| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шүрэнцэцэгийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 112/2026/0037/З |
| Дугаар | 112/ШШ2026/0040 |
| Огноо | 2026-10-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 112/ШШ2026/0040
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Энхцэцэг би тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга ажилтай С.Б-аас, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан гаргасан “тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С овогтой Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие С.Б Зоонозын өвчин судлалын төвийн даргаар ажилладаг. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37, 39, 48, 57.4 дүгээр заалтууд, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар заалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар тушаалыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С овогтой Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зоонозын өвчин судлалын дарга С.Б-ы нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга ажилтай С.Б-аас, аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан тус аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С овогтой Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч С.Б-ы 2026 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С овогтой Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай С.Б-ы нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт баримтлан тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга ажилтай С.Б-ы Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/16 дугаартай С овогтой Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ЭНХЦЭЦЭГ