2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/05106

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 05 191/ШШ2025/05106

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол нийт 141,696,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 75,521,076 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.*******, Б.*******,

Шинжээч Т.*******, Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч ******* ******* ХХК холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 141,696,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ХХК-иас 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 22/516 дугаартай  барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахтай холбоотой зардал 60,799,195 төгрөг, анз 27,738,828 төгрөг, хохирол 53,158,496 төгрөг буюу нийт 141,696,520 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

 

Доголдлыг арилгахад гарсан зардал 60,799,195 төгрөг гаргуулах

1

Цонхны ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөг

2

Хаалганы ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 7,857,000 төгрөг

3

Дээврийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 5,552,195 төгрөг

 

Анз 27,738,828 төгрөг гаргуулах

4

Алданги 13,869,414 төгрөг

5

Торгууль 13,869,414 төгрөг

 

Хохирол 53,158,496 төгрөг гаргуулах

6

Ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 19,223,316 төгрөг

7

Захиалагч төлөх алданги 19,313,079 төгрөг

8

Захиалагч өгөх алданги 6,054,576 төгрөг

9

Богд банканд төлсөн зээлийн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг

10

Цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн ажлын хөлс 250,000 төгрөг

 

Нэхэмжлэгч Т.******* миний бие нь ******* ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 16-ны өдөр 22/516 тоот  барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан болно.

Тус гэрээний 2.1-д зааснаар гүйцэтгэгч ******* ******* ХХК нь суурь нь хийгдсэн 1 блок буюу 2 айлын хаусны барилгыг гэрээнд заасан нөхцөл, хугацаанд барьж хүлээлгэн өгөх, захиалагч би гэрээний 3,4 дүгээр зүйлд заасан нөхцөл, хугацаагаар төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн юм. Тодруулбал, гүйцэтгэгч нь гэрээний 2.2, 3.1, 3.2, 5.1, гэрээний хавсралтад заасны дагуу өвөл, зуны зориулалттай хоёр давхар амины орон сууцыг 2.1-д заасан хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж, 2022 оны 07 сарын 30-ны өдөр акт, протоколоор, холбогдох баримт бичиг материалуудын хамт хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байдаг.

Мөн бид гэрээний 4 дүгээр зүйл /Төлбөр тооцоо ба баталгаат хугацаа/-д нэг айлын амины орон сууцны үнийн дүн нь 226,800,000 төгрөг, нийт 453,600,000 төгрөгөөр тохиролцож, 226,800,000 төгрөгийг мөнгөөр, 226,800,000 төгрөгийг бартераар буюу  газар эзэмших эрхийг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон болно.

Миний бие ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.*******ын хүсэлтээр түүний тоот дансанд гэрээ байгуулсан өдөр 68,040,000 төгрөг, 2022 оны 08 сарын 12-ны өдөр 120,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 193,040,000 төгрөгийг дансаар шилжүүлж, бараа материалаар буюу 6,860,000 төгрөгийн үнэ бүхий арматурыг барилгад ашиглуулсан гэхээр нийт 199,900,000 төгрөг төлсөн байдаг.

Харин гүйцэтгэгч компани нь гэрээг байгуулсан хугацаанаас хойш барилгын өрлөг, карказын ажил, байшингийн дээвэр, цонх, хаалганы ажлыг гүйцэтгэсэн боловч эдгээр гүйцэтгэсэн ажлуудад доголдлууд илэрсэн бөгөөд гүйцэтгэгч компани тухайн доголдлуудыг арилгах талаар арга хэмжээг огт аваагүй. Тодруулбал:

Нэг. Гүйцэтгэгч компаниас 2022 оны 09 сарын 14-ний өдөр суурилуулсан цонхны хуваалт нь батлагдсан зургийн дагуу хийгээгүй, цонхны хэмжээсийг буруу авсан, *******йн илт алдаатай байсан, суулгаснаас хойш хэд хоногийн дараагаас цонхны рам нь наалдаасаараа салж, гажиж, цонхны шил нь цуурч эхэлсэн тул гүйцэтгэгч компанид цонхыг солиулъя гэдгээ хэлсэн боловч цонхыг сольж өгөхгүй байсаар байсан. Иймд 2022 оны 11 сарын 08-ны өдөр Үндэсний итгэмжлэгдсэн төвийн итгэмжлэлийн гэрчилгээ (Дугаар IВ-027), С төрлийн техник хяналтын зөвшөөрөл бүхий  ХХК-иар гүйцэтгэсэн цонхны ажилд хэмжилт, хяналтыг хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулсан. Тус дүгнэлт, зөвлөмжид Тус барилгын цонхны дулаан техник үзүүлэлт нь Барилгын дулаан хамгаалалт БНбД-ээр хананд эзлэх шиллэгээний талбайн хэмжээтэй уялдуулан гаргасан тооцооны норматив утгын 33 хувийг хангаж байгаа болно. Барилгын хананд цонхыг угсарч, суурилуулсан ажил нь стандартын дагуу хийгдээгүй байна. Мөн зүрхэвч төмрийг хэсэгчилж хийснээр цонхны үндсэн хийц, бүтээц нь нумрах, гажилт өгөх, зай завсар гарах нөхцөлийг үүсгэсэн байна. Хөөс шахалтын байдал жигд хийгдээгүй, зарим хэсэгт хөөс шахагдаагүй. Эдгээр зөрчлүүд нь цонхны шиллэгээ, угсралтын зардлаар дулааны алдагдалтай болох нөхцөлийг бий болгосон байна. Зөвлөмж нь: 1. 1,5м2 с/вт доошгүй үзүүлэлттэй шилэн багцаар одоо байгаа цонхнуудын шилийг солих. 2. Цонх хананд 100 хувь эзэлж байгаа тул ганжуулсан, IOW түрхэцтэй шилээр солих. 3. Цонхны голын босоо уулзвар хэсэгт хүчитгэгч төмөр хийх. 4 Барилгын хана, цонх хоорондын уулзварын заадлын дулаан алдагдлыг бууруулахын тулд цонхны дотор талд дулаалгатай хуванцар амлагаа хийлгүүлэх. /Заадлын дулаан алдагдлын 60 хувь орчим бууруулах боломжтой / гэж дүгнэж, зөвлөсөн.

Гүйцэтгэгч компанид дээрх дүгнэлтийн тухай, мөн цонхоо буулгаж авахыг мэдэгдэж, удаа дараа шаардсан боловч цонхоо авахгүй, доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй тул 2022 оны 11 сарын 17-ны өдөр  ХХК-тай Хуванцар хүрээтэй цонх хийх ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, хуучин цонх, шилэн фасадыг  ХХК-ийн цонхны техникч , дотор заслын гүйцэтгэгч  нарыг байлцуулан 2022 оны 11 сарын 22, 23, 24, 12 сарын 1--ий өдрүүдэд буулгаж, барилгын талбайд хураасан. Улмаар 2022 оны 12 сарын 01-ний өдөр барилгад шинээр гүйцэтгүүлсэн цонхнуудыг суурилуулсан. Нэхэмжлэгч миний бие гүйцэтгэгч компанид шилэн фасад, цонхонд зориулж нийт 53,450,000 төгрөг өгсөн бөгөөд шинээр шилэн фасад, цонхыг хийлгэж, суурилуулахад нийт 47,390,000 төгрөгийн зардал гарсан тул тус мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хоёр. Барилгад суурилуулах гадна хаалгыг очиж үзэж байсан бөгөөд өнгө үзэмжийн хувьд болж байна, гол нь -30С дээш хүйтэнд ашиглаж болох уу гэхэд гүйцэтгэгч, нийлүүлэгч нар болно, асуудалгүй гэж хэлсэн. Тус гадна хаалгыг 2022 оны 09 сарын эхээр суулгасан бөгөөд хаалга нь бүрэн бус (резин жийргэвч байхгүй, тохиргоо хийгдээгүй зэрэг) байгааг тухайн үед нь гүйцэтгэгчид хэлж байсан, түүнчлэн гадаа хүйтэрч -градус болоход суурилуулсан хаалганууд цантаж эхэлсэн тул энэ тухай гүйцэтгэгч компани, нийлүүлэгчид хэлсэн боловч арга хэмжээ авахгүй байсаар байсан. Хаалгыг нийлүүлсэн  гэх залуу 2022 оны 12 сарын 6-ны өдөр 2 мужаантайгаа ирж, хаалгыг үзээд явахдаа өөрийн суурилуулсан хаалгыг гадна зориулалтын хаалга биш гэдгээ хүлээн зөвшөөрч, хаалгаа буцааж авах тухай хэлсэн. Иймд нэхэмжлэгч би 2022 оны 12 сарын 14-ний өдөр  ХХК-иас хүйтний улиралд гаднах температур -ЗОС хүртэл ашиглах боломжтой, 7,857,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хаалгыг худалдан авч, шинээр сольж суурилуулсан. Нэхэмжлэгч миний бие хариуцагч компанид гадна хаалгад зориулж 8,000,000 төгрөг төлсөн бөгөөд суурилуулсан хаалганы мөнгө болох 7,857,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гурав. Гүйцэтгэгч компани нь дээврийн ажлыг дутуу гүйцэтгэсэн бөгөөд дутуу ажлаа гүйцээн хийхгүй байсан тул дээврийн материалд 1,552,195 төгрөг, ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг, нийт 5,552,195 төгрөгийг зарцуулан дутуу ажлыг нь дуусгасан. Нэхэмжлэгч миний бие хариуцагч компанид дээврийн ажилд зориулж 41,580,000 төгрөг төлсөн бөгөөд дутуу ажлыг гүйцээн хийхэд гарсан зардал болох 5,552,195 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлд дээврийн ажлын зардлын задаргаа, материал худалдан авсан зарлагын баримтууд, ажлын хөлс төлсөн шилжүүлгийн мэдээлэл, дээврийн дутуу ажил, ажлыг гүйцээн хийсэн фото зургуудыг хавсаргасан.

Дөрөв. Блок өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ тэгш бус, зай завсар ихтэй өрсний улмаас ханыг гипсээр тэгшилсэн, давхар дотроос нь дулаалах шаардлага үүссэн бөгөөд ажлын материалын зардал, тээвэр, ажлын хөлсөнд нийт 19,223,316 төгрөг төлсөн. Блок өрлөгийн ажлыг зохих барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгэсэн бол тухайн ханыг гипсээр тэгшлэх шаардлагагүй байдаг. Гэтэл гүйцэтгэгч компани блокийг өрөхдөө зохих барилгын норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүйгээс ханыг гипсээр тэгшлэх зайлшгүй шаардлагатай болсон. Иймд ханыг гипсээр тэгшлэхэд гарсан зардал нь захиалагчаас огт гарах ёсгүй, нэмэлт зардал болсон тул 19,223,316 төгрөгийг хариуцагч компаниас нэхэмжилж байна.

Дээр дурдсанчлан гүйцэтгэгч компани нь 2 хаусыг 2022 оны 07 сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар 147 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 7.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 (тус дүнг гаргасан тооцоог хэргийн 7 дугаар хуудаснаас харж болно) төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн алданги тооцоход хоногт 94,350 төгрөг, нийт 13,869,414 төгрөгийн алданги бодогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас уг 13,869,414 төгрөгийн алдангийг нэхэмжилж байна.

Мөн бидний хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу гэрээний нөхцөл үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.03 хувийн торгуулийг ногдуулахаар тохиролцсон. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн торгууль тооцоход хоногт 94,350 төгрөг, нийт 13,869,414 төгрөгийн торгууль бодогдсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаас уг 13,869,414 төгрөгийн торгуулийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй анз нь Иргэний хуульд нийцсэн, нийлбэр дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгийн 50 хувиас хэтрээгүй болно.

Гүйцэтгэгч/хариуцагч компани нь гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан захиалагч/нэхэмжлэгчид дараах бодит хохирлууд учирсан тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227.3-т заасныг үндэслэн учирсан хохирлоо нэхэмжилж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч миний бие  хотхоныг барьж, худалдан борлуулахаар 2018 оноос хойш төлөвлөж, мэргэжлийн байгууллагаар зураг төслийг боловсруулан, өөрийн төсвөөр эхний 6 барилгын газар шорооны ажил, суурийн ажлыг гүйцэтгэсэн. Улмаар иргэн  /РД:/-тэй 2021 оны 03 сарын 30-ны өдөр Д-21/01 тоот Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ-г, иргэн  /РД:/-тэй 2021 оны 04 сарын 20-ны өдөр Д-21/02 тоот Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ-г тус тус байгуулсан.

Эдгээр захиалагч нартай байгуулсан гэрээний 2.5-д хаусыг 2022 оны 08 сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар, гэрээний 3 дугаар зүйлд захиалагч нарын гэрээний үнэ, төлбөр төлөх хуваарийг тохиролцсон юм. Гэтэл хариуцагч компани барилгыг 2022 оны 07 сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулаагүй, өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж байгаа тул нэхэмжлэгч би захиалагч  нарт тэдгээртэй байгуулсан гэрээний 6.2-т заасны дагуу "... төлсөн үнийн дүнгийнх нь 0,2 хувиар алданги төлөх үүрэг үүсээд хохирч байна.

Захиалагч  2022 оны 12 сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд тэрээр хаусны захиалгад нийт 73,155,602 төгрөг төлсөн, нэхэмжлэгч би тус захиалагчийн өмнө 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл 132 хоногийн хугацаа хэтрүүлсэн, хоногт 146,311 төгрөг, нийт 19,313,079 төгрөгийн алданги төлөх хариуцлага хүлээгээд байна. Мөн захиалагч  2022 оны 12 сарын 25-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн ба нь нийт 22,934,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч би 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 2022 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл 132 хоног хугацаа хэтрүүлсэн, хоногт 45,868 төгрөгийн алданги, нийт 6,054,576 төгрөгийн алдангийг түүнд төлөх хариуцлага хүлээгээд байна.

Энэхүү захиалагч  нарт төлөх нийт 25,367,655 төгрөгийн алданги нь хариуцагч компанийн гэрээний үүргээ зөрчсөн, барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй буруутай үйл ажиллагааны улмаас шууд шалтгаант холбоотой нэхэмжлэгч надад учирсан бодит хохирол зардал байх тул тус мөнгийг хариуцагч компаниар төлүүлэхээр нэхэмжилж байна.

Мөн нэхэмжлэгч би хариуцагч компанид анх гэрээний урьдчилгаа төлбөр 68,040,000 төгрөгийг төлөхдөө 2022 оны 05 сарын 13-ны өдөр жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч, төлсөн байдаг. Захиалагч  байгуулсан захиалгын гэрээний 2, 3-р зүйлд 2022 оны 08 сарын 15-ны өдөр захиалагчид барилгыг хүлээлгэн өгснөөр мөн өдөр захиалагчаас 179,800,000 төгрөгийг хүлээн авахаар тохиролцсон. Миний бие захиалагчаас авсан энэхүү мөнгөнөөс Богд банкнаас авсан зээлийг бүрэн хаахаар төлөвлөсөн байсан. Гэтэл барилга хугацаандаа ашиглалтад ороогүйгээс захиалагчаас нэхэмжлэгч би 2022 оны 08 сарын 15-ны өдөр 179,800,000 төгрөгийг авч чадаагүй, улмаар  авсан зээлийг хааж чадалгүй 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс 12 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8,317,525 төгрөгийн хүүгийн төлбөр төлж хохироод байна. Иймд хариуцагч компанийн гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч надад зайлшгүй орох байсан орлого тасалдсантай шууд шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгч надад учирсан хохирол болох банканд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөгийг хариуцагч компаниар нөхөн төлүүлэхээр нэхэмжилж байна.

Мөн хариуцагч компанийн гүйцэтгэсэн цонхонд дүгнэлт гаргуулахтай холбогдуулан  ХХК-д төлсөн 250,000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч компаниар төлүүлэхээр нэхэмжилж байна. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Иргэн Т.*******гийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой доголдол арилгасан зардал, алданги, торгууль, хохирол гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хариуцагчийн хувиар оролцож буй тус компанийн зүгээс нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд үүссэн ерөнхий асуудлын тухайд:

2022 оны 5-р сарын 16-ны өдөр талууд гэрээ байгуулан ажлын нийт төсөвт өртгийг 453,600,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон нэхэмжлэгч Т.******* урьдчилгаа төлбөрт 68,040,000 төгрөгийг өгсөн боловч энэ барилгын өрлөг болон карказ хийж дуусах хүртэлх ажлыг хийхэд хүрэлцээгүй. Энэ талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж нэмэлт санхүүжилтийг олгохыг хүссэн боловч олгоогүй хугацаа алдаж байсан. Нэхэмжлэгч санхүүжилт олгоогүйн улмаас цаг хугацаа алдаж байсан тул өөрсдийн зүгээс 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг барилгын ажилд оруулсан. Барилгын өрлөг болон карказын ажил үндсэндээ 2022 оны 8 дугаар сарын эхээр дууссан бөгөөд 2022 оны 8-р сарын 12-ны өдөр дараагийн санхүүжилт болох 120,000,000 төгрөгийг олгосон. Гэрээний дагуу нийт ажлын төсөвт өртгийн 50 хувьтай үнэ дүйцэх газрыг нэхэмжлэгч талаас бидэнд шилжүүлэн өгөхөөр анх гэрээ байгуулахаар тохиролцсон боловч тухайн газрын зах зээлийн үнэ хэтэрхий бага байсны улмаас 2022 оны 8 сарын 12-ны өдөр санхүүжилт хийхээс өмнө талууд харилцан тохиролцож санхүүжилтийг мөнгөн хэлбэрээр хийхээр болсон.

Анх хийгдсэн урьдчилгаа төлбөрийн санхүүжилт 2022 оны 6 сарын 28-ны өдөр дууссан бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс удаа дараа энэ талаар хэлж сануулж шаардлага тавьсан хэдий боловч нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр ч санхүүжилтийг олгоогүй 2022 оны 8-р сарын 12-ны өдрийг хүргэсэн. Нийт санхүүжилтийг барилгын ажилд 100 хувь зарцуулсан ба эндээс манай компани өөрсдийн ашиг (ажилласны хөлс, үнэ)-аа хүртээгүй. Гэрээнд заасан цаг хугацаа хойшилсон нөхцөл байдал нэхэмжлэгчийн санхүүжилт удааширч хойшилсон, гэрээнд зааснаар гэрээний үүргээ биелээгүй байдлаас хамаарч байсан болно. Энэ байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба энэ нь нэмэлт санхүүжилт олгосон огноо, хугацаа нь гэрээнд заасан ажил дуусах хугацаанаас хойш байгаа байдал зэргээс нотлогдоно.

Хэрэв энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байсан бол нэмэлт санхүүжилтийг 2022 оны 8-р сарын 12-ны өдөр, мөн 2022 оны 9-р сарын 16-ны өдрүүдэд олгохгүй байсан билээ.

Манай компанийн хувьд тухайн барилгын ажлыг хүн хүч гаргаж хийж гүйцэтгэж байсан хэдий боловч огт ашиг авалгүй 275,421,076 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэлийг бий болгосон байна. (Үүний хөдлөнгийн төсөвчнөөр гаргуулсан ба холбогдох баримтыг хавсаргав) Гэтэл нэхэмжлэгчээс 193 орчим сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Иймээс манай компани өөрсдийн зүгээс барилгын ажилд оруулсан 20,000,000 төгрөг (дансны хуулгаар нотлогдоно) болон хийж гүйцэтгэсэн ажлын ашиг, ажиллах хүчний зардал (инженер техникийн ажилчдын цалин, нэмэгдэл), барилгын удирдлага зохион байгуулалтын зардлыг сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно. Барилгын гэрээт ажил нь нэхэмжлэгчийн санхүүжилт зогссоны улмаас болж зогссон ба манай компанийн хувьд дээрх зардлууд болон ашгаа авахгүй, өөрсдийн зүгээс зардал гаргаад нэхэмжлэгчийн барилгын ажлыг явуулсан ба цаашид энэ байдлаар явуулах боломжгүй болсон юм.

Манай компанийн хувьд эхний санхүүжилт барилгын ажилд бүрэн зарцуулж дууссаны дараагаар өрлөг, карказын ажил дуусгахаар шаардагдах нэмэлт санхүүжилтийг хүссэн ба захиалагчийн зүгээс нэмэлт санхүүжилт олгоогүй тул бидний зүгээс өөрсдийн зардлаар ажлыг явуулж эхэлсэн ба захиалагчид нэмэлт санхүүжилтийн асуудлыг дахин тавьж, ер нь гэрээт ажлыг санхүүжилтийн асуудлаас болж зогсоохыг хүссэн боловч захиалагч алсдаа үргэлжлүүлэн явуулахыг биднээс хүссэн. Ингэхдээ газраар хийх төлбөр тооцоог мөнгөн хэлбэрээр хийхээ бидэнд мэдэгдсэн. Гэрээнд заасан мөнгөн хэлбэрийн санхүүжилтийг бүтнээр нь мөнгөн хэлбэрээр олгохоо илэрхийлсэн. Нэхэмжлэгч энэ тохиролцоогоо мөн биелүүлээгүй ба энэ байдлыг тогтоох үүднээс шаардлагатай гэрчүүдийг асуулгах боломжтой болно.

Нэг. Цонхны ажлын доголдлыг арилгах зардалд 47,390,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Цонхны ажлын хувьд цонхны материалыг сонгохдоо нэхэмжлэгч хамт байлцан сонгосон бөгөөд нэхэмжлэгч цонхыг хүлээн зөвшөөрч сонголтоо хийсэн. 2022 оны 9-р сарын эхээр цонхны ажил хийж дууссаны дараагаар нэхэмжлэгч зарим засварыг дахин хийлгүүлэх хүсэлт тавьсны дагуу туслан гүйцэтгэгч компанийг дахин ажиллуулж, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу цонхны ажлыг дахин хийж гүйцэтгэн туслан гүйцэтгэгч компани нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү хийж гүйцэтгэсний дараагаар нэхэмжлэгч өөрөө хамт байлцан цонхны ажлыг хүлээн зөвшөөрч цонхны гүйцэтгэлийг туслан гүйцэтгэгчээс хүлээн авсан. Нэхэмжлэгч цонхыг хүлээн авсны дараа цонхны үлдэгдэл төлбөр 5 сая төгрөгийг 2022 оны 9-р сарын 16-ны өдөр шилжүүлсэн.

Туслах гүйцэтгэгч цонхны компани болох  ХХК (Захирал ) нь байгууллага тухайн нөхцөл байдлыг гэрчлэх боломжтой юм.

Нэхэмжлэгч нь  ХХК-аар дүгнэлт гаргуулсан гэх хэдий боловч тухайн дүгнэлт хэтэрхий захиалагч талын байр суурийг баримталсан, нэхэмжлэгчийн заавраар гарсан дүгнэлт болсон байна. Түүнчлэн дүгнэлтэд туссан нөхцөл байдал бодит байдалд үнэхээр бий болсон гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь тухайн үед цонхонд үүссэн доголдлыг арилгаад өгөх талаар цонхны туслан гүйцэтгэгч компанийн захирал  нэхэмжлэгчид мэдэгдэж байсан боловч энэ дүгнэлтэд дурдсан асуудлын талаар огт хэлж мэдэгдэж байгаагүй зөвхөн цонхны мөнгөө бүтнээр нь буцааж авах талаар л удаа дараа ярьдаг байсан. Мөн өөрөө цонхны ажлыг хүлээн авсан байдаг ба цонхны ажлыг бүрэн гүйцэд боллоо гэж хүлээн зөвшөөрсөн болно.  ХХК нь захиалагч болон гүйцэтгэгч талуудын харилцан тохирсон нөхцөлүүдийг мэдэхгүй хэр нь талуудын гэрээний тохиролцооноос давсан асуудлаар дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, гэрээнд цонхны шилийг ганжуулсан шил байх талаар тусгайлан тохиролцоогүй боловч гүйцэтгэгчийн зүгээс хамгийн гадна талын шилийг ганжуулсан шилээр хийх саналыг нэхэмжлэгчид санал болгосон, цонхны шил зайлшгүй ганжуулсан байх шаардлага байдаггүй. Гэтэл гэрээний нөхцөлөөс давж ганжуулсан шилээр 3 давхар шилийг бүгдийг нь солих талаар дүгнэсэн нь буруу байна. Мөн ийнхүү дүгнэлт гаргуулж буй талаар урьдчилан мэдэгдэж, дүгнэлт гаргах ажиллагаанд манай компанийн төлөөллийг оролцуулах боломж нөхцөлийг хангаагүй. Гэтэл хожим гэнэт ийм дүгнэлт гарсан гээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь манай хувьд ихээхэн ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Манай компани болон цонхны туслан гүйцэтгэгч компанийн зүгээс цонхны хувьд үүссэн доголдлыг арилгаад өгч болох талаар мэдэгдэж байсан боловч бидний саналыг хүлээн авахгүй зөвхөн цонхны мөнгөө буцаан авах талаар л шаардаж байсан болно.

Иймээс тухайн асуудлаар гарсан  ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд бодитой эсэхийг шүүхийн журмаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тодорхой болгох нь зүйн асуудал байж болно.

Хоёр. Хаалганы ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 7,857,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Манай компани нь хаалгатай холбогдсон тухайн асуудалд хамааралгүй юм. Нэхэмжлэгч өөрөө хаалгыг өөрөө сонгож, бусад (хаалга зарсан хүн: )-аас худалдан авсан бөгөөд 2 хаалганы төлбөр болох 6 сая төгрөгийг л шилжүүлсэн болно. Хаалганы сонголт хийхэд манай компани байлцаагүй ба нэхэмжлэгчийн өөрийн сонголтоор хаалгыг сонгож ирүүлсэн болно. Тухайн хаалга нь гаднах хаалга биш байсан бол энэ асуудлын үр дагаврыг хаалга сонгосон тал болох нэхэмжлэгч өөрөө хариуцах нь зүйд нийцэх болно. Манай компанийн хувьд энэ асуудалд гэм буруугүй буюу оролцоогүй. Учир нь гэрээний дагуу захиалагч нь өөрөө хаалгаа сонгон ирүүлсэн байхад манай зүгээс тухайн хаалгаар ажлыг гүйцэтгэснийг буруутгаж болохгүй юм. Хаалганы чанар байдлын талаар гаднаас урьдчилан дүгнэх боломжгүй ба гагцхүү худалдаж буй хүнээс өгсөн мэдээлэл, захиалагч өөрийн биеэр үзэж шалгаж авсан чанар байдлын дагуу тодорхойлох боломжтой асуудал болно.

Гурав. Дээврийн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 5,552,195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэлийн энэ хэсэг нь дээврийн ажлыг дутуу гүйцэтгэсэн гэх агуулгатай байх ба гүйцээх зардлыг нэхэмжилсэн байна. Дээврийн ажлыг гүйцээх зардал гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон ажил нь барилгын гадна фасад хийгдэж дууссаны дараа хийгдэх байсан дээврийн хүрээ болон хайрцаг, гарниц хийх ажил бөгөөд, түүнд хамаарах материал болон ажлын хөлс нь нэхэмжлэгчээс гарвал зохих зардал бөгөөд үүнд хэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх нь ач холбогдолгүй юм. Манай компанитай байгуулсан гэрээний ажил нэхэмжлэгчийн санхүүжилт байдлын улмаас үргэлжлүүлэн хийх боломжгүй болж зогссон. Хэрэв нэмэлт санхүүжилтийг олгосон нөхцөлд дээр дурдсан ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн хийх нь зайлшгүй асуудал юм. Энэ нь нэхэмжлэгчээс гарч буй нэмэлт зардал биш бөгөөд хожим зайлшгүй гарвал зохих зардал болно. Нэхэмжлэгч нь өөрийн зүгээс гарвал зохих зардлаа огт гарахгүй байсан мэтээр нэхэмжлэл гаргасан байгаа нь зүй ёсонд нийцэхгүй болно.

Харин нэхэмжлэгчийн олгосон зардлаар дутуу ажил хийсэн эсэх асуудал нь нэхэмжлэгчээс олгосон санхүүжилтийг манай компани гагцхүү нэг дансаар 100 хувь барилгын ажилд зарцуулсан байдлаас үгүйсгэгдэнэ. Манай компанийн хувьд өөр зарцуулалт хийгээгүй, харин өөрсдийн зүгээс зардал нэмэлтээр гаргаж барилгын ажлыг явуулж байсан болно.

Дөрөв. Анзын төлбөрт 27,738,828 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

2022 оны 7-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий боловч нэхэмжлэгчээс олгосон санхүүжилт хүрэлцээгүй, үүний улмаас 2022 оны 8-р сарын 12-ны өдөр нэмэлт санхүүжилт олгох байдлаар гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдаж явсан юм. 2022 оны 8-р сарын 12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчээс санхүүжилт хүссэн хэдий боловч нэмэлт санхүүжилт олгохгүй байсан тул манай компани өөрсдийн зардлаар ажлыг явуулж байсан. 2022 оны 8-р сарын 12-ны өдөр, мөн 2022 оны 9-р сарын 16-ны өдөр цонхны үлдэгдэл төлбөр 5 сая төгрөгийг шилжүүлэн олгосон байдал гэрээний харилцааг үргэлжлүүлж буй хэлбэр гэж үзэх үндэслэлтэй. Барилгын ажил, гүйцэтгэл нь санхүүжилт, төсөв олголтын байдлаас шууд хамааралтай явагддаг бөгөөд санхүүжилт удааширсан нөхцөлд гэрээний хугацаа сунжрах асуудал үүсэх нь гарцаагүй. Санхүүжилт удааширсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй болно.

Гэрээний дагуу карказ, өрлөгийн ажил дуусмагц нийт ажлын төсөвт өртгийн 50 хувьтай үнэ дүйцэх газрыг нэхэмжлэгч талаас бидэнд шилжүүлэх ёстой байсан (сүүлд амаар ярилцаж тохиролцсоны дагуу мөнгөн хэлбэрээр олгох ёстой байсан) боловч шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Удаа дараа энэ талаар хэлж сануулж шаардлага тавьсан хэдий боловч мөнгөн хэлбэрээр хийгдэх санхүүжилт удааширч олгогдоогүй. Захиалагчаас орж ирсэн нийт санхүүжилтийг барилгын ажлын шууд зардалд 100 хувь зарцуулсан ба эндээс манай компани өөрсдийн ашиг, ажиллах хүчний зардал, удирдлага зохион байгуулалтын зардал (ажилласны хөлс, үнэ)-аа аваагүй болно.

Нэхэмжлэгчийн өөрийн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүй, хожимдуулсан, гэрээний зарим төлбөрийг хийгээгүй зэрэг байдлаас хугацаа алдсан байтал манай байгууллагаас гэрээний хугацааг хоцроосон гэх нэрийдлээр алданги, торгууль нэхэмжлэх нь үндэслэлгүй болно.

Тав. Ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 19,223,316.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь энэхүү ажлыг захиалагчаас огт гаргах ёсгүй, нэмэлт зардал болсон гэж нэхэмжлэлдээ тодотгожээ. Энэ нь мөн үндэслэлгүй буюу нэхэмжлэгчээс гарвал зохих зардал байсан болно. Учир нь барилгын суурь алдаатай, буруу хийгдсэн буюу суурины алдааны улмаас блок өрлөгийн ажил тэгш бус, зайтай болох асуудал зарим талаараа байсан. Энэ нь суурийг (суурийг өөр компани хийж гүйцэтгэсэн) зөв хийгээгүйн улмаас суурийн алдааг тэгшитгэж өрлөгийг хоёр талд нь жигд хэмжээтэй өрснөөс үүссэн зайлшгүй нөхцөл байдал юм. Энэ талаар нэхэмжлэгчид урьдчилан хэлсэн, хожим ч мөн хэлж мэдэгдсэн. Нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсан ба гэрээний талууд нь аль болох боломжоороо хийх талаар хэлэлцэж тохиролцсон. Гэрээнд заагдсан үнийн төсөвт дотор ханыг шавардаж тэгшлэхээр төлөвлөж тусгасан байсан. Үүнийг шавардах эсвэл гипсээр битүүлж гүйцэтгэдэг бөгөөд энэ нь тэгшхэн хананд мөн хийгддэг буюу нэхэмжлэгчээс гарвал зохих ажил болон зардал юм. Хэрэв гагцхүү блок өрлөгийн ажил нь алдаатай болсон гэж үзэж байгаа бол энэ нь байшингийн суурины алдаанаас болсон эсэхийг хөндлөнгийн шинжээчээр тодорхойлох нь зүйн асуудал юм. Учир нь зарим хэсэгт үүссэн дотор ханын өрлөгийг алдаа нь суурийн алдаатай хамааралтай болоод байгааг гүйцэтгэгчийн инженер өрлөг хийх явцад нэхэмжлэгч талд мэдэгдэж, харилцан зөвшилцөж байсан бөгөөд, өөрөө ч үүнийг ойлгож мэдсэн болно.

Мөн нэхэмжлэгч санхүүжилтийг зогсоогоогүй, үргэлжлүүлэн олгосон нөхцөлд дээр дурдсан ажлыг хийж гүйцээх байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

Зургаа. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

Өөрт учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гэж ойлгогдож байх ба энэ нь хохирол учирсан байхыг урьдчилан шаарддаг. Мөн энэхүү хохирол гагцхүү нөгөө талын гэм буруугаас шууд шалтгаант холбоо бүхий хамааралтай байх учиртай болно. Гэтэл нэхэмжлэгчийн санхүүжилтээс хамааран гэрээний хугацаа сунгагдахыг зөвшөөрсөн байдал, мөн нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн байдал зэргээс үзвэл нэхэмжлэгчийг гэрээний харилцаанд гэм буруугүй гэж үзэх боломжгүй. Мөн ажил гүйцэтгэгчийг гэрээний бүхий л харилцаанд буруутгах ч боломжгүй юм. Иймээс гэрээний үүргээ зөрчсөний улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай тал нь нэхэмжлэх нь зүйд нийцэхгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч Т.*******д холбогдуулан 75,521,076 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч Т.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд Т.*******гийн санхүүжилт удааширч, зогсож байсантай холбогдуулан манай компанийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас өөрсдийн зүгээс барилгын ажилд 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. (Үүнийг нотлох дансны хуулгыг хариу тайлбарын хамт баримтаар гарган өгсөн болно.) Өөрсдийн барилгын ажилд оруулсан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хүсэлтэй байх ба сөрөг нэхэмжлэлээр энэхүү шаардлагыг гаргаж байна.

Гүйцэтгэгч талаас гүйцэтгэсэн барилгын ажлын нийт төсөв 275,421,076 төгрөг болсон (гүйцэтгэлийн төсвийг тусгай зөвшөөрөл бүхий төсөвчнөөр хийлгүүлэн хариу тайлбартаа хавсарган өгсөн болно.) ба энэхүү төсвөөс Т.*******гийн олгосон санхүүжилт болох 199,900,000 төгрөгийг хасаж тооцвол 75,521,076 төгрөг болж байна. Энэхүү дүнд гүйцэтгэгч талаас оруулсан 20,000,000 төгрөг багтаж байгаа тул үүнийг хасаж тооцвол 55.521.076 төгрөгийн цалин хөлсний төлбөрийг захиалагч тал нь төлөх үүргийг хүлээж байна.

"******* ******* ХХК нь нэхэмжлэгчийн олгосон 199,900,000 төгрөг, мөн өөрсдийн оруулсан 20,000,000 төгрөг, нийтдээ 219,900,000 төгрөгийн зардлаар 275,421.076 төгрөгийн гүйцэтгэл бүхий ажлыг хийсэн ба ийнхүү ажил хийхдээ өөрсдийн ашиг, зардалд нэг ч төгрөгийн захиалагчаас аваагүй болно. Нэхэмжлэгч нь 275,421,076 төгрөгийн гүйцэтгэл бүхий барилгын ажлыг манай компаниар үнэ төлбөргүй хийлгэсэн байх ба өнөөдрийг хүртэл цалин хөлсийг өгөөгүй болно. Иймээс цалин хөлс (ажиллах хүчний зардал, барилгын удирдлага, зохион байгуулалтын зардал, ашиг) төлбөрт 55.521.076 төгрөгийг төлөх үүрэгтэй ба манай зүгээс нэхэмжлэх эрхтэй болно.

Барилгын ажилд манай талаас оруулсан мөнгөн хөрөнгө болох 20,000,000 төгрөг, цалин хөлсний төлбөр болох 55,521,076 төгрөг, нийтдээ 75,521,076 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******гаас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Т.******* нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлд заасан хугацаа, хэмжээгээр миний бие санхүүжилтийг хийж байсан бөгөөд нэхэмжлэгч компани нь гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсэн, хийсэн ажлууд нь маш их доголдолтой, дутуу гүйцэтгэсэн болно.

Түүнчлэн бидний хооронд байгуулсан гэрээгээр ******* ******* ХХК нь нийт 453,600,000 төгрөгийн үнээр өвөл, зуны зориулалттай, хоёр давхар амины орон сууцыг хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж, хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн бөгөөд уг тохиролцсон үнийн дүнд тухайн барилгыг барихтай холбоотой зардлууд бүгд багтсан. Миний бие зохих санхүүжилтийг олгож байсан ба олгосон санхүүжилтээр гүйцэтгэгч компани өөрийн ажилтнуудад цалин хөлсийг олгох, удирдлага, зохион байгуулалтын зардал, ашгаа хэрхэн тооцох асуудалд захиалагч би оролцохгүй юм.

Нэхэмжлэгч компани нь миний олгосон санхүүжилтээр барилгын чанар стандарт, холбогдох норм дүрмийг хангаагүй, ажлыг дутуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь олгосон санхүүжилтийн дүнд хүрээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгасан. Үүнд: Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор гаргасан хаалганы ажлын доголдол 7,857,000 төгрөг, дээврийн ажлын доголдол 5,552,195 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардал 19,223,316 төгрөг гаргуулах шаардлагаа 14,473,984 төгрөг болгон багасгаж, цонхны доголдол 47,390,000 төгрөг, алданги 13,869,414 төгрөг, торгууль 13,869,414 төгрөг, захиалагч  төлөх алданги 19,313,079 төгрөг, захиалагч  төлөх алданги 6,054,576 төгрөг, Богд банканд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг, цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн 250,000 төгрөг, нийт 123,537,992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

6. Нэхэмжлэгчээс ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн мөнгөн дүнгийн тооцоо, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22/516 дугаар  барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, гэрэл зургууд, мөнгө шилжүүлсэн баримтууд,  ХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар,  ХК-ийн зээлийн дансны хуулганы хуулбар, гэрэл зургууд, нэхэмжлэх, зарлагын баримт, Франц вилла хотхоны загвар зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Франц вилла хотхоны ажлын зураг,  ХК-ийн харилцагчийн дансны хуулга, иргэн Т.*******гаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Френч вилла хотхоны барилгын цонхонд хийгдсэн барилгын цонхны дулаан техникийн үзүүлэлт, хэмжилт, ерөнхий дүгнэлт, зөвлөмж, Үндэсний итгэмжлэлийн төвийн итгэмжлэлийн гэрчилгээ, Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/149 дугаар Итгэмжлэх тухай тушаал, ХХК-ийн Техник хяналтын албаны итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт, мөнгө шилжүүлсэн баримт, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хуванцар хүрээтэй цонх хийх ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Цонх суулгасан акт, гэрэл зургууд, падаанууд, Фрэнч вилла төслийн 1 дүгээр блокийн 2 хаусны дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 2021 оны 03 дугаар сарын 30-ны Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тооцоо нийлсэн акт , 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, харилцагчийн дансны хуулга, Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, шалгалт тохируулгын гэрчилгээний хуулбар, ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Бизнесийн зээлийн гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

7. Хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тохиролцсон барилгын ажлын төсөвт өртөг, түүний задаргаа, ******* ******* ХХК-ийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын хөндлөнгийн төсөвчнөөр гаргуулсан төсөвт өртөг, барилгын ажилд 20,000,000 төгрөгийн зардал оруулсан тухай дансны баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* ХХК-ийн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар, ******* ******* ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын хуулбар, депозит дансны хуулга, ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 11 дүгээр сарын тайлан, ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын тайлан, ******* ******* ХХК-ийн захиалга хүлээн авдаг  ХК-ийн дансны хуулга, захиалгын  сайтыг харуулсан зураг, ******* ******* ХХК-ийн www.promed.mn сайтаас бараа захиалгын журам, харилцагч байгууллагатай хийсэн гэрээ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс  эзэмших эрхтэй газар дээр бүртгэгдсэн амины орон сууцуудын өмчлөх эрхийн бүртгэлийн дэлгэрэнгүй түүхчилсэн лавлагаа, орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэх зорилгоор гаргасан мэдүүлгүүд, мэдүүлэгт хавсарган өгсөн план зураг, өмчлөх эрхийг бүртгэх үндэслэл болсон гэрээ, хэлцэл, мэдүүлэгт хавсаргасан бусад баримт зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлээс 57,575,415 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 65,962,577 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 55,521,076 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Гүйцэтгэгч компаниас 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр суурилуулсан цонхны хуваалт нь батлагдсан зургийн дагуу хийгдээгүй, цонхны хэмжээсийг буруу авсан, *******йн илт алдаатай байсан, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр цонх чанар, стандартад нийцэхгүй, суурилуулалт нь стандартын дагуу хийгдээгүй болох нь тогтоогдсон. Гүйцэтгэгч компанид цонхыг солиулъя гэдгээ хэлсэн боловч цонхыг сольж өгөөгүй тул нэхэмжлэгч миний бие шинээр шилэн фасад, цонхыг хийлгэж, суурилуулахад нийт 47,390,000 төгрөгийн зардал гаргасан.

2.2. Блок өрлөгийн ажлыг гүйцэтгэхдээ тэгш бус, зай завсар ихтэй өрсний улмаас ханыг гипсээр тэгшилсэн, давхар дотроос нь дулаалах шаардлага үүссэн бөгөөд ажлын материалын зардал, тээвэр, ажлын хөлсөнд 14,473,984 төгрөгийн зардал гарсан.

2.3. Гүйцэтгэгч компани нь 2 хаусыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 147 хоногийн хугацаа хэтэрсэн. Гэрээний 7.1, 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 314,499,195 төгрөгөөс хоног тутамд 0,03 хувийн алданги, торгууль тооцож, тус бүр 13,869,414 төгрөг, нийт 27,738,828 төгрөгийг нэхэмжилж байна.

2.4. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох банканд төлсөн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг, бусдад төлөх алданги нийт 25,367,655 төгрөг, цонхны ажилд дүгнэлт хийлгэсэн 250,000 төгрөг, нийт 123,537,992 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч санхүүжилтийг хугацаандаа хийгээгүйгээс ажил зогссон. Цонхны ажлын хувьд цонхны материалыг сонгохдоо нэхэмжлэгч хамт байлцан сонгосон бөгөөд хийж гүйцэтгэсний дараагаар нэхэмжлэгч өөрөө цонхны ажлыг хүлээн зөвшөөрч цонхны гүйцэтгэлийг туслан гүйцэтгэгчээс хүлээн авсан.

Нэхэмжлэгч нь  ХХК-аар дүгнэлт гаргуулсан гэх хэдий боловч тухайн дүгнэлт хэтэрхий захиалагч талын байр суурийг баримталсан, нэхэмжлэгчийн заавраар гарсан дүгнэлт болсон байна.

Ажлыг 2022 оны 7-р сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй хэдий боловч нэхэмжлэгчээс олгосон санхүүжилт хүрэлцээгүй, үүний улмаас 2022 оны 8-р сарын 12-ны өдөр нэмэлт санхүүжилт олгох байдлаар гэрээний хугацаа тодорхойгүй хугацаагаар сунгагдаж явсан. 2022 оны 8-р сарын 12-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчээс санхүүжилт хүссэн хэдий боловч нэмэлт санхүүжилт олгохгүй байсан тул манай компани өөрсдийн зардлаар ажлыг явуулж байсан. Санхүүжилт удааширсан явдалд ажил гүйцэтгэгч гэм буруугүй болно.

Нэхэмжлэгчийн өөрийн санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүй, хожимдуулсан, гэрээний зарим төлбөрийг хийгээгүй зэрэг байдлаас хугацаа алдсан байтал манай байгууллагаас гэрээний хугацааг хоцроосон гэх нэрийдлээр алданги, торгууль нэхэмжлэх нь үндэслэлгүй болно.

Барилгын суурь алдаатай, буруу хийгдсэн буюу суурийн алдааны улмаас блок өрлөгийн ажил тэгш бус, зайтай болох асуудал зарим талаараа байсан.

нэхэмжлэгчийн санхүүжилтээс хамааран гэрээний хугацаа сунгагдахыг зөвшөөрсөн байдал, мөн нэхэмжлэгч төлбөр төлөх гэрээний үүргээ зөрчсөн байдал зэргээс үзвэл нэхэмжлэгчийг гэрээний харилцаанд гэм буруугүй гэж үзэх боломжгүй гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... Нэхэмжлэгч Т.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байх хугацаанд Т.*******гийн санхүүжилт удааширч, зогсож байсантай холбогдуулан манай компанийн зүгээс барилгын ажлыг үргэлжлүүлэх шаардлагын улмаас өөрсдийн зүгээс барилгын ажилд 20,000,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулсан. Өөрсдийн барилгын ажилд оруулсан 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулах хүсэлтэй байх ба сөрөг нэхэмжлэлээр энэхүү шаардлагыг гаргаж байна.

Гүйцэтгэгч талаас гүйцэтгэсэн барилгын ажлын нийт төсөв 275,421,076 төгрөг болсон ба энэхүү төсвөөс Т.*******гийн олгосон санхүүжилт болох 199,900,000 төгрөгийг хасаж тооцвол 75,521,076 төгрөг болж байна. Энэхүү дүнд гүйцэтгэгч талаас оруулсан 20,000,000 төгрөг багтаж байгаа тул үүнийг хасаж тооцвол 55.521.076 төгрөгийн цалин хөлсний төлбөрийг захиалагч тал нь төлөх үүргийг хүлээж байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч компани нь миний олгосон санхүүжилтээр барилгын чанар стандарт, холбогдох норм дүрмийг хангаагүй, ажлыг дутуу гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь олгосон санхүүжилтийн дүнд хүрээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчийн хооронд 2022.05.16-ны өдөр байгуулагдсан 22/516 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь айлын хаусны барилгыг төсөл хэрэгжиж буй газар дээр гэрээнд заасан нөхцөл, хугацаанд хүн амьдрах аюулгүй орчныг бүрдүүлж, эрүүл ахуй, ариун цэвэр, чанар стандартын шаардлагыг бүрэн хангасан байдлаар барьж 2022.07.30-ны өдөр хүлээлгэн өгч, захиалагч тал төлбөрийг гэрээнд заасан нөхцөлөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /1-р хх 10/

 

8. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч ажлын хөлсөнд нийт 196,900,000 төгрөг төлсөн, хариуцагчаас барилгын ажилд 20,000,000 төгрөгийн зардал гаргасан, 2022.09.20-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэх хугацааг сунгасан үйл баримтын талаар маргаагүй байна. Харин ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажил доголдолтой эсэх, нэхэмжлэгч гэрээнд заасан анз, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

9. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

10. Үндсэн нэхэмжлэлийн тухай.

 

10.1. Нэхэмжлэгч цонх доголдолтой байсны улмаас бүхэлд нь сольж гуравдагч этгээдээр шинээр гүйцэтгүүлсэн хохирол 47,390,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Цонхны доголдлыг засах боломжтой байсан бөгөөд заавал бүхлээр нь солих шаардлагагүй байсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал, хэрэв чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3 дахь хэсэгт заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний Хавсралт хэсгийн 6-д Цонх металл рам бүхий дулаан тусгаарлалт сайтай гурван давхар вакум цонх байна гэж тохиролцсон байх бөгөөд хариуцагч уг ажлыг туслан гүйцэтгэгчээр буюу  ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн талаар тайлбар гаргасан.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна.

 

Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цонх доголдолтой талаар  ХХК-ийн 2022.11.08-ны өдрийн дүгнэлт, зөвлөмж гарсан байх бөгөөд тус дүгнэлт, зөвлөмж үндэслэлтэй бөгөөд тухайн цонхыг бүхэлд нь солих шаардлагатай болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр, мөн цонхыг хийж гүйцэтгэсэн компанийн гүйцэтгэх захирал гэрч  Таны гүйцэтгэсэн ажил дээр тодорхой хэмжээний доголдол гарсан гэдгийг та зөвшөөрч байгаа юу? гэсэн асуултад Тэрийг зөвшөөрч байна. Тийм боломжтой гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх 58, 2-р хх 128, 4-р хх 64/.

 

Түүнчлэн хариуцагчийн гүйцэтгэсэн цонх доголдолтой талаар нэхэмжлэгчээс удаа дараа шаардлага тавьж байсан болох нь Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх ба энэхүү үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй. /4-р хх 94/

 

Нэхэмжлэгч цонхны доголдлыг арилгаж, шинээр хийлгэхэд 47,390,000 төгрөгийн зардал гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, нотлох баримтаар  ХХК-тай 2022.11.17-ны өдөр байгуулсан Хуванцар хүрээтэй цонх хийх ажил гүйцэтгэх гэрээ, тус компанийн санхүүгийн тэмдэг бүхий Нэхэмжлэх, цонх суулгасан акт, фото зургуудыг гаргаж өгснийг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй, 352 дугаар зүйлийн 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус зааснаар цонхны доголдлыг арилгахад гарсан зардал 47,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

10.2. Нэхэмжлэгч  ХХК-иар цонхны ажилд дүгнэлт гаргуулахад төлсөн 250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цонх доголдолтой болох нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар үйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч цонхны доголдолтой холбоотой дүгнэлт гаргуулахад Ачит Үйлс ХХК-д 250,000 төгрөг төлсөн болох нь 1-р хавтаст хэргийн 63 дахь талд авагдсан банкны Шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул уг 250,000 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

10.3. Нэхэмжлэгч ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардалд 19,223,316 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 14,473,984 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь ханын өрлөг тэгш бус, алдаатай хийгдсэнээс нэхэмжлэгч ханыг бүхэлд нь гипсээр хийж, гарах ёсгүй байсан зардал 14,473,984 төгрөг зарцуулсан, байшингийн суурийн алдаа байгаагүй, байсан хэдий ч өрлөг өрөхдөө тухайн алдаанаас хамаарахгүй тэгш өрөх боломжтой байсан гэж тодорхойлсон.

 

Хариуцагч барилгын суурийн алдаанаас болж ханын өрлөг тэгш бус өрөгдөж ханыг гипсэн ханаар хийх шаардлага үүссэн, ханыг угаасаа шавардлага хийж тэгшлэх ажилд зардал гарах байсан зөрүү бага зардал гарна гэж маргасан.

 

Шинжээчийн дүгнэлтийн хариулт 8-д Гэрээнд 83,94 м.кв гипсэн хана хийхээр тохирсон. Блокон хана чанаргүй болсон учраас гипсэн хана хийжээ. Үүний тооцсон үнэ 2,304,000 төгрөгийн илүү зардал гарахаар байна гэж дүгнэж, үндэслэлээ Дотор ханыг чанаргүй хийснээс болж шавардлагатай байх ханыг гипсэн хана болгож өөрчилсөн. *******гийн хийсэн гипсэн ханын хэмжээ 17*2=340 м.кв бол, гэрээнд 84 м.кв талбайг гипсээр хийнэ гэж тохирсныг хасвал 256 м.кв гипсэн хана хийжээ. Нэгж гипсэн ханын зах зээлийн өртгийг уг талбайд үржүүлбэл 27,000*256=6,912,000 төгрөг болж байна. Үүний 1/3-ээр зөрүү үнийг тооцвол 2,304,000 төгрөгийн илүү зардал гарсан гэжээ.

 

Шинжээчийн дүгнэлтээр блокон хана чанаргүй болсны улмаас 256 м.кв гипсэн хана хийх шаардлага үүссэн нь тогтоогдсон байх тул ханыг гипсээр тэгшилсэн ажлын зардалд нэхэмжилсэн 14,473,984 төгрөгөөс 2,304,000 төгрөгийг шаардлагыг хангаж, үлдэх 12,169,984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10.4. Алданги 13,869,414 төгрөг гаргуулах шаардлагын тухай.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тодорхойлсон.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д Гэрээний хугацааг зөрчсөн тохиолдолд нийт үнийн дүнгийн төлбөрийн 0,03 хувиар хоног тутамд буруутай тал үл маргах журмаар нөгөө талдаа алданги төлнө гэж заажээ. Энэхүү заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх хэдий ч талууд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул хуульд заасан агуулгад нийцүүлэн алдангийн хэмжээг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигч талууд шүүх хуралдаанд гэрээний хугацааг 2022.09.20-ны өдөр хүртэл сунгасан гэсэн тайлбарыг гаргаж, уг үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрээ цуцлагдсан гэх үндэслэл хэргийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн гаргасан гэрээ цуцлагдсан учир анз шаардах эрхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч алдангийг 314,499,195 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь гэрээгээр тохиролцсон төсвийн дүнгээр тооцвол 196,647,347 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байх тул гэрээний нийт үнийн дүн 453,600,000 төгрөгөөс 196,647,347 төгрөгийг хасвал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 256,952,653 төгрөг байна.

 

Гэрээний хугацааг сунгасан буюу 2022.09.20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.12.27-ны өдөр хүртэл 99 өдрийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутам тооцвол нэг хоногийн алданги 77,085 төгрөг, нийт 7,631,415 төгрөг /77,085₮*99өдөр=7.631.415₮/-ийн алдангийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,237,999 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10.5. Торгууль 13,869,414 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэж тодорхойлсон.

 

Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-т Талууд гэрээний нөхцөл үүргээ биелүүлээгүй хугацаа хожимдсон тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,03 хувийн торгуулийг аль буруутай тал нөгөө талдаа ногдуулна гэжээ. Уг торгууль тохиролцсон гэрээний заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй буюу гэрээнд урьдчилан ямар хэмжээгээр торгууль төлөхөөр тохиролцсон нь тодорхой бус байна.

 

Тус заалтын агуулгаас үзвэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги гэж үзэхээр байх бөгөөд энэхүү шийдвэрийн 10.4-д дурдсан үндэслэлээр алданги гаргуулах шаардлагыг дүгнэн шийдвэрлэсэн тул торгууль 13,869,414 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

10.6. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухай.

 

10.6.1. Нэхэмжлэгч нь  төлөх алданги 19,313,079 төгрөг,  төлөх алданги 6,054,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж,  нартай Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ-г тус тус байгуулсан. Эдгээр захиалагч нартай байгуулсан гэрээний 2.5-д хаусыг 2022 оны 08 сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон юм. Гэтэл хариуцагч компани барилгыг 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор ашиглалтад оруулаагүй, өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлж байгаа тул нэхэмжлэгч би захиалагч  нарт тэдгээртэй байгуулсан гэрээний 6.2-т заасны дагуу төлсөн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлөх үүрэг үүсээд хохирч байна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ зөрчсөнөөс бусдад алданги төлөх болж хохирсон үндэслэлээр шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор Т.Дуламсүрэнтэй 2021.04.20-ны өдөр байгуулсан Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ,  2021.03.30-ны өдөр байгуулсан Франц вилла төслийн хаус захиалгын гэрээ, Тооцоо нийлсэн акт, банкны дансны хуулга /1-р хх 123-173/-ын хамт гаргаж өгсөн боловч тус гэрээнүүдийн дагуу гуравдагч этгээдэд бодитоор алданги төлж хохирсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн  байгуулсан гэрээнд заасан гэх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч 2025.03.17-ны өдөр өөрийн өмчлөлд бүртгүүлсэн /4-р хх142/ байх бөгөөд шүүх хуралдаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавьж зээл авах гэж байгаа гэж тайлбарласнаас үзвэл гуравдагч этгээдэд алданги төлж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул тус нэхэмжлэлийг хангахгүй орхив.

 

10.6.2. Нэхэмжлэгч Т.******* нь  төлсөн зээлийн хүүгийн төлбөр 8,317,525 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч компанид гэрээний урьдчилгаа төлбөр 68,040,000 төгрөгийг төлөхдөө 2022.05.13-ны өдөр  жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан, хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, хугацаа хэтрүүлсэн буруутай үйлдлийн улмаас Богд банкнаас авсан зээлийг хааж чадалгүй 2022.08.15-ны өдрөөс 2022.12.25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8,317,525 төгрөгийн хүүгийн төлбөр төлж хохирсон гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч Т.******* нь 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 20,4 хувийн хүүтэй, бараа материал татан авах зориулалтаар 2022.05.13-ны өдөр зээлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгч бусдаас бараа материал татан авах зориулалтаар 36 сарын хугацаатай авсан зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй бөгөөд хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч бусдад хүү төлж хохирсон гэх үндэслэлгүй.

 

Иймд Дуламсүрэнд төлөх алданги 19,313,079 төгрөг, О.Түшигт төлөх алданги 6,054,576 төгрөг,  төлсөн хүү 8,317,525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхино.

 

11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн 123,537,992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 57,575,415 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 72,352,577 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

12. Сөрөг нэхэмжлэлийн тухай.

 

Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Т.*******д холбогдуулан гүйцэтгэгч талаас барилгын ажилд оруулсан 20,000,000 төгрөг, цалин хөлсний зардал 55,521,076 төгрөг, нийт 75,521,076 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

12.1. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д гүйцэтгэх ажлын хөлсний хэмжээг нийт 453,600,000 төгрөгөөр тохиролцож, гүйцэтгэгч өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж зааснаар ажлыг хийж гүйцэтгэх явцад гүйцэтгэгч өөрөөс 20,000,000 төгрөгийг сайн дураараа гэрээнд заасан ажилд зарцуулсан байх бөгөөд уг үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

12.2. Хариуцагч нь гэрээнд заасан төсвийн хүрээнд ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 196,647,347 төгрөгөөр тогтоосон, ийнхүү тогтоохдоо ажлын хөлсний зардлыг хамт тооцсон.

 

Иймд нэхэмжлэгч ажлын хөлсөнд 196,647,347 төгрөг төлсөн үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч маргаагүй тул цалин хөлсний зардалд 55,521,076 төгрөг гаргуулахаар шаардсан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 57,575,415 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, 65,962,577 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******гаас 20,000,000 төгрөг гаргуулан хариуцагч ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 55,521,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 866,440 төгрөг, хариуцагчаас төлсөн 535,555.38 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 445,827.08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 257,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож, шинжээчийн зардалд 1,900,000 төгрөгийг хариуцагчаас, 1,100,000 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж, шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/05106