Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01761

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Цнэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01343 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Э.Б холбогдуулан гаргасан Э.Б ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, түүний өмгөөлөгч П.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Арт хаус ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Ц.Цэцэгдэлгэр бүртгэлтэй боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Э.Батмөнх нэхэмжлэгч нар урьд хууль ёсны гэр бүл байсан ба 2013 оны 10 сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 2155 дугаар шийдвэрээр гэрлэлтийг нь цуцлуулсан. Тухайн үед Э.Батмөнх шүүхэд мэдүүлэхдээ ...компани Ц.Цнэр дээр бүртгэлтэй боловч үйл ажиллагааг би явуулдаг, компанийн нэрийг шилжүүлэн авах гэтэл бага зэрэг өртэй болохоор болохгүй байгаа, өрөө төлөөд компанийг нэр дээр шилжүүлэн авна... гэсэн.

Гэтэл одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй байна. Үүний улмаас Арт хаус ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагын эрх Ц.Цнэр дээр бүртгэлтэй байгаагаас бусдын өмнөөс хариуцлага хүлээх, компанитай холбоотой асуудлаар татварын болон бусад байгууллагад дуудагдах, компанийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн хариуцлагыг хүлээж болзошгүй эрсдэлийг бий болгож байгаа юм. Энэ нь шүүхээр шийдвэр гаргуулж, хамгаалуулахаар хүсэж буй эрх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болно.

Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш компанийн гэрчилгээ, тамга, тэмдгийг нэг ч барьж байгаагүй, хэнтэй ямар байгууллагатай харьцдаг, үйл ажиллагаа хэрхэн явуулдаг, хэнд ямар өр төлбөртэй эсэхийг, аль банканд хэдэн данстайг мэдэхгүй, компанийн ашиг орлогоос өнөөдрийг хүртэл хувь хүртэж байгаагүй атлаа хүлээх хариуцлагыг нь үүрч, аливаа байгууллагын өмнө Арт хаус ХХК-ийг төлөөлж, дуудагдах нь чирэгдэлтэй байна.

Иймд Арт хаус ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй боловч компанийн орлогоос ногдол ашиг хүртдэггүй, гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг хэрэгжүүлдэггүй тул Ц.Цэцэгдэлгэрийг компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс чөлөөлж, тус компанийн жинхэнэ үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Э.Батмөнх болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Улсын бүртгэлд үүсгэн байгуулах талаарх хүсэлт, үүсгэн байгуулах шийдвэр, бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагаа, бүртгэлээс хойш бүртгэлд өөрчлөлт оруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн банкнаас зээл авч байсан баримт, гэрээ байгуулсан өргөдөл зэргээс Арт хаус ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Ц.Цэцэгдэлгэр байх бөгөөд үйл ажиллагааг бүхэлд нь удирдан чиглүүлж явж байсан. Бүртгэлийн асуудал хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр байгаа.

Компанийн зээл авсан ажиллагааг бүхэлд нь Ц.Цэцэгдэлгэр удирдсан. Компанийн тамга, тэмдэг, гэрчилгээ аваад алга болсон гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Маргаанд компанийг Ц.Цэцэгдэлгэр гэдэг хүн төлөөлж байсан. Эндээс үзвэл компанийн баримт бичиг шаардлагатай материалууд өөрт нь хадгалагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Э.Б ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Батмөнхөөс 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэрт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Арт хаус ХХК нь 2007 оны 01 сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд талууд гэр бүлийн харилцаатай байсан. Ийм байхад Арт хаус ХХК-ийг хариуцагч Э.Батмөнхийн хуваарьт хөрөнгө гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Шүүх хуралдааны явцад зохигчид болон гэрч нар тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас олсон орлогыг гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд тухайн гэр бүлийн хэрэгцээнд захиран зарцуулж байсан талаар огт маргадаггүй.

Нэхэмжлэгч Хаан банк ХХК-аас зээл авсан ба уг гэрээнд гарын үсэг зурсан, тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг гэрлэлт цуцалснаас ч хойш удирдсан. Мөн зээл авахдаа барьцаа болгож авсан Багануурын гэх тендерийн ажил гүйцэтгэх гэрээний асуудлыг Ц.Цэцэгдэлгэр өөрийн ах дүү нарын хамтаар хийж гүйцэтгэсэн талаар гэрч мэдүүлэхээс гадна нэхэмжлэгч ч энэ талаар тайлбарласан.

Түүнчлэн компанийн бүртгэл үнэн зөв эсэхэд талууд огт маргаагүй бөгөөд Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх, тухайн компанийг төлөөлөх зэрэг эрхийг хэрэгжүүлж байсан баримт хэрэгт авагдсан боловч шүүх үүнийг үгүйсгэсэн, няцаасан баримтыг иш татаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг илтэд шүүхийн гаргасан алдаа болсон мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.Цнэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэр нь хариуцагч Э.Б холбогдуулан компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, санхүүгийн баримт бичгүүд болон компанийн тамга, тэмдгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Б ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 45-47, 55/

 

Хэрэгт авагдсан Арт хаус ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 17, 99, 109/, компанийн дүрэм /хх 74-75, 124-126, 149-152/, гэрчилгээ /хх 134-135/, хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр /хх 139/, компанийг үүсгэх байгуулах шийдвэр /хх 148/ зэргээс үзэхэд, нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэр нь Арт хаус ХХК-ийг нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, мөн компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага одоог хүртэл өөрчлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцогддог тул Арт хаус ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэрийг гэж үзнэ. Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг зохигчийн тайлбараар тогтоох асуудал биш байтал хариуцагч Э.Батмөнхийн өмнө нь шүүхэд гаргаж байсан тайлбараар түүнийг Арт хаус ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байх зарчимтай нийцээгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан аргаар иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах бөгөөд Иргэний хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргээ сайн дураараа хэрэгжүүлээгүйг эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан шүүгчийн захирамж /хх 20-21/, зээлийн гэрээ /хх 70-71/, барьцааны гэрээ /хх 72-73/, татварын тайлан /хх 90-95/, ажил гүйцэтгэх гэрээ /хх 96-97/ зэргээс үзэхэд нэхэмжлэгч Ц.Цэцэгдэлгэр нь Арт хаус ХХК-ийг шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, банканд төлөөлж зээл болон барьцааны гэрээ байгуулсан, татварын байгууллагад төлөөлж тайлан гаргасан, хуулийн этгээдийн өмнөөс гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байх тул компанийн тамга, тэмдгийг барьж байгаагүй, үйл ажиллагаанд оролцож байгаагүй, удирдлагыг хэрэгжүүлж байгаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 182/ШШ2020/01343 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Ц.Цхариуцагч Э.Б холбогдуулан гаргасан Э.Б ХХК -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 сарын 01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.НЯМБАЗАР