Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/07

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

   прокурор А.А, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Я.Б, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Я.Б, Б.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Б-тхолбогдох, дугаартай дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    иргэн, оны  дугаар сарын ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, ам бүл, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С ургийн овогт Г.Б (Регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ С аймгийн Л сумын  дугаар багийн нутаг дэвсгэр  хороо явах чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр Т загварын, 00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 3.7.а, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, улмаар иргэн Б.А-г -дайрч амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас яллагдагч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх 4.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

   3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолоор:

  - шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зорчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь нас хохироосон гэм буруутайд,

  - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

  - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3 (гурав) жил 6 (зургаа) сар хорих ялаар,

  - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

  - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх үндсэн ялыг 4 (дөрөв) жил хорих ялаар тогтоож,

   - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг эдлүүлэхээр тогтоосон хорих ялаас хасаж, 3 (гурав) жил 11 (арван нэг) сар 26 (хорин зургаа) хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр,

   - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

    - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 12 (арван хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

      - шүүгдэгч Г.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

    - амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оы сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 20,000,000 (хорин сая) төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч А.Ж-ын сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

  - шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

    - шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн шүүгдэгч Г.Бын 1 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэхийг шүүгчийн туслахад даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг ди ви ди дискийг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэжээ.

    4. Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Я.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

   Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд: Г.Б нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хатуу оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг, зан байдлын хувьд зөөлөн, нийтэч харилцаатай, анги хамт олондоо нэр хүндтэй, мөн эрүүл мэндийн хувьд тогтвортой биш байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

   Хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлын хувьд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар зохицуулсан бөгөөд Г.Бын хувьд тус зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 170 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Мөн хавтаст хэргийн 117-121-р талд Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтэд “амь хохирогч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Амь хохирогч нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт байх бөгөөд хавтаст хэргийн 146-р талд авагдсан шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 24/12 дугаартай дүгнэлтэд амь хохирогч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Шүүгдэгч нь 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн бөгөөд өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөр барагдуулсан байдлын хувьд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөг Д.Од оршуулгын зардал гэж 1,500,000 төгрөг, амь хохирогчийн төрсөн хүү А.Ж-т 7,500,000 төгрөг шилжүүлсэн нь орлогын мэдүүлэг, кассын баримтаар нотлогддог.

  Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялаас хөнгөрүүлэн, хасаж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгнө үү” гэжээ.

   5. Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь 2- оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байна.

    Анхан шатны шүүх Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1- т зааснаар түүнд 3 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэсэн байхад шүүх Г.Б-т ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлдэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх санал гаргасан, эрүүл мэндийн хувьд бөөрний архаг дутагдалтай, зүрхний хэм алдагдалтай, артерийн даралт ихсэх өвчтэй гэх хувийн байдалтай болно.

  Тэрээр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хх-170 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамаарахаар байна. Мөн тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид оршуулгын зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 500,000 төгрөг бэлнээр, 2024 оны 10 дугаар сарын 25- ны өдөр 1,500,061 төгрөг, нийт 2,000,000 төгрөг, амь хохирогчийн хүү А.Ж-ын нэр дээр 7,500,000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн байх ба нийт 9,500,000 төгрөг төлсөн зэрэг нөхцөг байдлыг эрүүгийн хариуцлага ногдуулахдаа харгалзан үзээгүй.

   Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж үзэхээр байх ба нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэстэй байна. Түүнчлэн ЭХТА-ийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр дүйцүүлэн нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор заасан байна. Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь хэд хэдэн төрлийн ял оногдуулж тухайн ялыг тус тусад нь эдлүүлэх санал гаргасан. Анхан шатны шүүх тухайн саналыг хүлээн аваагүй үндэслэлээ тайлбарлаагүй, ялыг тус тусад нь эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн талаараа ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

   Иймд Г.Б-т ЭХТА-ийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын доод хэмжээ, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, ЭХЕА-ийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Дээрх үндэслэлээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, ял хүндэдсэн үндэслэлээр давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

   6. Шүүгдэгч Г.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд барилгын техникч мэргэжилтэй, хувиараа хатуу оёдол буюу гутал оёдог үйлдвэрлэл эрхэлдэг. Эрүүл мэндийн хувьд, нэг талын бөөр жижигрэлтэй, артерийн даралт ихэсдэг, эмчийн хяналтад байдаг. Миний бие хүний амь нас хохироосон үйлдэлдээ маш их харамсаж, чин санаанаасаа гэмшиж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон миний хариуцлагагүй, буруутай үйлдэл мөн. Миний бие амь хохирогчийн төрсөн хүү болох А.Ж-ыг насан туршдаа харж хандаж явахаа энэхүү гомдлоороо дамжуулан илэрхийлж байна. Иймд надад оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.

   7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Миний хувьд давж заалдах шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа. Давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр гаргасан. Үүнд:

    Нэгдүгээрт, миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар бөөрний архаг дутагдалтай, анхан шатны шүүх хуралдаан дээр удаа дараа даралт нь хэлбэлзэж байсан нөхцөл байдлууд хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа бөгөөд бусад эмчийн баримтууд байгаа талаар өмгөөлөгчийн хувьд тодорхойлж дурдмаар байна.

   Хоёрдугаарт, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 259 дүгээр шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчид ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн. Үүнийг эс зөвшөөрч байгаа. Учир нь, хавтаст хэргийн 170 дугаар талд ял шалгах хуудас байгаа, тухайн хуудсаар миний үйлчлүүлэгч урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй нь тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар бүлэг нь тохиолдлын шинжтэй буюу болгоомжгүйгээр үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Гэтэл үүнийг шүүх харгалзаж үзээгүй бөгөөд харгалзаж үзээгүй үндэслэлээ тогтоолд дурдаж тайлбарлаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч Д.Оы мэдүүлэг болон оршуулгын зардалд 500,000 мянган төгрөг бэлнээр, 1,500,000 төгрөг болон амь хохирогчийн төрсөн хүү болох А.Ж-т 7,500,000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн.

    Өнөөдрийн байдлаар шүүгдэгчийн ар гэрийн зүгээс анхан шатны шүүх хурлаар ороод хохирол дууссан гэдэг байдлаар хандаагүй, цаашид амь хохирогчийн хүүхдийг 18 нас хүртэл харгалзаж явах үүднээс 1,050,000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Учруулсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг шүүх ял оногдуулахдаа харгалзаж үзээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолыг харахад төлөх төлбөргүй, хохирол төлөгдсөн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2-т заасныг журамлаагүй гэж үзэж байгаа. Мөн шинжээчийн 2412 дугаартай дүгнэлтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөвхөн миний үйлчлүүлэгч зөрчсөн байдлаар дүгнэсэн байдаг. Гэтэл хавтаст хэргийн 117-121 дүгээр талд байгаа шинжээчийн дүгнэлтэд амь хохирогчийн цусанд 1,9 промиль, ходоодонд 1,6 промиль спиртийн агууламжтай буюу дунд зэргийн согтолттой замын хөдөлгөөнд оролцож байсан бөгөөд гарцгүй газраар зорчиж байсан талаар, замын хөдөлгөөний дүрмийг хохирогчийн зүгээс зөрчсөн эсэх талаар шинжээч ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Энэ талаар шүүх анхаарч үзээгүй байдаг. CD дээр байгаа бичлэг болон хэргийн газрыг үзлэг, бусад нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтийг харахаар гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь нөлөөлсөн байна.

   Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж, өмгөөлөгчийн хувьд гомдлоо гаргасан.

    Миний үйлчлүүлэгч анх яллагдагчаар 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэг өгөхдөө анхнаасаа чин санаанаасаа гэмшдэг, уучлалт гуйдаг, харамсдаг, гэм буруугийн талаар маргадаггүй. Үүнийг ял оногдуулахдаа шүүх анхаарч үзэх ёстой байсан. Хохирол төлбөрийн хувьд сая тодорхой дурдлаа. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт 10,550,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Миний үйлчлүүлэгч болон түүний гэр бүлийн хүн З.Н нар А.Ж хүүг 18 насанд хүртэл хугацаатай хадгаламжид нь өөрсдийнхөө боломжоор мөнгө хийнэ гэдгээ илэрхийлж байгаа. Эхнэр нь ганцаараа ажил хийгээд ар гэрээ аваад явж байгаа учраас өөрийнхөө боломж бололцоогоор тодорхой хэмжээний буюу 1,050,000 төгрөг хийсэн байна. Магадгүй миний үйлчлүүлэгч тодорхой хугацаанд ялаа эдлээд гараад ирвэл энэ нөхцөл байдал илүү дээрдэх байх гэж харж байгаа. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 зүйл ангиар буюу 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зугтсан үйлдэлд зорчих эрх хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар оногдуулсан.

    Өмгөөлөгчийн хувьд ялыг тус тусад нь эдлүүлээд өгнө үү гэх гомдлыг бас гаргаж байгаа. Учир гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмшиж байгаа байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзаж үзнэ үү. Эрүүгийн хариуцлага нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээх зорилготой. А.Ж хүүг цаашид 18 нас хүртэл нь тодорхой хэмжээгээр харж хандаж, харгалзан дэмжихэд Г.Бын үүрэг оролцоо чухал байгаа учраас зугтсан үйлдэлд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж өгнө үү.

    Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан үйлдэлд нь 2 жил хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн гомдлыг гаргаж байгаа. Харин жолоодох эрхийг хасах талаар ямар нэгэн байдлаар маргахгүй. Учир нь Г.Б цаашид тээврийн хэрэгсэл жолоодохгүй гээд чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа учраас энэ талаар санал байхгүй гэв.

   8. Шүүгдэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэр, хүүхэд, ах, дүү, төрөл садан нараас чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагаа хэлье. Миний бие болон манай гэр бүл талийгаачийн хүүхэд А.Ж-ыг насан туршид нь харж хандана. Би өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж оролцож байна. Та бүхэн миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна гэв.

    9. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар, гомдол байхгүй гэв.

    10. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Г.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэлийн хүрээнд гэм буруутайд тооцсон.

   Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан 2 гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид буюу үлдэж байгаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн хохирлын хэмжээ зэрэг нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн дүгнэж, 4 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, ялыг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорын хувьд хийж байгаа.

   Иймд 259 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б болон түүний 2 өмгөөлөгчийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Я.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн С ургийн овогтой Г-ын Б-т холбогдох, дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

   2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэлтэй гэж дүгнэв.

    2.1. Шүүгдэгч Г.Б 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ С аймгийн Л сумын  дугаар багийн нутаг дэвсгэр  хороо явах чиглэлийн хатуу хучилттай авто зам дээр Т загварын, 00 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

   - хэргийн газрын үзлэг хийсэн: “...тээврийн хэрэгслийн хуванцар эд анги 1 ширхэг, А цэгээс замын боржур хэсэг рүү 2.67 м зайд тээврийн хэрэгслийн хуванцар, хар өнгийн эд анги 1 ширхэг, А цэгээс зүүн зүгт 10.43 м зайд зам дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр 31*7 см талбай бохирлогдсон байсныг “2” гэх цэгээр тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. ...3 дугаар цэгээс зүүн зүгт 8.27 м зайд хар өнгийн хувцастай эрэгтэй доош харсан байдалтай, хувцас, гар нь шороогоор бохирлогдсон, нүүрний хэсэг болон замын асфальт цусаар бохирлогдсон. Тухайн цогцос А цэгээс Б цэг хүртэл 24.41 метр зайд байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт (1 дэх хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас),

   - амь хохирогчийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас),

   - шүүгдэгчийн жолоодож явсан Т загварын, 00 улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн: “...00 гэх улсын дугаар баруун талын үзүүр хэсгээрээ дотогш чихэгдэж үрчийсэн, урд талын гупер баруун талын хэсгээрээ ховилоосоо салсан, урд талын гуперны дээд хэсэгт байрлах нэмэлт жижиг хоёр гэрлийн хоорондох сетик салсан, копут баруун талын хэсгээрээ дотогш чихэгдэж үрчийсэн, зүүн талын хэсгээрээ дээш өргөгдөж хөндийрсөн. ...Уг автомашины урд салхины шил баруун талын хэсгээрээ дотогш чихэгдэж хагарсан 16x6 см хэмжээтэй нүх гарсан байв. Уг зайд гарсан шилний дээд зах ирмэгт үс мэт зүйл, үл ялиг цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон. ...Автомашины урд салон, жолоочийн суудал шил мэт зүйлийн хагархайгаар бохирлогдсон байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 20-28 дугаар хуудас),

  - осол гарсан газрын ойролцоох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...уг дэлгүүрийн гадна талын камерын 2024 оны 08 дугаар сарын 04-ний 22:28 минутаас эхлүүлэн үзэхэд камерын дээд буланд баруунаас зүүн чиглэлд явах тээврийн хэрэгслийн гэрэл гарч, уг автомашины урд хэсгээс хүн мэт зүйл замын хэсэгт унаж, тухайн тээврийн хэрэгсэл нь хоёр замын гэрэлтүүлэг зөрөөд 28 минут 20 секунд гэхэд зам дээр зогсоод 28 минут 44 секундэд хөдлөөд явав. Уг автомашин осол гаргасны дараа хэд хэдэн тээврийн хэрэгсэл зөрсөн боловч ослын улмаас унасан хүнд ямар нэгэн гэмтэл учруулах, дайрах үйлдэл гараагүй болно” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 35-40 дүгээр хуудас),

    - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч нь 2011 оноос хойш Л сумын  дугаар баг тоот хашаанд манай гэрт хамт амьдарч байсан. Манайх 2020 онд байранд нүүж орсон боловч тухайн хашаанд манайх Тэсү нэртэй тавилгын дэлгүүр ажиллуулдаг тул өдөрт нь очиж ажлаа хийдэг. Харин Б.А нь манай гэрт амьдарч манай хашаа, хороо, дэлгүүрийг харж, ачаа бараа ирсэн үед болон бусад хэрэгцээтэй үед тусалдаг байсан. Тухайн хүний хувьд өөр эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг боловч архаг хууч өвчин байдаггүй байсан. А нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед гэртээ байсан боловч 22 цагийн үед гэрээс баруун зүгт 500 орчим метр зайд засмал зам дээр зам тээврийн осолд орж нас барсан байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),

     - гэрч С.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний шөнө 22 цагийн үед өөрийн загварын, улсын дугаартай цагаан өнгийн автомашинтай ганцаараа морин хуурын тойргоос  хороочиглэл, дугаар сургуулийн арын зам дээр явж байхад миний ард явж байсан цагаан өнгийн  автомашин холоос хурдтай ирээд зөрөх гээд дуут дохио дуугаргаж байхад би зүүн гар тал руу дохио өгөөд морин хууртай тойргийн зүүн талд байх барилгын дэлгүүр дээр зогсоход тухайн автомашин зөрсөн. Тухайн үед би зогсоол дээр утсаар ярьчхаад удалгүй 30-40 секундийн дараа зам руу ороод  хороочиглэлд явж байхад 89 авто угаалгын урд талд зам дээр хар өнгийн нохой шиг зүйл хэвтэж байсан бөгөөд түүнээс 200 метр зайд намайг гүйцэж түрүүлсэн цагаан өнгийн машин зогсож байгаад шууд замын хойд хэсэг рүү шороон зам руу огцом буугаад шороон зам дээр зогсож байхаар нь тухайн автомашины урд талын зам дээр очиж зогсоод харахад, жолооч талын урд талын шил хагарсан, тухайн автомашин дотор улаан алаг өнгийн футболктой эрэгтэй сууж байхаар нь би шууд буцаж автобусны зогсоол дээр машинаа тавьчхаад уг хар өнгийн зүйл хэвтэж байсан газар руу гүйж явахдаа эргэж харахад уг цагаан өнгийн машины дэргэд мотоциклтой эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байхыг харсан. Би нөгөө хүн дээр очиход бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн доош харсан байдалтай нүүрнээс нь цус гараад хэвтэж байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг дэргэд нь байхад автомашинтай хүмүүс шууд зөрөөд байсан. Тэгээд удалгүй цагдаагийн алаг автомашинтай гурван алба хаагч ирээд тухайн мөргөсөн автомашиныг хаашаа явсан талаар асуухаар нь би уг машины орсон гудамжийг зааж өгөхөд намайг суулгаж хороолол дунд явж байгаад нэг хашааны гадна приус машин зогсож байхаар нь ойролцоо очиж зогссон. Дотогш цагдаа ороод нэг эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг дагуулж гарч ирсэн. Тухайн газарт өөр хүн байгаагүй бөгөөд гэрээс гарч ирсэн эрэгтэй нь машин дотор сууж байхдаа өмссөн улаан алаг өнгийн судалтай футболктой гарч ирсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 66 дугаар хуудас),

     - гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 12 цагийн үед Б ах өөрийн 00 улсын дугаартай загварын автомашинтай ганцаараа ирээд гэрт орж ирж уулзаад 13 цагийн үед манай гэрээс бид 2 хамт гарсан. Манайд ирэхэд бол эрүүл байсан бөгөөд гэрээс гарахад Г.Б ах “бие жаахан муу байна, чи машин жолоодчих гэж хэлсэн” тул би автомашиныг нь бариад Л сумын дугаар багт байх Б гэх дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад Бортолгой дээр очиж зогссон. Авсан архиа Б ах бид хоёр автомашин дотор уусан. ...Нийгэмлэгийн заалны гадна Б ахын автомашин дотор байхад С.Б 0.75 литрийн 1 шил архи, 3-4 ширхэг лаазтай пиво авч ирснийг хамт автомашин дотор ууж байхад миний эхнэр ирээд намайг авч явсан тул түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би гэртээ хариад унтаж байхад цагдаа нар ирж аваад драгер үлээлгэж ар гэрт хүлээлгэн өгсний дараа Г.Б ахыг осол гаргасныг мэдсэн ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68 дугаар хуудас), 

     - гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн үед Ц.А руу залгахад нийгэмлэгийн заалны гадна байна гэхээр нь өөрийн автомашинтай очиход Г.Б ахын автомашин дотор Ц.Асууж байсан. Би орж уулзаад буцаж гараад дэлгүүрээс 0.75 литрийн, ногоон өнгийн, ARKHI гэх бичигтэй нэг шил архи, 2 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво, ундаа авч очоод Г.Б ахын автомашин дотор суугаад 20 цаг хүртэл уугаад сууж байхад Ц.А-ын эхнэр ирээд түүнийг аваад явсан. Тэрний дараа Г.Б ахын автомашинд нэг цаг гаруй автомашин барих хүн хайгаад архи уухгүйгээр сууж байхад миний найз охин М нь ирээд миний автомашин бариад хөдөлсөн. Харин Г.Б ах өөрийн автомашин бариад араас хөдлөөд Х дэлгүүрийн урд зогсоход Г.Б ах ирээд зогсохоор нь та дагаж явах юм уу гэхэд ах нь одоо харилаа гэж хэлээд байрнуудын голоор явсан. Харин би найз охиноороо автомашинаа бариулаад хүргүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70 дугаар хуудас),

    - шүүгдэгч Г.Бын цусанд хийсэн шүүх химийн шинжилгээний 94 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Баас авсан гэх 02275181 дугаартай хуруу шилтэй цус шинжилгээнд тэнцэнэ. Г.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Г.Баас авсан гэх 02275181 дугаартай хуруу шилтэй цусанд 1.6 процент промиль спиртийн агууламж илэрч байна. Г.Баас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

    - амь хохирогч Б.Агийн цогцост хийсэн шүүх анагаах ухааны шинжилгээний 62 дугаартай: “...1. Амь хохирогч Б.Агийн биед их тархины 2 тал бөмбөлөгт хатуу хальсны доорх цусан хураа, их тархины баруун, зүүн чамархай, суурь, бага тархины аалзан хальсны доорх цус харвалт, хажуугийн ховдлуудад бага хэмжээний шингэн цусны агууламж, багана нуруу хүзүүний 5-6 дугаар нугалмын хооронд, сээрний 3-4 дүгээр нугалмын хооронд, мөн 10-11 дүгээр нугалмын хооронд хугарал, гол судасны тасрал, гол судас, улаан хоолой орчмын хальсан цус хуралт, цээжний баруун 1,2,3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр хавирга нугалмын хажуугийн шугамаар, зүүн талын 1, 2, 3 дугаар хавирга нугалмын хажуугийн болон далны шугамаар хугарал, хугарлын түвшинд гялтан хальсанд цус хуралт, чацархайн няцрал, цооролт, цус хуралт, зүүн шуу, баруун тахилзуур ясны далд хугарал, духанд язарсан шарх, зулгаралт, баруун зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний гадна булан, баруун хацар, хармын үзүүрт, дээд уруул, ооч, эрүү, хүзүү, цээжний баруун урд, баруун, зүүн хавирганы нум хэсэгт, хэвлий, баруун, зүүн сарвуунд, баруун тавхайн дээд талд зулгаралт, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Харин баруун бугалгад байрласан цус хуралт гэмтэл нь үүсээд 4-5 хоног орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Дээрх тархины болон багана нурууны хугарал, олон хавирганы хугарал, гол судасны тасрал гэмтлүүд нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.3, 4.1.7, 4.1.9, 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд нь нэг дор үүссэн байна. 4. Амь хохирогч Б.Агийн биед учирсан гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. 5. Амь хохирогч Б.А нь элэгний хатуурал бүхий өөрчлөлттэй байсан байна. Уг архаг өөрчлөлт нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. 6. Амь хохирогч Б.А нь дээрх гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. 7. Амь хохирогч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 1.9 процент промиль, ходоодны агууламжид 7.6 процент промиль спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Шүүх химийн шинжилгээний №93 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хавсаргав. 8. Амь хохирогч Б.А нь цогцсын үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 16-20 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 117-131 дүгээр хуудас),

     - амь хохирогч Б.Агийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 112-116 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно. Шүүгдэгч Г.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр хориглосон зохицуулалтыг зөрчсөн, тухайлбал тус дүрмийн 3.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 12.2-т заасан: “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан: “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний амь нас хохирсон үйл баримт хэрэгт тогтоогдсон байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

    2.2. Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Б.А-г дайрч зам тээврийн осол гаргасан даруйдаа осол болсон хэргийн газрыг зориуд орхиж явсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар, тухайлбал гэрч С.Б-ий мэдүүлэг болон хэрэг болсон газрын ойролцоох хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож тогтоогдсон. Тэрээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.а, 9.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн, тухайлбал, осол болсон даруйд тээврийн хэрэгслээ зогсоож, ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг тавих, ослын газрын эд юмсыг хөдөлгөхгүй байх арга хэмжээ авч, улмаар ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх үүргээ биелүүлэхгүйгээр осол болсон газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

   3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

    4. Шүүгдэгч Г.Б-ын дангаар болон өмгөөлөгч Б.Б-тэй хамтран гаргасан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Б-ын давж заалдах журмаар гаргасан “шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн агуулга бүхий гомдлуудыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

   5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, “шүүгдэгч согтуурсан үедээ автомашин жолоодож, хүний амь нас хохироож, улмаар хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал зэргийг харгалзан үзсэн” гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн, мөн уг ялуудыг нэмж нэгтгэхдээ, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог” гэх дүгнэлт хийж, зорчих эрхийг хязгаарлах ялын зургаан сарын хугацааг хорих ялд нэмж, нийт эдлэх ялыг дөрвөн жил хорих ялаар тогтоосон байна.

    5.1. Эрүүгийн хариуцлага гэдэгт: гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн эрх, эрх чөлөөнд шүүхийн шийтгэх тогтоолоор хязгаарлалт тогтоож буй төрийн албадлагын арга хэмжээг ойлгох бөгөөд ял, албадлагын арга хэмжээ гэсэн төрөлтэй байхаар Эрүүгийн хуульд заасан.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т: Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Мөн зарим тохиолдолд, шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болохоор хуульчилж, харин Эрүүгийн хуульд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглосон.

  Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэдэгт, гэмт хэрэг гарах болсон нөхцөл, шалтгаан, гэмт санаагаа хэрэгжүүлсэн арга, давтамжийн байдал, хамтран оролцсон байдал зэрэг хүчин зүйлүүдийг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт, тухайн хүний зан төлөв, дадал зуршил, амьдралд хандах хандлага, гэр бүлийн байдал, нас, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, ял шийтгэл хүлээж байсан, шагнал урамшуулал авч байсан эсэх зэрэг тухайн этгээдийн хувийн шинжтэй нөхцөл байдлуудыг тус тус хамааруулж ойлгоно.

  6.2. Гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд оногдуулах ялын төрөл, хэр хэмжээг дээрх хуульд заасан нөхцөл байдлууд болон тухайн гэмт хэргийн ангилал буюу хүнд, хөнгөн, гэм буруугийн хэлбэрийг харгалзан тогтоох бөгөөд шүүгдэгч Г.Б-т ял шийтгэхэд харгалзан үзэх дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон гэж дүгнэв.

   6.2.1. Шүүгдэгчийн үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

   6.2.2. Шүүгдэгч өмнө нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудас /1-р хх-ийн 170-р тал/-аар нотлогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

  6.2.3. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас амь хохирогчийн ар гэрт учирсан эд хөрөнгийн хохиролд буюу оршуулгын зардалд 2,000,000 /500,000+1,500,000/ төгрөг төлсөн, амь хохирогчийн насанд хүрээгүй хүү А.Ж-ын ирээдүйд зориулж, 7,500,000 төгрөгийг хадгаламжид хийж өгсөн, анхан шатны шүүх хуралдааны дараа насанд хүрээгүй хүү А.Ж-т 1,050,000 төгрөг төлж, цаашид насанд хүрээгүй хүүхдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байхаа илэрхийлсэн нь хэрэгт тогтоогдсон ба тэрээр гомдол мэдээллийг шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж, ухамсарлаж байгаагаа илэрхийлсэн зэрэг хувийн байдал тогтоогдож байна.

   6.2.4. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

    6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

   6.2.5. Шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.

  6.3. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа: “согтуурсан үедээ автомашин жолоодож, хүний амь нас хохироож, улмаар хэргийн газраас зугтаасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан” гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2-т: “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасантай нийцээгүй байна. Тодруулбал, шүүгдэгч Г.Бын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон байх тул согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь ял оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл болгохгүй юм.

  6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон эсэх нь тухайн этгээдэд ял /үндсэн болон нэмэгдэл ял/-ыг сонгож, ялгамжтай оногдуулахад харгалзан үзэхэд чухал нөлөөтэй хүчин зүйл болдог.

  Хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тухайн хэрэгт тогтоогдож байгаа нь зарим тохиолдолд шүүгдэгчийг ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх, хуульд зааснаас доогуур ял оногдуулах, эсхүл тухайн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ял /сонгох ялтай тохиолдолд/-ын төрлөөс аль хөнгөнийг сонгож хэрэглэх, сонгох ялгүй буюу зөвхөн нэг төрлийн ял оногдуулахаар заасан тохиолдолд уг ялын бага хэмжээг оногдуулах үндэслэл, шалгуур, нөхцөл болохоор хуульчилсан. Харин эсрэгээрээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хэд хэдэн хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдвол тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний аль хүндийг сонгох нөхцөл болно.

   Анхан шатны шүүхээс, шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл /торгох, нийтэд тустай ажил хийлгэх, нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял/-өөс хамгийн хүнд ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, хэмжээг уг ялын дээд хэмжээгээр буюу зургаан сараар, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хасахаар заасан байхад дээд хэмжээ буюу арван хоёр жилээр тус тус тогтоосон нь давж заалдах шатны шүүхээс ял тохироогүй гэж дүгнэх үндэслэл болов.

   7. Дээрх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Г.Б-т оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээг тус тус хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг есөн жилийн хугацаагаар хасаж хоёр жил зургаан сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ гэж дүгнэв.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т: Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох, эсхүл тус тусад нь эдлүүлж болно” гэж заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдсон болон шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Г.Б-т үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

   9. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан гурван сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй байна.

   10. Дээр дурдсан үндэслэлүүдээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж шийдвэрлэлээ.

    11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Бын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 58 (тавин найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2-р заалтын: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг арван хоёр жилийн хугацаагаар хасаж гэснийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг есөн жил гэж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар гэснийг хоёр жил зургаан сар хорих ял гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар гэснийг гурван сар гэж,

    - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан хоёр жил зургаан сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

    - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг эдлүүлэхээр тогтоосон хоёр жил зургаан сар хорих ялаас хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 5 сар 26 хоногоор тогтоосугай гэж,

     - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-р заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан ес (9) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулсан хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай гэж тус тус өөрчилж,

   - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Б-т оногдуулсан гурван сар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэсэн нэмэлт,

       - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Б оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын ял хөнгөрүүлэх агуулгаар гаргасан гомдлыг хангасугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.Бын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 58 (тавин найм) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

      3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                                        ДАРГАЛАГЧ,

                                                        ШҮҮГЧ                                      Н.МӨНХЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧ                                      Ж.ОТГОНХИШИГ

                                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Л.АЛТАН