| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзана Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2025/01210/И |
| Дугаар | 320/ШШ2025/01246 |
| Огноо | 2025-11-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 320/ШШ2025/01246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Х**** хувьцаат компани /нээлттэй ХК/-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ч**** ын Б***** / РК****** /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулах тухай 320/2025/01210/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З***** М.Б***** , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б**** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
Шүүх хуралдаанд хариуцагч Ч.Б***** хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***** , М.З***** , хариуцагчийн өмгөөлөгч Б.Б**** нарын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Б***** д холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Х**** нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ч**** Б***** тай 2010112999 дугаартай Зээлийн гэрээг цахимаар байгуулан 22,400,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон.
Тодруулбал, Х**** нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт "Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон.
Зээлийг олгосноос хойш 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч зээлийн төлбөрт 5,568,303.22 /таван сая, таван зуун жаран найман мянга, гурван зуун гурван төгрөг, хорин хоёр мөнгө /төгрөг, хүүгийн төлбөрт 2,554,865.82 /хоёр сая, таван зуун тавин дөрвөн мянга, найман зуун жаран таван төгрөг, наян хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,646.63 /гучин хоёр мянга, зургаан зуун дөчин зургаан төгрөг, жаран гурван мөнгө/ төгрөгийг тус тус төлсөн.
Хариуцагч нь 2025 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж Х**** ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 136 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Нэхэмжлэлийн шаардлага
1/ 2010112999 дугаартай Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010114058 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ч.Б***** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүйгээс шалтгаалж хуримтлагдсан төлөлт болон хүүг тооцож 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ч.Б***** гэх хүн манай банкнаас 22,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1,4 жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийг авахдаа өөрийн манай банк дээрх ******** гэх дансаар дамжуулан авсан. Зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн төлөх байсан боловч эхний эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Харилцагч Ч.Б***** нь 9 удаагийн төлөлт хийсэн боловч бүгд хуваарьт төлөлтдөө хүрээгүй. Өнөөдрийн байдлаар 15 төлөлт ороод зээлийн үлдэгдэл 11,200,000 төгрөг байх байсан. 136 хоног зээл хэтэрсэн. Өөрт нь утсаар болон биечлэн зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьж, ажил эрхэлж байгаа байгууллагад нь тоотоор мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтөө хийдэггүй гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлэх тайлбар байхгүй гэв.
Шүүхээс хариуцагч Ч.Б***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. Үүнд: 1. Х**** банктай зээлийн гэрээний харилцаанд оролцож зээл авч төлж байгаад 2025 оны 6 дугаар сараас зээлийг төлж чадахгүйгээс зээлийн гэрээний графикийг зөрчсөн үүнд би маргахгүй. 2-рт: дээрх зөрчил гаргасан гэрээг цуцлах үндэслэл нь дан ганц банкинд байх ёсгүй би нэмэгдүүлсэн хүүг зохих журмаар нь төлнө. Нэгэнт зээлийн графикт хугацаа зөрчигдсөн нь цаашид графикаараа зээлийг төлөх боломжийг үгүйсгэх ёсгүй юм.
3-рт: Зээлдэгч нь зээлийг үргэлжлүүлээд төлөх хүсэлтэй байгаа тул гэрээг цуцлах хүсэлтгүй байна.
4-рт: Зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд үлдэгдэл зээл 18,622,507 төгрөгийг миний бие бөөнөөр нь төлөх боломжгүй, тийм болохоор гэрээг цуцлахгүйгээр зээлийг графикаар нь төлөх тайлбарыг гаргаж байна гэжээ.. (хавтаст хэргийн 27 дахь тал),
Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн Х**** ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/314 дугаартай Х**** ийг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаанд болон шүүхэд төлөөлөх эрх олгох тухай тушаал, нотариатчаар гэрчлүүлсэн Х**** ны хүний нөөц хариуцсан захирлын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/1162 дугаартай Т.Д**** ийг албан тушаалд жинхэлсэнд тооцох тухай тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.З***** д олгосон итгэмжлэл, Х**** ны 117 Хөвсгөл салбараас олгосон харилцагч Ч.Б***** гийн 201012999 дугаартай дансны хуулга, Х**** ны Дэлгэрхаан ТТ-167-с олгосон харилцагч Ч.Б***** гийн ******** дугаартай дансны хуулга, Х**** ны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2010112999 дугаартай зээлийн гэрээ, Х**** ны 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2010112999 тоот гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарь 1 дүгээр хавсралт, М.Б***** д олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 4-12,30 дахь тал)
Хариуцагчаас: Хариу тайлбарыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 27 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х**** ХК-ийн Ч.Б***** д холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн төлөх байсан боловч эхний эргэн төлөлтөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Харилцагч Ч.Б***** нь 9 удаагийн төлөлт хийсэн боловч бүгд хуваарьт төлөлтдөө хүрээгүй. Өнөөдрийн байдлаар 15 төлөлт ороод зээлийн үлдэгдэл 11,200,000 төгрөг байх байсан. 136 хоног зээл хэтэрсэн. Өөрт нь утсаар болон биечлэн зээлээ төлөх шаардлагыг удаа дараа тавьж, ажил эрхэлж байгаа байгууллагад нь тоотоор мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлийн эргэн төлөлтөө хийдэггүй гэж тодорхойлж байна.
Хариуцагч Ч.Б***** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзлалын үндэслэлээ графикийг зөрчсөн үүнд би маргахгүй. Дээрх зөрчил гаргасан гэрээг цуцлах үндэслэл нь дан ганц банкинд байх ёсгүй би нэмэгдүүлсэн хүүг зохих журмаар нь төлнө. Нэгэнт зээлийн графикт хугацаа зөрчигдсөн нь цаашид графикаараа зээлийг төлөх боломжийг үгүйсгэх ёсгүй, зээлдэгч нь зээлийг үргэлжлүүлээд төлөх хүсэлтэй байгаа тул гэрээг цуцлах хүсэлтгүй байна. Зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд үлдэгдэл зээл 18,622,507 төгрөгийг миний бие бөөнөөр нь төлөх боломжгүй, тийм болохоор гэрээг цуцлахгүйгээр зээлийг графикаар нь төлөх тайлбарыг гаргажээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар, хариуцагч Ч.Б***** нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2010112999 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Б***** гийн Х**** ны ******** дугаартай дансанд өрхийн хэрэглээний зориулалтаар 22,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлийг олгосон, хариуцагч Ч.Б***** нь сар болгоны 5-ны өдөр зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг хийхээр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, Х**** ны Дэлгэрхаан ТТ-167-с олгосон харилцагч Ч.Б***** гийн ******** дугаартай дансны хуулга, 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2010112999 дугаартай зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний 1 дүгээр хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 10-12 дахь тал),
Дээрх цахим зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, цахим хэлбэрээр хийгдэж, хэн аль нь хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
Нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ч.Б***** г 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээнд заасан үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө төлүүлэхээр шаардсан байна.
Зохигч байгуулсан гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг зохигч байгуулсан байна.
Гэрээний дагуу эрх, үүрэг гэрээний талуудын хооронд үүсэх Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй тул зээлдүүлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар гэрээнд заасан 22,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлийг зээлдэгч Ч.Б***** д олгосон, Ч.Б***** нь 30 сарын 22,400,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэйгээр зээлэн авч зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр өөрийн дансанд шилжүүлсэн авсан талаар талаар зохигч маргахгүй байна.
Хариуцагч Ч.Б***** зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,815.67 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,202,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,001,500 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 1,100,000 төгрөг,2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 700,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,150,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 2,300,000 төгрөг нийт 8,155,815.67 төгрөгийг зээлэнд төлсөн болох нь зохигчдын тайлбар, дансны хуулга зэргээр нотлогдож байна. (хавтаст хэргийн 9 дэх тал),
Гэрээний дагуу Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь зээлдэгч Ч.Б***** г гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг эргэн төлөөгүй учир цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй гэж хугацаанаас өмнө гэрээнээс цуцалж, зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний графикийг зөрчсөн зөрчил гаргасан нь гэрээг цуцлах үндэслэл нь дан ганц банкинд байх ёсгүй, би нэмэгдүүлсэн хүүг зохих журмаар нь төлнө.. Зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд үлдэгдэл зээл 18,622,507 төгрөгийг миний бие бөөнөөр нь төлөх боломжгүй, тийм болохоор гэрээг цуцлахгүйгээр зээлийг графикаар нь төлнө гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Гэрээний хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийг эргэн төлөөгүй нь гэрээг цуцлах үндэслэл болох талаар зохигч маргаантай байгаа.
Зээлдүүлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар, зээлдэгч Ч.Б***** нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2010112999 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 451-453, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19-27 дугаар зүйлийг үндэслэн харилцан тохиролцож нэг. Зээлийн нөхцөл, хоёр. Зээлийн эргэн төлөлт, гурав. Үүргийн гүйцэтгэлийн хангуулах, дөрөв. Бусад гэсэн нөхцөлөөр байгуулжээ.
Тус зээлийн гэрээнд заасан нэг. зээлийн нөхцөлийн талаар 1.1-1.10 дахь заалтууд, хоёр. зээлийн эргэн төлөлтийн талаар 2.1-2.9 дэх заалтууд, гурав. үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар 3.1-3.7 дахь заалтууд, дөрөв. бусад асуудлын талаар 4.1-4.3 дахь заалтуудыг тус тус тусгажээ.
Зээлдүүлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлдэгч Ч.Б***** д зээл төлөх боломжоор хангаж , нэмэлт хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж мэдэгдэж байсаар байтал зээлийг хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 2010114058 дугаартай Зээлийн гэрээний холбогдох заалтыг тус тус үндэслэн
Үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78төгрөг,
Зээлийн хүү 1,733,341.77 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг,
Нийт 18,622,507.56 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч зээлдэгчид зээл төлөх талаар мэдэгдсэн талаарх нотлох баримт, гэрээнд заасан гэрээ цуцлах талаар заалт тодорхойгүй байна гэж үзлээ.
Тодруулбал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З***** ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэрээ цуцлах заалт нь 2010112999 дугаартай зээлийн гэрээнд заасан 2.2 дахь заалт юм гэх тайлбар мэдүүлэг өгч байх хэдий ч зээлдэгч Ч.Б***** нь 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2010112999 тоот зээлийн гэрээний 2.2-т заасан заалтыг болон удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж мэдэгдэж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч шүүхэд дээрх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Х**** ХК-ийн Хөвсгөл салбар, зээлдэгч Ч.Б***** нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2010112999 дугаартай зээлийн гэрээнд заасан 2.2 дахь заалт нь зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн зөрчилд тооцохоор зааж, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлийг тусгасан байна.
Өөрөөр хэлбэл 2010112999 тоот гэрээнд заасан 2.2 дахь заалтад Эргэн төлөлтийн хуваарьт заасан зээлийн төлбөр төлөх үүрэг нь Гэрээний хэсэгчилсэн үүрэг, уг үүргийг гүйцэтгэхээр заасан хугацаа нь хэсэгчилсэн үүргийг гүйцэтгэвэл зохих Гэрээний хэсэгчилсэн төлөх хугацаа гэж тооцогдоно. Заасан хугацаанд хэсэгчилсэн үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь Зээлийн гэрээний үүргийн зөрчилд тооцогдож, Гэрээний 1.5-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарна. гэж, мөн гэрээний 1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол эээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, Гэрээнд заасан зээлийн хүү дээр нэмж Банкинд төлнө гэж тус тус тусгасан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан гэрээг цуцлах нөхцөлийн талаар тусгаагүй байна.
Мөн гэрээний 4.1 дэх заалтад .. гэрээгээр тухайлан тохиролцоогүй асуудлаар Х**** ны харилцагчид үйлчилгээ үзүүлэх Мастер гэрээний нөхцөлийг баримтална гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар хариуцагч Ч.Б***** нарын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2010112999 тоот зээлийн гэрээнд гэрээг цуцлах талаар заалт ороогүй, нэхэмжлэгч талаас 2010112999 тоот зээлийн гэрээнд дурдагдсан Мастер гэрээг хэрэгт хавсарган ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь өөрийн тайлбараа нотлох болон няцаах баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь гэрээ цуцлах талаар тодорхой заалт орсон гэрээг байгуулсан болохоо нотлох үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Х**** ХК-ийн Хөвсгөл салбар хариуцагч Ч.Б***** нарын 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2010112999 тоот зээлийн гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж гэрээг цуцалж, үлдэх зээлийн төлбөрийг нэхэмжилж нэхэмжлэлийн үндэслэлээ бичсэн байх боловч энэ талаар нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ирүүлээгүй байна.
Зохигчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2010112999 тоот гэрээг дүгнэн үзвэл талууд зээлийн гэрээг 30 сарын хугацаатай байгуулсан байна.
Зээлийн гэрээнд заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй нь Зээлийн гэрээний үүргийн зөрчилд тооцогдож, гэрээний 1.5-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлд хамаарахаар заасан байх бөгөөд энэ 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2010112999 тоот зээлийн гэрээнд үүргийн зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлах талаар тодорхой заалт ороогүй байна.
Мөн нэхэмжлэгч талаас 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 2010112999 тоот зээлийн гэрээнд дурдсан мастер гэрээг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд хариуцагч Ч.Б***** д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,063 (хоёр зуун тавин нэгэн мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ч.Б***** д холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16,831,696.78 төгрөг, зээлийн хүү 1,733,341.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,469.01 төгрөг, нийт 18,622,507.56 /арван найман сая зургаан зуун хорин хоёр мянга таван зуун долоо/ төгрөг /тавин зургаа/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х**** ХК-ийн Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,063 (хоёр зуун тавин нэгэн мянга жаран гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН