Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2026/0761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхдэлгэр даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С /РД: У/,

Хариуцагч: Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл,

Маргааны төрөл: Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Б.Сгаас Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан “2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 06 дугаар тогтоолоор оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Иргэн Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгээс Нийслэлийн нотариатч Б.Сгийн гэрчилсэн үйлдэлтэй холбогдуулан Монголын Нотариатчдын танхимийн дэргэдэх Сахилгын зөвлөлд гомдол гаргасан байна.
    1. Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “...Нотариатын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.4, “Сахилгын зөвлөлийн ажиллах журам”-ын 2.1.8, 17.2.1-д заасныг удирдлага болгон Нийслэлийн тойргийн нотариатч Б.Сд сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай” гэжээ.
    2. Нэхэмжлэгч дээрх тогтоолыг эс зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргаж, Хууль зүйн, дотоод хэргийн сайдаас “... эрхийн улсын бүртгэлд гэрээ бүртгэгдснээр газрын хэмжээ, гэрчилгэний дугаар өөрчлөгдсөн байхад өмнөх гэрчилгээний дугаарыг тавьж цуцлах гэрээг гэрчилсэн, нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлаагүй, хайрхрамжгүй хандсан, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлаагүй нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн байх бөгөөд гэрээг цуцлах, татгалзах эрхийн зохицуулалтын буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэлгүй. ... Иймд Сахилгын зөвлөлийн сахилгын шийтгэл оногдуулсан 2026 оны 06 дугаар тогтоол үндэслэлтэй байна.” гэх агуулга бүхий хариу хүргүүлэх тухай 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
    3. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч мөн оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШЗ2026/3495 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.
  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “МНТ-ын гишүүн, Нийслэлийн тойргийн нотариатч Б.С надад холбогдуулан иргэн Д.Бгээс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлд ирсэн гомдлыг хүлээн авсан. Тус гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөл хуралдаж, 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Нотариатч Б.С надад “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан. МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаартай тогтоолыг 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлснээр танилцаад, тус тогтоолыг эс зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд журамд заасны дагуу гомдол гаргасан. Хууль зүй, дотоод хэргийн яамны 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан тоотоор МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэсэн хариуг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шуудангаар хүлээн авсан тул хуульд заасны дагуу дээрхи МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор оногдуулсан “сануулах” сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

            МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаар тогтоолоор оногдуулсан сахилгын шийтгэлийг доорхи үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

            2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргагч Д.Б нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БД дугаар гэрээг өөрийн байлцуулалгүй, өөрийн зөвшөөрөлгүй, ХУР системийг нотариатч засч С.Агийн хүсэлтээр хийсэн гэрээнээс хохирч байгаа тул хариуцлага тооцуулж өгнө үү гэсэн утга бүхий гомдол гаргасан. Гэрээний талуудын хүсэлтээр нотариатч Б.С би Бэлэглэлийн гэрээг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр БД дугаарт бүртгэж, гэрчилсэн. Бэлэглэлийн гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 276 дугаар зүйл 276.1-т зааснаар бэлэг хүлээн авагчийн зөвшөөрлөөр бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх суурь нөхцөл байхаар тусгасан. Бэлэг хүлээн авагч Д.Б бэлэглэлийн гэрээний зүйлийг хүлээн авахаа илэрхийлэн, гэрээ байгуулж, өөрийн биеэр гэрээнд гарын үсэг зурж, газрын албанд энэ тухай хүсэлтийг гаргасан байсан.

            Гэвч Д.Б нь Иргэний хуулийн 205 дугаар зүйл 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзаж байгаа хүсэл зоригоо илэрхийлж, өөрийн гараар бичсэн гэрээнээс татгалзаж буй хүсэлтээ өгч, тухайн татгалзлыг Бэлэглэгч тал бүрэн хүлээн зөвшөөрснөөр, өөрөөр хэлбэл талууд БД дугаартай Бэлэглэлийн гэрээг дуусгавар болгохоор хүсэлтээ гаргаж, татгалзаж буй Д.Бгийн саналыг гэрээний оролцогч талууд хүлээн зөвшөөрч, гэрээг цуцлах гэрээ гэх нэршилтэй БД дугаар гэрээг байгуулсан.

            МНТ-ын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолд БД дугаар гэрээг гэрчлэх явцад “бүртгэл хийгдсэн байх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйл 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасныг үндэслэл болгон хүчин төгөлдөр бүртгэл хийсэн байхад гэрээг цуцалсан гэж дүгнэсэн. Гэвч дээрхи хуулийн заалт нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хэзээ үүсэхийг зохицуулсан бөгөөд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхийг хязгаарласан зохицуулалт биш мөн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхийг хязгаарласан утга агуулаагүй. Иймд “бүртгэл бүртгэгдсэн” гэх үндэслэлийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлээр тайлбарлаж, гэрээний талуудын Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах эрхийг зөвхөн шүүхээр тогтоолгох ёстой хэмээн үгүйсгэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

            Талууд БД дугаар гэрээг дуусгавар болгох тал дээр огт маргаагүй. Нотариатч нь талуудын хүсэлтээр эрх зүйн зөвлөгөө өгч, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцох бүрэн боломжтой тул БД дугаартай Гэрээг цуцлах гэрээг байгуулсан. Нотариатын цахим үйлдэлд Гэрээнээс татгалзах гэрээний загвар гэж байхгүй. Гэвч Иргэний эрх зүйн суурь зарчимд гэрээний нэршлээс бус агуулгаар гэрээг тодорхойлох бөгөөд БД дугаар гэрээний агуулга нь бүхэлдээ гэрээнээс татгалзсан тухай тодорхой тусгасан. Энэ талаар талуудад эрх зүйн зөвлөгөө бүрэн өгсөн.

            Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаар тогтоолд Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйл 46.7-д зааснаар талууд өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулах хүсэл зориг агуулаагүй. Мөн тогтоолд “... улсын бүртгэлд бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах ... асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн нь бүртгэл нь гэрээний үр дагавар, захиргааны ажиллагаа болохоос гэрээг цуцлах, татгалзах эрхийг хязгаарлах хууль зүйн хориг биш юм. Иймд энэ нь Нотариатын тухай хуульд заасан нотариатын үйлдэл гэрчлэхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй юм.

            Талууд гэрээг цуцлах, татгалзах талаар огт маргаагүй, гэрээнээс татгалзаж буй тухай гараар бичсэн хүсэлтээ өгсөн бөгөөд талууд гагцхүү өөрсдийн давхардуулан олгосон газрын хэмжээ дээр маргасан. Гомдол гаргагч өөрийн 449 мкв газрын өмчлөх эрхйин гэрчилгээг хүлээн авсан, өөрийн хашаа болон байшиндаа амьдарч байгаа тухайгаа Сахилын зөвлөлийн хурал дээр хэлдэг. Газрын хэмжээг хуваах нь дан ганц Нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн хуваадаггүй бөгөөд гэрээний талуудын хүсэлт гаргасны дагуу хуваана гэж Эд хөрөнгө бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл 11.7, тус хуулийн 13 дугаар зүйл 13.2 дахь хэсгүүдэд заасан байх бөгөөд гэрээний талууд өөрсдийн гараар бичсэн газрын хэмжээг хуваах хүсэлтээ өгсөн тухай Сахилгын зөвлөлийн хуралд Гомдол гаргагч Д.Бгийн төлөөлөгч нар тайлбар гаргаж, хүсэлтээ өгдөг.

         Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06 дугаар тогтоолын 2.2 дахь хэсэг: БНСУ-ын П хот дах нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэг жилийн хугацаатай С.Сгаас С.Ад олгосон БД500 дугаартай итгэмжлэлд “гэрээг цуцлах” эрх олгосон болно.

            Иймд нотариатчийн үйлдэл нь дээрхи тогтоолд зааснаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй, бодит нөхцөл байдалд нийцсэн, талуудын хүсэл зоригийг гэрчилсэн, нотариатын үйлдэл гэрчлэхээс татгалзах үндэслэлд хамаарах нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнчлэн Сахилгын зөвлөлийн шийдвэр нь иргэний эрх зүйн суурь зарчим, гэрээг цуцлах, татгалзах эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын Зөвлөлийн №06 дугаар тогтоолоор оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... Зөвлөлд иргэн Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нараас нотариатч Б.Сд холбогдуулан гомдол гаргасан.

            Агуулга нь: “...449 м.кв өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ нь манай зүүн талын хөрш болох Б.Р*******гийн оршин суух ЧД, 8-р хороо, ******* Т*******ы 11-189 тоот хашааны кадастрын зурган дээр давхцуулан өгсөн тул Б.Р*******д 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зөв болгон буцааж шилжүүлсэн. ... Гэтэл 2005 онд Чингэлтэй дүүргийн 8-р хороонд манаач хийж байсан Д.С******* болон түүний охид болох С.А, С.С нар бууж амьдрах хашаа хэрэгтэй болсон тул туслах үүднээс холбогдож манай хашаанд тэд бууж бид хамт амьдарч байсан. Гэтэл тэд бидний газрыг хууль бусаар өөрийн өмчлөлд авах ажил хийж, 2022 онд 536 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан байсан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр С.Агийн хүсэлтээр нотариатч Б.С нь Д.Б миний биеийг байлцуулаагүй, миний зөвшөөрөлгүй, ХУР систем дахь цаг, мэдээллийг өөрчилсөн байж болзошгүй, хуульд заасан этгээдүүдийг биечлэн оролцуулаагүй нөхцөлд бэлэглэлийн гэрээг хууль бусаар гэрчилсэн нь намайг мэхэлсэн.... Цаашлаад кадастрын мэргэжилтэн Н.М******* нь нотариатч Б.Сн гэрчилсэн нотариатын үйлдэлд үндэслэн газар хуваалт хийсэн. ... Нотариатч Б.С нь буруу үйлдэл хийснээ мэдэж 2025 оны 12 сарын 04-ний өдөр өөрийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээг цуцалсан байдаг. Цуцалсан хэдий ч бид өөрсдийн газраа буцааж авч чадахгүй асуудал үүсээд байна. ...” гэх агуулгатай гомдол гаргасан.

            Сахилгын зөвлөлийн хуралдаанаар бүрэлдэхүүнтэй хэлэлцээд тогтоол гаргасан: Агуулга: Гомдол гаргагч Д.Б “...намайг биечлэн оролцуулаагүй, намайг мэхэлсэн, ... хуурамч лавлагаа ашигласан байж болзошгүй...” гэх гомдол гаргаж байгаа боловч нотариатч дээрх гэрээнүүдийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу талуудын хувийн байдлыг хурууны хээгээр тогтоож, хур системээс иргэний үнэмлэхийн лавлагааг авч гэрээнд хавсаргаснаар Д.Б болон гэрээний талуудыг байлцуулан гэрээг гэрчилсэн гэдэг нь нотлогдож байна. Гэрээнд оролцогч Д.Б хурууны хээгээ уншуулаагүй тохиолдолд иргэний үнэмлэхийн лавлагааг нотариатч гэрээнд нотлох баримтаар авах боломжгүй юм.

            дугаартай гэрээг гэрчлэх үед 536 м.кв талбайтай бүхий газар хуваагдаж Д.С*******, С.С, С.А нарын өмчлөлд Г-******* улсын бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, ******* т*******ы 11 дүгээр гудамжны 188а тоотод 313 м.кв талбайтай газар улсын бүртгэлд бүртгэгдсэн гэдэг нь нотариатчийн цахим мэдээллийн сангаас авсан лавлагаа мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Болормаагийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар 4/227 “... Г******* улсын бүртгэлийн дугаартай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 402 дугаартай нотариатчийн гэрчилсэн дугаар бүхий үл хөдлөх бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөх бүртгэл бүртгэгдсэн байна...” гэсэн албан бичиг зэргээр нотлогдож байна.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу бүртгэл хийгдсэн байхад Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т “агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх”, 46.2.4-т “үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлах”, 46.7-т “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг нягтлаагүй”, дугаартай гэрээ нь цуцалж байгаа гэж байгаа боловч цуцлах эсхүл гэрээнээс татгалзаад байгаад нотариатч дүгнэлт хийж, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй нь тогтоогдсон гэж үзсэн.

            Өөрөөр хэлбэл бүртгэл хийгдсэн байхад нотариатч “гэрээ цуцлах гэрээ”-г гэрчлэхдээ өөрийн гэрчилсэн гэрээний холбогдох заалтыг анхаараагүй, нягтлаагүй. Хэдийгээр гэрээ цуцлах эрх нь талуудын хувьд нээлттэй боловч улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог гэрээний хувьд гэрээг цуцлахдаа холбогдох байгууллагаас лавлагаа авах, бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг хянан нягтлах шаардлагатай байсан.

            Иймд нотариатч Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх” чиг үүргийг нотариатч хангалттай хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй.

            Иргэн Д.Б нь “... гэвч нотариатч Б.С... 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээг цуцалсан байдаг. Цуцалсан хэдий ч бид өөрсдийн газраа буцаан авч чадахгүй асуудал үүсээд байна...” гэж гомдолдоо дурдсан байдаг. Гомдол гаргагч нотариатчийн гэрчилсэн гэрээний улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах эсэх асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж Зөвлөл үзсэн.

            Учир нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх”, 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, 6.6-д “Энэ хуулийн 6.2, 6.4 зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан.

            Тодруулбал гэрээг цуцалснаар улсын бүртгэлд талуудын өмчлөх эрх анхны байдалдаа буцан орохгүй, цуцалсан гэрээг эрхийн улсын бүртгэл бүртгэх зохицуулалтгүй, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хуульд заасан байна.

            Гэрээ цуцлах гэрээг гэрчлүүлснээр гэрээний талуудын өмчлөх эрх анхны байдалдаа буцна гэж талууд ойлгосон ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байсан тул Зөвлөлд гомдол гаргасан байдаг.

            Нотариатч тайлбартаа “... БД дугаар гэрээг хэрхэн бүртгэх нь нотариатын эрх мэдлийн хүрээний асуудалд хамаарахгүй бөгөөд бүртгэл хийх зохих байгууллагын эрх мэдлийн асуудал юм...” гэжээ. Нотариатч бүртгэлд бүртгүүлсэн гэрээ болохыг үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар мэдсээр байж хайхрамжгүй хандаж, гэрээнээс гарах үр дагаврыг хангалттай тайлбарлаагүй, эд хөрөнгийн харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүрэгтэй байтал үүнээс цааших нь надад хамаагүй мэтээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

            Иймд нотариатч Б.С 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ цуцлах гэрээ гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх”; 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”; мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т “Үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтална” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзээд сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Нотариатч БНСУ-ын П хот дахь нотариатын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэрчилсэн 500 дугаартай /QR: *******/ дугаартай итгэмжлэлийг үндэслэн С.Сг С.А төлөөлөн дугаартай гэрээг гэрчилсэн. Уг итгэмжлэлээр С.Сгаас С.Ад гэрээ цуцлах эрх олгогдоогүй байхад дугаартай гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар 27.1, хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 “гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална” гэдгийг зөрчсөн байна.

            Учир нь нотариатчийн архивын баримтад авагдсан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн цахим лавлагаанд анх 536 м.кв байсан газрын хэмжээ 313 м.кв болж өөрчлөгдсөн байгааг нотариатч анхаараагүй. Эрхийн улсын бүртгэлд гэрээ бүртгэгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар өөрчлөгддөг бөгөөд 313 м.кв гэж гарсан, гэрчилгээний дугаар өөрчлөгдсөн байхад хуучин гэрчилгээний дугаартай итгэмжлэл үндэслэн, байхгүй болсон гэрчилгээний дугаар тавьж цуцлах гэрээ гэрчилсэн нь хууль, зааварт нийцэхгүй.

            Нотариатч Б.С 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гэрээ цуцлах гэрээ гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-т “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх”; 21 дүгээр зүйлийн 21.2.1-т “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх”; 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах”; 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.2.4-т “үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтална”, 46 дугаар зүйлийн 46.4-т “гэрээ хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална”, 46.7-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг нягтлаагүй” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзээд сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж шийдвэрлэсэн.

            Иймд нотариатч Б.Сгийн гаргасан гомдол үндэслэлгүй, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Тодорхойлох хэсэгт дурдсанаар иргэн Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгээс Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд хандан гаргасан гомдлыг хянан хэлэлцээд тус зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолоор нийслэлийн тойргийн нотариатч Б.Сд “Сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан байна.
  2. Нэхэмжлэгчээс “... “бүртгэл бүртгэгдсэн” гэх үндэслэлийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлээр тайлбарлаж, гэрээний талуудын Иргэний хуульд заасан гэрээнээс татгалзах эрхийг зөвхөн шүүхээр тогтоолгох ёстой хэмээн үгүйсгэх нь хууль зүйн үндэслэлгүй, талууд БД дугаар гэрээг дуусгавар болгох тал дээр огт маргаагүй. ... нотариатын цахим үйлдэлд Гэрээнээс татгалзах гэрээний загвар гэж байхгүй. Иргэний эрх зүйн суурь зарчимд гэрээний нэршлээс бус агуулгаар гэрээг тодорхойлох бөгөөд БД дугаар гэрээний агуулга нь бүхэлдээ гэрээнээс татгалзсан тухай тодорхой тусгасан. Энэ талаар талуудад эрх зүйн зөвлөгөө бүрэн өгсөн. ...Талууд гэрээг цуцлах, татгалзах талаар огт маргаагүй, гэрээнээс татгалзаж буй тухай гараар бичсэн хүсэлтээ өгсөн бөгөөд талууд гагцхүү өөрсдийн давхардуулан олгосон газрын хэмжээ дээр маргасан. ...” гэж,
  3. Хариуцагчаас “... дугаартай гэрээгээр цуцалж байгаа боловч цуцлах эсхүл гэрээнээс татгалзаад байгаад нотариатч дүгнэлт хийж, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй нь тогтоогдсон ... Гомдол гаргагч нотариатчийн гэрчилсэн гэрээний улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл нэгэнт улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах эсэх асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж Зөвлөл үзсэн, ...нотариатч нь бүртгэлд бүртгүүлсэн гэрээ болохыг үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар мэдсээр байж хайхрамжгүй хандаж, гэрээнээс гарах үр дагаврыг хангалттай тайлбарлаагүй, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйгээс гэрээнд заасан өгсөн авснаа буцаах нөхцөл байдал үүсээгүй, ...Эрхийн улсын бүртгэлд гэрээ бүртгэгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний дугаар өөрчлөгддөг бөгөөд 313 м.кв гэж гарсан, гэрчилгээний дугаар өөрчлөгдсөн байхад хуучин гэрчилгээний дугаартай итгэмжлэл үндэслэн, байхгүй болсон гэрчилгээний дугаар тавьж цуцлах гэрээ гэрчилсэн нь хууль, зааварт нийцэхгүй. ...” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  4. Нотариатаар гэрчилсэн бүртгэлийн тухайд, нотариатч Б.С нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн БД0 дугаар “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ” /газар/ бүртгэлээр бэлэглэгч С.С, С.А, Д.С******* нараас бэлэг хүлээн авагч Д.Бд нэгж талбарын дугаар *******, Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаар Г*******, *******, Чингэлтэй дүүрэг, 8-р хороо, ******* т******* 11 гудамж, 188а тоот, 536 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний газраас 223,2 м.кв газрыг бэлэглэхээр буюу “Анхны кадастрын зураг буруу хийгдсэнээс Д.Бгийн газар манайх руу орсон байх тул Д.Бд оногдох хэсгийг бэлэглэж байна” гэх нөхцөлөөр талууд гэрээ байгуулсныг гэрчилсэн байна.

            4.1. Улмаар нотариатын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БД дүгээр бүртгэлээр Д.Бгээс “-р гэрээг цуцалж 223 м.кв газрыг бие авахгүй” гэх, С.А, Д.С******* нар нь “-р гэрээг хүчингүй болгож цуцалж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасны дагуу С.С, Д.С*******, С.А болон Д.Бтэй байгуулсан 2025 оны 05 дугаар сарын 29-ний дугаар газар бэлэглэлийн гэрээг цуцалж, өгсөн авснаа буцааж, тус гэрээнээс үүссэн асуудлыг буцаахаар тохиролцсоныг гэрчилсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

            5. Д.Бгийн “....намайг байлцуулаагүй, намайг мэхэлсэн, хуурамч лавлагаа ашигласан байж болзошгүй...” гэх 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүртгэлд бүртгэгдсэн Бэлэглэлийн гэрээтэй холбоотойгоор гаргасан гомдлыг хариуцагчаас Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу гэрээг гэрчилсэн гэж дүгнэж, уг бүртгэлтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Сд сахилгын шийтгэл оногдуулаагүй.

            6. Харин нэхэмжлэгчид зөвхөн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн БД дүгээр бүртгэлийг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.1-д “нотариатчаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх;”, 21 дүгээр зүйлийн  21.2.1-д “үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх;”, 21.2.5-т “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно.”, 46 дугаар зүйлийн 46.2.4-т “үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.”, 46.4-т “Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.”, 46.7-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.           

            7. Тодруулбал, иргэн Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дгээс Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд Нийслэлийн тойргийн нотариатч Б.Сн нотариатын үйлдэлтэй холбогдуулан 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдол болон гомдлыг хэлэлцэх хуралдаанд илэрхийлж буй хүсэл зоригоос үзэхэд, анх “бэлэглэлийн гэрээг гэрчилсэн үйлдэл буюу 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт бэлэглэлийн гэрээг гэрчилсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох болон уг бүртгэлтэй холбоотой хүсэл зоригоо илэрхийлэн гомдол гаргасан.

            8. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч Д.Б нь анх бэлэглэлийн гэрээг байгуулахдаа өгсөн кадастрын зураг буруу байснаас үүдэн иргэдийн хооронд газрын маргаан үүсэж, улмаар сахилгын зөвлөлд хандсан байдаг.

            9. Харин сахилгын зөвлөл нь гомдол гаргагчийн маргаж байгаа бэлэглэлийн гэрээг баталсан бүртгэлийг хууль бус гэж үзээгүй хуульд нийцсэн гэж үзсэн атлаа уг гэрээг цуцалсныг гэрчилсэн бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан хүсэл зориг болон сахилгын хорооны нотариатчид оногдуулсан зөрчил нь хоорондоо шалтгаант холбоогүй, үндэслэлгүй байна.  

            10. Тодруулбал, гомдол гаргагч нь бэлэглэлийг баталсан нь үндэслэлгүй гэж маргаж байхад, сахилгын хорооноос бэлэглэлийн гэрээг баталсан нь үндэслэлтэй харин  гэрээгээ цуцалсныг гэрчилсэн бүртгэл нь хууль бус гэж нотариатчийг буруутгасан нь үндэслэлгүй бөгөөд гомдол гаргагчийн илэхийлсэн хүсэлт зоригт нийцээгүй, гомдоогүй үндэслэлээр буруутгасан гэж нотариатч Б.С маргаж буй нь үндэслэл бүхий байна.

            11. Сахилгын хороо уг талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг цуцалсан гэрээг гэрчилсэн дугаарт бүртгэлийг шалгахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/227 дугаар “... дугаар үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг үндэслэн өмчлөгчийн хүсэлтээр бүртгэл салгаснаар хэмжээ өөрчлөгдөх бүртгэл бүртгэгдсэн...” гэх лавлагааг авч, улмаар дугаартай гэрээг гэрчлэх үед 536 м.кв талбай бүхий газар хуваагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогдсон гэж үзэж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар бүртгэл хийгдсэн, гэрээг цуцалснаар улсын бүртгэлд талуудын өмчлөх эрх анхны байдалдаа буцаан орохгүй, цуцалсан гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэх зохицуулалтгүй, тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлэхээр зохицуулсан байхад цуцлах гэрээг гэрчилсэн гэж маргаан бүхий актын үндэслэлийг тайлбарласан.

            12. Шүүхээс талуудыг зөрүүтэй тайлбаруудыг нотлохоор улсын бүртгэлээс лавлагаа авч хянахад, маргаан бүхий дугаарт бүртгэсэн бэлэглэлийн гэрээг цуцлах тухай гэрээг үндэслэн газар хэмжээ буцаад 536 м.кв болж бүртгэсэн нь Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тайлбар холбогдох баримтуудаар тогтоогддог.

            13. Түүнчлэн уг бүртгэлийг хийсэн үндэслэлээ “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх;” гэж зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан бөгөөд иргэн Д.Бд оногдох газрыг гэрчилгээг шинээр гарах ёстой боловч иргэн Д.Б нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Мэдүүлэг гаргагч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ өөрчлөх, буцаан авах эрхтэй.” гэж зааснаар гаргасан мэдүүлгээсээ татгалзаж, материалаа буцаан авсан тул Д.Бгийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ салгаж огт гараагүй. 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тоот цуцлах тухай нотариатчийн баталсан 2 талын хүсэл зоригийг тодорхой илэрхийлсэн гэрээ, мэдүүлэг, хүсэлт болон бусад нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөл оруулсан...” гэх тайлбарыг ирүүлсэн.

            14. Нотариатч Б.Сн бэлэглэлийн гэрээг цуцалсан гэрээг гэрчилсэн дугаар бүртгэлд “...Талууд гэрээг бүртгүүлээгүй тул тус тусад нь гэрчилгээ гараагүй гэв. Дахин газрын гэрчилгээ гаргуулах А хариуцахаар тохиров...” гэх тэмдэглэгээг хийсэн байдаг бөгөөд уг хөрөнгийн бүртгэлд хэмжээтэй холбоотой өөрчлөлт оруулсан хэдий ч Д.Бд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй буюу мэдүүлэг гаргагч нар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө гаргасан мэдүүлгээ өөрчилж, буцаан авсан тул бүртгэл хийгдээгүй болох тогтоогдсон.

            15. Гэтэл нотариатаар гэрчлэх үед талууд уг үндэслэлээ тайлбарлаж гэрээг цуцлуулах хүсэл зоригоо илэрхийлэн, улмаар бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаж, бэлэглэлийн гэрээний дагуу бүртгэл хийгдээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий актад заасан уг үндэслэлээр буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            16. Түүнчлэн Бүгд найрамдах Солонгос улс П дахь консулын газрын нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 500 дугаартай бүртгэлтэй итгэмжлэлээр С.Сгаас С.Ад Улаанбаатар Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, ******* т*******-11 гудамж, 188а тоот, 586 м.кв газрыг “... бэлэглэх, арилжих, хөлүүлэх, түрээслүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, лавлагаа хүсэх, хүлээн авах, барьцаанаас чөлөөлж, төлбөр тооцоо нийлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагч этгээдээс гардан хүлээн авах, гэрээ цуцлах... гэх мэт бүх эрхийг 1 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн гэрээг цуцалсныг гэрчилсэн нь хуульд нийцсэн байна.

            17. Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Хууль болон нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн нотариатчид гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулна:” гээд, 54.1.1 дэх заалтад “сануулах;” гэж, 54.2 дахь хэсэгт “Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн болон бусад нотариатчийн үйл ажиллагаанд хориглосон хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хуулийн 54.1.1-д заасан сануулах шийтгэлийг Сахилгын зөвлөл, 54.1.2, 54.1.3-т заасан шийтгэлийг Сахилгын зөвлөлийн саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн оногдуулна.” гэж тус тус нотариатын үйлдэл нь хууль эсхүл нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн болохыг Сахилгын зөвлөл хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах болохыг хуульд тодорхойлон заасан.

            18. Гэтэл Сахилгын хороо нь зөрчлийг шалган тогтоох үедээ авсан лавлагаагаар бүртгэлд өөрчлөлт орсныг үндэслэн нэхэмжлэгч нотариатч Б.Сг уг бүртгэлд өөрчлөлт орсон баримтыг мэдсээр байж бүртгэл хийсэн, уг цуцалсныг гэрчилсэн нотариатын үйлдлээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хүчингүй болох боломжгүй, шүүх хандаж бүртгэлийг хүчингүй болгох эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бүрэн шалган тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

            19. Уг маргаан бүхий гэрээг цуцлах бүртгэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлтийн үндсэн дээр гэрчилсэн нь үндэслэл бүхий, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэлт зоригийг илэрхийлсэн, үүсэх үр дагавар бодитой бөгөөд талууд бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргаж үр дүн нь бодитой үйлдэлд хүрсэн нөхцөл байдлууд тогтоогдсон тул гэрээний талуудын хооронд үүссэн газрын хэмжээтэй холбоотой маргааны улмаас нотариатчийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, журам, бусад хэм хэмжээг зөрчсөн гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

            20. Тиймээс дээрх нөхцөл байдлыг хариуцагч анхаарч үзээгүй нь буруу буюу нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр нотариатчид сахилгын шийтгэл оногдуулсан, үүний улмаас нотариатчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 21.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 46 дугаар зүйлийн 46.2.4, 46.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1, 54.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Сгаас Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХДЭЛГЭР