2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/07122

 

 

 

 

 

 

2025 09 01

191/ШШ2025/07122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: М ******* ХК /рд:6207618/-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч М ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Зээлдэгч Д******* Б******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-18-нд 6000300055 тоот Цахим зээлийн гэрээг байгуулж 24,220,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000300055 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 102 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Дээрх гэрээний үүрэгт нийт 24,276,471.33 төгрөгийн өр төлбөртэй байна.

Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах нэхэмжлэлийг харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2025 оны 05 сарын 20-ны өдрийн 192/ШЗ2025/22864 тоот захирамжаар Хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Хэргийг хэрэгсэхгүй болгон захирамжласан.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д******* Б*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М *******ны гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, хувь хүнд *******ны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх гэрээ, хэргэлээний зээлийн гэрээ, цахим заэлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гүйлгээний баримт илгээсэн мэйл, зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн шилжүүлгийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхээс Д.Б*******ын оршин суугаа хаягийн лавлагааг шүүхийн журмаар бүрдүүлсэн байна.

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч М ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин байгаа газрын шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй юм.

 

Хүсэлт гаргагч М ******* ХК нь Д.Б*******аас зээлийн гэрээний үүрэгт 24,299,471 төгрөг шаардахаар шүүхэд хандах шаардлагатай болсон талаар хүсэлтдээ дурдаж, энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлд заасан **** хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хүсэлт гаргагч нь өөрөө Д.Б*******ын хаягийг буюу байгаа газрыг олж тогтоох боломжгүй тул шүүхэд хандсан байна.

 

2. Шүүхээс Улсын бүртгэлийн байгууллагын Хур системээс гаргуулсан лавлагаагаар 2025 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар Д.Б******* нь **** буюу дээрх шүүгчийн захирамжид дурдсан хаягтай тохирч байна.

 

3. Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Б*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

4. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д******* овогт Д*******гийн Б******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар  Д******* овогт Д*******гийн Б******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг ийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /утас:*******,*******/-д мэдэгдсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ