| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 2435000000280 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.А |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
Т.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.А, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхөө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж явуулсан шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Т.Э-д холбогдох, 2435000000280 дугаартай , 1 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Т-ийн Э
1. Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр х тоот хашаанд байрлах иргэн С.Б-ын эзэмшлийн амбаарт буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч 47 ширхэг хурганы арьс хулгайлж, 1,480,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяраас шүүгдэгч Т.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч З ургийн овгийн Т-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Э-д 1 (нэг) жил 04 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,
- Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Т.Э би үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч С.Б-т учруулсан хохирлыг барагдуулсан, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадахаа илэрхийлж байна.
Би 4-6 настай хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд маань аавынхаа асаргаанд хэрхэн амьдарч байгаад санаа зовж, эх хүний хувьд нойр ч хүрэхгүй хэцүү байна. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хүүхдүүдийг минь бодолцож надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэжээ.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Т.Э нь хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, харин шүүхээс оногдуулсан ялыг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү гэх гомдол гаргасан.
Т.Э-ийн хувьд анх удаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн ба тэрээр хагалгаанд орсон, эмчилгээтэй байсан тул хэргийг хялбаршуулах ажиллагаанд оролцох боломжгүй байсан.
Шүүгдэгч Т.Э нь 2 хүүхэдтэй, биеийн байдлын хувьд хагалгааны дараагийн шатанд байгаа боловч хоригдож байх хугацаандаа 2 хүүхдэдээ маш их санаа зовж байна гэдгийг хэлж байсан. Том хүүхэд нь 6 настай, 1 дүгээр ангид суралцдаг ба авга ахынхаа гэрт сумын төвд амьдарч хичээлдээ явж байгаа, бага хүүхэд нь нагац эмээгийндээ, аав нь хөдөө мал маллаж амьдарч байгаа. Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд зааснаар 2 хүүхэд аав, ээжтэйгээ халуун ам бүлээрээ амьдрах эрхтэй.
Иймд эдгээр нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээг 2 дахин багасгаж, хорих ялын доод хэмжээ буюу нэг жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
6. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээг олгосон байгаа. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Гэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулсныг анхаарч үзнэ үү гэсэн байр суурьтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Э-д холбогдох, 2435000000280 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгч Т.Э 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр х тоот хашаанд байрлах хохирогч С.Б-ын эзэмшлийн амбаарын цоожийг онгойлгон орж, цаасан хайрцаг дотор байсан 47 ширхэг хурганы арьс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох:
- хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2023 оноос хойш хурганы арьс цуглуулж хүүдээ дээл оёж өгөхөөр бэлтгэсэн юм. 2024 оны 7 дугаар сард “Дархан нэхий” ХХК руу хурганы арьсаа явуулж үйлдвэрийн аргаар нэг ширхгийг нь 6,000 төгрөгөөр элдүүлэн авч ирээд, өөрийнхөө гэрийн хажууд байрлах амбаарт цаасан хайрцагт хийж хадгалсан.
Уг цаасан хайрцагт нийт 74 ширхэг хурганы арьс байсан ба 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөө явахдаа шалгаж үзэхэд арьс бүрэн байсан.
Өнөөдөр юм хийх гээд арьсаа харахад 27 ширхэг хурганы арьс байсан бөгөөд бусад нь байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо нийт 47 ширхэг хурганы арьс дутаж байна. Манай амбаарын цоожийг ямар нэгэн байдлаар эвдсэн, оролдсон зүйл байхгүй бөгөөд амбаарын баруун талд хашааны буланд хурганы арьс зүүж оёдог, туузалж боосон утаснууд хэвтэж байсан.
2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай хажуу талын айлын Т.Э гэх эмэгтэй манай гэрт орж ирээд, цай уугаад эхнэр бид хоёртой юм яриад сууж байгаад явсан. Тэр өдөр өөр ямар нэгэн хүн манай гэрт ирээгүй бөгөөд амбаарын түлхүүр алга болсон байсан. Эхнэр бид хоёр түлхүүрээ хайгаад олохгүй болохоор нөөц 1 ширхэг түлхүүр байснаа ашиглаж амбаар луугаа орж, гарч байсан.
2024 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Т.Э, түүний ээж О.Н нар манай гэрт элдсэн хурганы арьс, мөн амбаарын алга болсон улаан даавуун оосортой түлхүүрийг авч ирж өгсөн. Тэр надад “х суманд наймаа хийхээр ирсэн танихгүй хүнд арьснуудыг худалдсан байснаа аймгийн төв рүү орж буцаагаад, мөнгийг нь өгөөд авч ирлээ” гээд нийт 26 ширхэг элдсэн хурганы арьсыг маань авч ирж өгсөн. Одоо надад ямар нэгэн хохирол байхгүй. Тэрээр дахин хулгай хийхгүй гэдгээ эхнэр бид хоёрт хэлж уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16, 18 дахь тал);
- гэрч Д.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэртээ цуглуулж байсан хурганыхаа арьсыг зүүж дээл оёхоор амбаар руугаа ороход амбаарт хадгалж байсан 74 ширхэг хурганы арьснаас 47 ширхэг арьс алга болсон байсан.
2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нөхөр бид хоёр хөдөө явахдаа цаасан хайрцагтай 74 ширхэг хурганы арьсыг харахад байсан. Харин 10 дугаар сарын 07-ны өдөр үзэхэд 27 ширхэг хурганы арьс байна, бусад нь байхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал);
- гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би х суманд 2024 оны 10 дугаар сарын эхээр санагдаж байна бараа зарж очиход Т.Э нь надад цагаан тортой 20 гаруй хурганы арьс авч ирж өгсөн. Тухайн үед Т.Э надад хэлэхдээ “манай ээжийн хурганы арьс, мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм” гэж хэлээд надаас бараагаар сольж авсан. Тэгээд удалгүй намайг х суманд ирсний дараа миний араас х суманд ирээд надаас авсан барааныхаа мөнгийг өгөөд “ээж арьс зарчихлаа гэж уурлаж байна, би авсан барааны мөнгийг өгье, та надад ээжийн хурганы арьсыг өгчих” гэж хэлээд надаас бараагаар сольсон хурганы арьсаа аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал);
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-9 дэх тал);
-хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай “...х суманд 2024 оны 10 дугаар сарын байдлаар 47 ширхэг элдсэн хурганы арьсны зах зээлийн үнэ цэнийн баримжаа 1,480,500 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32 дахь тал)
- шүүгдэгч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг хүсэлт байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Э-г тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Тодруулбал, шүүгдэгч Т.Э нь хохирогч С.Б-ын хурганы арьс хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын тусгайлан хамгаалсан байр буюу цоожтой амбаарын цоожийг онгойлгон, хууль бусаар нэвтэрсэн нь нотлогдож тогтоогдсон талаар болон шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ”гэх хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн гэж дүгнэв.
4. Хэргийг мөрдөн шалгах явцад хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.
5 . Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “шүүгдэгч нь хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирол төлбөр бүрэн барагдуулсан. Т.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэрээр 4-6 насны 2 хүүхэдтэй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Э нь мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ буюу 1,480,000 төгрөгийн хохирол учирсан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны буюу 4-6 насны 2 хүүхэдтэй хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу нэг жил хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Э-д анхан шатны шүүхээс оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сар хорих ялыг 1 (нэг) жил хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Э-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 60 (жар) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/276 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3 дугаар заалтын: 1 (нэг) жил 04 (дөрөв) сарын хугацаагаар хорих гэснийг 1 (нэг) жил хорих гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарын ял хөнгөрүүлэх агуулгаар гаргасан гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Т.Э-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 60 (жар) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ