Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 109

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 21 өдөр                                               2018/ШЦТ/109                                                     Өмнөговь аймаг

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,

Шүүгдэгч: Э.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө холбогдох 1828000940088 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 17-р байрны 2-14 тоотод иргэн У.Оын нүүрэн тус газар луу аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Э.Ө нь 2018 оны 05 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг 17-р байрны 2-14 тоотод иргэн У.Оруу аяга шидэж, нүүрэн тус газарт нь цохигдсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Хохирогч У.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ...05 дугаар сарын 11-ний ...21 цагийн үед Бадамцэцэгийн гэрт 0.5 литрийн Соёрхол нэртэй архи аваад очсон. Тэгэхэд Э.Ө, Бадамцэцэг, Мөнгөншижир нар архи уучихсан сууж байсан. Бадамцэцэгийн гэрт очихдоо авч очсон архийг Э.Ө өгөхөд задлаад тойруулсан. Тэгэхдээ надад хийж өгөхөөр нь би уугаагүй машин барьж байна одоо явлаа гэж хэлэхэд Э.Ө надад хандаж чи мөнгөтэй болчихсон юм уу мөнгөтэй хүмүүс л ийм зан гаргаад байдаг юм гэж хэлээд намайг явуулахгүй байсан. Тэгэхэд Бадамцэцэг хажуугаас нь ойрд уулзалдаагүй байж жоохон сууж байгаад яв л даа гэж хэлсэн. Тэгэхээр нь 2 хундага архи уусан. Тэгсэн нөгөө архийг талд нь оруулж байхдаа Бадамцэцэг, Э.Ө хоёр надад хандаж архи уумаар байна караокед суумаар байна гэж хэлэхээр нь

би гараад 0.75 литрийн Соёрхол болон нэг хроп Сэрүүн нэртэй пиво авч ирээд Бадамцэцэгийн гэрт оруулсан. Тэгээд авч очсон юмаа үлдээгээд 10-н лааз пиво аваад Цэнгүүн нэртэй Караокед очоод 1 цаг дуулсан. Тэгж байхад Э.Ө намайг элдвээр хэлж доромжилж байсан. Тэгээд Цэнгүүнээс гараад Мөнгөншижир надад хандаж Өсөхөө агсан тавих гээд байх шиг байна хоёулаа танай гэрт очиж хоноё энэ хоёр такси аваад явчих юм байгаа биз гэж хэлсэн. Тэгэхээр нь муухай хүргэж өгчихөөд явъя гэж хэлээд бид дөрөв Бадамцэцэгийн гэр рүү явсан. Тэгээд буулгачихаад Мөнгөншижир бид хоёр явах гэхэд Э.Ө гэрт юм байгаа амсчихаад гарахгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь Бадамцэцэгийн гэрт ороход сууж байгаад явлаа гэж хэлэхэд Э.Ө миний гараас татаад суулгасан. Тэгэхээр нь явлаа гээд Э.Өын мөр рүү түлхсэн. Тэгэхэд зүгээр байгаарай гэсэн. Тэгэхээр нь чи ер нь яагаад уурлаад байгаа юм гээд дахиад мөр рүү нь түлхэхэд Э.Ө идэж байсан хүйтэн хоолтой аягаа миний нүүр рүү шидсэн. Тухайн үед миний нүүрнээс их цус гарсан. Тухайн үед цагдаа түргэн дууд гэж хэлэхэд гар утастай хүн байгаагүй явах гэхэд явуулахгүй чи цагдаа дээр очиж новширч өгнө гээд явуулахгүй байсаар байгаад үүрээр 04 цагийн үед тэндээс гараад гэртээ ирсэн. Миний нүүр рүү аягатай хоол шидэж гэмтэл учруулсан. Өөрөөр халдаагүй. Миний зүгээс гомдолтой байна нүүр хэсэгт 2 газар оёдол тавьсан. Энэ нь эмэгтэй хүний гоо сайханд муугаар нөлөөлнө. Би эмчилгээнд гарсан зардал мөнгийг нэхэмжилж байна, баримтаа авч ирж өгнө” /хх-ийн 13-14-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч У.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”...2018 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв Бадамцэцэгийн гэрт Э.Ө нь миний биед халдаж хохирол учруулсан. Иймд эмчилгээний зардал мөнгийг нэхэмжилж байна. Өмнөговь аймгийн БОЭТ-д үзүүлж гадуур стор нээлгэж 10-н хоног эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эм тарианд гаргасан зардал мөнгийг нэхэмжилж байна. Миний бодлоор 360000 төгрөг ямар ч байсан гарсан баримт нь байгаа эсэх талаар нь мэдэхгүй байна байвал авч ирж өгнө. Одоо нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна эмчилгээний зардал болон эмнэлэгт очиж буцсан бензин бусад зардлыг оруулаад нэхэмжилж байгаа юм. Гомдолтой байгаа тэр хүн хохирлоо барагдуулбал гомдолгүй болно гэж бодож байна” /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт:”... 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би гэртээ найз Э.Өай хамт байж байсан гаднаас У.О 0.5 грамм Соёрхол архитай орж ирж юм ярьж байгаад У.Оыг утсаар нэг хүн дуудсан. Тэгээд бид хэд цуг гараад нөгөө хүнтэй уулзах гээд гарсан чинь У.Оын найз гээд нэг залуу байсан. Бид хэд дэлгүүр орж хүнээр архи пиво авахуулсан тэрийгээ аваад манай гэр рүү орж нөгөө авсан пиво архиа ууж байгаад гадагшаа гарч караоке орж дуулаад 50 минут болоод эргээд манайд ирсэн. Тэгсэн У.О Э.Ө хоёр хоорондоо ярьж сууж байгаад зөрчилдөөд Э.Ө нь миний уурлаад байгаа энэ зан нь миний буруу би нэг аяга цай ууя гээд цай ууж байхад нь Э.Өын нуруу руу гурван удаа цохиж авсан. Тэгсэн Э.Ө уурлаад би нэг аяга цай уугаадахъя гэсэн. Тэгсэн аягатай цай нь цалгиад гарыг нь түлж улайтгаад хоорондоо маргалдаж байгаад У.О руу аяга шидсэн. Тэгээд одоо хэдүүлээ түргэн дуудах уу гэхэд бид хэдийн утасны цэнэг дууссан утастай хүн байгаагүй. Тэгээд У.О миний буруу би уурыг чинь хүргээд ийм асуудалд орно гэж бодсонгүй гээд эвлэрээд цааш нь ярьж хөөрөөд гар барьцгаасан. Тэгээд бид хэд У.Оын гэрийнх нь гадаа очсон нөхөр нь гарч ирээд нөхөр нь нээх юм яриагүй гэр рүүгээ ороод явсан.../хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: ”...Би 2018.05.09-ний өдөр Цагаан хаданд ажиллаж байгаад Бадамцэцэгийнд 3-4 хоносон. Тухайн үед бид хоёр Э.Өай хамт байсан. 2018.05.13-ны өдөр Э.Ө У.О руу утсаар залгаад орой 19 цагийн үед У.О 1 шил архитай ирсэн. ...Э.Ө, У.О хоёр хоорондоо маргалдаад байсан. Э.Өыг хоол идэж байхад У.О араас нь цохиод байгаа харагдсан. Тэгсэн Э.Ө идэж байсан аягатай хоолоо У.О руу шидсэн. Тэгсэн У.Оын дух хэсгээс цус гарсан. Тэгээд бид нар цусыг нь угааж цэвэрлээд У.О өөрөө машинаа унаад гэр рүүгээ явсан. Э.Ө У.Оыг зүгээр бай гэж зөндөө хэлсэн. Тэгээд Э.Ө аягатай хоолоо шидсэн” /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Э.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Өмнөговь аймаг Даланзадгад суманд 2018 оны 05 дугаар сарын эхээр Бадамцэцэг гэх найзын гэрт ирсэн. Тэгээд 7 орчим хоног болоод 05 дугаар сарын 11-ний орой хоол идээд сууж байхад гаднаас У.О орж ирсэн. Тэгэхдээ нэг шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авч ирсэн. Тэгээд нөгөө архийг задлаад бид гурав уугаад сууж байгаад хамт дэлгүүр гарч 0,75 литрийн Соёрхол нэг шил, 1 хроп Сэнгүр нэртэй лаазтай пиво авсан. Тэгээд Бадамцэцэгийн гэр рүү оруулж үлдээгээд пивоноос 10 лаазыг У.О цүнхэндээ хийгээд Цэнгүүн гэх караокед очиж нэг цаг аваад дуулсан. Тэнд байж байхад Мөнгөншижир гэх Бадамцэцэгийн найз ирсэн. Тэгээд бид дөрөв тэндээс 00 цаг болгоод гараад Бадамцэцэгийн гэрт 4 үүлээ очоод үлдээсэн архи болон пиво уусан. Тэгж байхад Бадамцэцэг хоол хийж байсан. Би архи ууж байгаад Бадамцэцэг цай аяглаж өгөхөөр нь уугаад сууж байхад хойноос У.О намайг түлхээд чи хүнтэй яриад мөнгө аваад юм аваад өгчих гээд архи нэхээд байх шиг байсан. Тэгэхэд Бадамцэцэг наад хүн чинь маргааш аваад өгчих байлгүй гэж хэлсэн. Би тухайн үед мөнгөгүй байсан болохоор тэд нарт архи авч өгөөгүй юм. Тэгэхэд У.О миний хойноос 4-өөс 5-н удаа юун сүртэй юм гээд түлхээд сүүлд нь нэг хүчтэй түлхэхэд би сууж байсан жижиг сандлаасаа ойчих шахаад гараараа шалан дээр тулсан. Тэгэхдээ цай барьж байсан гараараа тулсан болохоор халуун цай гаран дээр асгарсан. Тэгэхээр нь би У.О хандаж чи чинь ямар тэнэг новш вэ гэж хэлээд барьж байсан аягаа У.О руу шидсэн. Тухайн аяганд цай байгаагүй бүгд асгарсан байсан. Аяга шидэхэд У.Оын духны хэсэгт нь оноод тэндээс нь цус гарсан. Бадамцэцэгийн гэрт У.О байж байгаад удалгүй яваад өгсөн. Тухайн үед 2018 оны 05 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед болсон байх гэж бодож байна Цэнгүүн гэх газраас гараад 1 цаг орчим л болсон. Тухайн газар 00 цаг гээд хаасан. Би У.Оын биед халдсандаа их харамсаж байна миний буруу У.Оын хохирол мөнгийг яаж ийж байгаад барагдуулна” /хх-ийн 35-36-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.15-ны өдрийн №277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: У.Оын биед тархины доргилт, дух, баруун нүдний дээд зовхины зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.  Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч У.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ...гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлэг өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан гарсан зардлын нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхээр нь шүүхийн зүгээс хангасаар байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд хохирогч У.Оын нэхэмжилсэн 500.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

         Шүүгдэгч Э.Ө нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэв

Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Э.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өт 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Э.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Э.Өт холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн аяга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д  зааснаар шүүгдэгч Э.Ө нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.У.Оын нэхэмжилсэн 500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА