| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 2435000000231 |
| Дугаар | 2025/ДШМ/11 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.А |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/11
Г.Б, Г.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанд:
прокурор А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Г.М нарт холбогдох, 2435000000231 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М ургийн овогт Г-ын Б,
Монгол Улсын иргэн, М ургийн овогт Г-ын М
1. Шүүгдэгч Г.Б, Г.М нар 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хадлан хадах асуудлаас шалтгаалан бусадтай маргалдаж, насанд хүрээгүй хохирогч М.Ө-ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А шүүгдэгч Г.Б, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байна.
3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор:
- шүүгдэгч М ургийн овогт Г-ын Б, М ургийн овогт Г-ын М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.М нарыг тус бүр 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
- шүүгдэгч Г.Б, Г.М нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,
- шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.А давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: шүүгдэгч Г.Б, Г.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй байна.
Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх боловч, шүүгдэгч нарт шүүхээс ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солих тухай хуулийн үр дагаврыг тайлбарлаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/05 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт: шүүгдэгч Г.Б, Г.М нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг шүүгдэгчид тайлбарлаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
5. Прокурор А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Г.Б, Г.М нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцон дүгнэлт гаргаж байна. Эсэргүүцлийн үндэслэлийг илтгэгч шүүгч тодорхой тайлбарласан. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарт торгох ял оногдуулаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй тул прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж, эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Г.М нарт холбогдох, 2435000000231 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Г.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Шүүгдэгч Г.Б, Г.М нар 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хадлан хадаж байх үедээ бусадтай хадлан /өвс/ авах газар булаацалдан маргалдаж, улмаар насанд хүрээгүй хохирогч М.Ө-ыг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- насанд хүрээгүй хохирогч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 13 цагийн үед х нэртэй газраас эцэг Ш.М, дүү М.Н /14нас/ нарын хамт портер машинд өвс ачаад явж байхад манайхны хадаж авах гэж байсан, нуурын шагшиг өвс ихтэй хонхор газарт үл таних 4 эрэгтэй хүн цахилгаан хадуураар өвс хадаж байсан ба манай ээж Д.Т үл таних /Н.А/ эрэгтэй хүний цахилгаан хадуурыг бариад авчихсан зогсож байсан.
Аав, дүү бид 3 Н.А болон ээж хоёр дээр явж очиход, тэд биднээр өвс хадуулахгүй, өөрсдөө тэр газраас өвс хадаж авна гээд хоорондоо маргалдаж байсан ба Г.М гэх үл таних хүн миний ээжийн нуруу хэсэгт 2-3 удаа гараараа цохисон. Тухайн үед Г.Б гэх хүн гараа атгаж байгаад миний зүүн шанаа, дагз хэсэг рүү цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Г.М үсэрч ирээд гараараа миний зүүн нүд рүү цохьсон. Намайг газарт унахад дээрээс нэмж цохиж байсан болохоор хэн нь яаж цохисныг мэдэхгүй байна. Н.А, Д.Т нар ирж намайг тухайн хүмүүсээс салгасан ба би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Г.М, Г.Б, Г.М нар бид нартай маргалдаж байгаад мотоциклио жолоодоод явсан. Миний баруун дээд талын үүдэн 2 дугаар шүд хугарсан, 3 дугаар шүд эмтэрсэн, баруун шанаа өвдөж, толгойн зүүн дээд хуйх хавдаж, зүүн гарын шуу хэсэг өвчинтэй байна. Миний биед учирсан гэмтлийг Г.М, Г.Б нар учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар тал /,
- гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайхны хадаж авах гэж байсан шагшиг өвсийг Н.А, Г.М Г.Б, Г.М нар хадаж эхэлснээс болж, бидний хооронд маргаан үүсэж, хүү М.Ө-ыг Г.Б, Г.М нар цохьсон. Мөн Г.М нь миний нуруу хэсэгт 2 удаа цохиж, М.Н-ыг өшиглөж газар унагаагаад хөл дээр нь гишгэсэн. Бидний зүгээс Н.А, Г.М Г.Б, Г.М нарын биед халдаж цохьсон зүйл байхгүй. Миний 2 дал хэсэгт хөшиж өвдөж байгаа, уг хэсэгт Г.М цохьсон. М.Ө-ын зүүн хөмсөг язарсан, толгойн хуйх хавдсан, баруун дээд талын үүдэн 2 дугаар шүд хугарсан, 3 дугаар шүд эмтэрсэн ба уг гэмтлийг Г.Б учруулсан. М.Н-ын зүүн хөл нь уг хэрэг үйл явдал болохын өмнө өвдөж зовиурлаж байсан ба тухайн хөл дээр нь Г.Б гишгэж гэмтээсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53 –р тал/,
- гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Т нь надтай маргалдаж шагшиг өвс хадуулахгүй гээд цахилгаан хадуураас зуураад зогсож байхад надтай хамт өвс хадаж байсан Г.М: “бид нар шагшиг өвс хадуулахгүй гэж хэлсэн хүн бүрээс айж, хөөгдөж явах юм уу ” гэхэд Д.Т: “хуцалгүй миний хотгороос зайл” гэж хэлээд Г.М рүү очиж мөр хэсэгт нь гараараа нударч цохиж түлхэхэд Г.М нь Д.Т-ыг буцаагаад түлхсэн. Тухайн үед М.Ө: “та нар манай ээжийг яахаараа цохьдог юм, энэ та нарын газар юм уу” гэж хэлэхэд Г.Б түүнд хандаж “чи ямар энэ нуурын шагшигийг шээсээрээ усалж ургуулсан юм уу” гэхэд М.Ө “тэгсэн юм пизда минь” гэж хэлээд маргаан үүсэж, 2 бие рүүгээ дайрч, нэг нэгэнтэйгээ барьцалдаад М.Ө нь Г.Б-ийн зүүн мөр хэсгээс хазахад Г.Б нь М.Ө-ын хамар хэсэгт нь гараа атгаж байгаад цохьсон ба түүний хамраас цус гарсан. Тэгэхэд түүний хойноос М.Н нь Г.Б рүү чиглэн түүнийг цохих гээд очиход Г.М М.Н-ыг барьж авахад Д.Т нь Г.М-ийн араас очиж түүний толгойн ар дагз хэсэг рүү гараараа цохьсон. Г.М Д.Т-ын мөр хэсэгт 1 удаа цохиход хажуунаас нь М.Ө “миний ээжид гар хүрдэг хэн бэ, муу лалруудаа, та нарыг ална” гээд Г.М рүү ирэхэд Г.М тосож М.Ө-ыг барьж аваад “давраад байгаарай” гэж хэлээд түүний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиход М.Ө газар унасан. Г.М нэмж нүүр, толгой хэсэгт нь 1-2 цохиход нь би очиж “больцгоо” гээд салгаад М.Ө-ыг дагуулж автомашин дээр нь хүргэсэн. Тухайн үед Д.Т нь “та нарыг цагдаа дуудаж өгнө, муу шээснүүд” гэхэд нь би “та нарын гэрчилгээтэй газрын өвсийг бид хадаж буруу зүйл хийсэн юм бол газрын гэрчилгээгээ аваад ир, цагдаагаа дууд” гэж хэлээд буцаж очоод өвсөө хадаж байхад Г.М, Г.М, Г.Б нар мотоциклио жолоодоод явсан. М.Ө гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Г.Б М.Өын хамар хэсэгт 1 удаа цохьсон ба түүний хамраас цус гарсан, дахин түүнийг цохиогүй. Харин Г.М нь М.Ө-ын зүүн хөмсөг, шанаа хэсэгт цохиж газар унагаагаад, нэмж цохьсон. Тухайн үед М.Ө-ын шүд хугарсан байж магадгүй. М.Н-ыг цохьсон хүн байхгүй ба Г.М түүнийг Б-ийг цохих гээд ирэхэд нь барьж авсан. Г.Б-ийн зүүн мөрний доод хэсэгт М.Ө хазаж, арьсыг нь шалбалсан байсан. Өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй. Ш.М бид хоёр ямар нэгэн хүний биед халдаж цохиогүй ба бид хоёрын биед халдсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р тал/,
- гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Ө маргалдаж байгаад Б-тэй ирж барьцалдаж авахдаа түүний зүүн мөр хэсгийг хазсанаас болж Г.Б уурлаж, М.Ө-ын хамар руу цохьсон. Д.Т миний толгой руу 2 удаа цохиход би түүний мөр хэсэгт 1 удаа цохьсон. Г.М нь М.Ө-ын нүүр хэсэгт цохиж газар унагаагаад, дээрээс нь цохиж байсан ба яг хаана нь хэдэн удаа цохьсоныг би хараагүй. Уг үйл явдлын улмаас миний биед гэмтэл учраагүй. Би М.Н-ын биед халдаж цохьсон зүйл байхгүй. Харин би хэрүүл зодоон гаргахгүй гэсэн үүднээс түүнийг Г.Б рүү ирэхэд барьж аваад тэр өвстэй газраас хөөж гаргасан. М.Н анх машинаас бууж ирэхдээ хөлөө доголж явж байсан. бид согтууруулах ундаа хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р тал /,
- гэрч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр жил бүр манайх шагшиг өвс хадаж авдаг хонхор газарт үл таних 4 залуу цахилгаан хадуураар өвс хадаж байсан ба тэднийг өвч хадуулахгүй гэж эхнэр Д.Т очсон байсан. Би урд талын хонхороос 2 хүүгийн хамт шагшиг өвс ачиж ирээд зогсоход, М.Ө, М.Н нар машинаас бууж очоод өвс хадуулахгүй гэснээр үл ойлголцол үүсэж, маргалдсан. Би мориноос унаж хавиргаа гэмтээсэн байсан учраас дахин хөндөж магадгүй гээд тэднээс холдож, эв зүйгээр учраа олоорой гэж хэлсэн. Би машин дотор сууж байтал М.Ө-ын зүүн хөмсөгнөөс цус гарсан байдалтай ирээд “шүд хугарчихлаа” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй Г.М, Г.М, Г.Б нар мотоциклио жолоодоод явсан гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,
- насанд хүрээгүй гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би х нэртэй газраас аав Ш.М, ах М.Ө нарын хамт 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өвч ачиж байхад манайх хадаж авах гэж байсан шагшигтай хонхорт цахилгаан хадуурын чимээ гарсан. Тэнд очиход үл таних 4 хүн цахилгаан хадуураар хулс, шагшиг өвс хадаж байсан ба ээж Д.Т Н.А-ийн цахилгаан хадуурыг бариад авчихсан байхад нь бид гурав очсон. Манай ах М.Ө уг үл таних 4 хүнд хандаж, “энэ шагшиг өвс бүхий талбайг х нэртэй нөхөрлөл буюу манайх хадаж авах ёстой талбай болохоор та нар хадахаа больцгоо” гэхэд “та нарын талбай гэж юу байдаг юм, битгий хуцаад бай, та нараас айна гэж бодоо юу, хэдэн малдаа өвс авах гэж ирсэн юм” гэхээр нь би “та нар чаддаг юм бол манай эргэн тойронд байх айлуудын талбайг хадаж аваад дараа нь энэ талбайг ирээд хадаад ав” гэж хэлээд бидний хооронд маргаан үүсэн. Г.Б манай ах М.Ө-ыг заамдаж барьж, Г.М нь М.Ө-ыг өшиглөхөөр ахыгаа тэднээс салгах гээд тэднийг чиглэн алхаж байхад Г.М намайг заамдаж авахаар би түүнтэй ноцолдож түүнээс салаад эргээд харахад М.Ө-ыг Г.Б шагшиг дотор унагаагаад дарчихсан хажууд нь Г.М зогсож байсан ба М.Ө-ын зүүн хөмсөг, хамар хэсгээс цус гарч байсан. Би Г.Б рүү М.Ө-ыг босгооч гээд очиход Г.Б миний зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, Г.М миний бөөр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгээд М.Ө бид 2 хамт аавын машин руу очоод, гар утас аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Г.Б, Г.М, Г.М нар дээл хувцсаа өмсөхөөр нь М.Ө бид хоёр тэд нарт хандаж “цагдаад дуудлага өгсөн, та нарыг байж бай гэж хэллээ” гэхэд “тэд нараас хэн айх юм, тэр цагдаагаа дууд, бид нар буцаад ирнэ” гэж хэлээд мотоциклио жолоодож явахад ба Н.А гэх хүн ганцаараа үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р тал/
- хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 389 дугаартай: “Үзүүлэгч М.Ө-ын биед баруун дээд 2 дугаар шүдний цөгц 3/4 хэсгээр хугарал, баруун дээд 3 дугаар шүдний цөгцний сэтрэл, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн зулайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Баруун дээд 2 дугаар шүдний цөгц 3/4 хэсгээр хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин баруун дээд 3 дугаар шүдний цөгцний эмтрэл, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийн сарниулахгүй тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Баруун дээд 2 дугаар шүдний цөгц 3/4 хэсгээр хугарал гэмтлийг шүд булгарсан буюу унасан гэж үзэх тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг хүснэгтийн 6.42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-75) зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба хохирогч М.Ө-ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.
5. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Б, Г.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарласан, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу прокуророос шүүгдэгч нартай тохиролцсон ялын төрөл, хэмжээний талаарх саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6. Прокурор А.А-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан: “Шүүхийн шийтгэх тогтоолд: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино” гэсэн заалтыг тайлбарлаагүй, хуулийн үр дагаврыг ойлгуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэх үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ заалтыг тусгаж, өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг нэг бүрчлэн нэрлэн заасан ба Г.Б, Г.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн дээрх шаардлагыг хангасан, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлууд бүрэн тусгагдсан байна.
Шүүгдэгч Г.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхэд ойлгомжгүй, тодорхойгүй, эргэлзээ бүхий гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
6.2. Шүүхээс шүүгдэгч Г.Б, Г.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоогоогүй тул шийтгэх тогтоолд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тайлбарлах буюу тогтоох хэсэгт заавал тусгах шаардлагагүй байна.
Энэ тохиолдолд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн зохицуулалтыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдаагүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй болно.
6.3. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа хуульд заасан хугацаа /90 хоног/-д ялтан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд ямар ажиллагаа явуулах болон ахлах шийдвэр гүйцэтгэгчээс нэмж тогтоосон хугацаа /30 хоног/-д ялтан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солиулах тухай саналыг прокурорт гаргах зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдахыг дурдаж байна.
7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/ 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 4 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН