Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 305/ШШ2025/00765

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: С.Г-н нэхэмжлэлтэй

хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, гэрч Л.З, Б.О, Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие С.Г нь 1980 онд, ***** сум, ***** тосгонд төрсөн. Т ХХК-ийн Захирлын туслах, бичиг хэрэг, архивын ажилтнаар анх 2011 онд ажилд орж байсан. Түүнээс хойш тасралтгүй 13 жил тогтвор суурьшилттай ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 18-нд ар гэрийн асуудал байсан тул /хувийн шалтгаанаар/ 6 сарын цалингуй чөлөөг авсан. 12 дугаар сарын 18-ны өдөр тус чөлөөний хугацаа дуусч, хугацаа дуусахаас өмнө чөлөөг сунгуулах хүсэлтийг өгч 03 дугаар сарын 18-ныг хүртэл сунгуулсан. Манай том охин жирэмсний хурц хордлоготой, олон хавсарсан өвчтэй, биеийн байдал хүнд асаргаатай, өөрөө /эмэгтэйчүүдийн асуудлаар/ хагалгаанд орох ёстой байсан боловч хүүхдээ асарч байсан учраас хагалгаандаа орж амжаагүй. Тухайн үед охин маань эмнэлэгт хэвтээд гарсан, гэртээ эмийн эмчилгээтэй байсан. 2025 оны 05 дугаар сарын 01-нд ажилдаа орох, чөлөөг сунгаж өгөх хүсэлтийг ажил олгогчид 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Гэтэл ажил олгогчоос 03 дугаар сарын 21-нд чөлөөний хугацааг сунгах боломжгүй гэх хариуг өгсөн. Тухайн үед жирэмсэн охиноо наашаа авчирч чадахгүй хол замд дутуу төрөх эрсдэл ихтэй, эмнэлэгт эмчилгээ хийгээд биеийн байдал сайжрахгүй байсан. Ирэх боломжтой байсан бол ирээд ажилдаа хугацаандаа орох байсан. Тухайн ажлын байранд 13 жил ажиллаж архивын тэргүүлэх зэрэг хүртэл суралцаж, ажилдаа сайн ажиллаж байсан. Хотоос ирээд 2025 оны 04 дүгээр сарын 14-нд ажилдаа орохоор хүсэлт өгсөн боловч чөлөөний хугацаа 03 дугаар сарын 18-нд дууссан тул ажилд авах боломжгүй гэж хариу өгсөн. Миний бие нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирал болон А ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарт удаа дараа өөрийн эрхэлж байсан ажилдаа орох талаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл ажилдаа томилогдсонгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай тушаал шийдвэр гаргасангүй 2 сар гаруй хугацаанд хүлээж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60,1.12-т зааснаар хувийн чөлөөтэй байх хугацаанд ажилтны ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгалахаар заасан бөгөөд өнөөдрийг хүртэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй байгаа нь Т ХХК-тай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байгаа. Хөдөлмөрийн хуульд зааснаар хадгалагдаж байсан ажлын байранд минь намайг авахгүй, мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохгүй үргэлжлүүлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал шийдвэр байхгүй, ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлд 2025 оны 04 дүгээр сарын 14-нд ажилд орох хүсэлт өгснөөс хойш ажилдаа орж чадаагүй тул шүүхэд хандсан. Гэвч шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцах явцад ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил бичиг хэрэг архивчийн орон тоонд эгүүлэн томилж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгапыг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: С.Г нь 2011 оноос хойш манай компанид бичиг хэргийн архивын ажилтнаар ажилласан. Ажилласан хугацаандаа бичиг хэрэг, архивын шаардлагыг бүрэн хангаж компаниас тодорхой хугацаанд дэмжиж байсан. Аймгийн хэмжээнд архив, бичиг хэргийн ахлах ажилтанаар сайн ажиллаж байсан. 6 сард ээлжийн амралт дуусаад орох байсан, орох боломжгүй гэдгээ хэлээд өөр ажилд орохоор болсон асуудал хэлсэн. Тэгээд тухайн үед бол уулзаагүй. Ажил хийх шаардлагатай сургуульд ажиллах гэж байгаа гэсэн. Бид нар олон жил хамт ажилласны хувьд өөрт нь хэлсэн. Ажлаасаа чөлөө авсан нь дээр шууд ажлаа хаяж болохгүй. Тэгээд бид нар өөрт нь хэлсний дагуу өргөдлөө ирүүлсэн. Өргөдөл дээрээ 6 сарын хугацаатай чөлөө авмаар байна, хувийн шалтгаанаар яаралтай шийдэж өгнө үү гэсэн. Манай компанийн дотоод журмын дагуу бол захирлын зөвлөл хуралдах ёстой байдаг. Захирлын зөвлөл дээр хэлсэн. Олон жил хамтарч ажилласан амьдрал нь хэцүү олон хүүхэдтэй, амьдралаа өөрөө аваад явж байгаа. Ийм учраас хамт олны хувьд бол харж үзэх ёстой. Тэгээд өөр ажилд орохоор болсон ч асуудлаа шийдсэнийхээ дараа ажлаас нь чөлөөлье дараагийн ажил амьдрал нь цэгцэртэл 6 сарын чөлөө өгье гэдэг зүйлийг захирлын зөвлөлийн гишүүдэд танилцуулаад хүсэлтийнхээ дагуу 6 сарын чөлөө өгсөн. 6 сарын чөлөө өгсөн, ээлжийн амралтаараа амарчихаад дараа нь хагас жилийн ажил, тайлан бичиг хэргийн ажил их байсан учраас оронд нь түр ажилтан авсан. 7 сард эргээд ажилдаа оръё гэх үед нь 6 сарын гэрээ байгуулаад оронд чинь хүн орсон. Чөлөөнийхөө хугацааг дуусга гэдэг хариу өгсөн. Чөлөөний хугацаагаа дуусгаад дахиад хүсэлт өгсөн. Өөр ажил хийж байгаа юм гээд дахиад л чөлөөг 3 сараар сунгасан. манай эрчим хүчний системийн дотоод журамд бол 3 тохиолдолд урт хугацааны чөлөө олгох, сунгах журам байдаг. Компанийн захиргааны сургалтад сурах, хүнд өвчтэй эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн өвчтөн асарч байгаа гэсэн 3 тохиолдол байдаг. Хэдийгээр тэгсэн ч би хүний нөөцөөр сурч байна гэсэн хүсэлт нягтлан бодогчид өгсөн учраас чөлөөг нь 03 сарын 17 хүртэл сунгасан. Сунгах үедээ дахиж чөлөөг чинь сунгахгүй шүү гэсэн мэдэгдлийг албан ёсоор албан бичгээр өгсөн байгаа. 03 сарын 18-нд бол ажилдаа орох ёстой байсан. Урд өдөр нь дахиад чөлөө авч сунгах хүсэлт ирсэн. 2 сарын өмнө нэг сард мэдэгдсэн учраас чөлөөг дахиж сунгах боломж байхгүй. Яагаад вэ энийг та захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээч гэсэн. Захирлын зөвлөлийн хувьд гишүүдэд журмаас давсан, хуулиас давсан ийм зүйлийг тулгах дахиад боломж байхгүй, чөлөөг сунгаагүй, тэгээд ирсэн хугацаа 3 сар, 4 сар, 4 сарын 9, 10-ны өдөр байсан санагдаж байна. Тэр хүртэлх хугацаанд цагийн баланс дээр ажил тасалсан гэсэн байдлаар бүртгэж явсан. Уулзах үедээ бол хүүхэд нь төрөх дөхчихсөн хэцүү ирсэн, өөрт нь танилцуулсан, журмаа мэдэж байгаа учраас 3-аас дээш хоногоор хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлах заалттай. Чи бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан энэ журмаа өөрөө зөрчлөө. Би чамайг одоо шууд ажилд авах боломжгүй байна гэж хэлээд уулзсан. Энэ хүний хувийн амьдрал нэлээн хүнд, ажилгүй, дээр нь хүүхдийнх нь биеийн байдал хүнд байсан учраас нэг их санаа зоволгүй хүүхдээ хараад амаржуулаад эмнэлгээр сайн яв. Анх ажлаас чөлөөлүүлсэнийг хамт олондоо танилцуулъя. Хэдийгээр дүрэм зөрчөөд ноцтой зөрчил гаргасан ч гэсэн амьдралын байдал, аргагүй байдлыг чинь би танилцуулъя. Гэхдээ яг үнэнээр нь манай хамт олон бүгдийн мэдэж байсан. 6 сар чөлөө авахдаа бол амьдралаа сайжруулах гэж байна. Цалингаа ахиулах ажилд орох хүсэлттэй байгаа учраас явлаа гэж хэлж байсан. Тэр үед А чуулгын дарга О над руу утсаар ярьсан. Ингээд танайд ажиллаж байсан хүн манайд хүсэлт өгсөн юм. Би ажилд авах гэж байгаа юм. Ийм ажил байна гэсэн маркетингийн менежер гэдэг ажил байгаа. Манай ажилтны хувьд бол хийчих байх. Урлаг соёлын хувьд бол нэлээн авьяастай, бичиг хэрэг архивын талдаа ер нь аймагтаа гайгүй чадвартай хүн гэж хэлсэн. Өөр ажилд орсон гэж бодсон. Тэр үед нь О дарга эрүүл мэндийн шалтгаанаар гэнэт зүрхний шигдээс болоод Улаанбаатар луу хагалгаанд орохоор явчихсан. Тэгээд би нэг бие нь гайгүй болсны дараа дахиад утсаар асуусан. Бие чинь гайгүй юу хэзээ ирэх гэж байна, манай нөгөө хүнийг авах хэвээрээ юу гэсэн чинь дахин дахин яагаад асуугаад байдаг юм бэ, буцааж авах гээд байгаа юм уу гэсэн. Би гол нь ажилгүй бол, эмэгтэй хүний хувьд бол хүнд байдалд орох юм. Тийм учраас тушаал шийдвэрийг гаргахгүй хүлээж байсан. 6 сард энэ ажилд авсан юм байна лээ. А системийн маргаан таслах зөвлөл дээр асуудлаа ярьсан. Маргаан таслах зөвлөлд хурлаар орох үед ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргаагүй байсан. Одоо хүртэл энэ хүнд нээлттэй байгаа. Одоо энэ хүн бол А чуулгад ажилд орсон. Нэгэнт энэ ажилдаа ороод өөр ажилтай болсон учраас ажлаас чөлөөлөх юм байна. Түүнээс өнөөдрийг хүртэл хүлээсэн ганцхан шалтгаан бол С.Г гэдэг хүнийг цаашид яг хийж байсан ажил дээр нь биш юм аа гэхэд зүгээр хувь хүнийг нь бодоод тодорхой хэмжээнд, тухайн үед манай компанид ажлын боломж гарч бүтцийн өөрчлөлт яригдаж байсан үе. За ингэж хүлээж байгаад маргаан таслах зөвлөлийн хурлын дараа С.Г бид 2 уулзсан байдаг. Энэ чуулгадаа орчихсон бол энэ ажлаа хийгээд явах юм уу гэсэн чинь энэ ажлаа хийгээд явна. Тэгээд ажлаас чөлөөлөх шийдвэрээ гаргасан. Үүргийнхээ дагуу компанийн дүрэм журам дээр хэдий байгаа ч гэсэн олон жил компанид ажилласан ажилтны хувьд ар гэр, амьдрал ахуйг нь харах үүднээс л ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаралгүй удаасан байгаа. Тэгээд нэгэнт ажилтай, боломжтой болсон учраас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

4. Нэхэмжлэгч иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Т  ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар ажилд томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-А төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар,

-С.Г-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

-******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаар тодорхойлолт,

-******* аймгийн А чуулгын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудас,

-Г.М-н эмчилгээний баримтууд, рентгэн зургууд,

-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /нэргүй/.

 

5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:

-Т  ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал,

-Т  ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэл,

-Т  ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дугаар хурлын тэмдэглэл,

-С.Г-ийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн чөлөө хүссэн өргөдөл,

-С.Г-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн чөлөө хүссэн өргөдөл,

-С.Г-ийн 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ажилд орохыг хүссэн өргөдөл,

-С.Г-ийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн чөлөө хүссэн өргөдөл,

-С.Г-ийн Т  ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-д гаргасан хүсэлт, төрөхөөс гарах үеийн эпикриз,

-С.Г-ийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн чөлөө хүссэн өргөдөл,

-С.Г-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ажилд орохыг хүссэн өргөдөл,

-Т  ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар албан бичгүүд,

-А төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар,

-С.Г-ийн Хөдөлмөрийн гэрээ,

-Т  ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам,

 

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,

-******* аймгийн А чуулгын 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 72 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн тус чуулгын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/68 дугаар С.Г-ийг ажилд түр томилох тухай тушаал.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Т  ХХК-д холбогдуулан Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил бичиг хэрэг архивчийн орон тоонд эгүүлэн томилж, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөх олговор, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгапыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.А нь “...Чөлөөний хугацааг хэтрүүлэн ажил тасалсан тул...” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.

4. Нэхэмжлэгч  С.Г нь Т  ХХК-д  2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр захирлын туслах, бичиг хэрэг архивын ажилтнаар анх томилогдож, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 6 сарын чөлөө авах хүртэл тус компанид бичиг хэрэг архивчаар ажиллаж байсан болох нь Т  ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Т  ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар албан бичгүүдээр С.Г-ийн чөлөөний хугацааг дахин сунгах боломжгүй болохыг мэдэгдэж, мөн компанийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар С.Г-ийг ажлаас нь чөлөөлжээ.

5. Нэхэмжлэгч нь “...Манай том охин жирэмсний хурц хордлоготой, олон хавсарсан өвчтэй, биеийн байдал хүнд асаргаатай… Тухайн үед охин маань эмнэлэгт хэвтээд гарсан, гэртээ эмийн эмчилгээтэй байсан. 2025 оны 05 дугаар сарын 01-нд ажилдаа орох, чөлөөг сунгаж өгөх хүсэлтийг ажил олгогчид 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Гэтэл ажил олгогчоос 03 дугаар сарын 21-нд чөлөөний хугацааг сунгах боломжгүй гэх хариуг өгсөн. Тухайн үед жирэмсэн охиноо наашаа авчирч чадахгүй хол замд дутуу төрөх эрсдэл ихтэй, эмнэлэгт эмчилгээ хийгээд биеийн байдал сайжрахгүй байсан. Ирэх боломжтой байсан бол ирээд ажилдаа хугацаандаа орох байсан. Хотоос ирээд 2025 оны 04 дүгээр сарын 14-нд ажилдаа орохоор хүсэлт өгсөн боловч чөлөөний хугацаа 03 дугаар сарын 18-нд дууссан тул ажилд авах боломжгүй гэж хариу өгсөн. Миний бие нь  Т ХХК-ийн гүйцэтгэх захирал болон А ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нарт удаа дараа өөрийн эрхэлж байсан ажилдаа орох талаар хүсэлт гаргасан боловч ажилд томилохгүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай тушаал шийдвэр гаргаагүй, шүүхэд хандсаны дараа ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцжээ.

6. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Т  ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 33 дугаар тушаалаар С.Г-ийг тус компанийн захирлын туслах, бичиг хэрэг архивын ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй боловч түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд ажиллуулахгүй байгаа үйлдлийг ажлаас чөлөөлсөнтэй адилтган үзэж шүүх хянаж шийдвэрлэнэ

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Г нь ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй боловч ажиллуулахгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүйтэй холбоотой гомдлоо “А ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-т гаргасныг тус комисс 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, дараагийн шатны байгууллагаар шийдүүлэх эрхтэй байна гэх хариуг өгчээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,

154.2.1-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч С.Г нь “А ТӨХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдааны шийдвэрийн дагуу 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

8. Улмаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.13.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн С.Г-ийг ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан...” бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж,

Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж,

Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.13.1 дэх хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан, чөлөө зөвшөөрөлгүйгээр ажлын байр орхиж явсан, байгууллагад тодорхой хохирол учруулсан”ыг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохоор,

Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт “Хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан 3 өдөр буюу сарын дотор нийлбэр дүнгээрээ 6 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заажээ.

9. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт:

-ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан,

-эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заажээ.

Т  ХХК-ийн захирлын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар тушаалд “…Бичиг хэрэг, архивч С.Г-ийн урт хугацааны чөлөө дуусч, чөлөөг сунгах боломжгүйг албан ёсоор мэдэгдсэнийг үл харгалзан хүндэтгэх шалтгаангүйгээр чөлөөний хугацааг 19 хоногоор хэтрүүлэн ажлын байрыг орхиж хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан, өөр ажилд орсон тул 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй…” гэжээ.

Эндээс үзэхэд С.Г нь чөлөөний хугацаа дууссан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс ажлын 19 хоног хүндэтгэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй буюу ажил тасалсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийг талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг ойлгоно.

10. Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад

С.Г 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “өөрөө яаралтай хагалгаанд орох болсон, мөн охин Г.М жирэмсэн, 2024 оны 10 сараас бие өвдөж, одоогоор босож чадахгүй биеийн байдал хүнд хэвтэж байна. Чөлөө сунгах сарын хугацаанд эмнэлэгт хэвтүүлж эмчилгээ хийлгээд охиноо аймаг руугаа авч явах болсон. 2025.05.01 хүртэл чөлөөг сунгаж өгнө үү” гэх агуулгатай хүсэлт гаргасныг Т  ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаар албан бичгээр “2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн хүсэлтийн дагуу захирлын зөвлөл хуралдан 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б/46 дугаартай тушаалаар 6 сарын урт хугацааны чөлөө олгосон. Мөн оны 12 дугаар сарын 10-нд ирсэн хүсэлтийн дагуу захирлын зөвлөл хуралдан 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар заасан хугацаанд ажилдаа ирэхгүй бол чөлөөлөхөөр мэдэгдэж 2025 оны 03 сарын 18 хүртэл чөлөөг дахин сунгаж олгосон. Гэвч 2025 оны 03 дугаар сарын 14-нд дахин хүсэлт ирүүлсэн тул чөлөөг дахин сунгаж боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Дээрх албан бичгийг хүлээн авсны дараа С.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа орох хүсэлтийг биечлэн өгсөн болох нь түүний хүсэлт болон Т  ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар албан бичгүүдээр тогтоогдож байна.

Тодруулбал, С.Г нь ажилдаа орохоор 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ажлын байран дээрээ ирсэн байх бөгөөд чөлөөний хугацаа дууссан 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл ажлын 19 хоног ажилдаа ирээгүй байна.

Харин нэхэмжлэгч нь дээрх хугацаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй байсан, жирэмсэн охиноо наашаа авчирч чадахгүй, хол замд дутуу төрөх эрсдэл ихтэй, эмнэлэгт эмчилгээ хийгээд биеийн байдал сайжрахгүй байсан. Хотоос 4 сарын 8-нд ирээд байх газар байхгүй манай усан цахилгаан станцын ерөнхий инженер Э-н гэрт байсан. 4 сарын 10-ны өдрөөс 12-ны хооронд манай А ТӨХК-н спортын наадам тэмцээн болж байсан. Тэгээд тэр тэмцээн уралдаан дээр даргатай ажил яриад байж чадаагүй. Тэмцээн уралдаан дээр би ирчихлээ шүү гээд ажлынхантайгаа 2 хоног тэмцээн уралдаан дээр нь хамт явсан. Тэгээд нэг дэх өдөр нь даргатай уулзсан гэж тайлбарлаж, охин Г.М-н 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр WHC Women’s Health clinic-т үзүүлсэн эхоны зургууд болон бусад эмчилгээний баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлууд үүссэнийг ойлгоно. 

Хэрэгт ирүүлсэн эмчилгээний баримтуудаар нэхэмжлэгч С.Г нь өвчтэй охиноо асрах хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирэх боломжгүй байсан нь тогтоогдож байна.

Т  ХХК-ий гүйцэтгэх захирал Д.А нь  нэхэмжлэгч С.Г-ийн 2025 оны 3 сарын 17-нд өгсөн чөлөөний хугацаа сунгах тухай хүсэлт, 2025 оны 4 сарын 14-ний өдөр өгсөн ажилдаа орох хүсэлтүүдэд дурьдсан нөхцөл байдлуудыг буюу  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байрыг орхиж хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан эсэх,  өөр ажилд орсон эсэхийг Захирлын зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэн шийдвэрлэхгүйгээр хугацаа сунгах боломжгүй гэсэн албан тоот гаргаж улмаар 2025 оны 6 сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан,  мөн 2025 оны 6 сарын 23-ны өдөр ***** аймгийн А чуулгын даргын тушаалаар түр хугацаагаар ажилд орсон байхад түүнийг ажлаас чөлөөлөх тушаалд  “... өөр ажилд орсон тул ...” гэсэн үндэслэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

11. Иймд нэхэмжлэгч С.Г-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Компанийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.3.13.1 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч С.Г-ийг Т  ХХК-ийн бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасны дагуу С.Г-ийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 6 сар 16 хоногийн олговорт 15,239,968 /арван таван сая хоёр зуун гучин есөн мянга есөн зуун жаран найман/ төгрөгийг Т  ХХК-иас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч С.Г-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.2-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаанд олгох олговрыг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч С.Гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн цалингийн жагсаалтаас 2024 оны 01, 02, 03 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт ажлын хоногийн тоонд хувааж ажилтны нэг өдрийг дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч С.Г-ийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин буюу 2024 оны 01, 02, 03 дугаар сарын цалингаас тооцож үзэхэд 2,426,400+2,413,960+1,938,800 төгрөг байх бөгөөд үүнээс 1 сарын дундаж цалинг тооцоход 2,259,720 төгрөг, 1 өдрийн дундаж цалинг тооцоход 105,103 төгрөг байна.

2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх нийт ажлын 6 сар 16 өдрөөр тооцож үзвэл С.Г-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээ нийт олговор 15,239,968 төгрөг байна.

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Т  ХХК-д даалгах нь зүйтэй байна.

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 15,239,968 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 234,150 төгрөг, нийт 304,350 төгрөгийг хариуцагч Т  ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан ****** овгийн С.Г-ийг Т  ХХК-ийн бичиг хэрэг, архивчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ****** овгийн С.Г-ийн ажилгүй байсан 6 сар 16 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 15,239,968 төгрөгийг Т  ХХК-иас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч С.Г-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар С.Г-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Т  ХХК-д үүрэг болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 15,239,968 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 234,150 төгрөг, нийт 304,350 төгрөгийг хариуцагч Т  ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА