Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 109/ШШ2026/0016

 

 

 

 

 

 

 

 

 

                                          109/ШШ2026/0016

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.Д

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г

Гуравдагч этгээд С.Ү

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б, В.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Г.Д хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, багасгаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжаар “С.Ү-г А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэсэн байна. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

2.2. Архангай аймгийн Засаг даргын 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/1009 дугаар албан бичгээр “Эрдэнэбулган сумын Засаг дарга нь нарт асран хамгаалагчийг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх заалтын дагуу нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материалыг бүрдүүлж харгалзан дэмжигчийг тогтоосон байна. Иймд Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй болно” гэсэн хариуг иргэн Г.Д-т хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 6 дахь тал)

2.3. Иргэн Г.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4. Г.Д-н нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1., 13 дугаар зүйлийн 13.1., 15 дугаар зүйлийн 15.1., 16 дугаар зүйлийн 16.1.-д заасныг зөрчөөгүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

 

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 онд нөхөр болох Г.Б-тай гэр бүл болж бидний дундаас том охин Б.М 1994 онд, бага хүү н.М 2002 онд тус тус төрсөн. Том охин Б.М 2016 онд нөхөр болох Б.А-тай гэр бүл болж хоёр охин төрүүлсэн бөгөөд тэд маань гэр бүл болсон цагаасаа хоёр охиныхоо хамт Арслан цохионы 12-08 тоот буюу миний амьдарч буй хашаанд таван ханатай гэртээ, би байшиндаа ганцаараа тус тус амьдарч байсан. Охин Б.М Анагаахын Шинжлэх ухааны сургуулийн Сувилахуйн сургуулийн сувилагчийн ангийг 2015 онд төгсөж сувилагч мэргэжил эзэмшин аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотор, мэдрэл, хавдрын тасгуудад сувилагчаар орж 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажилласан. Хүргэн А 2023 оноос эмнэлэгт цахилгаанчнаар ажиллаж байсан. 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүргэн А охин Б.М нар хоёр охины хамт аймгийн төвөөс Төвшрүүлэх сум орох гэж явж байх замдаа аваарт орж хүргэн маань газар дээрээ нас барж охин Б.М аймгийн нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт биеийн байдал хүнд эмчлүүлж байсан боловч эмчилгээгээ даалгүй 2026 оны 6 дугаар сарын 7-нд бурхан болсон. Ингээд миний бие ганц охин болон хүргэнээ цаг бусаар алдаад охиныхоо 6 настай охин А.М, 9 настай охин А.З нарын хамт өнчирч үлдсэн. Би хоёр зээ охиноо өөрийн асрамжид авч асран хамгаалагчаар тогтоолгуулахаар Эрдэнэбулган сумын Засаг даргад өргөдөл өгсөн боловч сумын Засаг дарга 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 тоот захирамжаар аавынх нь ээж С.Ү-н асрамжид өгөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг би эс зөвшөөрч Архангай аймгийн Засаг дарга Б.Ц-д гомдол гаргасан боловч аймгийн засаг дарга 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/1009 тоот албан бичгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Эрдэнэбулган сумын засаг даргын дээрх шийдвэр нь хэт нэг талыг барьсан хүүхдүүд өмнө хаана хэн хэнтэйгээ амьдарч байсан. Аав ээжийнхээ аль талд нь илүү ээнэгшин дассан, хэнтэй нь илүү дотно харьцаатай байсан зэргийг сайтар шалгаж тогтоогоогүй ашиг сонирхлын зөрчилтэй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй ийм үндэслэл муутай шийдвэр гарсан гэж үзэж байна. Охин Б.М эмнэлгийн албанд ээлжид ажилладаг, хүргэн мөн ажил ихтэй учир би хоёр зээгээ харж хандаж сургуульд нь хүргэж өгөх авах, хоол ундыг нь хийж өгөх аав ээжийнх нь шөнийн ээлжтэй үед хамт хонох зэргээр хүүхдүүддээ аль болохоор өөрийн чадал чинээгээрээ тусалж дэмждэг, хоёр охин маань ч эмээтэйгээ дотно харьцаатай эмээдээ ээнэгшин дассан хүүхдүүд юм. Ээжийнх нь буяны ажил болоод гурав ч хоноогүй байхад талийгаач аавынх нь төрсөн эгч Өөгий хүүхдүүдийг минь авч явсан. Энэ цагаас хойш эмээтэй нь нэг ч удаа уулзуулаагүй төдийгүй утсаар яриулахгүй болсон. Урьд өмнө хоёр хүүхэд тэр бүр өвөөгийндөө очдоггүй, очсон ч хоёр гурав хонуулаад л бид нар өөр ажил төрөлтэй боллоо гээд өмссөн хувцас хунар нь хир болчихсон тэр хувцсыг нь торонд хийгээд хүргээд ирдэг байсан. Би тухайн үед том зээ охиноосоо миний охин өвөөгийндөө ямар байна гэхэд өвөө архи уудаг, эмээ аашилдаг хэцүү байсан тухайгаа ярьдаг байсан. Гэтэл одоо хүүхдүүдэд минь хайртай болчихсон эмээтэй нь уулзуулж яриулахгүй хүүхдүүдэд эмээгийнх нь эсрэг үг хүртэл зааж өгснөөр дээрх шийдвэр хэт нэг талыг барьж буруу гарсан гэж бодож байна. Хүүхдүүд маань төрсөн цагаасаа эмээтэйгээ нэг дор амьдарч байсан бөгөөд том зээ охин А.З Эрдэнэбулган сумын 3 дугаар сургуулийн 6-р анги, бага охин М цэцэрлэгт явдаг байсан. Эмээ С.Ү нь асран хамгаалагчаар тогтоогдсон ч хөдөө мал маллан амьдардаг учир өөрөө асран хамгаалахгүй харин талийгч аавынх нь эгч болох сумын төвд багшилдаг Өөгий гэгчийнд нь амьдруулж сургууль соёлд оруулах байх. Гэвч тэдний гэр бүлтэй ойр дотно байгаагүй хүүхдүүдтэй нь таарч тохирч амьдарна гэхэд хүндрэлтэй санагдаж ганц охиноос үлдсэн хүүхдүүдээ урьд өмнө дотно байгаагүй хүмүүсийн асрамжид байлгана гэхэд сэтгэл зовж шаналж байна. Иймд С.Үз-г А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоосон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүхэд гаргасан тайлбартаа: 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нэг талаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Г.Д, нөгөө талаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Б.Б, С. Ү нар тус сумын 2 дугаар багийн харьяат 9 настай А.З, 6 настай А.М нарын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасан. Хүсэлтийг бүртгэн авч хуульд заасны дагуу талуудаас бичиг баримтыг бүрдүүлэн авч 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжаар иргэн С.Ү-г А.З, А.М нарын асран хамгаалагчаар тогтоосон. Гэр бүлийн тухай хуульд асран хамгаалагч нь эд хөрөнгийн бололцоотой төрөл садан буюу төрөл садан бус хүний зөвшөөрлийн нь үндэслэн асран хамгаалагчаар тогтооно гэж заасан байдаг. Хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын үеэр өөрсдөө аавын нь ээж, аав болох Б.Ба, С.Ү нартай хамт байхыг хүссэн тул хүүхдүүдийн хүсэлт, талуудын эдийн засгийн боломж бололцоог харгалзан гэр бүлийн тухай хуулийн 69, 72 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хүүхдүүдийн асран хамгаалагчаар аавын нь ээж, хүүхдүүдийн эмээ С.Ү-г тогтоосон. Б.Б-н гэр бүл нь эдийн засгийн боломж бололцоогоор илүү өвөө Б.Б нь Батцэнгэл сумын Эрүүл мэндийн төвд галч хийдэг, тогтмол орлоготой, мөн тус өрх нь бод, бог нийлсэн 500 орчим толгой малтай, эмээ С.Ү нь тэтгэвэртээ гарсан гэртээ байдаг, малынхаа сүү, цагаан идээг зарж нэмэлт орлого олдог, сумын төв дээр болон хөдөө өөрийн гэртэй, өвөлдөө хүүхдүүдтэй хамт сумын төв дээр амьдрах, харж хандах бүрэн боломжтой тул өөрсдийн нь хүсэлтийн дагуу асран хамгаалагчаар тогтоосон. Г.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Зээ охиноосоо миний охин өвөөгийндөө ямар байна гэхэд өвөө архи уудаг, эмээ аашилдаг хэцүү байсан тухайгаа ярьдаг байсан..." гэсэн нь хүүхдүүдтэй хийсэн уулзалтын үеэр “Өвөө Б, эмээ Ү нар нь архи уудаггүй, тамхи татдаггүй” тухай хэлсэн, мөн эмээ Г.Д нь “хуучин сургуулийн нь үйлчлэгч нартай архи уудаг, 9 настай зээ охин А.З-г дагуулан эмэгтэй жижүүрийн гэрт очиж архидаж байсан, эмээг уурлуулахаар дүүг цохидог, аав, ээж нь хааяа хөдөө явсан үед хүмүүсийг гэртээ авчраад архи уудаг аав ээждээ битгий хэлээрэй гэдэг..." гэх зэрэг мэдүүлгүүдийг үндэслэн Г.Д-г асран хамгаалагчаар тогтоовол хүүхдүүдийн эрүүл мэнд болон аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзсэн тул Г.Д-г асран хамгаалагчаар тогтоох боломжгүй гэж үзсэн. Дээрх үндэслэлүүдийн улмаас иргэн Г.Долгоржавын шүүхэд гаргасан Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3. Гуравдагч этгээд С.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.До-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний хүү Б.А нь 2026 оны 5 дугаар сарын 30-нд эхнэр хүүхдийн хамт явж байгаад авто осолд орж нас барсан. Тийм учир төрсөн хүү Б.А-н хүүхдүүд болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р багийн харьяат 9 настай А. З, 6 настай А.М нарын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад гарган өгсөн. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Т.Г-н 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 тоот захирамжаар, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат С.Ү намайг Эрдэнэбулган сумын харьяат А.З, А.М нарын асран хамгаалагчаар тогтоосон. Энэхүү засаг даргын захирамж нь хууль зүйн үндэстэй зөв зүйтэй, үйл явдлыг зөв тогтоож шийдвэрлэсэн хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон. Учир нь Миний хүү болох Б.А нь 2019 оны 7 дугаар сард бэр болох Б.М-тай гэр бүл болсон. Том охин болох А.З нь тусдаа гарахаас өмнө 2016 оны 8 сард төрсөн. Ээж нь төгсөх курсийн оюутан байсан тул 2017 оны 8  дугаар сард охин А.З-г хөдөө харахаар болж аав болох Б.А, өвөө Б.Б, эмээ С.Ү нар нь ой хүрч байгаа ач охиноо Батцэнгэл сумын Цац багийн Бор үзүүр гэх газар харж өсгөсөн. 2018 онд ээж нь сургуулиа төгсөөд Зүүхэнд ажилд орсон тул 2018-2019 оны намар гэр бүл болтол нь охиныг харж өсгөж өгсөн. 2019 оны 7 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сар болтол 2 жил гаран манай хажууд хөдөө мал маллан амьдарч байгаад 2021 оны 9 дүгээр сард бэр ажилдаа орж, хүү ч удалгүй Нэгдсэн эмнэлэгт ажилд орж Архангай аймаг руу нүүсэн гэр бүл болон хөдөө амьдрах хугацаанд бага охин А.М 2020 оны 8 дугаар сард төрж нялх байхаас нь хамт өсгөлцөж ажилд ороход нь 1 настай ач охин А.М-г эмээ нь болох С.Ү, өвөө нь болох Б.Б бид 2 хөдөө авч үлдсэн. Энэ хугацаанд эцэг, эх нь амралтаараа ирдэг байсан. Том ач охин А.З сургуульд орох нас нь болж байсан тул цэцэрлэгт явуулахаар болж Батцэнгэл суманд миний том охин болох Б.Л-д байж Хүүхдийн цэцэрлэгт сурдаг байсан. 2022 онд том ач охин А.З Архангай аймагт 3 дугаар сургуулийн 1 дүгээр ангид орж, бага ач охин А.М цэцэрлэгт орсон. Жаахан байхаасаа хамт байсан болохоор манай талд элэгтэй бид ч хоёр ач охидуудаа нялх байхаас нь өсгөсөн болохоор хайртай байдаг. Тийм ч учир долоо хоногийн амралтаар байнга ирдэг. Өвлийн амралт, зуны амралтаар хөдөө ирж бидэнтэй байх дуртай. Эцэг эх нь амралтын үеэр хүүхэд харах хүнгүй гэрт нь хоёуланг нь үлдээхээр санаа зовоод байх юм. Г. Д эмээг нь хараад өг гэхээр дургүйлхдэг танай хүүхдийг харахаар би ажлаа хийж чадахгүй орлогогүй болчихно гээд уурладаг. Хичээлийн бус цагаар хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн үед хүүхдүүдээ байнга камераар хянаж хардаг байсан. Зарим тохиолдолд аав нь сургалтад суух, томилолтоор явах үед нь манай бага охин Б.М хичээлээсээ чөлөө авч очиж хардаг. С.Үзмээ миний бие хаяа очиж 2 охиныг хичээлд нь зөөх, сургалтад хүргэж өгч авдаг байсан. Өвөө нь болох Б.Б нь Батцэнгэл суманд Эрүүл мэндийн төвд галчаар ажилладаг, тогтмол орлоготой, мал хөрөнгөтэй. Эмээ нь болох С.Ү тэтгэвэрт гарсан мал малладаг. Өөрийн төрсөн хүүхдүүд том болж тусдаа гарсан тул хүүгийн минь хоёр охин А.З, А.М нарыгаа тав тухтай, амгалан тайван орчинд өсгөх, ээнэгшин дассан орчин, анги хамт олноос нь салгахыг хүсээгүй тул хоёр охиныхоо төлөө Архангай аймагт хүүхдүүдээ харан амьдрах шийдвэр гарган том охин А.З-г хуучин сурч байсан 3-р сургуульд, бага охин А.М 1-р ангид орж байгаа тул гэртэй нь ойр спорт сургуульд суралцуулахаар шийдвэр гарган хичээлд нь явуулан байнга хүргэж өгч хичээлээс нь авч байна. Цаашдаа хоёр хүүхдийн боловсролд анхаарч төлбөртэй сонгон дугуйланд явуулах бодолтой байна. Мөн хоёр ач охиныхоо ирээдүйд нь зарцуулахаар тэтгэмжийн мөнгө, хүүхдийн мөнгийг нь хадгаламжид хийн хадгалж байгаа. Том охин А.З, бага охин А.М нар нь өвөө эмээгээсээ салдаггүй байнга хамт байдаг. Намайг орхиж болохгүй шүү би та хоёртой л хамт байхгүй бол амьдарч чадахгүй шүү цуг л байна гэж байнга хэлдэг болохоор хоёр хүүхдээсээ холдож чадахгүй сэтгэл үнэхээр эмтэрч байна. Бэр Б.М-н ээж Г.Д нь үсчнээр ажилладаг, тэтгэвэрт гарах нас нь болсон боловч жил гүйцээгүй гэдэг шалтгаанаар тэтгэвэрт гараагүй. Үсчин хийж өдрийн орлогоороо амьдардаг, тогтмол орлогогүй, ажлын ачаалал их байдаг тул 2 хүүхдийг хичээл сургуульд зөөх, авах боломж байхгүй мөн архи дарс уудаг. Хэд хэдэн удаа бурхан болооч хоёр хүүхдэд агсан тавьж, хашаанаасаа хөөдөг байсан. Том охин А.Золзаяаг осол болохоос долоо хоногийн өмнө дагуулж айлд очин архи дарс ууж нэлээд оройтсон байсан энэ нь өмнө хэд хэдэн удаа давтагдаж байсан. Эмээ гэртээ хүмүүс авчирч архи уудаг гэж 2 охин хэлсэн. Догоо эмээтэй байхад хэцүү байнга загнадаг, бид хоёрыг хаяа цохидог, гэртээ тоглуулдаггүй. Эмээгийн ажил дээр очихоор хэцүү байдаг учраас том охин нь гэр рүүгээ ганцаараа явчихдаг. Бид 2 Догоо эмээтэй байхгүй гээд уйлсан. Том охин А.Золзаяа авто осолд ороод хэвтрийн дэглэм барих шаардлагатай байсан тул эмээгийнх нь гэрт нь ор засаж хэвтүүлэхэд Догоо эмээ нь битгий хэвтээд бай ор дэрээ зас, гэрээ цэвэрлэ гэж загнасан, эмээгийнд байхгүй гэртээ байна гээд гэртээ орж ирэн хэвтсэн. Бага охин А.М-г огт анхаараагүй. Ажил явдал дууссаны дараа охины хөл, толгойг үзүүлж хэд хэдэн удаа эмнэлэг орсон боловч ажилдаа явлаа гээд гараад явчихдаг байсан. Нэг ч удаа эмнэлэгт үзүүлж байгаагүй. Ажил дээр нь очиж уулзахад том охин А.З-г хамт ажилладаг ажилчдын хамт загнаж, тэнд байсан үйлчлүүлэгчдийг огт тоохгүй хамт орсон өвөө болох Б.Б-г хамтад нь загнасан. Мөн хоёр ач охин маань Г.Д эмээтэйгээ хамт байснаар хараа хяналт бага, аюулгүй орчинд өсөн торних боломж дутмаг, цаашлаад настай хүнтэй цуг хоёр охин хүүхэд байдаг гээд дээрэлхэлд явагдах магадлалтай. Өмнөх шигээ архи, дарс ууж, агсан согтуу тавих, гэртээ хүн авчирч 2 охиныг айлган ичээх вий гэж санаа зовж байна. Эмээг нь эзгүйд 2 хүүхдийг хэн нь харж хандах тал дээр дутмаг санагдаж байна. Иймд бидний зүгээс хүүгийн минь гал голомтыг сахиж үлдсэн 2 охиныг нь хүний зэрэгтэй хүн болгож, эрдэм номтой, биеэ даах чадвартай болтол нь харж хандан өсгөхийг хүсэж байна. Бид хоёроос гадна талийгаач хүүгийн маань эгч, 2 дүү нь бүх тал дээр нь туслан дэмжиж хамтран өсгөлцөнө. Тийм учир 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжаар миний бие С.Ү-г асран хамгаалагчаар тогтоосон нь хуулийн үндэслэлтэй зөв гэж бодож байна гэжээ.

 

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулиар асран хамгаалагч нь эд хөрөнгийн бололцоотой, төрөл садан хүний зөвшөөрлийн үндсэн дээр асран хамгаалагчийг томилно гэсэн байдаг. 2 талын бүрдүүлсэн баримтыг үзэхэд, нөхцөл байдлын үнэлгээгээр 2 хүүхдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангаж чадах бололцоотой гэсэн байсан. Г.Д эмээ нь үсчин хийдэг. Түүнээс гадна ямар нэг орлогогүй хүн байсан. Нөгөө тал өвөө галч хийдэг, цалинтай, эмээ тэтгэвэр авдаг. Мөн малынхаа сүү, цагаан идээг зарж, борлуулж нэмэлт орлого олдог. Бод, бог нийлсэн 500 орчим малтай гээд эдийн засгийн боломж бололцоо тал дээр энэ тал нь илүү байсан. Хүүхдүүдтэй уулзаж ярилцлага хийх үеэр сая хэлж байна. Архи уудаг, дүүтэйгээ маргалдах үед цохиж, зодох үе байдаг. Гэртээ тоглуулдаггүй. Аймгийн төв дээр найз нөхөд байхгүй. Хөдөө н.Б өвөөгийндөө бол найз нөхөдтэйгөө тоглоод гоё байдаг гэж ярьж байсан. Хүүхдүүдийг Г.Д эмээгийн асрамжид өглөө гэхэд эмээ нь үсчний ажлаа хийдэг хүн чинь хүүхдүүдийг харж хандах тал дээр цалгардах юм болов уу гэж бодсон. Заримдаа хүүхдүүд нь эмээгийнхээ ажил дээр өнжих үе байдаг гэсэн. Хэрвээ эмээ нь хүүхдүүдээ хараад гэртээ сууна гэхээр ажлаа хийж чадахгүй, орлого нь тасалдана. Ингэхээр хүүхдүүдийн амьжиргаанд шууд нөлөөлнө. Хажуугаар нь гэртээ хүн авч ирж архи уудаг гэж ярилцлагын үеэр хэлсэн. Ингэхээр согтуу, биеэ хянаж чадахгүй болсон хүн ямар ч ааш аяг гаргаа билээ. Эрүүл мэнд болоод амь насанд нь ч эрсдэлтэй байдал үүсэж болзошгүй гэж үзсэн учраас Г.Д эмээг нь асран хамгаалагчаар томилох боломжгүй гэж үзсэн. Хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах талаас нь мөн хүүхдүүдийн наад захын хэрэгцээ шаардлагыг хангах эдийн засгийн боломж бололцоо гэсэн талыг хараад С.Ү эмээг нь асран хамгаалагчаар тогтоосон. Өвөө нь байнга ажилтай байдаг болохоор хүүхдийн сургууль, цэцэрлэгийн янз бүрийн асуудлыг хөөцөлдөхөд эмээ нь зав чөлөөтэй хүүхдүүдээ хараад байх боломжтой гэж С.Ү эмээг тогтоосон. Г.Д гуайтай нийгмийн ажилтан ярилцлага хийсэн. Тэмдэглэл нь материал дотор байдаг. Ярилцлага хийгээгүй гэж үзэхгүй гэв.

 

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засаг даргын захирамж хэт нэг талыг барьж, нөгөө тал нь эдийн засгийн хувьд боломжтой, өвөө нь ажилтай, эмээ нь залуу, Г.Д-н хувьд архины хамраалтай гэж бичигдсэн байдаг. Засаг даргын захирамж нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн. Багийн нийгмийн ажилтан Г.Д-д очоод ярилцлага авч гэр орны нөхцөл, боломжийн ажилтай төрөлтэй, аятай тохитой байна гэдгийг хэлсэн байдаг. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгож шийдэж өгнө үү гэв.

 

3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Асран хамгаалагч тогтоох талаар 3 хүн Эрдэнэбулган сумын Засаг даргад хандсан үйл явдал байдаг юм билээ. Үүн дээр захиргаанаас өөрийн эрх хэмжээнд заагдсаны дагуу судалгаа хийж, нотлох баримт бүрдүүлж С.Ү-г асран хамгаалагчаар тогтоосон байдаг. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамж, орон нутгийн хамтарсан баг, хүүхэд гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээнд судалгаа хийж, тодорхой нотлох баримт бүрдүүлээд, хамгийн гол зүйл нь хүүхдүүдийн хүсэл зоргыг хангаж шийдвэрлэсэн шийдвэр гарсан. Маргаан бүхий захирамж Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэрийн үндэслэл байх зарчимд нийцсэн бөгөөд мөн хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт бүрдүүлэх, сонсох ажиллагаа явуулах зэргээр холбогдох ажиллагааг явуулсан. Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3.-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. Асрамжийн асуудлаар нэхэмжлэл, гомдол гаргаад байгаа бол энэ Захиргааны хэргийн шүүхийн шийдэх асуудал биш. Засаг даргын захирамж Г.Д-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн зүйл харагдахгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.7. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч Г.Д-тай уулзсан ярилцлагын тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа хийх ёстой дараалал алхам байгаа. Энэ процессын ажиллагаануудыг хийсэн байдаг. Хамгийн түрүүнд судалгаа, нөхцөл байдлын үнэлгээнүүдийг тус тусын Хүүхэд гэр бүл хөгжлийн байгууллагын ажилтан, нийгмийн ажилтнууд тус бүр нөхцөл байдлыг үнэлсэн байдаг. Дараа нь Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар хүүхэд өөртөө хамааралтай асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, саналаа хэлэх эрхтэй. Мөн Гэр бүлийн тухай хуульд зааснаар 7 насанд хүрсэн хүүхдээс саналыг нь авсан байдаг. Маргаан бүхий актын үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, мөн хүүхдийн төрөл садангийн хүний бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээн асран хамгаалагчийг тогтоох гэсэн хуулийн заалтыг баримталсан. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.3-т заасан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаар хүүхдийн өөрийнх нь саналыг авсан юм байна. Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлын талаарх баримтыг цуглуулсан юм байна. Мөн хамтарсан багийнхан нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна. Талуудад сонсох ажиллагааг хийсэн. Хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлт гаргасны дагуу сонсох ажиллагаа хийсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:

 

Нэг. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн болон бодит үндэслэлийн тухайд

1.1. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1., 63.2., 69 дүгээр зүйл, 72 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгон С.Үз-г А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

 

Хоёр. Хэргийн тогтоогдсон үйл баримтын тухайд

2.1. Б.А, Б.М нар 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2016 онд А.З, 2020 онд охин А.М нар төрсөн. (Хавтаст хэргийн 28 дахь тал, 29 дэх талын ар хэсэг)

2.2. Б.А 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Б.М 2026 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 27 дахь талын ар хэсэг)

2.3. Иргэн Б.Б, С.Ү, Г.Д нараас 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад хандаж “А.З, А.М нарын асран хамгаалагчаар тогтоолгох” хүсэлт гаргажээ. (Хавтаст хэргийн 27, 57, 103 дахь тал)

2.4. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Хүүхэд гэр бүлийн эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, тэдний гэр бүлд хариу үйлчилгээ үзүүлэх хамтарсан багийг сум, багийн бүрэлдэхүүнд сумын хамтарсан багийн ахлагчаар сумын Засаг дарга, нарийн бичгээр Сумын Хүүхэд, гэр бүл, хамгаалал хариуцсан мэргэжилтэн, гишүүд багийн Засаг дарга нарын төлөөлөл, аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, аймгийн Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, “Бор тагшны бодол" ТББ, багийн хамтарсан багийн ахлагч багийн Засаг дарга, нарийн бичиг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын нийгмийн ажилтан, аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, багийн нийгмийн ажилтан, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан болон СӨБ арга зүйч” гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. (Хавтаст хэргийн 102 дахь тал)

2.5. Б.Б С.Ү нарт холбогдох гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, Г.Долгоржавт холбогдох гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус тус хийжээ. (Хавтаст хэргийн 37-41, 59-63 дахь тал)

2.6. Нөхцөл байдлыг тодруулах зорилгоор 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, С.Ү А.З А.М нартай ярилцлага хийж, тэмдэглэл үйлдсэн байна. (Хавтаст хэргийн 89-91 дэх тал)

2.7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1., 63.2., 69 дүгээр зүйл, 72 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгон С.Үз-г А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоож шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 3 дахь тал)

 

Гурав. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Эрдэнэбулган сумын засаг даргын дээрх шийдвэр нь хэт нэг талыг барьсан хүүхдүүд өмнө хаана хэн хэнтэйгээ амьдарч байсан. Аав ээжийнхээ аль талд нь илүү ээнэгшин дассан, хэнтэй нь илүү дотно харьцаатай байсан зэргийг сайтар шалгаж тогтоогоогүй ашиг сонирхлын зөрчилтэй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй...” гэж тайлбарлаж байна.

3.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... Хүүхдүүдтэй хийсэн ярилцлагын үеэр өөрсдөө аавын нь ээж, аав болох Б.Б, С.Ү нартай хамт байхыг хүссэн тул хүүхдүүдийн хүсэлт, талуудын эдийн засгийн боломж бололцоог харгалзан гэр бүлийн тухай хуулийн 69, 72 дугаар зүйл, 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хүүхдүүдийн асран хамгаалагчаар аавын нь ээж, хүүхдүүдийн эмээ С.Ү-г тогтоосон...” гэж тайлбарлажээ.

3.3. Гуравдагч этгээд С.Ү “... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 тоот захирамж хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр...” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан.

3.4. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:” гээд, 3.1.5.-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;” гэж, 3.1.6.-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;” гэж, 63 дугаар зүйлийн 63.1.-д “Дараахь хүнийг асран хамгаална” гээд 63.1.1.-д “бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;” гэж, 67 дугаар зүйлийн 67.1.-д “Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно:” гээд, 67.1.1.-д “эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;” гэж, 71 дүгээр зүйлийн 71.1.-д “Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ:” гээд, 71.1.1.-д “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;” гэж тус тус заажээ.

            3.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эрх хэмжээ сумын Засаг даргад олгогдсон байх бөгөөд тэрээр эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргана.

            3.6. Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь А.Мөнхзаяа, А.Золзаяа нарын асран хамгаалагч тогтоосон 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 67, 71 дүгээр зүйлээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамаарч байх тул эрх хэмжээний хамаарал зөрчигдөөгүй байна.

            3.7. Нөгөөтээгүүр холбогдох шийдвэрийг гаргахдаа захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

            3.8. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.” гэж заажээ.

            3.9. Гэр бүлийн тухай хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох эрх хэмжээг сумын Засаг даргад олгосон боловч Засаг дарга нь захиргааны байгууллагын болохын хувьд холбогдох шийдвэрийг гаргахдаа баримтлах журмыг тухайлан зохицуулаагүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 24-28 дугаар зүйлд заасан журмыг баримтлахаар байна.

            3.10. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1., 24.4., 25 дугаар зүйлд зааснаар асран хамгаалагч тогтооход шаардлагатай бодит нөхцөл байдлыг тогтоож, тухайн шийдвэрийг гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

3.11. Өөрөөр хэлбэл асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлсэн байна.

            3.12. Тодруулбал захиргааны байгууллагын зүгээс асран хамгаалагч тогтооход шаардлагатай гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээг иргэн С.Ү болон Г.Д-т холбогдуулан хийж, ярилцлагын тэмдэглэл хөтөлж баримтжуулжээ.

3.13. Нийгмийн ажилтан Д.Н Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багт иргэн Б.Б, С.Ү нарт холбогдуулж гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийжээ.

            3.14. Дээрх гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд “...өдрийн физиологийн хэрэгцээгээ хангах хоол тэжээлийг иддэг, улиралд тохирсон хувцас хэрэглэлтэй, сумын төв болон хөдөө байшинтай, зуслан дээрээ гэртэй, гэрийн орчин нөхцөл эмх цэгцтэй, эрүүл аюулгүй, хүүхэд амьдрахад тав тухтай цэвэр цэмцгэр байна. Аавын ээж С.Ү өндөр насны тэтгэвэрт хамрагдсан хувиараа мал маллаж сүү цагаан идээг зун боловсруулж зарж орлого олдог. Өвөө Б.Б ЭМТ-д галч хийдэг. Тогтмол орлоготой учир бусад халамжийн үйлчилгээ шаардлагагүй. Гэр бүлийн харилцаа хүндэлж хайрласан, аливаа зүйлд эерэг нухацтай ханддаг хүмүүс болох нь нөхцөл байдлын үнэлгээ хийх явцад ажиглагдав. Хүүхдүүд хоорондоо эвтэй найрсаг халамжилсан байдалтай. Архи тамхи мансууруулах бодисын төрлийн зүйл хэрэглэдэггүй. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийхэд Б.Б гэх айл нь эерэг уур амьсгалтай хорт зуршил хэрэглэдэггүй хоёр хүүхдийг хайрлаж халамжилсан санаа тавьж байгаа нь мэдрэгдэв. А.З А.М хоёртой яриа өрнүүлэхэд аавынхаа аав ээж хоёр дээр байр хүсэлтэй байгаагаа хэлэв. Энэхүү айл нь амьдралын бололцоотой хоёулаа сард тогтмол орлоготой учир асран хамгаалахад бүрэн боломжтой. Дахин гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх шаардлагагүй...” гэсэн байна. (Хавтаст хэргийн 37-40 дэх тал)

3.15. Д.Н-н 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн илтгэх хуудаст “Хүүхдүүд одоо хамт амьдарч буй өвөө эмээ болох Б.Б, С.Ү нарын хажууд эрсдэлт хүчин зүйлгүй , эрүүл аюулгүй, цэвэр цэмцгэр орчин нөхцөлд, хувцас, хоол ундны хэрэгцээ хангагдсан тайван амгалан байна. Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийх үедээ хоёр хүүхэдтэй ярилцаж үзэхэд аавынхаа аав ээж хоёр дээр байх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Аавын аав ээж болох Б.Б, С.Ү нар нь сарын тогтмол орлоготой, өөрсдийн нэр дээр малтай амьдралын түвшин сайн айл байна. Хөдөө болон сумын төвд хоёуланд нь тохилог дулаахан, цэвэр цэмцгэр, гэр болон байшингуудтай, хувийн машин техниктэй учир хүүхдүүд хичээл сургуульд явахдаа хаана байх, хүргэж өгөх гэх мэт тал дээр санаа зовох зүйлгүй өвөө болох Б ЭМТ-д ажилладаг, эмээ С.Ү тэтгэвэрт гарсан учир хоёр хүүхдийг хичээл сургуульд зөөх халамж анхаарал тавихад илүү гэж үзэж байна...” гэжээ. (Хавтаст хэргийн 41 дэх тал)

3.16. Нийгмийн ажилтан Д.М, Г.А нар Г.Д-т холбогдуулан 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хийсэн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээнд “...гэр бүлийн сарын орлогын хэмжээ 2,500,000-3,000,000 төгрөг, өрхийн үндсэн хэрэгцээ нь хангалттай хүүхэд амьдрах таатай орчинтой боломжтой өрх, гэр хороололд амьдардаг, цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй. Г.Д-н гэрт үнэлгээ хийхэд хүүхэд амьдрах орчин аюулгүй байдал бүрдсэн. Хүүхдийн хамгийн ойрын дотно хүн байна...” гэж тусгагдсан байна. (Хавтаст хэргийн 59-61 дэх тал)

3.17. Г.Д нь А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх бөгөөд захиргааны байгууллагын зүгээс асран хамгаалагч тогтоох зорилгоор ярилцлага хийсэн байна. (Хавтаст хэргийн 57-58, 103 дахь тал)

3.18. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар С.Ү-г А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоох захирамжийг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Г.Д-т холбогдох захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

3.19. Дээрхийн нэгтгэн үзвэл Захиргааны байгууллага Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

3.20. Маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамж материаллаг эрх зүйн шаардлагыг зөрчөөгүй буюу эрх зүйн үндэслэлтэй.

3.21. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж, Арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “... гэр бүл, эх нялхс, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гээд, 4.2.1.-д “хуульд үндэслэх” гэж, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д “Дараахь хүнийг асран хамгаална:” гээд, 63.1.1.-д “бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;” гэж, 63.2.-т “Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.” гэж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д “5.1.Хүүхэд хамгаалалд дараах зарчмыг баримтална:” гээд, 5.1.5.-д “төр хүүхдийг хамгаалахдаа хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах;” гэж, 4.1.4."эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд" гэж дараах хүүхдийг ойлгоно:” гээд, 4.1.4.в.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй хүүхэд;” гэж, 39 дүгээр зүйлийн 39.2.-т “39.2.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхэд хамгааллын асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:” гээд, 39.2.6.-д “39.2.6.хуульд заасан бусад чиг үүрэг.” гэж тус тус заажээ.

3.22. Б.А, Б.М нар 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2016 онд А.З, 2020 онд охин А.М нар төрсөн. (Хавтаст хэргийн 28 дахь тал, 29 дэх талын ар хэсэг)

3.23. Б.А 2026 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, Б.М 2026 оны 6 дугаар сарын 7-ны өдөр нас барсан болох нь нас барсан байна. (Хавтаст хэргийн 27 дахь талын ар хэсэг)

3.24. А.М, А.З нарын тухайд эцэг Б., эх Б.М нар нь нас барж бүтэн өнчин үлдсэн буюу асран хамгаалагч тогтоох шаардлага үүссэн байна. Өөрөөр хэлбэл хүүхэд А.М, А.З нарт эрсдэлт нөхцөл байдал үүссэн гэж үзнэ.

3.25. Иргэн С.Ү, Г.Д нар нь дээрх нөхцөл шалтгааны улмаас бүтэн өнчин үлдсэн А.М, А.З нарын асран хамгаалагчаар тогтоолгох хүсэлтээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргаж, захиргааны байгууллагаас холбогдох ажиллагааг явуулсны эцэст Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжаар А.М, А.З нарын асран хамгаалагчаар С.Ү-г тогтоожээ.

3.26. Төр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хамгаалахдаа хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах зорилгод хүрэхэд зайлшгүй, тохирсон арга хэмжээ авах хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж А.М, А.З нарын асран хамгаалагчаар С.Ү-г тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

3.27. Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйлд заасан асран хамгаалагчаар тогтоож болохгүй гэж үзэх үндэслэл иргэн С.Ү-н тухайд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

3.28. Маргаан бүхий дээрх захирамж хуульд үндэслэх зарчмыг баримталсан байх бөгөөд Үндсэн хуулийн зохицуулалтад нийцсэн, Гэр бүлийн тухай хуулийн 63, 67, 71 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.29. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд, 106.3.1.-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж заажээ.

3.30. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд маргаан бүхий Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамж нэгдүгээрт хууль бус байх, улмаар нэхэмжлэгчид хууль, хэм хэмжээний актаар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх нөхцөл бүрдсэн тохиолдолд л шүүхээс захиргааны актыг хүчингүй болгоно.

3.31. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамж хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн Гэр бүлийн тухай хууль болон бусад хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байна.

3.32. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Д-н Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Дөрөв. Бусад асуудлын тухайд

4.1. Гэр бүлийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т “Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн нь сум, дүүргийн Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй.” гэж заажээ.

4.2. Иргэн Г.Долгоржавын тухайд асран хамгаалагчийн үйл ажиллагаатай холбогдуулан сумын Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

4.3. Хүүхдийн асрамжийн асуудлаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол, мэдээлэл, нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхэд шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14., 106.5.-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5., Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1., 71 дүгээр зүйлийн 71.1.1.-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Д-с хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/128 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА