| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00815/И |
| Дугаар | 305/ШШ2025/00718 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 305/ШШ2025/00718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Б.Т-н нэхэмжлэлтэй
мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа оролцов.
Нэхэмжлэгч Б.Т нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Т миний бие 1975 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн ***** сумд төрсөн. Миний бие 8-р ангиа ***** сумдаа төгсөөд мал дээр гарч ээж, ах, эгч, дүү нарын хамт мал маллаж амьдарч байгаад 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдөр С.Э-тэй гэр бүл болж байсан. Миний бие 1991 оны 06 дугаар сард 8-р ангиа төгсөөд шууд мал дээр гарч, ах, эгч, дүү нарын хамт мал маллаж, манай өрхийн тэргүүнээр ах Д, эгч Р.Д нараар явж өрхийн тэргүүнээр мал тоологддог байсан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд ээж, ах, эгч нартайгаа мал маллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон тул архивын баримтуудыг үндэслэн Б.Т намайг 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-***** аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 537 дугаар лавлагаа,
-мөн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 540 дугаар лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Р.Д-н 1991-19928 1994 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Р.Д-н 1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ***** аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-10/6504, 03-10/6505 дугаар лавлагаанууд,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн CVL******* дугаар Төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн CVL*******, CVL******* дугаар төрөл садангийн лавлагаанууд,
-*******аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаар тодорхойлолт,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/3149 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Р.Д, Е.Э нарын гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Т нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Малчнаар ажилласан хугацааг шүүхийн журмаар тогтоолгох нь тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4.1. Б.Т нь 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсан болох нь:
-******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 537 дугаар “...***** сумын 1993 оны малын А данс шилжиж ирээгүй тул Р.Д-д лавлагаа олгох боломжгүй болно. Тус аймгийн ***** сумын ***** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Р.Д-н мал маллаж байсан хугацаа (1991-1992 он) хүртэлх гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
-Р.Д-н 1991-1992, 1994 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны ******* аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн CVL******* дугаар “эхийн овог нэр Л.Б, хүүхдийн овог нэр Б.Т, 1975 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төрснийг ******* аймгийн ***** сумын **-рт 1975 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа,
-******* аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 540 дугаар “БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1972 оны 02 сарын 17-ны өдрийн 35 дугаар зарлигаар ***** сумын харьяат Л.Б-г алдарт эхийн нэгдүгээр одонгоор шагнасугай. Ж.З хүүхдүүдэд: 1. Д 28 настай, 2. Ш 15 настай, 3. Д 10 настай, 4. С 12 настай, 5. Д 8 настай, 6. Ч 7 настай, 7. Ц 4 настай, 8. П 1 настай гэж” бүртгэгдсэн лавлагаа, уг лавлагааны архивын эх баримтын хуулбар,
-Үндэсний архивын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-10/6504 дугаар “1989 оны ******* аймгийн ***** сумын хүн амын тооллогод Р.Д тэргүүлэгч өөрөө, 26 настай, эмэгтэй, Л.Б эх, 58 настай эмэгтэй, Д.Ц охин, 10 настай, Д.А, охин 1 настай, Б.Т дүү, 13 настай эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Үндэсний архивын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-10/6505 дугаар “2000 оны хүн амын тооллогод ******* аймгийн ***** сумын ******* баг Р.Ч тэргүүлэгч өөрөө, 1966 оны 03 сард төрсөн, 33 настай, эмэгтэй, Ч.Е хүү, 1988 оны 03 сард төрсөн, 11 настай, Б.Т бусад төрөл төрөгсөд, 1975 оны 07 сард төрсөн, 24 настай, эмэгтэй” гэж бүртгэгдсэн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “С.Э, Б.Т нарын ******* аймгийн ***** сумын **-рт 2006 оны 08 дугаар сарын 04-ний өдөр бүртгүүлсэн” гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн CVL******* дугаар “Р.Д нь Б.Т-н эгч” гэх төрөл садангийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн CVL******* дугаар “Р.Д нь Б.Т-н ах” гэх төрөл садангийн лавлагаа,
-******* аймгийн ***** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 59 дугаар “Б.Т нь 1991 онд тус сургуулийн 8 дугаар ангийг ******* дугаартай гэрчилгээтэй бүрэн дунд боловсрол эзэмшиж төгссөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08/3149 дугаар “Р.Д БХЯ-ны сайдын 1984.06.05-ны н/216 дугаар тушаалаар ******* аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн ******* дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр ******* дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-“Р.Д, Е.Э нар 1997 оны 07 сарын 05-ны өдөр гэр бүл болсон тул 1998 оны 05 сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэх гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
4.2. Хэдийгээр ***** сумын 1993 оны малын А данс архивт шилжиж ирээгүй боловч Р.Д-н 1994 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд 1993 оны эцсийн тооллогоор байсан бүгд 342, тэмээ 4, адуу 14, үхэр 15, хонь 240, ямаа 69 гэж бүртгэгдсэн байх тул 1993 онд мал маллаж байсан гэж дүгнэсэн болно.
5. Иймд ******* овгийн Б.Т-г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн Б.Т-г 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ***** сумын ***** багт мал маллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА