Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/09

 

М.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

       прокурор А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нарыг оролцуулан,

     Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж явуулсан, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.А-д холбогдох, 2435000000301 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

       Монгол улсын иргэн, Х овогт М-ийн А

1. Холбогдсон хэргийн талаар:

      Яллагдагч М.А 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ х тоот хашааны гадна насанд хүрээгүй Г.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А-аас яллагдагч М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

     3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар: яллагдагч М.А-д холбогдох эрүүгийн 2435000000301 дугаартай хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

     4. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.А-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан  мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр  хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

     Анхан шатны шүүхээс, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-д зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг.

    Мөрдөгч “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хэрэгт хавсаргасан байна. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т заасныг зөрчсөн баримтыг үнэлж сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөрийг тогтоох үндэслэлгүй гэж дүгнэж, хэргийг прокурорт буцаасан байна.

      Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” зэргийг батлан гаргасан.

      Энэхүү журам нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.3 дугаар зүйлд заасан “... Энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэсэн хуулийн заалтад үндэслэн, хуульд нийцүүлж батлагдсан байна.

      Мөрдөгч нь тухайн гэмт хэргийн хувьд шалгуур үзүүлэлтийг харгалзан урьдчилан тогтоосон гэмт хэрэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-ийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хүснэгтийг, журмын 2.3-д заасны дагуу “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ын загварын дагуу зөвшөөрсөн эсэхийг тодруулан хохирогчоор гарын үсэг зуруулсан нь дээрх журмыг зөрчөөгүй гэж үзэж байна.

      Өөрөөр хэлбэл, мөрдөгч шинжилгээ хийгээгүй байх ба батлагдсан журмын хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогчид танилцуулах ажиллагаа явуулсан байхад түүнийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

       Мөн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т: “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон байх ба энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар хүснэгтийг баталсан.

    Уг журмын 2.2-т, энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн ... хохирогч ... энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтооно. Уг журмын 2.10-т, энэ журмын 2.1.1-2.1 5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40-р зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно. гэснээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах” гэмт хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг батлагдсан хүснэгтийн хүрээнд гаргахаар журамлагдсан байна.

     “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосон гэмт хэргийн сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилон Шүүхийн шинжилгээний байгууллагаас Сэтгэцийн шинжилгээ хийлгэх журмын хүрээнд шинжилгээ хийхээр зохицуулжээ. Журмын дээрх заалт нь Шүүх шинжилгээний тухай хуулиар зохицуулагдаагүй байгаагаас үзэхэд шүүх шинжилгээний байгууллага тогтооно гэсэнтэй зөрчилдөөгүй байна гэж үзэхээр байна.

     Мөн Увс аймгийн хувьд сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээд байхгүй, баруун аймгийн хэмжээнд Ховд аймагт байгаа. Үүнийг шүүх эмнэлгийн гэмтлийн хохирлын зэрэг тогтоодог шинжээч эмч нар гаргах боломжгүй. Шинжээчийн дүгнэлт гаргууллаа гэхэд тусгай мэдлэг бүхий сэтгэцийн сэтгэл зүйч, сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий этгээдүүд гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч хүснэгтийг хэргийн оролцогч нарт танилцуулж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн улмаас хохирогчид ийм байдлаар сэтгэцэд хохирол учирсан байх ёстой гэх хүснэгтийн дагуу гаргаж байгаа учраас ямар нэгэн байдлаар мөрдөгчийн эсвэл албан тушаалтны хувийн ашиг сонирхол нөлөөлсөн зүйл байхгүй. Шүүх шинжилгээний байгууллагын шинжээч эмч нар хүснэгтийг гаргаснаас ялгаагүй гэж үзэж байгаа.

      Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаартай шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч М.А-д холбогдох, 2435000000301 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     2. Увс аймгийн Прокурорын газраас: Яллагдагч М.А-ыг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр х тоот хашааны гадна насанд хүрээгүй хохирогч Г.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

    3. Анхан шатны шүүх М.А-д холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч давж заалдах журмаар эсэргүүцэл бичжээ.

    4. М.А-д холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй байна.

           4.1.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталжээ.

        “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг баталсан. 

    Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн хохирогчид учрах сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд энэхүү жишиг стандартыг тухайн төрлийн хэргүүдэд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж, нийтлэг хэрэглэхээр зохицуулсан байна.

       “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т: энэ журмын 2.1.1-2.1.5-т заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тухайн хүснэгтээр шинжилгээ хийлгэхээр, 2.3-т: хүснэгтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрөх эсэхийг мөрдөгч загвараар танилцуулан, баримтжуулан хэрэгт хавсаргахаар тус тус заасан байна.

     Яллагдагч М.А-д холбогдох гэмт хэргийн хувьд, насанд хүрээгүй хохирогч Г.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Г нар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээний байгууллагаар хүснэгтээр шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаагүй байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Б-ын сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл /хэр хэмжээ/-г “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д заасан хоёрдугаар зэрэглэлээр тооцон, хохирол гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул мөрдөгч мөн журмын 3-т заасны дагуу хүснэгтийг  танилцуулсан баримтыг хэрэгт хавсаргасан байна.

       Тодруулбал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “миний хүүхэд бусдад зодуулсны улмаас гэртээ эмчилгээ хийлгэж хэд хоног хичээлдээ яваагүй зэрэг байдлаар сэтгэл санааны хохирол учирсан тул хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосон хүснэгтийг хүлээн зөвшөөрч, хүснэгтийн дагуу хохирол гаргуулна. Албан ёсоор шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй” гэж мэдүүлсэн, мөн тэрээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо: “хүснэгтэд заасан сэтгэцийн хоёрдугаар зэрэглэлээр сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байгаа” талаар мэдүүлсэн, яллагдагч мөн хүснэгтийн дагуу хоёрдугаар зэрэглэлээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах асуудлаар маргаагүй байна.

      Энэ тохиолдолд, шүүх Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан, “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-т заасны дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой байна.

      4.2. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлын талаар гаргасан нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, хохирогч, шүүгдэгч нар тодорхой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэх зэрэг хэргийн оролцогчийн онцгой эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны диспозитив зарчмыг баримтлах тул  тухайн гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн этгээд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх, хохирлын хэмжээг ихэсгэх, багасгах эсэх нь тухайн хүний эрхийн асуудал болно.

     Энэ хэргийн хувьд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгохоор тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах талаар хохирогч, яллагдагчийн  хэн аль нь хүсэлт гаргаагүй байх ба гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирол гаргуулахыг насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хүрээнд дүгнэлт хийж хохирол гаргуулах боломжтой, заавал тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

      5. Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах үндэслэлтэй байна.

        6. Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож  шийдвэрлэв.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/553 дугаар “Хэргийг прокурорт буцаах” тухай  шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

      2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                                           ШҮҮГЧ                                 Д.КӨБЕШ      

                                                            ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ