Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

Ч.Д холбогдох

                                                                              эрүүгийн хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий  шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус

    шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд: прокурор А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.А нарыг оролцуулан,

    Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Ч.Д-д холбогдох, дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     иргэн, оны  дугаар сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, оршин суух хаягтай, урьд аймгийн шүүхийн 1992 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б ургийн овогт Ч-ы Д (Регистрийн дугаар:).

1. Холбогдсон хэргийн талаар:

    Шүүгдэгч Ч.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар аймгийн Т сумын нутаг дэвсгэрт, загварын, улсын дугаартай, тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

    2. Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр цагаатгах тогтоолоор:

   - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Ч.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б ургийн овогт Чы Дыг цагаатгаж,

   - шүүгдэгч Ч.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

   - шүүгдэгч Ч.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

   - шүүгдэгч Ч.Д нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

   4. Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

   Шүүгдэгч Ч.Д нь аймгийн Т сумын  дугаар багийн нутаг “” нисэх онгоцны буудлын эсрэг талд байрлах улсын чанартай 1702 кодтой авто замд 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар улсын дугаартай маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Яллагдагчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг юм. Учир нь:

   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж заасан ба яллагдагч Ч.Д нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж уг үйлдэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/636 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, шүүхийн уг шийдвэр 2024 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр хүчин төгөлдөр болж, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт “Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж заасан бөгөөд яллагдагч Ч.Дг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэж үзнэ.

  Анхан шатны шүүхээс төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны удаашралтай байдлаас шалтгаалан шүүгдэгчийн үйлдэл нь давтамжийн шинжээрээ гэмт хэрэгт тооцогдохгүй байх үед хийсэн үйлдлийнх нь дараа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нөхөн хасаж гэмт хэрэгт тооцон яллах нь хүний хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшлийнх нь төлөө ялласан явдал болно гэж дүгнэн цагаатгасан нь үндэслэлгүй болжээ.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэлийг тодорхойлохдоо “...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр... байна” гэж заасан байна. Шийдвэр гүйцэтгэгч нь гагцхүү хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй юм.

  Мөн шүүх эрх хасах шийтгэлийг Цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд эрх хасах тэмдэглэгээ хийсэн үеэс эхэлж тоолохоор байна гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн байна.

  Учир нь шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон үеэс эхэлж хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн шийдвэрийг ямар нэгэн захиргааны байгууллагын баталсан дүрэм, журмаар хойшлуулж, түдгэлзүүлж болохгүй юм. Харин шийдвэр гүйцэгчийн хуульд заасан үүргээ эс биелүүлж хугацаа алдсан үйлдэл нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг хориглох үндэслэл болохгүй, харин түүнд захиргааны арга хэмжээ авах үндэслэл болох юм.

   Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/264 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

   5. Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Давж заалдах шатны шүүх оролцогчийн гаргасан гомдол, эсэргүүцэлд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянах ёстой.  Анхан шатны шүүх хуралдаанд миний бие Ч.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг яагаад үйлдсэн гэж үзсэн үндэслэлээ маш тодорхой, дэлгэрэнгүй, хэд хэдэн удаа давтаж тайлбарласан байгаа.

   Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т тус тус зааснаар гагцхүү хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх үүрэгтэй байгаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хувийн хэрэгт үзлэг хийсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177-179 дүгээр зүйлд заасан ахлах шийдвэр гүйцэтгэгч хувийн хэргийг 5 хоногийн дотор нээнэ, эрх үүргийг 3 хоногийн дотор танилцуулна гэх ажиллагаанууд зөрчигдсөн байсан. Гэхдээ энэ нь тухайн шийдвэр гүйцэтгэгчид захиргааны арга хэмжээ авах үндэслэл болохоос шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байжээ гэж үзэх үндэслэл болохгүй.

   Анхан шатны шүүх “шүүхийн шийдвэр гүйцэтгэгч ажлаа хийгээгүй нь шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болно” гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл лавлагааны сан руу албан бичиг явуулаад эрх хассан талаар тэмдэглэгээ хийлгэх л асуудал юм.

  Тухайн иргэн Монгол Улсын аль нэг газар тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын цагдаатай таараад холбогдох баримт бичгээ шалгуулаад программаас шүүлт хийхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан байна гэсэн бүртгэл лавлагаа юм. Харин шүүхийн шийдвэр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүчин төгөлдөр болоод тухайн өдрөө гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байгаа. Тэр өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан гэж үзэж байгаа.

   Мөн мэдэх эрхийг нь хангаагүй гэдэг зүйл анхан шатны шүүх хуралдаан дээр яригдсан. Иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан учраас 1 жилийн хугацаанд автомашин жолоодох боломжгүй гэдгээ ухамсарлаж, ойлгож байсан нөхцөл байдал байгаа юм.

    Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцүүлэн Монгол улсын нэрийн өмнөөс гаргасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр юм уу, эсвэл Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан захиргааны хэм хэмжээний акт илүү хүчин төгөлдөр юм уу гэдэг л асуудал гарч ирээд байгаа. Цагдаагийн бүртгэл мэдээллийн системд бүртгэгдсэн үеэс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийн хугацааг тоолно гэж анхан шатны шүүхийн хийж байгаа дүгнэлт нь өөрийнхөө гаргасан эрх зүйн акт буюу шүүхийн шийдвэрээ үгүйсгээд байна гэж энэ давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хувьд дүгнэж байна.

   Ийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

    6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурор эсэргүүцлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хуулийг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр гаргасан гэж ойлгож байна. Хэдийгээр шийтгэл оногдуулсан шийтгэвэр хүчин төгөлдөр болсон боловч хүчин чадлын асуудал бол яригдахгүй гэж миний хувьд харж байгаа.

   Учир нь шийтгэлд гомдол гаргах хугацаа дуусаад тухайн шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шийтгэврийн зөв, буруу гэдэг үндэслэлийн талаар маргах эрхгүй болж байна гэсэн үг.

   Шийтгэвэрт заасан үндэслэл, шийтгэлийг холбогдох байгууллага хэрэгжүүлэх буюу биелүүлэх үүрэг үүсгээд байгаа юм. Энэ хоорондын зааг, ялгааг улсын яллагч буруу тайлбарлаад байна гэж харж байна. Эцсийн шийдвэр буюу хүчин төгөлдөр болсноороо тухайн хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаж байгаа асуудал биш.

    Хэм хэмжээ тогтоосон актаар буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4-т тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох болон тухайн эрхийг сэргээх журмыг Засгийн газраас тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулахаар заасан. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх тухай журмын 2.2-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэврийг үндэслээд эрх олгосон байгууллага буюу цагдаагийн газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хүчингүй болгох ажиллагааг гүйцэтгэж байгаа. Тухайн шийтгэвэрт шийтгэврийг хүчин төгөлдөр болсон тохиолдолд ямар журмаар, ямар байгууллага, яаж гүйцэтгэх процессыг нь зааж өгсөн.

   Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлд заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийтгэврийг биелүүлнэ гэж заасан. Энэ журмаар шийдвэр 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болоход гүйцэтгэх хуудсыг бичээд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага руу шилжүүлсэн. Хэрэгт авагдсан баримтаар 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн. Тухайн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэснээс хойш 5 хоногийн дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах эрх бүхий этгээд буюу Цагдаагийн байгууллага руу мэдэгдэл хүргүүлээд Цагдаагийн байгууллага мэдэгдлийг хүлээж авснаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-т заасны дагуу ажлын 3 хоногт багтааж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай тэмдэглэлийг Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд оруулаад тухайн зөрчил үйлдсэн этгээдэд мэдэгдэнэ.

    Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хяналт тавигдахаар хуульчилсан. Шийдвэр гүйцэтгэлийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр буюу цагдаагийн байгууллага руу мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлээд мэдэгдлийг үндэслээд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэлийг хэрэгжүүлж хассан. Хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичгүүдээр хангалттай тогтоогдсон.

    Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэзээ гарсныг тогтоох нь нотолбол зохих нөхцөл байдалд хамаардаг. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр. Тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд буюу шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх ёстой. Гэтэл шийтгэвэр хүчин төгөлдөр болсон ч шийдвэр гүйцэтгэлийн байгууллага ажлаа хийгээгүйн улмаас гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тухайн хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдаагүй байсан.

   Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хурал орохын өмнө 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу гэмт хэрэг гарснаас хойш 2 сарын дараа шийдвэр гүйцэтгэлийн байгууллага ажлаа хийж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан. Тухайн төрийн байгууллагын ажлаа хийгээгүй буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдаагүй байх үедээ үйлдсэн зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед дахин зөрчил гаргасан нь гэмт хэрэг гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь үндэслэлгүй.

   Ийм учраас тухайн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал харагдахгүй байна гэж үзэж байгаа. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Дд холбогдох, дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас шүүгдэгч Ч.Дг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн сумын нутаг дэвсгэрт согтуугаар загварын, улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

  3. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, шүүгдэгч Ч.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-тзаасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

   4. Прокурор цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, “анхан шатны шүүх шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгатай эсэргүүцэл бичжээ.

    5. Хэргийн баримтаар, шүүгдэгч Ч.Д нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 636 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон байна.

   6. Анхан шатны шүүх дээрх тогтоогдсон үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхдээ, “...цагдаагийн төв байгууллагын мэдээллийн санд холбогдогчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан бүртгэл хийгдсэнээр эрх хасах шийтгэлийг биелэгдсэнд тооцох бөгөөд энэ хүртэл түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж үзнэ” гэх дүгнэлт хийж, Ч.Дд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

    6.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэх ойлголтыг, мөн зүйлийн хуульчилсан тайлбарт: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж “согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

    Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүхээс зөрчлийн хэргийг хянан хэлэлцээд гаргасан шийтгэврийг шүүгч уншиж сонсгосноор “хүчинтэй” болох бөгөөд шийтгэврийг бичгээр үйлдэж, оролцогчдод гардуулан өгснөөс хойш хуульд заасан хугацаанд гомдол, эсэргүүцэл гаргаагүй бол гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа дуусмагц анхан шатны шүүхийн шийтгэвэр “хуулийн хүчин төгөлдөр” болохоор хуульчилсан. Ч.Дгийн үйлдсэн, 2024 оны 08 сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 636 дугаартай шийтгэвэрт гомдол, эсэргүүцэл гаргаагүй байх ба уг шүүхийн шийтгэвэр 2024 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхээс эрх хасах шийтгэлийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас олгож, мөн өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

   Иймд Ч.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл ногдуулсан шүүхийн шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.

   6.2. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар бүлэг /138-152 дугаар зүйл/-т Зөрчлийн хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг зохицуулахдаа, мөн хуулийн 19 дүгээр бүлэг /Эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх/-т заасан журмаар гүйцэтгэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл, шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг гүйцэтгэх журам нь зөрчлийн хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан эрх хасах шийтгэлийг гүйцэтгэхэд нэгэн адил үйлчлэхээр хуульчилсан.

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт: “Эрх хасах шийтгэлийн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж, мөн хуулийн 180 дугаар зүйлийн 180.2-т: Эрх хасах ял эдэлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно” гэж тус тус заасан байна.

   Хэргийн баримтаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ч.Дд тус шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 636 дугаартай шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас олгож, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эхлүүлсэн нь нотлогдсон байна.

   Гэтэл анхан шатны шүүх тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актыг тайлбарлан, “цагдаагийн төв байгууллагын мэдээллийн санд холбогдогчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан бүртгэл хийгдсэнээр эрх хасах шийтгэлийг биелэгдсэнд тооцох бөгөөд энэ хүртэл түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэж үзнэ” гэх дүгнэлт хийж, Ч.Дгийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тогтооно” гэх хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

   6.3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 636 дугаар шийтгэврээр Ч.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тухай мэдээллийг холбогдох хууль, журамд заасан хугацааны дотор цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлд оруулаагүй буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага мэдэгдэх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдсон хэдий ч энэ нь хуулийн хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэрийг үгүйсгэх, улмаар шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох буюу түүний үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

   7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байна.

   8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

   1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

    2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ,

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Л.АЛТАН

                                                   ШҮҮГЧ                                        М.НЯМБАЯР

                                                   ШҮҮГЧ                                        Н.МӨНХЖАРГАЛ