Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 305/ШШ2025/00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М.Т-н нэхэмжлэлтэй

хариуцагч: Ц.Б-д холбогдох

3,100,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

1.1. Нэхэмжлэгч М.Т нь ноолуурын үнийн үлдэгдэл 1,600,000 төгрөг, 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, дутаасан 25 ямааны үнэ 2,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т нь 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч М.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…2024 оны 12 сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай 78 ямааг хариулуулахаар аман тохироо хийж хөлсөнд шинэ мотоциклоо өгсөн. Мотоциклоо 2 саяд бодож тохирсон. Мөн нэг малыг 2000 төгрөгөөр бодож жилд 1872 мянга буюу мотоциклийн үнэд тохирч малаа маллуулсан. 2025 оны 06 сард очтол 53 ямаа байсан бөгөөд 25 ямаа дутсан. 78 ямааны 8 кг ноолуурыг авсан. Бэлнээр 600,000 төгрөг өгсөн. Үүний нийт дүн нь 1,4 сая төгрөг болсон. Үлдэгдэл 1,6 сая төгрөг өгөөгүй. Ноолуур 30 кг гарах байсан. Үүн дээр 6 сарын үлдэгдэл хөлс 1,000,000 төгрөг, нийт 2,6 сая, 25 ямааны дундаж 2,5 сая төгрөг бүгд 5,100,000 төгрөг гаргуулна… Одоо идшинд хийсэн 3 ямаагаа хасаад 22 ямаа болон мотоциклийн үнэ нийт 3,100,000 төгрөг гаргуулна…” гэж тайлбарлажээ.

2. Хариуцагч Ц.Б нь “…2024 онд М.Таас манай малыг хариулаад өгөөч, үнэ хөлсийг нь өгнө гэсэн хүсэлтийн дагуу 2024.11.16-нд 75 ямаа, 2 хонь нийт 77 тооны бог малыг Ц.Оросоо, М.Т нар авчирч өгсөн. Уг малын хөлсөнд бэлэн мөнгө байхгүй учраас 2017 онтой мотоциклоо өгье, хавар хүртэл хариулаад өгөөч гэсэн тул уг мотоциклыг авсан. Мал маллах хугацаанд өвлийн хүнсэндээ 5 ямаа хийлгэж авсан. 12 сараас эхлээд мал нь төллөж эхэлсэн ба муудаж төллөсөн малыг нь өөрийн хадаж авсан 2 машин өвс тэжээлээр хавар хүртэл тэжээж онд оруулсан. Энэ хугацаанд нийт 8 ямаа, 1 хонь үхэж хорогдсон ба эдгээр малыг тэр дор нь ирж үзээрэй гэхэд аймагт байгаа тул очих боломжгүй гэсэн. Хавар болж ямаагаа самнаж ав гэхэд би чадахгүй ээ, та 2 самнаад өгөөч үнэ хөлсийг нь өгье гэсэн. Ингээд бид хоёр нийт 62 ямаа самнаж өгсөн. Нэг ямаа 10,000 төгрөгөөр бодож самнуулсан. Хөлсөө яаж өгөх юм бэ гэсэн ахад нь мөнгөний бололцоо байхгүй  зээлтэй ямаа бодоод авчих гэсэн. Самнасан ноолуураас өөрөө ирж 4600 гр, 5500 гр, дараа 3600 гр-аар тус тус авч явсан. Үлдсэн 6 кг ноолуурыг нь тушааж 600,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөн сүүлд мөнгө хэрэгтэй байна гэхэд Ц.М гэдэг хүнд 350,000 төгрөг шилжүүлсэн. М.Т-н 61 ямаа, 9 ишиг, 1 хонь нийт 71 тооны бог мал байсан бөгөөд үүнээс 7 ямааг ямаа самнуулсан хөлсөнд өгсөн. Ингээд үлдсэн 64 малыг Б, М.Т нарт 06 сарын 12 өдөр хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд үхэж үрэгдсэн малыг эргүүлэн төлж өгнө. …Өвөл мал нь муудахад би хэлсэн 10 ямаагаа авчих гэж. Бие өвдөөд ирж чадахгүй гэсэн. Өөрөө сая 10 дугаар сарын 08-нд тохиръё гээд  надаас 500,000 төгрөг авсан” гэж татгалзжээ.

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч М.Т 2024 оны 12 сард ямаа маллуулахаар хариуцагч Ц.Б-д хүлээлгэн өгч, мал хариулсны хөлсөнд өөрийн мотоциклийг өгөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

4. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Учир нь хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5. Зохигчдын тайлбараас үзэхэд мал хариулах хугацааны хувьд талууд харилцан зөрүүтэй тайлбарладаг, тодруулбал, нэхэмжлэгч 2024 оны 12 сараас бүтэн жил хариулуулахаар тохиролцсон гэж, хариуцагч 2024 оны 11 сараас хавар хүртэл хариулна гэж тохиролцсон гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгч бүтэн жилийн хугацаанд мал хариулуулахаар тохиролцсон боловч 2025 оны 06 сард мал дээрээ очиход хүлээлгэн өгсөн ямаанаас дутсан байсан учраас дутсан 22 ямааны үнэ 2,200,000 төгрөг болон хөлсөнд өгөхөөр тохиролцсон мотоциклийн үнийн тал хувь буюу 900,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаарддаг.

Нэхэмжлэгч нь нэг малыг сард 2,000 төгрөгөөр хариулахаар тохиролцож, бүтэн жилийн хугацаанд 78 ямааг 1,872,000 төгрөгөөр маллуулахаар тохиролцож, энэ үнэд тооцож мотоциклио өгсөн гэж тайлбарладаг ба хариуцагч Ц.Б нь мал хариулах хөлс болон мотоциклийн үнэлгээтэй маргаагүй.

Зохигчид хэдийгээр гэрээний үргэлжлэх хугацааны талаар зөрүүтэй тайлбарладаг боловч мал хариулсан нийт хөлс болон нэг малыг хариулах үнэлгээнээс тооцож үзэхэд гэрээний үргэлжлэх хугацааг 1 жилээр тооцож хөлсийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагч Ц.Б-д мал хүлээлгэн өгсөн 2024 оны 12 сараас малаа буцаан авсан 2025 оны 06 сар хүртэлх хугацааг тооцож үзэхэд хариуцагч Ц.Б нь 6 сар буюу нэхэмжлэгчтэй тохиролцсон хугацааны хагаст нь малыг нь хариулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 367 дугаар зүйлийн 367.3-т ажиллагч ажлынхөө хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгч М.Т нь илүү төлсөн ажлын хөлс буюу мотоциклийн үнийн тал 900,000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

6. Дутаасан гэх 22 ямааны үнийг гаргуулах шаардлагын хувьд:

Нэхэмжлэгч нь анх 78 ямаа хүлээлгэн өгсөн боловч хавар 53 ямаа хүлээн авсан. 25 ямаа дутсан. Үүнээс 3 ямааг өвлийн идшинд хэрэглэсэн тул 22 ямааны үнийг гаргуулна гэж шаарддаг.

Харин хариуцагч Ц.Б нь нийт 75 ямаа, 2 хонь хүлээн авснаас өвөл 8 ямаа, 1 хонь өвөл үхсэн, 5 ямааг М.Т идшинд хэрэглэсэн, ингээд 61 ямаа үлдсэн байснаас ямаа самнасны хөлсөнд 7 ямааг суутган авч, 55 ямаа, 9 ишиг, 1 хонь нийт 64 малыг М.Т-д хүлээлгэн өгсөн, 10 дугаар сарын 08-нд тохиръё гээд  надаас 500,000 төгрөг авсан, үхсэн 9 малыг төлнө гэж татгалздаг.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай  холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”,

227.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ц.Б-д тодорхой тооны малыг хариулуулахаар хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээ дуусгавар болоход хариуцагч Ц.Б нь анх хүлээлгэн өгсөн малын тоог дутаалгүйгээр буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Энэ тохиолдолд анх хүлээлгэн өгсөн малын тоо дутсан тул нэхэмжлэгч нь эд хөрөнгийн алдагдал буюу дутсан малыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь 8 ямаа, 1 хонь өвөл үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч дээрх хохирлыг төлөхийг зөвшөөрдөг.

Харин хариуцагч нь М.Т идшинд 5 ямаа авсан гэх боловч нэхэмжлэгч нь 3 ямааг авсан гэж маргадаг, хариуцагч нь нэхэмжлэгчийн маргаж буй 2 ямааг түүнд өгсөн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн 62 ямаа самнасны хөлсөнд 7 ямааг суутган авсан гэх боловч нэхэмжлэгч нь хөлс тохироогүй гэж тайлбарладаг, зохигчид ямаа самнахад хөлс төлөхөөр тохиролцсон болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзалаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.

Хариуцагч Ц.Б нь 2 ямаа самнасны хөлсөнд 7 ямааг суутган авсан, 2 машин өвснийхөө үнэ, тэжээлийнхээ үнэ авна гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-с мотоциклийн үнийн хагас 900,000 төгрөг, дутагдуулсан 22 ямааны үнэ 2,200,000 төгрөг нийт 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 3,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.3, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Б-с 3,100,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Т-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-с 3,100,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 64,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА