Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ш.Энхболд нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Бямбажав, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор Д.Баянмөнх

            Ялтны өмгөөлөгч Д.Дарьсүрэн

            Ялтан Ш.Энхболд

Хохирогч  А.Санжаасүрэн

                 Б. Ганбаатар

                 А.Баярцогтын төлөөлөгч Ц.Агваандорж

            Нарийн бичгийн дарга Б.Алтандөш нарыг оролцуулж,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн, 2016 оны 6 дугаар  сарын 24-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн давж заалдах гомдлоор Ш.Энхболд, Ё.Далайжаргал нарт холбогдох эрүүгийн  201212000216 тоот хэргийг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, 1988 оны 10 дугаар сарын 19-нд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх,  ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 3-р баг, Өвөр-Урт гэх газар оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан /РД:ЗА88101915/ Их Адаацаг овогт Шатарын Энхболд;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотын харьяат, 1987 оны 10 дугаар сарын 03-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, ам бүл 5, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Тал булагт оршин сууж байсан, одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Буянт-Ухаагийн 84-22 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ87100316/ Харнууд овогт Ёндондоржийн Далайжаргал

Ё.Далайжаргал нь Ш.Энхболдтой бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг Жарангийн хөндий гэх газраас иргэн Ж.Бандийн 45 тооны адууг хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ш.Энхболд нь Ё.Далайжаргалтай бүлэглэн 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Дундговь аймгийн Адаацаг сумын 2 дугаар багийн нутаг Жарангийн хөндий гэх газраас иргэн Ж.Бандийн 45 тооны адууг, 2012 оны 10 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сайнцагаан сумын нутгаас иргэн Б.Ганбаатарын  хонгор азаргатай 45 тооны адууг,  2010 оны 8-9 дүгээр сард Төв аймгийн Өнжүүл сумын нутгаас иргэн С.Мөнхнасангийн  бөөн сүүлтэй, цавьдар зээрд азаргатай, 19 тооны адууг,  2010 оны 8 дугаар сард Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас иргэн Д.Дашдэмбэрэлийн  бөөн сүүлтэй, хүрэн азаргатай 42 тооны адууг тус тус хулгайлж, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас Ш.Энхболд, Ё.Далайжаргал нарт  холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх:  

Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан “Ш.Энхболд нь Ё.Далайжаргалтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Адаацаг сумын  “Жарангийн хөндий” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг журамлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасныг баримтлан “Ё.Далайжаргал нь Ш.Энхболдтой бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, шунахай сэдэлтээр ашиг олох зорилгоор 2012 оны 11 дүгээр сарын 20-ны орчим Дундговь аймгийн Адаацаг сумын  “Харийн нуур” гэх газраас иргэн Ж.Бандийн хээр азаргатай 45 тооны адууг хулгайлж бусдад 52100000 төгрөгийн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ё.Далайжаргалыг цагаатгаж,

Их Адаацаг овогт Шатарын Энхболдыг 4 удаагийн давтан үйлдлээр, бусдын нийт 152 тооны адууг хулгайлж, бусдад 104.088.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар Ш.Энхболдод 100.000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 100.000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 15 (арван таван) жилийн хугацаагаар хорих ялд Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014.07.29-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил хорих ялыг бүгдийг багтааж, 100.000 төгрөг хурааж, 15 жилийн хугацаагаар хорих ял болж байгаагаас Ш.Энхболдын биеэр эдэлсэн 1 (нэг) жил 8 (найман) сар 23 (хорин гурав) хоногийн   хорих ялыг хасч, Ш.Энхболдын биечлэн эдлэх ялыг 100.000 (нэг зуун мянган) төгрөг хурааж, 13 (арван гурван) жил 3 (гурван) сар 7 (долоо) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д зааснаар Ш.Энхболдод оногдуулсан 13 жил 3 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Ш.Энхболдын цагдан хоригдсон 373 (гурван зуун далан гурав) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Ё.Далайжаргал нь энэ хэргийн улмаас 60 хоног цагдан хоригдсон, эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 100.000 /нэг зуун мянган/ төгрөг, Бонго Фронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай, 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг тус тус хурааж, улсын орлогод оруулах,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ш.Энхболдоос нийт 88.583.999 (наян найман сая таван зуун наян гурван мянга есөн зуун ерөн есөн) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Мөнхнасанд 10.412.000 төгрөг, хохирогч А.Санжаасүрэнд 13.490.000 төгрөг, хохирогч А.Баярцогтод 15.125.000 төгрөг, хохирогч Б.Ганбаатарт 20.975.999 төгрөг, хохирогч Д.Дашдэмбэрэлд 28.581.000 төгрөгийг тус тус олгож,

Хохирогч Ж.Банди нь 3-н тооны адууг 2014 оны өвөл хүлээж авсан,  иргэний нэхэмжлэгч Д.Амгаланбаатар, Н.Баттөгс нар нэхэмжлэлээсээ татгалзсан, З.Мягмарсүрэн өөртөө хохирол учирсан гэж үзвэл Ш.Энхболдоос нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн газрын журмын хашаанд битүүмжлэгдсэн  Бонго Фронтер маркийн 39-71 УНБ улсын дугаартай автомашиныг, З.Мягмарсүрэнгийн нэр дээр бичигдсэн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ эх хувиар, бэлнээр 100000 төгрөгийг шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар Ш.Энхболдоос “Зандан нарт бичсэн” гэх захиаг дугтуй цаасны хамт 201212000216 тоот хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Дарьсүрэн давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлоо гаргаж байна. 1. ...Шүүгдэгч хэдийгээр 40 гаруй тооны адууг Батболд гэх хүнтэй хамт туусан гэдгээ  хүлээн зөвшөөрдөг ч дээрх адуу нь Д.Дашдэмбэрэлийн адуу мөн болохыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоож чадаагүй ба энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт нийцээгүйгээс гадна дээрх үйлдэлд зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна.

            2. Шүүгдэгч Ш.Энхболд нь хэд хэдэн удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Эмээлт захын ченж Чинбатад хулгайлсан адуугаа зах зээлийн үнээс доогуур үнээр  үнэлж зардаг байсан гэх ба зарим тохиолдолд хулгайн гэмт хэргийн захиалагчаар оролцдог байсан  болох нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Ш.Энхболдыг олон тооны адууг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хүчин зүйл нь  адууг зах зээлийн үнээс хямд үнээр худалдан авдаг болон хулгайн эд зүйлсийг зарж борлуулахад дэмжлэг үзүүлдэг, орон байраар хангадаг, хуурамч бичиг баримт бүрдүүлж малыг бусдад худалддаг байдлууд юм. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж  үзэн тухайн зүйл ангид заасан ялын хугацааны хамгийн дээд хэмжээгээр оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас 42 тооны адуу нь хохирогч Дашдэмбэрэлийн адуу гэдэг нь дан ганц А дансны хуулбар гэлтгүйгээр, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог. Ялтны өмгөөлөгчийн мөрдөн байцаалтанд буцаагаад бүлэглэн үйлдсэн гэх ямар үйлдлийг тогтоолгох нь тодорхойгүй байх тул өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Ш.Энхболдоос: Би гомдолтой байна. Адуу адилхан туулцсан хүмүүс овог, нэртэйгээ хавтаст хэрэгт байхад одоо тэд сул явж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. 13 жилийн хорих ял надад чангадаж байна. Хэрэгт мөрдөн байцаалт хийлгэмээр байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Д.Дарьсүрэнгээс: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж шийдвэрлэнэ үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

             Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Ш.Энхболд нь 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр иргэн Ж.Банди, А.Баярцогт, С.Мөнхнасан, Б.Ганбаатар нарын 128 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

             Ж.Бандийн 45 тооны адууг шүүгдэгч Ё.Далайжаргалтай бүлэглэн хулгайлсан үйлдэлдээ ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолтой бөгөөд энэ талаархи баримтууд хэрэгт авагдсан байна.

            Ш.Энхболдын бусдын олон тооны адууг хулгайлсан үйлдлүүд нь нотлох баримтаар нотлогдсон гэж прокурор яллаж байгаа боловч  азарга, азаргаар  адуунуудыг хэрхэн яаж  хулгайлсан, хаана, хэнд  борлуулсан /амьдаар, нядалж гм/ асуудлыг бүрэн  шалгаж тогтоогоогүй, зарим хохирогч нарын алдагдсан гэх адууны тоо толгой зөрүүтэй тухайлбал:   хохирогч С.Мөнхнасан  адуу алдагдсан тухай  өргөдөлдөө 13 тооны адуу  /1-р хавтас хууд-24/, тайлбартаа 14 тооны /хуу-26 /,  хохирогчоор байцаагдахдаа 19 тооны адуугаа / хуу-83 / алдсан гэж зөрүүтэй мэдүүлж байгааг  нарийвчлан шалгаагүй,  гэрчээр нотлуулах ажиллагаа хийгээгүй, хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Наранболд, Лувсанбалдан, Бархас, Баттөгс, ченж Чинбат нарын үйлдэл холбогдлыг нарийвчлан шалган тогтоох шаардлагатайгаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд Ш.Энхболдын мэдүүлсэн “Чулуунбаатар нь Наранболдын адууг авсан,  Даваасүрэнгийн талаар би мэдүүлсэн боловч шалгаагүйд гомдолтой гэсэн мэдүүлгийг ч анхаарч мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нь зүйтэй  байна”  гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

  

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Энхболд, Ё.Далайжаргал нарт холбогдох 201212000216 тоот хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Дундговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол Ш.Энхболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                        ШҮҮГЧИД                                Х.ГЭРЭЛМАА

 

                                                                                                Т.БЯМБАЖАВ