| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Ууганзаяа |
| Хэргийн индекс | 128/2026/0528/З |
| Дугаар | 128/ШШ2026/0852 |
| Огноо | 2026-09-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2026/0852
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****** овогт Ө****** У****** /РД:**********/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Г******,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б******, Ж.С****** нарын хоорондын үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаарх дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******, Ж.С******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах утга агуулга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгах тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б****** 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандан “...үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх, “... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэг холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргажээ. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэгт эрх бүхий албан тушаалтан холбогдох шалгалтыг явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0133918 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Э******-г “... хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
2.2. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад хандан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр огноолон “... үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр дүгнэлт гаргах ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт хийж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байна.
2.3. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаар албан бичгээр “... Хувиараа хөдөлмөр эрхлэгч “******” гэх цайны газрын эзэн нь Ө.У******-ийн асуудлыг Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан дүрэмд зааснаар ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа осолдсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхийг судлан тогтоогоод Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.9-д заасны дагуу судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг харьяа дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулна” гэх хариуг өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
2.4. Нэхэмжлэгч Ө.У****** нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах утга агуулга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгах гэж сүүлийн байдлаар тодруулсан.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
3.2. Ө.У****** нь ****** дүүргийн, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ****** хотхон, ** байрны, ** тоот буюу “******” гэх нэртэй цайны газарт “ахлах тогооч”-оор ажиллаж байхдаа хэт их ачаалалтай ажилласан болон захирал Н.Э****** нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж ажиллуулсны улмаас 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2 шинэ орсон ажилчинтай 3 хоног дараалан маш их ачаалалтай ажиллаж оройны 20:30 цагт ажлаасаа бууж гэр рүүгээ харих замд ухаан алдаж унасан. Тухайн үед хамт явж байсан ажлын эгч түргэн тусламж дуудаж улсын 3 дугаар эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд баруун талаар цус харвалт өгсөн ба хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш бүх насаараа алдсандаа харамсаад ч барахгүй зүйл болсон. Өөрөөр хэлбэл, Ө.У****** нь тогоочоор ажиллахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт хамрагдаж байгаагүй, ажлыг тогтсон цагт гэж байхгүй, өдрийн цайны цаг гэж байхгүй, 7 хоногийн зөвхөн бүтэн сайн өдөр л амардаг, ээлжийн амралт авч байгаагүй, ажилтныг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд ажиллуулсан буюу агааржуулалтын хоолой байхгүй зэрэг ажил олгогчийн олон буруутай үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж үйлдвэрийн осолд орсон юм.
3.3. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч болон эрүүл ахуйн хяналтын байцаагчид тус тус хандаж Ө.У******-ийн харвалт өгч бүх насаараа хөдөлмөрийн чадвараа алдсан үйл явдал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрлөх нөхцөл байдлыг алдагдуулсан зэрэг холбогдох хууль, дүрэм журмыг зөрчсөн, үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Гэтэл Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн өгсөн хариугаар ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтантай хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй зөрчил үйлдэгдсэн, мөн Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн өгсөн хариугаар ажил олгогч нь Ө.У******-г эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт оруулаагүй зөрчил үйлдэгдсэн гэх тус тус зөрчлийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан гэх хариуг ирүүлсэн.
3.4. Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны зөрчил үйлдэгдсэн байдлаас шалтгаалж ажилтан Ө.У****** нь хөдөлмөрийн чадвараа алдахад хүргэсэн, үйлдвэрийн осол мөн эсэх тал дээр огт эрх зүйн дүгнэлт хийгээгүй юм. Мөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ажиллагааг хийж гүйцэтгэхдээ тухайн хэрэг явдал болсон өдөр хамт ажиллаж байсан 2 хүн, мөн хамт явж байсан хүнээс мэдүүлэг, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, түргэн тусламжийн 103 дугаарт өгөгдсөн дуудлага мэдээллийн лавлагаа болон улсын 3 дугаар эмнэлгээс өвчтөний түүх хувийн мэдээллийг гаргуулан авах зэрэг ажиллагааг хийгээгүй ба хийгдвэл зохих ажиллагааг явуулаагүй бидний гаргасан хүсэл зориг болох үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан юм.
3.5. Бидний зүгээс байгууллага хувь хүнд торгуулийн арга хэмжээ авхуулах зорилготой бус гагцхүү түүний эрүүл мэндээрээ хохирсон явдал нь хөдөлмөрлөх явцдаа бий болсон үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэл зоригийн хүрээнд энэ агуулга бүхий өргөдөл, гомдлыг гаргаад байхад шийдвэрлэх өгөхгүй эс үйлдэхүй гаргаж буйд гомдолтой байна. Насны тухайд залуу, эмэгтэй хүний эрүүл мэнд, цаашдын амьдралын өөрчлөлт зэрэг хувь заяаны асуудал, түүний ард байх гэр бүл ч мөн түүнтэй хамт хохирч байгаад харамсаж байна.
3.6. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад дээрх агуулгаар үйлдвэрлэлийн осол мөн эсэх дээр дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг шалган тогтоож, дүгнэлт гаргаж өгөх талаар гомдлыг дээд шатны албан тушаалтанд нь гомдлыг гаргасан. Гэтэл 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаар албан бичиг болон 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/150 дугаар албан бичгийн хариугаар тархины цус харвалт нь хөдөлмөрийн нөхцөлтэй шууд хамааралгүй, ажил мэргэжлээс шалтгаалах хамаарахгүй харин ажлын онцлогоос хамааран халуун орчин, удаан зогсох, стресс ачаалал зэрэг нь шууд бус нөлөө үзүүлж болно гэх байдлаар Ө.У******-ийн хөдөлмөрийн үйл явдалтай холбогдуулж огт дүгнэлт хийгээгүй, ерөнхий байдлаар цус харвалт өвчнийг тайлбарласан агуулга бүхий хариуг өгч буй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан нөхцөлийг бий болгож байна.
3.7. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь Ө.У******-аас гаргасан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан, өргөдөл гомдлыг хэлбэрийн төдий шийдвэрлэж түүний хүссэн дүгнэлт гаргуулах, үйлдвэрийн осол мөн эсэхийг хянахаар хуульд заасан үүргээ биелүүлэхгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-т зааснаар ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу улсын байцаагчид холбогдох хүсэлтийг гаргаж байхад энэ талаарх ажиллагааг хийхгүй байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй юм.
3.8. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар “.... Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн ……….” гэж заасан байх ба Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн улсын хяналтын байцаагч үйлдвэрлэлийн ослын талаарх дүгнэлт гаргаж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг буюу түүнээс үүсэх үр дагавар болох хохирол хор уршгийг арилгуулах, түүний шаардах эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах тухай утга агуулга бүхий өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, үйлдвэрийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.У****** нь ****** дүүргийн ** дүгээр хороо ** дугаар хороололд байрлах ****** хотхоны ****** гэх цайны газарт ахлах тогоочоор ажилладаг байсан. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 3 хоног ажлын ачаалалтай ажилласан. Тухайн цайны газрын бүтэц зохион байгуулалтын тухайд бол 5 тогоочтой буюу хүний нөөцийн бүрэлдэхүүнтэй ажиллах ёстой байсан боловч тухайн өдөр 2 шинэ ажилтан, ахлах тогооч болох Ө.У****** ажиллаж байсан. Нэхэмжлэгч ажлаа тараад гэр рүүгээ харих замдаа ажлынхаа хажууд байдаг эгчийнхээрээ орж цай унд уусан. Тэгээд тэднийхээс гараад 3 дугаар сургуулийн автобусны буудал руу явсан. Тийшээ явж байхдаа хөл нь бадарч унаж улмаар Сүхбаатар дүүргийн эмнэлэг болох 3 дугаар эмнэлэг рүү хүргэгдсэн. Ингэхдээ цус харвалт өгсөн байсан. Эмнэлгийн байгууллагаар дүгнүүлэхэд хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж цус харвалт үүссэн байсан.
3.10. Ө.У****** нь Э****** гэх хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан бөгөөд ажлын хэт их ачаалалтай ажилладаг байсан. Ингэхдээ үйлдвэрлэлийн осолд орсон гэж үздэг. Энэ агуулгаараа холбогдох хууль тогтоомжийн дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн халамж үйлчилгээний газарт хандсан. 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын байцаагчид хандсан. Энэ агуулгаараа Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид мөн адил хандсан. Сүхбаатар дүүргийн хяналтын улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээг аж ахуй нэгж байгууллага буюу захирал Э******-д авсан гэсэн хариу өгсөн. Бид нар энэ нь үйлдвэрлэлийн осол мөн байсан эсэх дээр дүгнэлт гаргаж өгнө үү гэж хүсэж байгаа.
3.11. 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/38 дугаартай албан бичгээр зөрчлийн арга хэмжээ авагдсан гэсэн байдлаар хариуг хүргүүлсэн. Уг зөрчлийн шийтгэх өдөр нь гомдол гаргах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, прокурорт гомдол гаргах эрхтэй гэдэг байдлаар дурдсан учраас бид нар холбогдох Сүхбаатар дүүргийн хяналтын прокуророос нь гомдлыг гаргасан боловч харьяалал зөрчсөн байна гэдэг асуудал яригдсан. 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дээд албан тушаалтан буюу тасгийн даргад нь гомдлыг гаргасан. 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ө.У****** харвалт өгч байгаа асуудал нь өөрөө үйлдвэрлэлийн осол мөн байсан эсэхийг тодруулахын тулд удаад дараа хяналтын байцаагчид өргөдөл гаргасан. Тэгэхдээ үүнийг шийдвэрлэхгүй орхигдуулаад байсан тул үүн дээр дүгнэлт гаргаж өгнө үү гэдэг агуулгаар мөн адил гомдлыг гаргасан.
3.12. Тасгийн дарга И****** 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаартай үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх тухай хариу өгсөн. Тэр хариугаараа тухайн аж ахуй нэгж байгууллага буюу иргэн Э******-д үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх талаарх хувийг хүргүүлсэн мэтээр надад ийм хариуг ирүүлсэн байдаг. Энэ талаар ямар нэгэн байдлаар хариу ирүүлсэн зүйл байхгүй. Улмаар И****** гэх дэх даргын зүгээс 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуг нь хүргүүлдэг. Нэхэмжлэгчийн хэлээд байсан зүйл нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг судлаад ямар нэгэн дүгнэлт гарсан бол цаашлаад аж ахуй нэгж байгууллага болох Э******-ээс үйлдвэрлэлийн осолтой холбогдуулаад эрүүл мэндэд учирсан хохирол хор уршгийн асуудлыг шаардах эрх нь үүсэх байсан.
3.13. Гэтэл үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар огт дүгнэлт хийхгүй орхигдуулаад байсан. 03 дугаар сарын 24-ний өдрийн хариунаас нь үзэх юм бол Э******-д судлан бүртгэх талаарх хариуг хүргүүлсэн юм шиг харагдаж байгаа боловч энэ талаар огт шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоё гэдэг байдлаар Захиргааны шүүхэд хандсан.
3.14. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сүхбаатар дүүргийн Халамж үйлчилгээний газарт удаа дараа гаргасан У.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаарх утга агуулга бүхий өргөдөл, гомдлыг шийдвэрлэхгүй, орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
3.15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажилтан, ажил олгогч бай үйлдвэрлэлийн осол, хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор гэмтэж бэртсэн, эрүүл мэндээрээ хохирсон ийм асуудал болсон гэдгийг хариуцагч байгууллага мэдсэн. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндээрээ хохирсон асуудал нь өөрөө үйлдвэрлэлийн осол мөн байсан эсэх, үүнийг судлан бүртгэж байгаа эсэх тал дээр ялгаа байхгүй хяналт тавих бүртгэл гэж ойлгож байгаа.
3.16. Судлан бүртгэхгүй, албан даалгавраа бүртгэхгүй байгаа асуудал дээр нь хяналтаа тавиад, ямар нэгэн байдлаар энд дүгнэлт орж ирж байж үүнийг хянах ёстой гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ тайлбарлагдаад явчхаж байна. Шууд ажлаасаа тараад өөр газар луу очсон учраас энэ нь өөрөө маршрут зөрчигдчихсөн асуудал байна гэсэн. Шууд даваа даваад алхаад цаашаа шат дараатайгаар явах ёстой юмаа бүүр шууд эцсийн байдлаар үр дүнгээ урьдчилж тооцож үйлдвэрлэлийн осол энэ нь биш гэдэг агуулгаар хараад байна. Энэ нь үйлдвэрлэлийн осол мөн юм уу эсвэл биш юм уу? Магадгүй мөн гэж гаргаж болно. Эсвэл биш гэж гаргаж болно.
3.17. Тухайн үеийн нөхцөл байдал, судлан бүртгэгдэж байгаа эрхийн баримт бичгүүд цугларсан эсэх дээр дүгнэлт гаргаж, үнийгээ баталгаажуулах асуудал байгаа. Нэхэмжлэгч нэг зүйлийг хүсээд байгаа. Өөрийнх нь ярьсан асуудал үйлдвэрлэлийн асуудал мөн эсэхийг тогтоолгох хүсэлтэй байгаа. Миний эрх зөрчигдөж байна гээд байгаа. Танай байгууллага энэ талын хяналтыг нь хэрэгжүүлж, баталгаажуулна, миний эрхийг танай байгууллага хамгаална гэдэг байдлаар хариуцагч байгууллагад хүсэлтээ удаа дараа гаргасан.
3.18. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан байна гээд үндсэн асуудал руу биш шал хэлбэрийн төдий ажиллагаа хийгээд байна. 150,000 төгрөгөөр торгоосон асуудал байна. Эндээс нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол сэргэгдэх вэ гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Одоо эрүүл мэнд нь хүнд байгаа. Хэрвээ үйлдвэрлэлийн осол мөн байна гэж үзэх юм бол цаашаа өөрт учирсан хохирол хор уршгаа буруутай байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардаад явах үндсэн боломж нь бүрдэнэ.
3.19. Өнөөдөр шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага хангагдсан шийдвэр гараад явах юм бол энэ нь цаашид үүсэх харилцаа үр дагаврын урьдач гол нотлох баримт болоод явах боломжтой зүйл болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, үйлчилгээний газар нь үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор хяналт тавих, тухайн үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаарх хүсэлт гаргаад үүнийг шийдвэрлэхгүй орхигдуулаад байгаа эс үйлдэхүй нь хууль бус юм байна. Улмаар хяналт тавих үүрэг нь 100 хувь хэрэгжээгүйгээс улмаас дүгнэлт гараагүй юм байна гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3.20. Иймд нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлтэй байх тул үүнийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэгч нь өөрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг үйлдвэрлэлийн осолтой холбоотойгоор тогтоолгох асуудлаар тус байгууллагад хандсан болно. Тус хэлтэс нь иргэнээс ирүүлсэн өргөдөл, хүсэлт болон холбогдох материалыг хүлээн авч холбогдох хууль тогтоомж, журамд заасан чиг үүргийн хүрээнд судалж ажилласан.
4.2. Иргэн Ө.У******-ийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн өргөдлийн дагуу Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Б******, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Ж.С****** нар хамтран ****** дүүргийн, ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ****** хотхон ** байрны ** тоотод үйл ажиллагаа явуулж буй “******” цайны газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэг холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн гэх гомдолд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн ба хяналт шалгалтаар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, иргэний өмгөөлөгчид хариу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн.
4.3. Гэвч 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын даргад гаргасан “****** дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хороолол, ****** хотхон ** байрны ** тоот буюу “******” гэх газар нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал зөрчигдсөн, үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай” өргөдлийн дагуу хэлтсийн даргын баталсан “Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу “******” цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах хүрээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн 5 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажилласан.
4.4. Гомдолд дурдсан “...103 дугаарт өгөгдсөн дуудлага мэдээллийн лавлагаа болон улсын 3 дугаар эмнэлгээс өвчтөний түүх, хувийн мэдээллийг гаргуулан хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр дүгнэлт гаргах үйл ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна” гэх асуудлын дагуу тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас холбогдох мэдээллийг авч ажилласан. Иргэн Ө.У*******-ийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн лавлагаа, өвчний түүхэнд үндэслэн хянан үзэхэд тархин доторх цус харвалт нь дагалдах онош болох анхдагч даралт ихсэх өвчинтэй холбоотой байна. Энэ өвчин нь ажлын байрны шууд нөлөөллөөс үүсдэггүй. Иймд ажил мэргэжлээс шалтгаалах өвчинд хамаарахгүй болно.
4.5. Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/441, А/192 дугаар хамтарсан тушаалын хавсралт “Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт”-д зааснаар ердийн өвчлөлд хамаарч байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33.3 дахь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33.3 дахь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын чиг үүрэгт заасан 33.3.9 дэх (мэргэжлээс шалтгаалсан болон ажлын байрны нөхцөлтэй холбоотой өвчнийг тогтооход ажлын байрны нөхцөлийн талаар санал, дүгнэлт гаргах) заалтын дагуу улсын байцаагчийн дүгнэлт гаргах боломжгүй болно.
4.6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Нэр томьёо, тодорхойлолт MNS 4967:2026 стандартад “ажилтай холбоотой бэртэл, гэмтэл, өвчин гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин болон ажлын байрны сөрөг хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас хүндэрч даамжирсан тохиолдол” гэж тодорхойлсон байна.
4.7.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.5-д “үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрийн чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг” заасан.
4.8. Нэхэмжлэлд дурдсан асуудал нь үйлдвэрлэлийн осолтой холбоотой дүгнэлт гаргахтай холбоотой байх бөгөөд энэ нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарахгүй болно гэжээ.
4.9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аж ахуй нэгж байгууллага дээр 2025 оны 12 дугаар сард ирсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажил хийгдсэн. Үүнд дурдагдсан асуудлынхаа хүрээнд буюу Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг дээр асуудал дээр арга хэмжээ авагдсан. Үйлдвэрлэлийн осол нуун дарагдуулсан гэдэгт орж болохгүй болчхоод байгаа. Яагаад гэвэл, аж ахуй нэгж байгууллага нь өөрөө үйлдвэрлэлийн ослыг судлаад, бүртгээд улсын байцаагчид ирж баталгаажуулдаг. Улсын байцагчид судлан бүртгэх эрх үүрэг байдаггүй. Ирсэн аж ахуй нэгж байгууллагыг судлаад бүртгэчихсэн байгаа акт дээр үйлдвэрийн осол биш гэсэн тохиолдолд бид нар хяналт хийгээд түүн дээрээ дүгнэлтээ гаргаж өгнө. Түүнээс аж ахуй нэгж байгууллагыг удирдаад та нар үүнийг ингэж хийх ёстой байсан, эсвэл тэгж хийх ёстой байсан, энэ дүрмийн дагуу үүнийг ингэж явуулах ёстой байсан зэргээр дотоод ажилд нь улсын байцаагч нар оролцох эрх байхгүй.
4.10. 1 дүгээр сард холбогдогчоос авсан мэдүүлэг байгаа. Тухайн мэдүүлэг дээр тодорхой дурдсан байдаг. Давхар орж ирсэн гэсэн зүйлийг тодорхой дурдаж авч тухайн холбогдогч Э******-ээс асуулт хариултаар тайлбарыг нь авсан. Тайлбараас нь би өөрөө судалж үзсэн. Тухайн үед өмгөөлөгчтэйгөө ирсэн байсан. Би өөрөө судалж үзэхэд Засгийн газрын 269 дүгээр тогтоолын 2.1.5-д маршрут гэж байсан. Тэр хүний ажилдаа ирэх буюу буцах зам нь зөрчигдсөн байсан талаас нь надад тайлбар өгөөд гарын үсгээ зурсан. Нэмж хэлэх зүйл байна уу гэхэд дахиад маршрут зөрсөн гэсэн тайлбараа өгсөн. Үүнийг гарын үсгээрээ баталгаажуулж аваад хавтаст хэрэгт хавсаргасан. Тэгээд үүнийг прокурорт хянуулахаар өгсөн. Прокурор үүнийг хянасан.
4.11. Намайг дүгнэлт гаргаж өгсөнгүй гэдэг талаасаа буруу өгөөд байх шиг байна. Би өөрөө улсын байцаагч. Ямар нэгэн байдлаар аж ахуй нэгж байгууллага буюу тухайн ****** цайны эзэн болох Э****** гэх хүн байгаа. Э******-ээс үйлдвэрлэл ослыг судлаад бүртгээд ороод ирчихсэн байгаа тохиолдолд би дүгнэлт гаргаагүй бол миний буруутай үйл ажиллагаа болно. Тухайн газраас ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн ослыг судлаад бүртгээд орж ирсэн эрх зүйн баримт бичиг байхгүй байгаа тул би ямар нэгэн байдлаар үүнийг үйлдвэрлэлийн осолд тооцно гэдэг байдлаар дүгнэлт гарах боломжгүй.
4.12. Нэхэмжлэгч Ө.У****** нь өөрөө хоёр удаагийн гаргасан гомдолдоо маршрут зөрчсөн эсэхээ хүлээн зөвшөөрсөн. Өөрөө гомдол дотроо хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээхээр энэ нь дүрмээ давхар зөрччихөж байгаа гэсэн үг. Би өмнөх хурал дээр аж ахуй нэгж байгууллага буюу тухайн байгууллагын эзний отоод ажилд ороод тэр хүнийг хөтлөөд дагуулаад үүнийг ингэж хийгээрээ гэж ярих эрх үүрэг надад байхгүй гэж хэлж байсан. Гэхдээ даалгавар өгсөн. Энэ даалгавар нь хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан байгаа. Хэрвээ ажилтан авсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулах, мөн үйлдвэрийн ослыг судлах гэсэн хариу өгсөн. Энэ нь явцын дунд өгч байгаа даалгавар юм. Тухайн үедээ шийтгэлийн хуудасны дагуу арга хэмжээ авагдана, мөн Ө.У******-ийн орой гэртээ харих замдаа харвалт өгч хөдөлмөрийн чадвар алдсаныг судлах гэсэн даалгавар өгсөн.
4.13. Цус харвалт нь ердийн өвчинд ордог. Энэ талаар нарийн зүйл ярьж болно. Анх гомдол ирэхэд үүнийг бид нар хүндэтгэлтэйгээр авч үзсэн. Аж ахуй нэгж байгууллага ажилтан хоёрыг хооронд нь эвтэйхэн эвлэрүүлэхээр явж байсан. Өвчтэй байгаа хүний талд гаргуулж шийдэх гэж байсан. Гэвч хууль дүрэм журам гэдэг нь өөрөө цаасан дээр гараар бичигдсэн байдаг. Үүнийг зөрчиж болохгүй. Ямар нэгэн байдлаар аж ахуй нэгж байгууллагыг үйлдвэрийн осол байна гэж үз гээд дарамт шахалт үзүүлээд байх юм бол миний ашиг сонирхол хөндөгдөөд ирнэ. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгж байгууллагыг дарамталсан хэрэгт орно.
4.14. Гомдол гаргаж байгаа иргэн Ө.У****** өөрөө залуу хүн. Залуу насны эмэгтэй хүн гэмтчихсэн байгаа. Нөхөн сэргээгдэх ажиллагаа нь удаан явцтай байгаа. Ар гэр нь ямар байдалтай байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ би аль аль тал дээрээ хууль дүрмээ барьж явна. Би дүгнэлтийг гаргахгүй. Аж ахуй нэгж байгууллага өөрсдөө үйлдвэрлэлийн ослоо судлаад бүртгээд ороод ирчихсэн байгаа тохиолдолд үүнийг би хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу хянаад энэ нь болохгүй байна гэдэг тал дээр дүгнэлт гаргана. Түүнээс биш би үүнийг шууд үйлдвэрлэлийн осолд тооцно гэж дүгнээд улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргах боломжгүй. Би аж ахуй нэгж байгууллагын эзэн болох Э******-д тодорхой хэмжээгээр энэ хүнийхээ талд тусламж дэмжлэг үзүүлээрэй гэж зөвлөгөө маягаар хэлж өгсөн. Мөн иргэнийг ажиллуулж байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаарай гэсэн даалгаврыг өгсөн.
4.15. Цус харвалттай холбоотой зүйлийг судлах асуудлыг хүргүүлсэн. Надад аж ахуй нэгж дээр очоод та нар үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг ялгаж салгаад бичиж өг гэсэн үүргийг өгөх эрх зүйн үндэслэл байхгүй. Аж ахуй нэгжид даалгавар өгчихсөн байгаа тохиолдолд өөрснөө бүртгээд ороод ирэх юм бол яаж орж ирснээс нь шалтгаалаад би дүгнэлтээ бичих боломжтой. Өөрөөр хэлбэл, аж ахуй нэгж байгууллага эрх зүйн баримт бичгээ бүрдүүлээд ороод ирсэн байгаа тохиолдолд би дүгнэлтээ бичнэ. Манай дээр аж ахуй нэгжийн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг орж ирээгүй тохиолдолд би өөрийнхөө эрхийнхээ хүрээнд аж ахуй нэгж байгууллагад үүнийг үйлдвэрлэлийн осолд тооц гээд дүгнэлт бичиж өгсөн бол өнөөдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийн өөдөөс хараад сууж байх байсан. Ийм асуудал гарна байх гэж бодож байна гэжээ.
4.16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С******: Улсын байцаагчийн дүгнэлт гаргана гэдэг дээр нь авч үзэхэд үйлдвэрлэлийн ослын дүгнэлтийг улсын байцаагч гаргах тохиолдол нь үйлдвэрлэлийн ослоор баталгаажуулаад ирээд, улсын байцаагч тухайн асуудал нь осол биш, эсвэл улсын байцаагч судлаад тэр нь буруу шийдвэр байх юм бол осол нь 269 дүгээр тогтоолтой зөрчилдөж байгаа бол улсын байцаагч тухайн байгууллагын эсрэг байр сууриас дүгнэлтээ гаргана гэсэн үг. Тэрнээс бусад тохиолдолд буюу яаг тэр актыг, үйлдвэрлэлийн ослыг судлаад нөгөө байгууллага ирүүлээгүй байхад улсын байцаагч тэр газарт дүгнэлт гаргах чиг үүрэггүй юм.
4.17. Тухайн байгууллага өөрөө үйлдвэрлэлийн осол гэдгээ манайд мэдэгдээд, тодорхой хугацаандаа буюу 6 сарын хугацаандаа ослынхоо актыг судлан бүртгүүлнэ. Байгууллага эсвэл иргэн нь өөрсдөө түүнийгээ судлан бүртгүүлээд шийдвэрээ гаргуулна. Үйлдвэрлэлийн осол мөн эсвэл биш гэдэг шийдвэр гаргадаг. Үүнийгээ баталгаажуулах, эсвэл шаардлагатай юмнуудаа бүрдүүлж ирээд манайд албан бичгээр хандаад, тэр бичиг нь байцаагч дээр цохогдоод, үүнийг нь хөдөлмөрийн байцаагч судлан үзнэ. Тэгээд үүнийг үйлдвэрлэлийн осол мөн байна гэж тодорхойлсон бол баталгаажуулаад явуулчихна.
4.18. Хэрвээ үйлдвэрлэлийн осол мөн байх юмыг тэр байгууллага буруу тогтоочихсон байвал улсын байцаагч дүгнэлт гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл тэр тохиолдолд үйлдвэрлэлийн осол дээр байцаагч дүгнэлт гаргаад шийдвэр гаргаж байгаа. Тэрнээс бусдаар буюу осол болгон дээр улсын байцаагч дүгнэлт гаргаад байгаа зүйл байхгүй. Хөдөлмөрийн байцаагч дандаа үйлдвэрлэлийн осол дээр дүгнэлт гаргаад байдаг байцаагч биш юм. Буруутай тохиолдолд дүгнэлт гаргаж байгаа. Энэ нь ховор тохиолдол гарч байгаа. Ихэвчлэн байгууллага үйлдвэрлэлийн осол мөн эсвэл биш байна гэдгээ тодорхой журмаараа тогтоогоод ирж байгаа тохиолд гэсэн үг юм.
4.19. Зайлшгүй шаардлагаар буюу ажлын байран дээрээ нас барсан тохиолдолд, ажил үүргээ гүйцэтгэж явж байхдаа үүнийг осол биш гэж авах тохиолдлууд байдаг. Тэр тохиолдлууд дээр бид нар үүнийг нь судлаад үйлдвэрлэлийн осол байна гэдгийн эсрэг байр суурь дээр дүгнэлтээр баталгаажуулж өгдөг. Хэрвээ үүн дээр маргаж байгаа бол шүүхээр хандаад явдаг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах байдлаар шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Ө.У****** нь Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан “... Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах утга агуулга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, дүгнэлт гаргахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандан “...үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх, мөн өдрөөр огноолон “... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэг холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх агуулга бүхий хүсэлтүүдийг гаргажээ. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэгт эрх бүхий албан тушаалтан холбогдох шалгалтыг явуулаад 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0133918 дугаар шийтгэлийн хуудсаар Н.Э******-г “... хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгөөр торгож шийдвэрлэж, мөн өдөр ****** цайны газрын эзэнд хандан “иргэн Ө.У****** нь орой гэртээ харих замдаа харвалт өгч хөдөлмөрийн чадвар алдсаныг судлах” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.
2.2. Үүний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад хандан 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөр огноолон “... үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр дүгнэлт гаргах ажиллагааг хийгээгүйд гомдолтой байна. Иймд гомдлыг хүлээн авч Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт хийж өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.
2.3. Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаар албан бичгээр “... Хувиараа хөдөлмөр эрхлэгч “******” гэх цайны газрын эзэн нь Ө.У******-ийн асуудлыг Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан дүрэмд зааснаар ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа осолдсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхийг судлан тогтоогоод Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.9-д заасны дагуу судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг харьяа дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулна” гэх хариуг өгсөн тул тус шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
2.4. Нэхэмжлэгчээс “...үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан. Үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт огт хийгээгүй. Гомдлыг хэлбэрийн төдий шийдвэрлэж, түүний хүссэн дүгнэлт гаргуулах, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг хянахаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан”,
Хариуцагчаас “... өргөдөл, хүсэлт болон холбогдох материалыг хүлээн авч судалж ажилласан. Нэхэмжлэлд дурдсан асуудал нь үйлдвэрлэлийн осолтой холбоотой дүгнэлт гаргахтай холбоотой байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагчийн чиг үүрэгт хамаарахгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлд “Засгийн газрын бүрэн эрх” гээд 21.1.10-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг батлах”, 29 дүгээр зүйлд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын үед авах арга хэмжээ” гээд 29.2-д “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-д “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-д “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29.5-д “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ”, 33.2-д “Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах”, 33.2.7-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж тус тус заасан.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтээр дагаж мөрдөх дүрмийг Засгийн газар батлах бүрэн эрхтэй төдийгүй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд ажил олгогч нь уг Засгийн газраас тогтоосон дүрмийн дагуу осол, хурц хордлогыг судлан бүртгэж, шалтгааныг тогтоон акт, дүгнэлт гаргах үүрэгтэй байна. Уг судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн ослын талаарх дүгнэлтийг хөдөлмөрийн улсын байцаагч хянан дүгнэлтийг зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулах, дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайлан дүгнэлт гаргахаар зохицуулжээ.
2.7. Түүнчлэн, ажил олгогч нь осол, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох гомдлыг улсын байцаагч эсхүл шүүхэд гаргахаар байна.
2.8. Мөн Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.2-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх үйл ажиллагаанд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдөнө”, 1.6-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29.2-т заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах эрх, үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.2-д “ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.1.3-д “ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед”, 2.1.4-д “ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед”, 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед”, 2.1.6-д “ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхит болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед”, 2.2-д “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тус тус заажээ.
2.9. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “... хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хөдөлмөрлөх нөхцөл байдал алдагдсан зэрэг холбогдох хууль тогтоомж зөрчигдсөн эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх хүсэлтэд холбогдох ажиллагааг явуулж, хариу өгсөн байх боловч түүний 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хандан “...үйлдвэрлэлийн осол мөн эсэх тал дээр эрх зүйн зөв дүгнэлт гаргаж өгөхийг хүсч байна” гэх хүсэлтийг шийдвэрлээгүй, холбогдох ажиллагааг явуулаагүй орхигдуулсан нь Захиргааны ерөнхий 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасанд хамаарч байна.
2.10. Нөгөө талаар дээрх хуульд зааснаар ажил олгогч нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох судлан бүртгэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгчээс гомдлоо гаргасан байхад хариуцагчийн зүгээс ажил олгогчийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөлийг тогтоож, дүрмийн 1.6-д заасан үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг тодруулан холбогдох хүсэлт, гомдлыг шийдвэрлэхээр байхад шууд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/138 дугаар албан бичгээр “... Хувиараа хөдөлмөр эрхлэгч “******” гэх цайны газрын эзэн нь Ө.У******-ийн асуудлыг Засгийн газрын 269 дүгээр тогтоолоор баталсан дүрэмд зааснаар ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа осолдсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолд хамаарах эсэхийг судлан тогтоогоод Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.9-д заасны дагуу судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг харьяа дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулна” гэх хариуг өгсөн нь буруу байна.
2.11. Тодруулбал, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1-2.1.6-д заасанд хамаарах эсэх, хэрэв дүрмийн 2.1-д зааснаар үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй гэж үзэж байгаа бол энэ талаар дүгнэлт гаргах, эрх бүхий байгууллагад уламжлах агуулгатай байх тул энэ талаар зайлшгүй тодруулахаар байна.
2.12. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд тус тус зааснаар ажил олгогч нь осол, хурц хордлогыг судлан бүртгэж, шалтгааныг тогтоон дүгнэлт гаргах үүрэгтэй, үйлдвэрлэлийн ослын талаарх дүгнэлтийг хөдөлмөрийн улсын байцаагч хянан дүгнэлтийг зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулах, дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайлан дүгнэлт гаргахаар зохицуулжээ.
2.13. Нэгэнт хуулиар шууд дүгнэлт гаргах эрх хэмжээг хариуцагчид олгогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “... дүгнэлт гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.14. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах утга агуулга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.10, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4, 29.5, 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.У******-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт удаа дараа гаргасан Ө.У******-ийн хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах утга агуулга бүхий өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “... дүгнэлт гаргахыг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА