Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02174

 

 

 

 

 

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02174

 

 

 

 

Т.Ёнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02555 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Ёхариуцагч Ж.Г,Ц.Д, Н.Ч нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг Ж.Ггаар гүйцэтгүүлэх, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хотхон 53 дугаар байр, 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,Ц.Д, Н.Ч нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.А, хариуцагч Ж.Ггийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Ёшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2011 оны 08 сарын 22-ны өдрийн зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сансар хотхон, 53 байрны 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэх 35 000 000 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцож Ж.Ггаас худалдан авсан. Гэрээний дагуу сар бүр 750 000 төгрөг төлж бүрэн барагдуулсан ба гэрээ байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч байна. 2014 оны 07 сарын 31-ний өдөр дээрх орон сууц худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг аваагүй. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, зээлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 8.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах талаар зээлдүүлэгч Ж.Г, түүний эцэг Жадамба, тус орон сууцыг барьсан Н.Ч нартай удаа дараа холбогдоход айлган сүрдүүлж, зохисгүй харьцсаар ирсэн. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлэхийг Ж.Гд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2 дахь шаардлагын тухайд, Т.Ёндонжамц орон сууц худалдаж авахаар төлөвлөж байхдаа иргэн н.Жадамбатай танилцсан. Түүний эзэмшлийн газар дээр Н.Ч гэх иргэн барилга барьж байгаа бөгөөд уг барилгаас газрын төлбөрт хэд хэдэн орон сууцыг Жадамбад өгөхөөр тохиролцсон талаар хэлж, зээлээр орон сууц худалдаж авахаар гэрээ байгуулахаар болсон. Жадамба хөдөө ажлаар явдаг учир охин Ж.Гтай гэрээ байгуулаарай гэсэн тул Ж.Гтай гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлж дуусгахаар эрхийг шилжүүлнэ гэсэн. Гэтэл барилга барьсан иргэн Чинбат нь дээрх хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гэр бүлийн хүн болох Доржбадамын нэр дээр гаргуулсан. Иймд нэхэмжлэгч Т.Ёндонжамцыг Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сансар хотхон, 53 дугаар байрны 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргаж байна.

3 дахь шаардлагын тухайд: Орон сууцыг 2013 оны 10 сарын 03-ны өдөр Н.Чын өмчлөлд анх удаа өмчлөх эрх үүсгэн бүртгэж, 2016 оны 03 сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээрЦ.Дын өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн хувьд Ж.Гтай 2011 оны 08 сарын 22-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан зохих ёсоор төлбөрийг төлж барагдуулсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авч чадаагүй. Жадамба нь өөрийн эзэмшлийн газарт 5 давхар барилга бариулахаар иргэн Н.Чтай тохиролцож газрын төлбөрт Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Сансар хотхон, 53-р байрны 10 тоот, 11 тоот, 12 тоот байруудыг авсан ба Т.Ёндонжамц болон нэр бүхий 2 иргэнд зээлээр худалдсан. Гэтэл дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.Ч өөрийн нэр дээр гаргуулж, Нет Капитал ББСБ-аас зээл авч, зээлийн барьцаанд барьцаалсны улмаас гэрчилгээг авч чадаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах асуудлаар Г.Жадамба, Н.Ч болон тус байрны оршин суугчдын оролцсон хурлын протоколд Н.Ч нь дээрх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид зохих ёсоор шилжүүлэх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрч, зээл авахдаа барьцааны зүйл болгон бариулсан байгаа тул зээлээ төлж дуусмагц гэрчилгээг гаргуулж өгнө гэж мэдэгдсэн. Мөн хариуцагчЦ.Д нь Г.Жадамбад Айл тус бүр СӨХ-ны төлбөр болох 1 250 000 төгрөг болон нэр шилжүүлэхэд гарах 2 хувийн татварыг өөрсдөө хариуцвал эд хөрөнгө өмчлөх эрхийг зохих ёсоор шилжүүлэх агуулга бүхий мэдэгдлийг 2019 оны 08 сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Хариуцагч Н.Ч нь Г.Жадамбын өмчлөлд байх хөрөнгийг өөрийн нэр дээр гаргуулан авч, түүнийг барьцаалан зээл авах зэргээр ашиглаж, цаашлаадЦ.Дын нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн нь нэхэмжлэгчид хөрөнгийг шилжүүлэн өгөхгүй байх гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл байна. Мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, зохих этгээд болох Т.Ёзөвшөөрлийг аваагүй хийсэн хэлцэл байх тулЦ.Д, Н.Ч нарын хооронд байгуулагдсан 2016 оны 03 сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ггийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж 1б хэсэг, 53 дугаар байр, 12 тоотод байрлах орон сууцыг 2011 оны 08 сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөгийн урьдчилгаа авч, Т.Ёндонжамцад худалдсан. 2014 оны 07 сарын 31-ний өдөр тус байрны төлбөр дууссан. Нийт орон сууцны үнэ 55 000 000 төгрөгийг хүлээн авсан. Тухайн үед энэ байрыг өөрийн эзэмшлийн газар дээрээ 20 айлын орон сууц бариулж тэндээсээ н.Жадамба байрныхаа оронд баригдсан байр болон 53 дугаар байраас 10, 11, 12 тоотуудыг хүлээн авсан. Эдгээр 3 байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг иргэн Н.Ч,Ц.Д нараас гаргуулна.Ц.Д өөрөө өгнө гэсэн нотлох баримт байгаа. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг Ж.Ггаар гүйцэтгүүлэх тухай шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Ж.Г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргах боломжгүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ ньЦ.Дын нэр дээр байдаг тул уг нэхэмжлэлийн шаардлага хэрэгжих боломжгүй. н.Жадамбын газар дээр Н.Ч орон сууц барьж, 3 орон сууцыг н.Жадамбад шилжүүлж өгсөн. Үүний дагуу 1 орон сууц нь Т.Ёндонжамцад шилжсэн. Н.Ч 12 тоот орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн. Т.Ёндонжамц, Ж.Г нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг шударга хэлцлийн хүрээнд хийгдсэн. Тиймээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэх шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх шаардлагыг хариуцагч Ж.Ггийн зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ХариуцагчЦ.Дын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Ж.Г гэгч этгээдийг танихгүй. Ж.Г миний өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд биш. Т.Ёндонжамц нь орон сууцыг худалдаж авахдаа хэний өмчийн үл хөдлөх хөрөнгө болохыг мэдээгүй нь түүний өөрийнх нь хариуцлагагүйн асуудал. Учир иймд Т.Ёндонжамц өөрийнхөө эрсдлийг өөрөө хариуцна. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад хэлцэл хийж нотариатаар батлуулж, үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлсэн байх шаардлагатай. Т.Ёндонжамц орон сууц худалдаж авсны төлбөрийг Ж.Г гэгчид шилжүүлчихээд, хууль ёсны өмчлөгчЦ.Даас шаардах нь төөрөгдөл юм. Хэлцэл хийх эрхгүй этгээд Ж.Ггийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь хожим буюу өмчлөгчийн зөвшөөрлөөс шалтгаална. Ж.Г, Т.Ёндонжамц нарын үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хуулийн шаардлага хангаагүй. Иймд нэхэмжлэгч Т.Ёндонжамц нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болохыг нотлох шаардлагатай.  Зээлээр худалдах, худалдан авах хэлцэл хийх үед худалдагдаж байгаа хөрөнгө Ж.Ггийн өмч байсан тохиолдолд шинэ өмчлөгчид шилжинэ гэсэн хуулийн шаардлагыг тавих бололцоотой. Ж.Г нь бусдын өмчийг захиран зарцуулах итгэмжлэлтэй эрх бүхий этгээд биш ба дээр дурдсанаар гэрээний зүйл Ж.Ггийн өмч биш учир шаардах эрх үүсэхгүй. Мөн Ж.Г, Т.Ёндонжамц нар бусдын өмчийг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүй худалдаж, худалдан авч байгаа нь ойлгомжгүй. Хэрэгт цугларсан баримтаар 2013 онд иргэн Н.Ч маргааны зүйл болох ашиглалтад орсон барилгыг 2011 онд барьж байсан тухай ойлголт байж болохгүй. 2009 онд ашиглалтад орж улсын комисс хүлээн авсан барилга Т.Ёндонжамцад ямар ч хамаагүй. Ёндонжамц 2011 оны байдлаар баригдаж байсан барилгыг худалдаж авахаар тохирсон. Н.Ч ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийг Т.Ёнэр дээр шилжүүлж өгөх үүрэг хүлээсэн баримтгүй. Цаг хугацааны хувьд Ж.Г, Т.Ёндонжамц нарын гэрээний эрх үүрэгт 2011 оноос хойшхи үйл явцад хамааралтай байна. Г.Жадамбын хэлсэн гэх бариулж байгаа гэдэг нь ирээдүйд бий болох нөхцлийг заасан ойлголтод хамаарна. Г.Жадамба 2009 онд барьж дууссан орон сууц байгаа уг орон сууцыг худалдан авах талаар тохироогүй байхад Ж.Г тохиролцоог өөрийн дураар өөрчилж 53 байрны 12 тоотыг худалдсан нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчЦ.Даас юу шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Ч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Г,Ц.Д, Н.Ч нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг Ж.Ггаар гүйцэтгүүлэх, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хотхон 53 дугаар байр, 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,Ц.Д, Н.Ч нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Т.Ёндонжамцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Ёдавж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэн Г.Жадамба, хариуцагч Н.Ч нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Г.Жадамбын өмчлөлийн газар дээр Н.Ч орон сууц барьж, баригдсан орон сууцны 53 дугаар байрны 10, 11, 12 тоотуудыг Г.Жадамбад хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн болох нь хариуцагч Ж.Ггийн тайлбараар тогтоогдсон. Г.Жадамбатай дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 53 дугаар байрны 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцох үед тус хөрөнгө нь Г.Жадамбын өмчлөлд байгаагүй ч гэсэн Н.Чтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дүнд түүний өмчлөлд шилжих хөрөнгө байсан. Өөрөөр хэлбэл Т.Ёндонжамц нь Г.Жадамбатай түүний өмчлөлд ирээдүйд бий болох буюу хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц баригдаж дууссанаар Г.Жадамбын өмчлөлд шилжигдэх үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон тул уг үл хөдлөх эд хөрөнгийг Г.Жадамбын өмчлөлд байхыг шаардахгүй. Ингээд Г.Жадамбын охин Ж.Гтай 2011 оны 8 сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 8 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бөгөөд гэрээнд заасан төлбөр төлж дууссанаар худалдагч тал болох Ж.Г нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Т.Ёндонжамц төлбөрийг бүрэн төлж дуусаад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авах гэтэл 2013 оны 10 сарын 02-ны өдөр хариуцагч Н.Ч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч улмаар тус үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 240 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Тус асуудлаар 2015 оны 4 сарын 18-ны өдрийн Г.Жадамба, Н.Ч нартай уулзсан уулзалтаар Н.Ч нь 2015 оны 9 сарын 15-ны өдөр гэхэд зээлийг бүрэн төлж та нарын ордерыг шилжүүлэх талаар хэлдэг. Гэтэл Н.Ч нь 2016 оны 3 сарын 25-ны өдөр өөрийн эхнэрЦ.Дтай бэлэглэлийн гэрээ байгуулан, маргаан бүхий орон сууцыгЦ.Дд шилжүүлсэн. ХариуцагчЦ.Д нь тус хөрөнгийн өмчлөгч биш бөгөөд Г.Жадамбын өмчлөлд байх хөрөнгийг өөрийн нэр дээр гаргуулан авч, түүнийг барьцаалан зээл авах зэргээр ашиглаж, цаашлаадЦ.Дын нэр дээр бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн явдал нь нэхэмжлэгчид хөрөнгийг шилжүүлэн өгөхгүй байх гэсэн далд санааг агуулсан. Иймд хариуцагч Н.Ч,Ц.Д нарын хооронд байгуулагдсан 2016 оны 3 сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Ёндонжамц нь хариуцагч Ж.Г,Ц.Д, Н.Ч нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг Ж.Ггаар гүйцэтгүүлэх, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансар хотхон 53 дугаар байр, 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох,Ц.Д, Н.Ч нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Н.Ч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Г.Жадамбын өмчлөлийн газар дээр орон сууц барьж, 53 дугаар байрны 10, 11, 12 тоот орон сууцыг Г.Жадамбад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, улмаар дээрх 3 үл хөдлөх эд хөрөнгийн нэг болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 53 дугаар байрны 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 55 000 000 төгрөгөөр худалдан авсан. Худалдах, худалдан авах гэрээг Г.Жадамбын охин Ж.Гтай байгуулсан ... гэж, хариуцагч Ж.Г ... маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Т.Ёндонжамцад худалдсан. Г.Жадамба нь өөрийн эзэмшлийн газар дээр орон сууц бариулсны үндсэн дээр уг орон сууцнаас буюу 53 дугаар байрны 10, 11, 12 тоот орон сууцыг авахаар хариуцагч Н.Чтай тохиролцсон. Хариуцагч Н.Ч,Ц.Д нар дээрх орон сууцны гэрчилгээг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчЦ.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Г.Жадамбыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт, хариуцагчЦ.Д, Н.Ч нарын Г.Жадамба, Ж.Г нарт холбогдуулан гаргасан 500 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 13646 дугаар захирамжийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг тус тус хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх нөхцөл үүсчээ. /хх 91-92, 157-158/

 

Маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, үүрэгт шүүхээс гарах шийдвэр сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай. Тодруулбал, Г.Жадамбыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулснаар Г.Жадамбын эзэмшлийн газар дээр хариуцагч Н.Ч орон сууц барьсан эсэх, уг газар дээр баригдсан орон сууцны зориулалттай 53 дугаар байрны 10, 11, 12 тоот орон сууцыг Г.Жадамбад шилжүүлэх тохиролцоо байсан эсэх нөхцөл байдлыг тодруулах нь маргаан бүхий орон сууцтай холбоотой хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байх боломжтой.

 

Мөн Н.Ч,Ц.Д нарын Г.Жадамба, Ж.Г нарт холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж нь эдгээр этгээдүүдийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодруулах, улмаар энэ хэргийн зохигчдын тайлбарт дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байж болно. Тодруулбал, орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан гэх Г.Жадамба нь Н.Чад орон сууцны оронд газар эзэмших эрх шилжүүлэх үүрэгтэй эсэх, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрх Г.Жадамбад олгогдсон эсэх талаар дүгнэлт хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд нөлөөлж болохыг шүүх анхаарч үзээгүй байна. Учир нь уг орон сууцыг Г.Жадамбын охинтой гэрээ хийж эзэмшилдээ авсан нэхэмжлэгч Т.Ёхувьд уг орон сууцтай холбоотой эд хөрөнгийн ямар эрхтэй талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Мөн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөрЦ.Даас Г.Жадамбад хандан гараар бичсэн баримтад 53 дугаар байрны 10, 11, 12 тоотод оршин суугчид 2011-2013 оны хооронд байрны дундах тооцоог хийж байгаагүй, өмнөөс нь би дундын үйлчилгээний зардлыг төлж хохирсон учраас айл тус бүрээс 1 230 000 төгрөгийн тооцоог хийчихвэл байрны гэрчилгээний нэр шилжүүлэхэд саадгүй байсан. ...харамсалтай нь энэ тооцоо хийгдээгүй. Энэ тооцоогоо дуусга! Нэр шилжүүлэхэд 2 хувь төлөх төлбөрийг өөрсдөө хариуцна гэдгээ бичгээр өгвөл асуудлыг шийдвэрлэхэд саадгүй. Иймд Г.Жадамба та миний бодит хохирлыг төлүүлэх, эсвэл өөрөө төлөх, 2 хувийн татварыг өөрсдөө тушаана гэвэл нэр шилжүүлье гэжээ. /хх36/ Уг баримтын агуулга нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд хамааралтай эсэхийг тодруулах шаардлагатай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас гадна гуравдагч этгээдийн тайлбар нотлох баримт болох тул хариуцагч талаас мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй орхигдуулснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг дурдах нь зүйтэй. Тодруулбал, Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 188.2 дахь хэсэгт заасан мэдээлэл өгөх үүргийн зохицуулалт маргааны зүйлд хамааралгүй, шударгаар өмчлөх эрх олж авсан этгээдэд хамааралтай Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсгийн заалтуудыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоогоогүй атлаа эрх зүйн дүгнэлтийг хууль буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ