| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2026/0747/З |
| Дугаар | 128/ШШ2026/0869 |
| Огноо | 2026-10-02 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0869
2025 10 02 128/ШШ2026/0869
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Н.О*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг хариуцагчид даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “..Нэхэмжлэгч Н.О*******ийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хариуцагчийн зүгээс уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаарх дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Нэхэмжлэгч Н.О******* нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус албанд томилогдон ажиллаж, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Тус албанаас нэхэмжлэгчид олгох хуульд заасан нөхөн төлбөрийн шаардлагатай төсөв, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт удаа дараа санал, хүсэлт хүргүүлж, нөхөн төлбөрийн хэмжээг тооцон, санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээ авч ажилласан.
Тус албанаас нэхэмжлэгчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр гаргаагүй бөгөөд шаардлагатай төсөв, санхүүжилт шийдвэрлэгдээгүйтэй холбоотойгоор нөхөн төлбөр олгох боломж бүрдээгүй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон холбогдох нөхцөл байдлыг хянан үзээд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид хуульд заасан нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд хуульд харшлаагүй болно.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх нэхэмжлэгч Н.О*******ээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг бичгээр гаргаж, 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.
Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01-04/6731 дүгээр албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхийг олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О*******ээс гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалын 2 дахь заалтыг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА