаа яллагдагч Б.Сийн зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн үнэлсэн болохыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед болон шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо дээрх нөхцөл байдлын талаар огт дурдаагүй бөгөөд захирамжид тусгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө’’ гэж,

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хохирлын хөнгөн зэргийг тогтоохдоо дараах байдлыг тогтооно” гэжээ. Үүнд:

3.1.1. гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;

3.1.2. ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%-аар тогтонги алдагдсан бол гэж заасан байна.

Мөн уг журмын 26-д “Дэлбэнгийн гуравны нэг хүртэлх хэсэг тасрах” бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувь, “1 чихний дэлбэн бүтнээрээ буюу дэлбэнгийн гуравны нэгээс дээш хэсэг тасрах” бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 15 хувь, “2 чихний дэлбэн бүтнээрээ буюу дэлбэнгийн гуравны нэгээс дээш хэсэг тасрах” бол хөдөлмөрийн чадвар алдалтыг 30 хувь алдсан гэж тооцохоор тогтоосон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар “хохирогч Б.Сийн биед баруун чихний дэлбэнд шарх, баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл” тогтоогдсон ба энэ нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3 дахь хэсэгт зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна.

Иймд дээрх шинжийг шинжээч эмч Э.Б-с 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлттэй холбоотойгоор мэдүүлэг авч тодруулах бүрэн боломжтой ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна.

Мөн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 685 дугаартай "... Б.Сийн биед баруун чихний дэлбэнд шарх. баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун чихний дэлбэнд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /ХХ-ийн 41-42-р ху/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 695 дугаартай: "... Т.М-н биед зүүн бугалга, гуя, баруун тохой өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /ХХ-ийн 37-38/ авагдсан ба

хохирогч Б.С-н эрүүл мэндэд учирсан “баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт”, хохирогч Т.М-н эрүүл мэндэд учирсан “зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт” гэмтлийг өөр өөр байдлаар тогтоосныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авч тодруулан гэмтлийн шинж тус бүрээр эсхүл нийтдээ гэмтлийн ямар зэрэгт хамаарч байгаа болохыг тодруулах бүрэн боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна гэж заасан ба Б.Сээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчийн тодорхойлолт гэх баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байх ба гадаад үг хэллэг хэрэглэж шийдвэртээ тусгаж, хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь тус тус ноцтой зөрчсөн байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч А.Т тайлбартаа: ... Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Г дүгнэлтдээ: ... Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү ... гэв.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос яллагдагч Б.С, З.Я нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх яллагдагч Б.Сийн өмгөөлөгч Н.М-н гаргасан хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явуулж, уг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх прокурор Э.Г-н эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Тодруулбал: Анхан шатны шүүх “ ... гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн тогтоогдоогүй ... Т.М-н биед хэн гэмтэл учруулсан ..., хохирогч Б.Сийн биед учирсан гэмтэл нь ямар зүйлийн үйлчлэлээр үүссэнийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй, ... Б.С, Т.М нарын гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь тодорхойгүй, ойлгомжгүй ... дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай ... ” гэж дүгнэсэн байх ба

 

хавтаст хэрэгт хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... Б.С ... араас очиж Т.М-н үснээс татаж байгаа дүрс бичлэг харагдаж байна ... З.Я нь Б.Сийн үснээс татаж ... газар унагааж дээр нь дарж байгаа, Т.М газар унаж байгаа ... Т.М, З.Я, Б.С нар нь газарт хоорондоо зууралдаж байгаа дүрс бичлэг харагдаж байна ... ” тэмдэглэл,  

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дуу - дүрсний бичлэг,

 

хохирогч Б.Сийн “... би араас нь очиж нэг охиныг нь үснээс нь татсан чинь хамт явсан нэг охин нь миний чихнээс хазсан ... чихнээс хазаж байх үед нь би гараараа чихээ хаагаад чи миний чихнээс хазаад байна гэж хэлсэн чинь миний баруун гарын бугалганы ар хэсгээс хазсан ... ” гэсэн мэдүүлгүүд,

 

хохирогч Т.М-н “ ... шатаар буухын өмнө миний ардаас үснээс татах шиг болсон ... , уг эмэгтэй миний үснээс татаж газар унагааж миний дээрээс дарж хоолойг боох шиг болсон ... Энэ үед хүмүүс салгах гэсэн чинь тухайн эмэгтэй үснээс тавихгүй зуураад л байсан, ... миний үснээс татсан гэх эмэгтэйн чихнээс нь цус гарчихсан байсан ... тэр эмэгтэй миний араас ирээд үснээс татаж, гарнаас зулгааж газар унагааж хоолой боож, хөлөөрөө миний гуя, хөл, өвдөг хэсэг рүү өшиглөөд байсан ... энэ үед дээрх гэмтлүүд учирсан ... ” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ж.С-н “ ... гарч явж байгаад харсан чинь М газар уначихсан нэг эмэгтэйтэй зодолдож байсан ... ” гэсэн мэдүүлэг,

 

гэрч Б.О-н “ ... С, Д хоёр бүжгийн талбай дээр хажуу талынхаа охидуудтай маргалдаж байгаа харагдсан. Энэ үед нэг охин нь Д-ны үснээс татаж байсан ... очсон чинь Д, С хоёр танихгүй хоёр эмэгтэй нар газар унасан нэг нэгнийхээ үснээс зулгааж  байсан. Энэ үед хүмүүс тэд нарыг салгаж босгосон. Би С, Д хоёрыг дагуулаад баарны коридор руу гараад зогсож байсан, чинь түрүүний маргалдсан гэх хоёр охин хажуугаар өнгөрөөд явсан чинь С тэр хоёр охины араас нь очиж  нэг охины үснээс нь зулгааж хоёулаа газар унасан ... хамт явсан нэг охин нь Сийн дээр нь хэвтэж байгаад чихнээс нь хазсан ... Хүмүүс салгаад холдуулсан чинь Сийн чихнээс зөндөө их цус гарч байсан ... “ гэсэн мэдүүлэг,

 

гэрч Ж.Д-ны “... С уг сэнсийг цааш нь түлхчихсэн. Би Сийн хажууд зогсож байсан чинь нэг эмэгтэй нь миний үснээс татаж намайг газар унагаасан ... энэ үед хүмүүс биднийг салгасан чинь найз О ирээд бид хоёрыг дагуулаад гарсан ... би утсаар яриад эргээд гараад ирсэн чинь Сийн чихнээс цус гарчихсан хүмүүстэй хэрэлдээд маргалдаад зогсож байсан ...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан бөгөөд дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй байна.

 

Түүнээс гадна шинжээч 685 дугаартай дүгнэлт гаргахдаа Б.Ст шүүх эмнэлгийн үзлэг хийж, түүний биед баруун чихний дэлбэнд шарх, баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл учирсныг тогтоосон ба

дүгнэлтэд “баруун чихний дэлбэнд шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1 дэх хэсэг, 5.1 дэх хэсгийн Хүснэгтийн 26-д /чихний дэлбэнгийн гуравны нэг хүртэлх хэсэг тасрах - 5/ заасантай нийцжээ.

 

Мөн шинжээчийн дээрх дүгнэлтэд " ... Б.Сийн ... баруун бугалга, баруун чихний арын төвгөрт цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй ... “ гэснээс гадна   

 

шинжээчийн 695 дугаартай " ... Т.М-н биед зүүн бугалга, гуя, баруун тохой, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... " гэсэн дүгнэлт хэрэгт авагдсан байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож, 685 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Э.Б өөрийн гаргасан дүгнэлтийн талаар мэдүүлэхдээ “...Б.Сийн баруун бугалганы цус хуралт гэмтэл нь жижиг хэмжээтэй буюу биеийн нийт гадаргуугийн 1 хувь хүрэхгүй талбайг хамарч байгаа тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй ... , баруун чихний дэлбэнд шарх, баруун бугалга цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох болон хазах үед үүсгэгдэх боломжтой ... ” гэж,

 

Т.М-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоож, 695 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч Ч.Б " ... Т.М-н биед үзлэг хийхэд зүүн бугалганы гадна доод хэсэгт 2,5 х 3,8 см, баруун тохойны дотор талд 4,0 х 1,5 см, баруун өвдөгт 9,5 х 11 см, зүүн гуяны урд дунд хэсэгт 4,0 х 1,7 см, түүний доор 4,1 х 2,2 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралтууд байсан. Дээрх цус хуралтууд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоног хүртэл хугацаагаар сарниулах ба биеийн нийт гадаргуугийн 1 хувиас дээш хэмжээг хамарч байсан байна. ...” гэж тус тус мэдүүлжээ.

 

Шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч нарын мэдүүлэг зэргээс үзвэл дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх ба хэрэв анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлтийг нь тайлбарлуулах, тодруулах зорилгоор мэдүүлэг авах эрхтэй.

 

Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, бусад нотлох баримтуудтай харьцуулах байдлаар үнэлж хэргийг шийдвэрлэх бөгөөд яллагдагч нарын гэм буруутай эсэх асуудлыг тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд прокурор Э.Г-н эсэргүүцэлд дурьдсан “... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ... ” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин прокурорын эсэргүүцлийн  “ ... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг зөрчсөн ...” гэсэн хэсгийн тухайд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Түүнчлэн прокурор яллах дүгнэлтдээ гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33,1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т зааснаар анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэйг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 75 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийн “... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ... ” гэсэн хэсгийг хүлээн авч, “ ... шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг зөрчсөн ...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгаж, хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ