| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04903/И |
| Дугаар | 191/ШШ2025/04551 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04551
2025 05 20 191/ШШ2025/04551
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээнд заасан үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээнд заасан үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ХХК, иргэн нар нь ******* кредит ******* ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, мөн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,3 хувийн хүүтэй, 2019 оны 08 сарын 07-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Зээлийн барьцаанд миний өмчлөлийн орон сууцыг барьцаалахаар 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г В.******* надтай байгуулсан.
Зээлдэгч нарын зээлийн төлөлт хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүрэг гэрээнд заасан хугацаанд биелэгдэх боломжгүй болмогц ******* кредит ******* ХХК-ийн зүгээс барьцааны зүйлийг зээлээ төлж дуусах хүртэл хугацаанд манай өмчлөлд шилжүүлж өг хэмээн үргэлж шаардаж, дарамталсан бөгөөд аргагүйн эрхэд миний бие бусдын зээлийг төлж дуусах хүртэл өөрийн өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл төлбөр болох 107,718,134 төгрөгийн зээлийн үнийн дүнд дүйцүүлэн орон сууцны өмчлөх эрхийг ******* кредит ******* ХХК шилжүүлж, ийнхүү шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээ байгуулж дээрх 107,718,134 төгрөгийг төлж шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон.
Талуудын хэн аль нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл сонирхол байгаагүй, худалдагч нь орон сууцны бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч нь үнийг төлөөгүй ба ХХК, иргэн нарын зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээг байгуулсан.
Зээлдэгч талаас буцаан худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 107,718,134 төгрөгийг төлж өөрийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах гэтэл манай өмч тул 150,000,000 төгрөгөөр зарна хэмээн шилжүүлж өгөхөөс татгалзсаар байгаа ба орон сууцыг чөлөөлж өг гэж шаардахын сацуу орон сууцны цоожны голыг сольж, чөлөөлж өг хэмээн өөрийн ажилтнаа өдөржин гадаа зогсоож байна.
Иймд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний 4.1.2-т заасан үүргээ биелүүлж орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний дагуу буцаан шилжүүлэх үүрэг дуусгавар болсон. "******* ******* ******* ХК нь В.*******той 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээгээр орон сууцыг 109,955,889 төгрөгөөр үнэлэн орон сууцны өмчлөх эрхийг ******* ******* ******* ХК-д шилжүүлэх, ******* ******* ******* ХК нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ/110013000373 дугаартай зээлийн гэрээний дагуу 30,795,217 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын өдөр байгуулсан ЗГ/110013009696 дугаартай зээлийн гэрээний дагуу 49,531,739 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан ЗГ/110013043179 дугаартай зээлийн гэрээний дагуу 27,391,178 төгрөгийн төлбөр төлөх үүргийг дуусгавар болгосон.
Нэхэмжлэгч В.*******ийн орон сууцыг зээлийн төлбөрт тооцон өмчлөл шилжүүлэх тухай өргөдлийг бичгээр гаргасан бөгөөд холбогдох бусад баримтад өмчлөгч ******* ******* ******* ХК болсон.
Мөн В.*******ийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх буцаан худалдах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-т ******* ******* ******* ХК оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг худалдагчийн хүсэлтээр хүлээсэн болно, 3.1-т Үл хөдлөх хөрөнгийг буцаан үнэ нь амлалтын үүрэг хүлээсэн хугацаанаас хамааран энэхүү гэрээний 1.2.1 дэх заасан үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдах үнэ Хавсралт 1-д заасны дагуу байна, 4.1.1-т Энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд Худалдан авагч үл хөдлөх хөрөнгийг буцаан аваагүй буюу амлалтын хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч нь өмчлөгчийн хувьд эрхийнхээ дагуу 1.2-т заасан үл хөдлөх хөрөнгийг бүрэн захиран зарцуулах худалдах эрхтэй болно гэж тус тус заасан.
Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан гүйцэтгэнэ гэж заасны дагуу ******* ******* ******* ХК болон В.*******той байгуулсан гэрээний дагуу орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэх үүрэг дуусгавар болсон байна.
Нэхэмжлэгч В.******* нь манай компанид холбогдуулан уг үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн үр дагавар үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэхэд чиглэсэн байсан бөгөөд уг нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00946 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00934 тоот магадлалд тухайн гэрээний хугацаанд аваагүй талаар дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй болохыг тогтоосон байхад дахин шүүхэд үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан гэрээний дагуу шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь зориуд үл хөдлөх хөрөнгийн зарцуулах өмчлөгчийн эрхийг хязгаарлах зорилготой үйлдэл байна.
Иймд дээрх үндэслэлээр В.*******ийн гаргасан Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах 4.1.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2024/15565 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00934 дугаар магадлалын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00946 дугаар шийдвэрийн хуулбар, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийг шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 001/ШХТ2024/00911 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 110013000373 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110013000373 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 110013000373 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 110013009696 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110013009696 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 110013009696 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: миний бие бусдын зээлийг төлж дуусах хүртэл өөрийн өмчлөлийн орон сууцыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр зээлийн үлдэгдэл төлбөр болох 107,718,134 төгрөгийн зээлийн үнийн дүнд дүйцүүлэн орон сууцны өмчлөх эрхийг ******* кредит ******* ХХК-д шилжүүлж, ийнхүү шилжүүлснээр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба мөн өдөр Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 107,718,134 төгрөгийг төлж шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон.
Буцаан худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 107,718,134 төгрөгийг төлж өөрийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах гэтэл манай өмч тул 150,000,000 төгрөгөөр зарна хэмээн шилжүүлж өгөхөөс татгалзсан. Иймд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах гэрээний 4.1.2-т заасан үүргээ биелүүлж орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... В.*******ийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх буцаан худалдах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1-т ******* ******* ******* ХК оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг аливаа байдлаар шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг худалдагчийн хүсэлтээр хүлээсэн болно, 3.1-т Үл хөдлөх хөрөнгийг буцаан үнэ нь амлалтын үүрэг хүлээсэн хугацаанаас хамааран энэхүү гэрээний 1.2.1 дэх заасан үл хөдлөх хөрөнгийг буцаан худалдах үнэ Хавсралт 1-д заасны дагуу байна, 4.1.1-т Энэхүү гэрээний 2.1-т заасан хугацаанд Худалдан авагч үл хөдлөх хөрөнгийг буцаан аваагүй буюу амлалтын хугацаа дууссан тохиолдолд худалдан авагч нь өмчлөгчийн хувьд эрхийнхээ дагуу 1.2-т заасан үл хөдлөх хөрөнгийг бүрэн захиран зарцуулах худалдах эрхтэй болно гэж тус тус заасан. Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан гүйцэтгэнэ гэж заасны дагуу ******* ******* ******* ХК болон В.*******той байгуулсан гэрээний дагуу орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шилжүүлэх үүрэг дуусгавар болсон байна гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч В.******* нь *******кредит ******* ХК болон , ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018.07.20-ны өдрийн ЗГ/110013000373, 2019.03.29-ний өдрийн ЗГ/110013009696, 2019.08.07-ны өдрийн ЗГ/110013043179 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, *******кредит ******* ХК-тай 2018.07.20-ны өдөр БГ/110013000373, 2019.03.29-ний өдөр БГ/110013009696, 2019.08.07-ны өдөр БГ/110013043179 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ тус тус байгуулсан,
мөн В.******* болон *******кредит *******" ХК-ийн хооронд 2021.12.28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, В.******* өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг 109,955,889 төгрөгөөр үнэлэн *******кредит ******* ХК-д худалдаж, өмчлөлд нь шилжүүлэх, *******кредит ******* ХК 2018.07.19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 30,795,217 төгрөг, 2019.03.29-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 49,531,739 төгрөг, 2019.08.07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 27,391,178 төгрөгийн үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон талаарх үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2024/00946 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/00934 магадлалаар тус тус тогтоогдсон байна.
6. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаа болгож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбартай холбогдуулан эрх зүйн дүгнэлт дахин өгөх шаардлагагүй гэж үзлээ.
7. Зохигчийн хооронд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах гэрээ байгуулагдаж, маргаан бүхий орон сууцыг худалдан авагч 2022.12.28-ны өдрийг дуустал хугацаанд үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг аливаа байдлаар бусдад шилжүүлэхгүй байхаар амлаж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлэхгүй байх үүргийг худалдагчийн хүсэлтээр хүлээж, худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 6 дугаар сард 124,209,791.56 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сард 135,723,071.49 төгрөгөөр худалдан авах болзолтойгоор харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
8. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч буцаан худалдан авах гэрээний үнийг төлсөн бөгөөд эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг шаардах эрхтэй эсэх байна.
9. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д Худалдах, худалдан авах гэрээнд заасан бол худалдагч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхтэй бөгөөд худалдагчийн энэ эрх нь түүний хүсэл зоригоос хамааран хэрэгжинэ, 266 дугаар зүйлийн 266.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эд хөрөнгийг анх худалдсан үнээр буцаан худалдаж авна, 268 дугаар зүйлийн 268.1-д Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа нь таван жилээс хэтрэхгүй гэж тус тус зохицуулсан.
10. Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах гэрээний 2.1-д эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацааг 2022.12.28-ны өдрөөр тогтоож, буцаан худалдан авах үнийг гэрээний Хавсралт 1-д 2022 оны 6 дугаар сард 124,209,791.56 төгрөг, 2022 оны 12 дугаар сард 135,723,071.49 төгрөг байхаар харилцан тохиролцжээ.
11. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Үл хөдлөх хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 107,718,134 төгрөгийг төлж үл хөдлөх хөрөнгөө буцаан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 107,718,134 төгрөгийг төлж өөрийн орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах гэтэл шилжүүлж өгөхөөс татгалзсан гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч гэрээгээр тогтоосон хугацаанд эд хөрөнгийг буцаан худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээгээр тохиролцсон үнийг төлсөн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
12. Нэхэмжлэгч нь худалдсан эд хөрөнгөө худалдан авагчаас буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх нь түүний хүсэл зоригоос хамаарах хэдий ч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу буюу гэрээнд заасан хугацаанд, тохиролцсон үнээр буцаан худалдан авах үүрэгтэй.
13. Эд хөрөнгийг буцаан худалдан авах эрх хэрэгжүүлэх хугацаа 2022.12.28-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон үнийг төлсөн гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч өрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй.
14. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* кредит ******* ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч В.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч В.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 696,541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ
Шүүхийн шийдвэр:191/ШШ2025/04222