Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 00062

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

         Нарийн бичгийн дарга                               П.Нямсүрэн

         Улсын яллагч                                             Н.Дүүрэнжаргал

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                             А.Хандмаа, Ц.Цогзолмаа

         Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Анхболд, Д.Гантулга                                                                                                       

         Өсвөр насны шүүгдэгч                              Г.А

                    Шүүгдэгч                                                     Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Д, Г.А нарт холбогдох 1832000340053 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт * а тоотод оршин суух, 1 удаа ял шийтгүүлж байсан, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Маднал сум дахь сум дундын шүүхийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 06 сарын хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Базар овогт Цэвээндоржийн Д.

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *дэлгүүрийн арын хашаанд оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хиргис овогт Гэрэлмаагийн А.

Шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг 5 давхар байрны урд талд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 02-ны шилжих шөнө иргэн П.Сугийн LG-100 загварын 85000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн үед Аийг дуудсан чинь хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр юм яриад сууж байтал Бу, Ун хоёр Улаанбаатар хотоос ирсэн байна гэхээр нь очиж уулзаад юм ярьж байхад шөнийн 02 цагийн суудал ирчихсэн байсан. Тэгээд дахиад бид хоёр замын хойд тал руу төмөр замын дээгүүр гарсан өндөр гүүрээр гарч саравчинд сууж байгаад буцаад төмөр замын урагшаа гарахаар төмөр зам дээгүүр явган хүн гардаг өндөр гүүрэндээр гараад доошоо  уруудаад буугаад явж байсан чинь ах, эгч хоёр бас явж байсан. Тэгтэл нөгөө ах нь бид хоёрыг харчихаад “энэ эгчийгээ гүүрнээс буулгаад, гэрт нь хүргээд өгчихөөч“   гээд гуйхаар нь Г.А бид хоёр зөвшөөрөөд гэрийх нь гадна хүргэж өгтөл нөгөө эгч гар утсаа гаргаж ирээд “энэ утас залгаж болохгүй байна” гээд хамт явж байсан ахад гар утсаа өгсөн. Тэгтэл нөгөө ах “утас нь болохгүй байна” гээд Г.Ад тэр гар утсыг өгсөн юм. Тэгээд Г.А надад гар тусыг өгөхөөр нь бид хоёр гар утсыг нь аваад манай гэр лүү гүйж очиж хоносон. Маргааш өглөө нь сэрэхэд Г.А тэр гар утсыг аваад явсан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө гэрээсээ гараад Дгийн гэрт очиж Дтай уулзсан. Тэгээд Дгийн гэрт байж байсан чинь Ундрах, Булгаа 2 Улаанбаатар хотоос ирсэн байна хүрээд ир гээд гар утсаар залгаж хэлсэн. Тэгээд Д намайг өнөөдөр чи манайд хоночих гэхээр нь би зөвшөөрөөд ээжтэйгээ гар утсаар яриад асуусан чинь манай ээж Дтай утсаар яриад зөвшөөрөөд наанаа хоно хоно гэж хэлсэн. Тэгээд Д бид хоёр Унын гэрт очиж нэлээд юм ярьж сууж байгаад шөнийн 02 цагийн үед харих гэж явж байгаад төмөр замын хойно  байрны тэнд саравчинд юм ярьж сууж байгаад буцаж төмөр замын урагшаа гарахаар болоод төмөр зам дээгүүр гардаг өндөр гүүрээр гарч явсан юм. Тэгээд өндөр гүүрээр доош уруудаад явж байхад нэг ах эгч хоёр гүүрэндээр явж байсан,  бид хоёрыг хажуугаар нь өнгөртөл тэр ах бид хоёрт өндөр гүүрнээс буулгаад гэртээ хүргээд өгөөч гэж гуйхаар нь бид хоёр тэр ах эгч хоёрыг сугадаад цагдаагийн ажилчидын амьдардаг 5 давхар байрны ард очоод байж байтал хохирогч эгч утсаар ярина гээд гар утсаа гаргаж ирээд тэр ахад утсаа өгсөн чинь тэр ах  утсыг нь аваад залгаж өгөх гэсэн чинь утас нь болохгүй байсан. Тэгээд надад утсыг нь мэддэг бол залгаад өгөөч гэхээр нь би авчихаад өө би мэдэхгүй юм байна гээд Дд чи чадах байх гээд өгсөн тэгээд цаашаа бид хоёр тэр ахаас зугтаж гүйгээд Дгийнд очиж хоносон. Тэгэхэд би Дгаас утсыг нь авсан байсан өглөө нь Дгийнхаас явахдаа ч би утсыг нь авч гэрч явсан. Тэгээд би шууд 11 цагийн үед Унын гэр лүү очтол надаас Ун мөнгө байна уу гэж асуухаар нь тэр гар утсыг Булгаагийн иргэний үнэмлэхний лавлагаагаар нь ломбарданд тавиад Старс бааранд орж 2 цаг дуулаад гараад явсан. Тэр үед тухайн утсыг хүнээс шүүрч авсан гэж хэлээгүй юм гэв.

Хохирогч П.Су мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ардчилсан намаас Цагаан морь анхдагч гэсэн тэмдгээр шагнуулсан юм. Тэгээд Наранцэцэгийн гэрт очоод 0,75 литр архи уугаад шөнийн хэдэн цагт гэдгийг нь санахгүй байна. Пү, Мөнхтөр нарын хамт гэрлүүгээ явж байгаад Төмөр замын өндөр гүүр Дд Мөнхтөр түрүүлээд явсан байсан. Тэгээд Пү гэрт хүргэж өгсөн байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор бусад зүйлийг санахгүй байна. Маргааш өглөө нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө утсаа булаалгасан талаар Пүаас мэдсэн юм. LG-100 маркийн, хар өнгийн гар утас, 2017 онд гар утасны дэлгүүрээс 85000 төгрөгөөр худалдаж авч байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/

Гэрч Д.Пү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... бид хоёрыг буулгаад өгөөч гэж хэлээд гүүрнээс буулгуулаад, Су эгч бид хоёр цааш яваад цагдаагийн 5 давхар байрны хажуугаар явж байхад нөгөө 2 залуу араас ирээд бид хоёрыг хүргээд өгье гээд Су эгчийг 2-лаа сугадаад урд явж байсан. Тэгээд Су эгчийн утсыг би халааснаасаа гаргаж ирээд Мөнхтөр лүү залгах гэж байхад нэг залуу нь буцаж ирээд би залгаад өгье гэж хэлээд шууд булааж аваад хоёулаа зугтаасан, би араас нь хөөгөөд гүйцээгүй буцаж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25-р хуудас/ ... хоёулаа байсан нэг нь П.Су эгчийг сугадаад зогсож байсан нөгөө өтгөн хөмсөгтэй залуу нь миний гараас гар утсыг аваад би залгаад өгье гэснээ нөгөө залуудаа өгсөн. Тэр өтгөн хөмсөгтэй залуугийн царайг би гар утасны гэрэлд харсан юм тийм болохоор эхэлж анзаарагдсан зүйл нь хөмсөг байсан жоохон өтгөн хөмсөгтэй залуу байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

Гэрч Н.Бу мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ун бид хоёр Унын гэрт байж байтал Г.А орж ирээд хар өнгөтэй LG-100 загварын гар утас гаргаж ирээд бид хоёрт өгөөд та 2 наад утсаа яахаа өөрсдөө мэд гээд өгөхөөр нь бид 2 гайхаад хэний утас юм бэ гэсэн чинь манай эгчийн утас гэж хэлсэн тэгэхээр нь энэ утсыг чинь ломбарданд тавьчих уу гэж асуусан чинь өөрсдөө мэдээ гэж хэлсэн тэгэхээр нь Ун, А бид 3 гар утсыг 3-р сургуулийн ард талын ломбарданд миний иргэний үнэмлэхний лавлагааг үзүүлээд 20000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 20000 төгрөгөө Старс баарны караокед ороод 2 цаг  дуулаад гарсан. Караокед дуулж байхдаа Г.А өчигдөр орой Ц.Д бид хоёр өндөр гүүрэн дээр явж байтал согтуу ах, эгч 2 явж байгаад хүргээд өг гэж дуудсан тэгсэн гар утсыг нь аваад зугтаасан гэж хэлж байсан. У.Унын ээж Уд эгч гар утасгүй байсан тэгэхээр нь тэнд ломбарданд миний гар утас байгаа юм та авчихгүй юу гэсэн чинь Уд эгч мөнгийг нь төлөөд авчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/

         Гэрч У.Ун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … А манай гэрт ирснээ Н.Бу бид хоёрт хар өнгийн LG-100 маркийн гар утас өгсөнөө энийг та хоёр юм болговол болго гэхээр нь гайхаад хэний гар утас юм бэ гэсэн чинь манай эгчийн гар утас гэж хэлсэн. Манай ээж утасгүй байсан юм тэгсэн Бу та Ломбарданд тавьсан байгаа гар утсыг авчихгүй юу гэсэн тэгсэн ээж авсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/

        Гэрч Д.Уд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Одоо миний ашиглаж байгаа LG-100 маркийн хар өнгиин гар утсыг 2017 оны 11 дүгэр сарын 10-ны өдрийн орчим манай хүү Ун хүнээс 20000 төгрөгөөр худалдаж авсан гээд надад өгсөн юм. Тухайн үеэс хойш би уг утсыг ашиглаж байгаа юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/

        Гэрч Б.Ою мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … LG-100 маркийн хар өнгөтэй утсыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20000 төгрөгний барьцаанд тавьсан байна. Бүртгэлийг шүүхэд Навчаа овогтой Бу гэж тэмдэглүүлсэн байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/

          Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 11,13-р хуудас/

         Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-18 дугаар хуудас/

         Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 68 дугаар хуудас/, өсвөр насны шүүгдэгч Г.Аийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /67 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Дгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /72 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг 5 давхар байрны урд талд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 02-ны шилжих шөнө иргэн П.Сугийн LG-100 загварын 85000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.Сугийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-21-р хуудас/, Гэрч Д.Пүын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/, Гэрч Н.Буы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-28-р хуудас/, Гэрч У.Унын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-30-р хуудас/, Гэрч Д.Удгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-р хуудас/, Гэрч Б.Оюын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 33-р хуудас/, Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /ХХ-ийн 11,13-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 16-18 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг бүлэглэн хохирогч П.Сугийн LG-100 загварын 85000 төгрөгний үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”. Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Ц.Д нь 2000 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн, өсвөр насны шүүгдэгч Г.А нь 2001 оны 04 дүгээр сарын 26-нд төрсөн ба уг гэмт хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 02-ны шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Ц.Д гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай, Г.А 16 настай байсан, шүүхийн шийтгэх тогтоол гарах өдөр Ц.Д 18 настай, Г.А 17 настай байна. Иймд шүүхээс шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ болон шүүхийн шийтгэх тогтоол гарах үе дэх насны байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, ял оногдуулахыг тэнсэж тодорхой хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж уг арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад даалгаж мөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний эцэг, эхийн хүсэлтээр нь Ц.Дгийн эх Д.Гантулга, Г.Аийн эцэг Х.Анхболд нарт тус тус даалгах  нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-ийг хэрэгт хадгалаж, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Базар овогт Цэвээндоржийн Д, өсвөр насны шүүгдэгч Хиргис овогт Гэрэлмаагийн А нарыг бүлэглэж “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт ял оногдуулахыг тэнсэж, Ц.Дг 1 /нэг/ жилийн хугацаагаар Г.Аийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг хянан хүмүүжих хугацаандаа “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт хүлээлгэсэн “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах” үүргийг хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдний хүсэлтийн дагуу шүүгдэгч Ц.Дгийн эх Д.Гантулга, өсвөр насны шүүгдэгч Г.Аийн эцэг Х.Анхболд нарт тус тус даалгасугай. 

7. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн СD-г уг хэрэгт тухайн хэргийн хадгалах хугацааг дуустал хадгалахаар зохих баримтыг үйлдэн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.