Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 41

 

                  

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Нэхэмжлэгч:Ардчилсан  намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сагил сумын Ардчилсан намын дарга С.Баярбилэгийн ирүүлсэн нэхэмжлэлтэй

         Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох,

       “Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  1169-р хэсгийн санал авах байранд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнг буюу Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 08 дугаартай тогтоолын хавсралтуудын 1169-р хэсэгт холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 29-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 1169-р хэсэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, 1169-р хэсэгт дахин санал хураалт явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах “ тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярбилэг, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Сагил сумын Сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сагил сумын Ардчилсан намын дарга С.Баярбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу сонгуулийн байгууллагын ажилтан санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд тухайн хаяг дээрээ байж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх ёстой. Гэвч зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар иргэний үнэмлэхээ орхисон шалтгаанаар саналаа өгөөгүй. Ийнхүү 1169 дүгээр хэсгийн санал авах байрны ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу дээрх хоёр зохион байгуулагчийн хамт 2016 оны 10 сарын 18-ны 15 цагийн үеэр 1173-р хэсгийн санал авах байрны гадна ирэхэд АН-ын дарга С.Баярбилэг миний бие “Та нар хүсэлт гаргасныхаа дагуу 1169-р хэсгийн санал авах байранд зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгөх ёстой гэж” сануулсан юм. Сануулгыг Ч.Раднаасамбуу хүлээн авч биелүүлсэн. Зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь сонгуулийн байгууллагын ажилтны хувьд хүсэлтээ гаргаж, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийн жагсаалтад орж санал өгөхөө мэдсээр байж, хууль зөрчсөн нь хуулийг үл тоомсорлосон үйлдэл болсон.

            Хууль журмын дагуу сонгуулийн байгууллагын ажилтан нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргаснаар тэднийг Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан журмын 2.7, 2.8, 2.9 дэх заалтуудын дагуу байнга оршин суугаа газрын сонгуулийн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтаас хасч, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх нэрийн жагсаалтад бүртгэсэн байсан.

            Санал авах өдрийн өмнөх өдөр 1169 дүгээр хэсэгт ажиллаж байсан зохион байгуулагчид, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлэл технологийн даамлын саналыг авсан мөртлөө нэр бүхий хоёр зохион байгуулагчийн саналыг санал авах өдөр хуулийн 103.1.2-д заасныг зөрчин авсан.

            Сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5.2-д заасныг зөрчин 1169 дүгээр хэсгийн ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуу санал авах өдөр зохион байгуулагч С.Өлзийням,Б.Цэцэгмаа нарт чөлөө олгосон,1173-р хэсгийн ахлах зохион байгуулагч Х.Намжилмаа саналыг нь авсан, сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Н.Бадмаараг нар сонгуулийн 1173-р хэсгийн санал авах нэгжийн бүрэлдэхүүнд С.Өлзийням, Б.Цэцэгмаа нарын саналыг авах үүрэг өгсөн,зохион байгуулагч С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар Ардчилсан намын ажиглагч нар эсэргүүцсээр байтал 1169-р хэсгийн санал авах байрыг орхин явсан зэрэг,үйлдэл үйл ажиллагааг явуулжээ. Сумын сонгуулийн хорооны дарга Г.Пүрэвсүрэн нь 1173-р хэсгийн ахлах зохион байгуулагч Х.Намжилмаагийн нөхөр,1169-р хэсгийн зохион байгуулагч Б.Цэцэгмаа нь 5-р тойрог буюу 1173-р хэсэгт МАН-аас нэр дэвшигч Х.Сайнбаярын эхнэр байгаа нь Сонгуулийн тухай хуулийг зохион байгуулалттайгаар зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна.

            Санал авах байрыг орхин явсны улмаас 1169-р хэсгийн санал авах байр нь сонгогчдын санал авах үйл ажиллагааг гүйцэд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж явуулсангүй.

            Санал авах өдөр сумын ИТХ-ын сонгуулийн 1169 дүгээр хэсгийн санал авах байрыг тус хэсэгт зохион байгуулагчаар ажилласан С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар орхиж явсан нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна.Санал авах нэгж буюу санал авах байр нь хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасны дагуу сумын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаардаг тул санал авах өдөр орон нутгийн цагаар 06.00-21.00 хооронд бүрэн бүрэлдэхүүнээр ажлын цагийг баримтлан ажиллах ёстой юм.

            Санал авах үйл ажиллагааг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй санал авах байр ажиллан гүйцэтгэхийг хуулиар тогтоож өгсөн байна.Гэтэл 1169 дүгээр хэсэг дээр зохион байгуулагчаар ажилласан дээрх нэр бүхий хоёр зохион байгуулагч ажлаа орхиж явснаас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлснөөс болж Ардчилсан намаас нэр дэвшсэн төлөөлөгч ялагдсан гэж үзэж байна.

            Иймд Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  1169-р хэсгийн санал авах байранд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнг буюу Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 08 дугаартай тогтоолын хавсралтуудын 1169-р хэсэгт холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 29-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 1169-р хэсэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, 1169-р хэсэгт дахин санал хураалт явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү ” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт санал авах хэсгийн байранд ахлах зохион байгуулагч гэсэн 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл санал авах байрыг ахлах зохион байгуулагч удирдаад өөрөө нэмэгдээд 5-7 хүн санал авах ажиллагааг зохион байгуулж явах ёстой. Гэтэл 1169-р хэсгийн хороон дээр 4 хүн ажилласан. Ахлах зохион байгуулагч Раднаасамбуу, нарийн бичгийн дарга С.Өлзийням, Б.Цэцэгмаа, Батсүх гээд 4 хүн ажилласан. Нарийн бичиг болон зохион байгуулагч Б.Цэцэгмаа хоёр Сонгуулийн санал авах байрыг орхиж саналаа өгч байна гэсэн шалтгаанаар явсан. Үүний ард ахлах зохион байгуулагч болон зохион байгуулагч хоёр хүн үлдсэн. Энэ бол Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу санал авах ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчил. Тийм учраас Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5 дахь заалтын дагуу санал хураалтын дүнг хүчингүйд тооцохыг хүссэн. Дутуу зохион байгуулалттай, санаатайгаар будлиантуулснаас болж Ардчилсан намаас нэр дэвшигч нар бүгд ялагдсан гэж үзэж Ардчилсан намын зүгээс нэхэмжлэл гаргасан “ гэжээ.

         Хариуцагч Г.Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь хуулийн дагуу өөрийн бүртгэгдсэн хэсэг буюу санал авах байранд саналаа өгсөн байна. С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь 1169 дүгээр хэсгийн санал авах байранд зохион байгуулагчаар томилогдон ажилласан. Дээрх хоёр хүн нь түр хугацаагаар санал авах байрыг орхисноос сонгуулийн дүнд нөлөөлөхгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох тухай заасан ба хүчингүйд тооцох 5 заалтыг зөрчөөгүй байна.

        Нэхэмжлэгч тал бүтэн өдрийн турш 4 хүн ажилласан мэтээр тайлбарлаж байна. Санал авах хэсгийн өдрийн тэмдэглэл дээр дурдсан байгаа. Тухайн хоёр хүн биеэр явж саналаа өгөх тухай чөлөө хүсэлтээ санал авах байрны ахлах зохион байгуулагчид гаргасан. Санал авах байрнаас 15 километр газар сумын төв дээр буюу санал авах үндсэн цэг дээр ирээд саналаа өгөөд буцаад очих хугацаа 1 цаг зарцуулагдсан байдаг. Энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй ба  2 сонгогч ирж саналаа өгсөн тухай тэмдэглэл дээр дурдагдсан. Тухайн санал авах байранд үндсэн Сонгуулийн хорооноос сонгогдсон 6 хүнээс 2 хүн нь яваад буцаж очсон, цаана нь санал авах байрны хамгаалалтанд ажиллаж байсан цагдаа, улс төрийн намуудаас сонгогдсон 4 ажиглагч нар байсан. Өөрөөр хэлбэл 4 ажиглагч, 4 санал авах байрны ажилтан, үүн дээр нэмээд цагдаагийн хамгаалалтын ажилтан 1 хүн, нийт 9 хүн байсан.

       Иймд хэсэгт явуулсан сонгуулийн дүнг хүчингүй болгож дахин санал хураалт явуулах хуулийн үндэслэл байхгүй тул Ардчилсан намаас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

       Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлд хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүй болгуулах 5 үндэслэлийг заасан. С.Баярбилэг гэдэг хүн анх нэхэмжлэл гаргахдаа 103 дугаар зүйлийн 103.1.2 дахь хэсгийг баримталсан, харин түүний өмгөөлөгч нь 103.1.5 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана гэсэн хуулийн заалт байгаа. Сагил сумын Сонгуулийн хорооны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 тоот тогтоолоор санал авахаар түүний ахлах зохион байгуулагчдыг, 10 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолын хавсралтаар санал авах байрны зохион байгуулагчдыг томилсон. Ингээд 1169 дүгээр хэсэгт ахлах зохион байгуулагчаар Раднаасамбуу гэдэг хүн томилогдсон. Зохион байгуулагчаар нь Б.Цэцэгмаа, С.Өлзийянм, Батсүх, Уранчимэг, мэдээлэл технологийн ажилтнаар Шагдарсүрэн нар томилогдсон. Мөн дээр нь 2 намын 4 ажиглагч, хэсгийн цагдаа гээд нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй санал авах ажиллагаа явагдсан. 1169 дүгээр хэсэг дээр 10 дугаар сарын 19-ний өдөр санал хураалт хэвийн явагдсан, сонгогчдын ирц 82,6 хувьтай гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Б.Цэцэгмаа, С.Өлзийням нарын хувьд зөөврийн хайрцгаар саналаа өгөх ёстой байсан ба өгч чадаагүй гэдэг нь нотлогдож байна. Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ эдлэхээр хэсгийнхээ ахлах зохион байгуулагчид хүсэлтээ гаргасан. Цэцэгмаа, Өлзийням нар нь зориуд Сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах зорилгоор өөрийн итгэмжлэгдсэн хайрцгаар санал өгөхгүй, маргааш нь санал авах байрыг чөлөө зөвшөөрөлгүй санаатайгаар орхиж явсан асуудал нотлогдохгүй байгаа. Цэцэгмаа, Өлзийням нарын хүсэлтийг 1169 дүгээр хэсгийн хорооны ахлах зохион байгуулагч Раднаасамбуу хүлээж аваад, чөлөө олгож шийдвэрлэсэн процесс бол хууль дүрэмд нийцсэн шийдвэр болсон гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Нэг талаар Раднаасамбуу Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.7.7 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлсэн, хэсгийн ахлах зохион байгуулагч нь өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар ирсэн өргөдөл, гомдол, албан тоотыг эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэнэ гэсэн заалтыг үндэслээд, мөн Сонгуулийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.13 дахь хэсэгт заасныг үндэслээд ачаалал багатай, Сонгуулийн ирц 70 гаруй хувь болсон байх үед чөлөө олгоод 18 цаг 47 минутад явуулсан.Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснар зөөврийн битүүмжүүлсэн хайцгаар санал өгч чадаагүй нь төлөө дээрх хоёр хүнийг Сонгууль өгөх боломжгүй гэдэг байдлаар хязгаарлалт тавих эрх хэнд ч байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

        Гуравдагч этгээд Ц.Пүрэвдорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Сагил сумын Баянзүрх багт явагдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль ямар нэг алдаагүй хуулийн дагуу явагдсан, С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар явж саналаа өгөх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гараагүй болно” гэжээ.

       Гуравдагч этгээд Ч.Орослой шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ 1169-р хэсгийн санал авах байранд явагдсан сонгууль журмын дагуу явагдсан тул С.Баярбилэгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэв.

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Шүүхэд нэхэмжлэгч Ардчилсан  намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сагил сумын Ардчилсан намын дарга С.Баярбилэг  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 1169-р хэсгийн санал авах байранд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнг хүчингүйд тооцож, уг хэсэгт дахин санал хураалт явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба шүүх хуралдаанд санал хураалтын дүнг хүчингүйд тооцуулах шаардлагаа Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 08 дугаартай тогтоолын хавсралтуудын 1169-р хэсэгт холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 29-ний өдрийн “Санал хураалтын дүнг батлах тухай” 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 1169-р хэсэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах тухай болохыг тодруулан тодорхойлсон болно.

      Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярбилэг болон түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар нь “1169-р хэсгийн 2 зохион байгуулагч зөөврийн саналын хайрцгаар санал өгөх ёстой байсан боловч өгөхгүйгээр, 2016 оны 10 сарын 19-ний өдөр санал авах байрыг орхиж явж 1173-р хэсэгт саналаа өгсөн, мөн хэсгийн хороонд 5-7 хүний бүрэлдэхүүнтэй ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч ажиллах ёстой байтал 4 зохион байгуулагч ажилласан зөрчил гаргаж, сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

     Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Цэцэгмаа, Өлзийням нарын хувьд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх ёстой байсан ба өгч чадаагүй тул Үндсэн хуулинд заасан сонгох эрхээ эдлэхээр хэсгийнхээ ахлах зохион байгуулагчид хүсэлтээ гаргасан. Цэцэгмаа, Өлзийням нар нь зориуд Сонгуулийн үйл ажиллагааг будлиантуулах зорилгоор өөрийн итгэмжлэгдсэн хайрцгаар санал өгөхгүй, маргааш нь санал авах байрыг чөлөө зөвшөөрөлгүй санаатайгаар орхиж явсан асуудал нотлогдохгүй байгаа, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасан зөрчлүүд тогтоогдоогүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

         Гуравдагч этгээд нарын хувьд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль будлиангүй болсон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар байр суурь илэрхийлэн тайлбар гаргажээ.

         Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Увс аймгийн Сагил суманд сонгуулийн 5 хэсгийн 5 санал авах байранд сонгогчийн санал авах ажиллагааг зохион байгуулсан байх ба сонгуулийн 1169-р хэсэгт хэсгийн ахлах зохион байгуулагчаар Ч.Раднаасамбуу, зохион байгуулагчаар Б.Цэцэгмаа, С.Өлзийням, Б.Батсүх, мэдээлэл технологи хариуцсан ажилтнаар Ш.Шагдарсүрэн, иргэний бүртгэлийн ажилтнаар О.Уранчимэг нар томилогдон ажилласан нь Увс аймгийн Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 сарын 19-ний өдрийн 05 дугаартай тогтоол, 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоол, 1169-р хэсэгт санал хураасан үйл ажиллагааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

        Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн 08 дугаартай “ Санал хураалтын дүнг батлах тухай “ тогтоолын 1-р хавсралтаар нэр дэвшигчдийн авсан саналын дүнг, 2-р хавсралтаар хамгийн олон санал авсан 22 нэр дэвшигчдийг баталсан байна.

         Мөн Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 29-ний өдрийн 10 дугаартай “Санал хураалтын дүнг батлах тухай” тогтоолын 1-р хавсралтаар 1172-р хэсгийн дахин санал хураалтаар авсан саналын дүнг, 2-р хавсралтаар хамгийн олон санал авсан 21 нэр дэвшигчийг баталжээ.

        Дээрх 2 тогтоолын хавсралтаас үзэхэд сонгуулийн 1169-р хэсэгт М.Цэрэндорж 117 санал, Ч.Орослой 115 санал, Ц.Пүрэвдорж 111 санал, Х.Балжинням 111 сонгогчийн санал авч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогджээ.Эдгээр хамгийн олон санал авсанд тооцогдсон нэр дэвшигчдийн дараагаар З.Эрдэнэбилэг /МАН/85 санал, Т.Батаа /АН/79 санал, Ч.Энхтайван /АН/ 77 санал, Х.Батзул/АН/ 49 санал авсан дүнтэй байна.

        2016 оны 10 сарын 19-ний өдөр Сагил сумын “ Шар бураа” гэх газар байрлаж байсан сонгуулийн 1169-р хэсгийн санал авах байрны сонгуулийн ажилтнаар ажиллаж байсан С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан боловч иргэний үнэмлэхгүй байсны улмаас саналаа өгч чадаагүй учир 1173-р хэсэгт очиж санал өгөх боломжийг хангаж өгөх тухай хүсэлтийг ахлах зохион байгуулагчид гаргасан байх ба ахлах зохион байгуулагч Ч.Раднаасамбуугийн өгсөн зөвшөөрлийн дагуу санал авах байрнаас 18.47 цагт гарч явжээ.С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь  1173-р хэсэгт саналаа өгөөд 1 цаг орчмын дараа буцаж 1169-р хэсгийн санал авах байранд ирсэн бөгөөд энэ хугацаанд 2 сонгогч ирж саналаа өгсөн талаар Ч.Раднаасамбуу, С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар шүүхэд өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн болно.

        Ийнхүү С.Өлзийням, Б.Цэцэгмаа нар нь санал авах байрыг орхиж, сонгуулийн 1173-р хэсэгт санал өгсөнийг Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.2-д заасан буюу хуульд зааснаас өөр өдөр санал авсан зөрчил, санал авах байранд 2 зохион байгуулагч үлдэж санал авсан нь Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5-д заасан санал авах ажлыг зохион байгуулах журам зөрчсөн зөрчил гаргасан нь сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөн гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч болон түүний өмгөөлөгчийн  зүгээс үзжээ.

          Сонгуулийн 1169-р хэсэгт сонгогчдын саналыг сонгуулийн санал хураах өдөр буюу 2016 оны 10 сарын 19-ний өдөр авсан байх ба Сонгуулийн 1169-р хэсгийн санал авах байрны 2 зохион байгуулагч сонгуулийн өөр хэсэгт саналаа өгсөнийг 1169-р хэсэгт хуульд зааснаас өөр өдөр санал авсан гэж үзэх боломжгүй юм.

        Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д зааснаар санал авах байрны ахлах зохион байгуулагч нь өөрийн хэсэгт санал авах, тоолох ажлыг удирдан зохион байгуулах эрхтэй байх ба сонгуулийн ажлын ачаалал, сонгогчдын ирц зэргийг тооцоолж, өөрийн хэсгийн хоёр зохион байгуулагчид түр хугацааны чөлөө олгосоныг буруутгах боломжгүй байх тул санал авах ажлыг зохион байгуулах журмыг зөрчсөн гэж тооцох үндэслэлгүй байна.

         Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-д “сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлөх “ байдлын талаар тодорхойлсон ба 1169-р хэсгийн хоёр зохион байгуулагчид чөлөө олгож явуулсан үйл баримт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Батаа, Ч.Энхтайван, Х.Батзул нарын сонгуулийн дүнд хэрхэн ноцтойгоор нөлөөлж, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж, нотлоогүй болно.

         Түүнчлэн Сонгуулийн хэсгийн хороонд ажиллах бүрэлдэхүүний хувьд 1169-р хэсэгт Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн 07 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдаж томилогдсон 6 сонгуулийн байгууллагын ажилтан ажилласан ба уг тогтоолд заасан бүрэлдэхүүний асуудлаар ямар нэгэн гомдол гараагүй, уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдсөн тул өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн “Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар санал авах байр нь ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч гэсэн орон тоотой, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна гэсэн заалтыг зөрчиж 4 зохион байгуулагч томилсон нь хууль бус болж санал авах журмыг зөрчлөө” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдав.

     Иймд сонгуулийн 1169-р хэсэгт сонгогчдын санал хураалтын явцад сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц ямар нэгэн зөрчил тогтоогдоогүйн дээр Ардчилсан нам болон ардчилсан намаас нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Сагил сумын Ардчилсан намын дарга С.Баярбилэгийн “Увс аймгийн Сагил сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн  1169-р хэсгийн санал авах байранд 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан санал хураалтын дүнг буюу Сагил сумын Сонгуулийн хорооны 2016 оны 10 сарын 19-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 08 дугаартай тогтоолын хавсралтуудын 1169-р хэсэгт холбогдох хэсэг, 2016 оны 10 сарын 29-ний өдрийн “ Санал хураалтын дүнг батлах тухай” 10 дугаартай тогтоолын 2-р хавсралтын 1169-р хэсэгт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулж, 1169-р хэсэгт дахин санал хураалт явуулахыг сумын Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярбилэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНЦЭЦЭГ