| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0126/Э/ |
| Дугаар | 112 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 112
2018 оны 06 сарын 27 өдөр 2018/ШЦТ/112 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох 1828000000092 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 8-р баг Нанзадын 2-7 тоотод оршин суух иргэн Ж.Дын гэрээс түүний монетон ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 768.000 /долоон зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Быг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед би том өрөөний баруун өмнө талын буланд байдаг тольтой терложны шургуулганы буланд нь байсан талсттай монетон ээмэг
бөгж байхгүй болсныг мэдээд цагдаад хандсан. 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт Буянжаргал, Цэвэгмэд нар байсан. Би тэр өдрийн 14-15 цагийн үед усанд орох гээд явсан байсан. Тэр хооронд л бөгж ээмэг алдагдсан байх гэж бодож байгаа. 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би зүүж байсан ээмэг бөгжөө тольтой терложний доод талын шургуулганд хийсэн байсан. Намайг 6 дугаар сарын 11-ний өдөр усанд ороод ирээд орой 18 цагийн үед би гадаа амбаарт байхад Буянжаргал ирээд би явлаа гэж хэлэхээр нь би маргааш ирээд энэ хүний боолтыг хийлгэж өгөөрэй гэж хэлэхэд тэр за гэж хэлээд, цүнхээ аваад яваад өгсөн. Маргааш өглөө нь манай охин Амарзаяа цүнхэнд байсан үнэртэй ус байсныг нь харсан уу гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд гэнэт ээмэг бөгжөө санаад үзэхэд байхгүй болсон байсан. Миний алга болсон ээмэг бөгж хоёр нь талсттай, монетон, жижиг цайвар шигтгээтэй хос ээмэг бөгж байсан. Би энэ ээмэг бөгжийг 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод байдаг Зоос гоёл дэлгүүрээс манай охин 830.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. ...Буянжаргал Цэвэгмэд хоёр 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Цэвэгмэд нь цөсний хагалгаанд орсон. Цогтцэций сум руугаа явсан. Цэвэгмэд нь манай аавын талын холын хамаатан Г.Б би сайн танихгүй тэр ч манайхаар огт ирж байгаагүй. Би түүнтэй танилцаад манайхаар орж гарч байгаарай гэж хэлж байсан болохоос түүнийг байшингаас юм аваад ир гэж явуулсан зүйл огт байхгүй. Манай гэрээс алдагдсан миний ээмэг, бөгж дүрээрээ мөн байна. Манай гэрээс миний ээмэг бөгжнөөс өөр зүйл алдагдаагүй. Алдсан зүйлээ олоод авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-18-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Г.Б гэдэг эмэгтэй манай ломбард дээр ирээд зээл авах гэсэн юм гээд монетон ээмэг нэг хос, бөгж нэг ширхэг нийт 9,5 грамм үнэт эдлэлийг авчирсан. Тэгээд би түүнд 430.000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлдүүлсэн. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 13-нд цагдаагаас хүмүүс ирээд уг эд зүйлийг хулгайн эд зүйл гээд хурааж аваад явсан ингээд манай ломбардын зүгээс Г.Бд зээлдүүлсэн 430.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би уг эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй” /хх-ийн 20-р хуудас/,
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн үед өөрийнхөө үнэртэй усыг хайж байгаад ээжээс асуухад ээж мэдэхгүй гээд өөрийнхөө ээмэг бөгжийг үзээд байхгүй болсныг мэдээд цагдаад хандсан. Манай ээж ээмэг бөгжөө том өрөөний баруун өмнө талын буланд байдаг тольтой терложний шургуулгад хийчихдэг тэндээ л байдаг. Би энэ ээмэг бөгжийг нь 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хот Зоос гоёлоос 830.000 төгрөгөөр худалдаж аваад ээждээ өгсөн байсан. Би энэ хүнийг огт танихгүй харж байгаагүй. Буянжаргал манай хамаатны Цэвэгмэд билүү Цэгмэд билүү тэр хүнийг хагалгаанд орох гэж аймгийн төвд ирсэн байхад нь сахиур хэрэгтэй болохоор нь Цогтцэцийгээс Г.Б дуудсан юм билээ” /хх-ийн 29-р хуудас/,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө Ж.Дын гэрт өөрийн төрсөн аавын ах Цэвэгмэдийн хамтаар очсон. Манай ах эмнэлэгт хэвтэж цөсний хагалгаанд ороод, эмнэлгээс гараад тэднийд очсон байсан. Гэрт нь очиход Ж.Д эгч ач хүүгийн хамт байсан. Тэнд байж байгаад Долгор эгч усанд орох гээд явсан байшинд ах бид нар үлдсэн. Ганаа гэдэг хүн нь байж байгаад Долгор эгчийг явахаас өмнө яваад, буцаж ирээд машиныхаа дугуйг данхраадаад дүүгээ аваад яваад өгсөн. Байшинд ах бид хоёр үлдсэн, Долгор эгч халуун усанд орчихоод ирээд гадаа пиндээ байж байгаад толины доод талын шүүгээнээс үсний хавчаар аваад ир гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би байшинд том өрөөний баруун өмнө талын буланд байсан том тольтой доор нь шүүгээтэй зүйл байхаар нь шүүгээг татаад үзэхэд хавчаар, монетон ээмэг бөгж байхаар нь хавчаарыг нь аваад ээмэг бөгжийг бас аваад Долгор эгчид хавчаарыг нь өгчихөөд ахыг үлдээгээд би удаагүй тэндээс явсан. Тэр өдрөө Татварын хэлтсийн хойд талын Хаш ломбард руу очоод нөгөө авсан ээмэг бөгжийг 430.000 төгрөгийн барьцаанд тавиад, хүнд 200.000 төгрөг өгөх өртэй байснаа өгөөд үлдсэн мөнгийг нь үрээгүй одоо байгаа. Монетон дээд талдаа жаахан шигтгээтэй нэг хос ээмэг, нэг бөгжийг авсан. Намайг ээмэг бөгж авч байхад надаас өөр хүн байгаагүй манай ах Цэвэгмэд байшингаас гараад явсан байсан тэр хооронд нь би авсан. Манай ах энэ талаар мэдээгүй. Би мөнгө болгох гэж авсан би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна. Би буруугаа ойлгож байна” /хх-ийн 38-39-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-нд 2018.06.14 №ӨМА218 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Монетон ээмэг 448.000 төгрөг, монетон бөгж 320.000 төгрөг нийт 768.000 төгрөг гэжээ. /хх-ийн 31-33-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,
Шүүгдэгч Г.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум 8-р баг Нанзадын 2-7 тоотод оршин суух иргэн Ж.Дын гэрээс түүний монетон ээмэг 1 хос, бөгж 1 ширхэг зэргийг хулгайлан авч, 768.000 /долоон зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай тогтоогдож байна.
Хохирогч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад “Алдсан зүйлээ олоод авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Г.Быг хохирогч Ж.Дт төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Б.О нь хохирол төлбөр төлөгдөөгүй 430.000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаарх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Г.Баас 430.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Од олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь 8 сартай жирэмсэн гэх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, прокурорын мэргэжилтэн оролцуулах хүсэлтийг шүүхийн зүгээс хангаж, мэргэжилтний тайлбар, тэмдэглэлээр тэрээр жирэмсэн болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр, шүүгдэгчийг тэнсэж шийдвэрлэх нь зохистой гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж хуульчилсан ба хуульд тэнсэх хугацааны доод хэмжээг тогтоогоогүй байх тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, шүүгдэгчийг шүүхээс тэнссэн 3 сарын хугацаанд иргэний нэхэмжлэгчид тгонд гэмт хэргийн хор уршиг болох 430.000 төгрөгийг төлж хохиролгүй болгохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА