| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00063/Э |
| Дугаар | 00074 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Д.Я нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Ят холбогдох 1832000000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1956 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, Урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /* / Хотон овогт Дамдинсүрэнгийн Я.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Я нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг 2-р хэсгийн №39 тоотод 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Оюгийн эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Я мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргийнхээ талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Ц.Ою мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэгээд буцаж ирээд миний нөмөрч байсан хөнжлийг хуу татаж хаяад нүүр лүү гараараа цохисон. Би хөлөөрөө нөхрөө өшиглөж өөрөөсөө холдуултал миний хөлнөөс татаж намайг газар унагаагаад хөлөн дээр сууж байгаад зүүн гараараа подволкоор хоолой боогоод баруун гараараа намайг зодсон. Би чи яагаад байгаа юм бэ гэхэд чамайг ална гээд л зодоод байсан. Дараа нь би боолгосон болохоор дуугарч чадахгүй болсон. Хэсэг ухаан балартаад хартал манай нөхөр хаалгаар гарсан. Тэгээд би орон дээрээс гар утсаа ноосон цамцтай аваад гэрээс гартал манай нөхөр үүдний хажууд шээгээд зогсож байсан. Би хажуугаар нь зугтаагаад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/
Гэрч М.Хб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Ингээд 2018 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч Содмандах над руу залгаад Я эхнэр Оюгаа зодсон гэнэ. Эхнэр нь эмнэлэг дээр байна. Та очоод юу болсныг мэдээдэхээч гэж надад хэлээд эхнэрийх нь дугаарыг өгсөн. Би утсаар нь ярьтал Ою гуай Я намайг зодоод би хөл нүцгэн зугтаагаад эмнэлэг дээр ирчихлээ чи манайх руу цуг яваад өгөөч би хувцасаа авмаар байна гэж надад хэлсэн. Би эмнэлэг дээр очоод Ою гуайтай гэр лүү нь очсон. Гэрийх нь хаалга онгорхой гэрэл нь унтарсан байсан. Би гэрт нь ороод гэрлийг нь асаахад Я гуай голын орон дээр хөнжил нөмөрчихсөн сэрүүн хэвтэж байсан. Би та яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ босоод ир гэхэд босохгүй хараад хэвтээд байсан. Би очоод хөнжлийг нь татахад өмд цамцтайгаа хэвтэж байсан. Мөн надад амны хайрцгаараа би зодоогүй, наадах чинь байнга худлаа ингэж байдаг юм гэж хэлсэн. Энэ үед эхнэр нь орж ирээд хувцасаа аваад би эндээс явлаа чамайг өгдөг газар нь өгнө. Одоо чамд дарлуулахгүй гэж хэлээд гарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/
2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №5954 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ....
1. Ц.Оюгийн биед тархи доргилт, нүүрний зүүн тал дух, нүдний зовхи, шанаа, чамархай, хацар, эрүү, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, цээж, 2 бугалга, зүүн өвдөгний үений цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтэл тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 34 дугаар хуудас/, Шүүгдэгч Д.Яийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /33 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 36-38 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Д.Я нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг 2-р хэсгийн №39 тоотод 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Оюгийн эрх чөлөөнд нь халдан зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Оюгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-р тал/, Гэрч М.Хбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р тал/, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №5954 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Яийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.Оюгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд Д.Я нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг 2-р хэсгийн №39 тоотод 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Оюгийн эрх чөлөөнд нь халдан зодож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүрний зүүн тал дух, нүдний зовхи, шанаа, чамархай, хацар, эрүү, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэн, цээж, 2 бугалга, зүүн өвдөгний үений цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Я нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нь хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар нотлох баримт гаргаж хохирол төлбөр нэхэмжилээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хотон овогт Дамдинсүрэнгийн Яыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Яыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Яын торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Д.Я нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ят авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.