| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00059/Э |
| Дугаар | 00071 |
| Огноо | 2018-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 00071
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Б.Эрхэмбаатар
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Эрхэмбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Нт холбогдох 1832000000066 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Бор гүвээ овогт Баярбатын Н.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Н Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11 дүгээр байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Н.Дэыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: ... 2018 оын 05 дугаар сарын 07-ны өдөр би гурван хүүхэдтэйгээ Спиртийн байрны дундах сааданд сууж байсан юм. Дэ манайд хүүхдээ үлдээгээд явдаг байсан. Тэгтэл Дэы хүүхэд манай хүүхдийн шинэ авсан хувцасыг өмсөөд явсан байсан. Тэгээд би Дэы хүүхдийн сааданд явж байхад нь “манай хүүхдийн хувцасыг аваад ир эгчийн дүү” гэж хэлсэн. Тэгтэл ээж нь утсаар залгаад “юу нь сүртэй юм” гэхээр нь “наадах чинь шинэ хувцас юм чинь өөрөө өмсөг л дээ” гэхэд надруу мессеж бичээд “чам шиг гурван хүүхэд гаргаж арчаагаа алдаж амьдрахгүй навсгар” гэх мэтээр доромжлоод байсан. Түүнийг нь бол би тоогоогүй, надад Дэы пальто нь байсан юм. Гэтэл “пальто аваад ир” гэхээр нь аваачиж өгөх гээд очиход гэрийнхээ гадаа байж “дараа авчир, би одоо завгүй байна” гээд байсан. Тэгэхээр нь би “чи авчир гэж авчируулчихаад авахгүй байхдаа яадаг юм энийгээ ав” гэхэд намайг шууд түлхсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж Дэыг нэг удаа алгадсан. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Н.Дэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн орой 20 цагийн орчимд намайг гэртээ байж байхад гаднаас манай 9 настай охин Мишээл айчихсан байдалтай орж ирэхээр нь би яасан гэж асуутал Н эгч “цамц аваад ир яараад байна” гэж хэллээ гэхлээр нь би “за за аваачаад өгчих ээжийнхээ улаан хүрмийг аваад ирээрэй” гэж хэлсэн. ... “Маргааш чамайг ажилд дээр чинь очиж алнаа, ажил дээр чинь түйвээнээ” гэж заналхийлсэн. Би тэгэхээр нь “тэгээ” л гэж хэлсэн. Тэгээд над руу залгаад байхаар нь би утсыг нь салгачихсан. Тэгээд би гарч найзтайгаа уулзах гээд гарсан чинь орцонд Н тааралдсанаа намайг үсдээд толгой руу гараараа цохиод байхаар нь би цаашаа түлхтэл намайг заамдаад миний зүүж явсан гинжийг тасдсан. ... Намайг эргэж бас үсдээд гараараа толгой руу 3 удаа цохисон. Цаашаа хэрэлдээд явж байхдаа хэл үгээр доромжилж байснаа гараараа толгой руу цохиод “манай нутгаас зайл янхан минь” гээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/
Гэрч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн орой 18 цагийн орчимд би хүүхдүүдтэйгээ салхилаад сууж байхад Дэы хүүхэд болох 9 настай охин нь явж байхаар нь манай хүүхдийн цамцыг аваад ирээч гэж хэлсэн юм. Тэгээд байрны гадаа очтол өөдөөс Дэ гарч таараад би хүрэм ав гээд өгсөн чинь завгүй байна явах гээд байхаар нь чи яасан даварчихсан юм гэж хэлтэл намайг гараараа түлхээд чих рүү алгадаад авахаар нь би зөрүүлээд би гараараа нүүр лүү нь алгадсан. Тэгээд намайг маажих гээд байхаар нь би хоёр гарыг нь барьж заамдаж авсан. Доогуураа хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд авахаар нь би зөрүүлээд хөл рүү нь өшиглөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №75 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Н.Дэы биед дух, зүүн хөмсөгний гадна хэсэг, шилэн хүзүү, хүзүүний зүүн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр мөн хумсаар маажих үед үүсгэгдэх боломжгой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 16-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 30 дугаар хуудас/, Шүүгдэгч Н.Дэы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /32 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11 дүгээр байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Н.Дэыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Н.Дэы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-р тал/, Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-р тал/, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №75 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Нийг хохирогч Н.Дэы биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Спиртийн 11 дүгээр байрны гадаа 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчим Н.Дэыг зодож, Н.Дэы биед биед дух, зүүн хөмсөгний гадна хэсэг, шилэн хүзүү, хүзүүний зүүн урд хэсэгт зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор гүвээ овогт Баярбатын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Нийн торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.