Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0167

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Ө.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр  шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр  шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, 9.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад хэргийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 сарын 24-ний өдрийн Б.Д-ийг  ажлаас чөлөөлөх тухай Б/74 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Д-ийг  Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга /Гадаад харилцааны яам/-аас 41356033 /дөчин нэгэн сая гурван зуун тавин зургаан мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, ийнхүү олгохдоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Д-д  олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт олгосон нийт мөнгөн дүнг, холбогдох хуульд заасан бусад суутгалуудыг тус тус хасч тооцоо хийхийг хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А давж заалдах гомдолдоо: “…Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн шууд хэрэгжүүлэх эрх хэмжээг заасан байгаа тул нэхэмжлэгч Б.Д  нь Төрийн албаны зөвлөлд дахин өргөдөл гаргаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох арга хэмжээ аваагүй шалтгааны талаар тодруулаагүй, үйл баримтыг гаргуулаагүй зөвхөн хариуцагч талыг буруутгах өнцгөөс хандсан.

...Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47, 2016 оны Б/74 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, мөн ...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоол, ...2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар хэсгийн 3 дахь заалт гэх мэт хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэрүүдийг үндэслэснийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй. Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжүүлэх албан хаагчдынхаа талаар мэдээлэл ирүүлсэн боловч дээрх тогтоолд дурдсаны дагуу шилжилт хөдөлгөөнд холбогдох цалингийн сан, бусад зардлыг тус яаманд шилжүүлээгүй байдаг.

...Б.Д  нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан, мөн тус яамнаас төрийн албан хаагчийн нэмэлт баталгааны хүрээнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан зэрэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.

...Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 11 албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг удаа дараа шаардан гаргуулж авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шаардаж буй нотлох баримт нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох зорилготой бус харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотой байсан бөгөөд шүүх хэргийг нэхэмжлэгчийн талд шийдвэрлэх хандлагатай байсныг илтгэж байна.

...Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд тус яам Б.Д-ийг  албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж үзэхгүй. ...Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээр дурдсан тушаалыг тус яамны удирдлага шууд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй юм.

...Нэхэмжлэгч Б.Д  нь Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47, 2016 оны Б/74 дүгээр тушаал тус тус гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүхэд хууль ёсны эрх ашгийг хамгаалуулахаар хандаагүй, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47 дугаар тушаал гарсныг мэдсэн болон гардаж авснаас хойш 2 жил 9 сар, 2016 оны Б/74 дүгээр тушаал гарснаас хойш 1 жил 5 сарын хугацаанд хүлээсэн явдал нь тус шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрснийг илтгэнэ, ...шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандаагүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

...Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуульд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд гэснийг хүчингүй болсонд тооцож, Гадаад харилцааны сайд гэснийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэж өөрчилжээ. Дээрх өөрчлөлттэй холбогдуулан Улсын Их Хурлын 2014 оны 55 дугаар тогтоол болон Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолуудаар Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх зарим асуудлыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад хариуцуулсантай холбогдуулан тухайн асуудлыг хариуцсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан болон бусад зардлын хамт шилжүүлэн яамны бүтцийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд хариуцсан ажилд нь түр томилон ажиллуулах арга хэмжээ авахыг холбогдох Засгийн газрын гишүүн, сайдын үүрэг хариуцагч нарт даалгасан байна.

Улмаар Эдийн Засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр тушаалаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт ажиллаж байсан нэр бүхий 22 албан хаагчийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 2014 оны цалингийн сангийн үлдэгдлийн хамт Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Ийнхүү шилжүүлсний дараа Засгийн газрын бүрэлдэхүүний тухай 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хууль, тус хуулийг үндэслэн батлагдсан Улсын Их Хурлын 2014 оны 75 дугаар тогтоолоор “Гадаад хэргийн сайд” гэж нэршлийн хувьд өөрчлөгдсөн байх хэдий ч Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны бүтцэд “Эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-ыг шинээр нэмж батлан яамны орон тооны хязгаарыг 142 байхаар тогтоожээ.

Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гадаад хэргийн яамны нэгжийн орон тоог батлах тухай” Б/10 дугаар тушаалаар тус яамны нэгжийн орон тоог шинэчлэн тогтоож, Эдийн засгийн хамтын ажиллагааны газар 7 орон тоотойгоор, тус яамны нийт орон тоог 120 байхаар баталжээ.

Мөн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг дахин шинээр баталсан байх бөгөөд тус хуулийг үндэслэн батлагдсан Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор Гадаад харилцааны яамны бүтцэд “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар” хэвээр хадгалагдан үлдсэн байх төдийгүй Гадаад харилцааны яамны орон тооны дээд хязгаарыг мөн 142 байхаар тогтоож өгсөн байна.

Дээрхээс үзвэл, Эдийн засгийн хөгжлийн яаманд хамаарч байсан Эдийн засгийн хамтын ажиллагааны газар нь Гадаад харилцааны яаманд шилжиж, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар болсон, Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны сайдад “Эдийн засгийн хөгжлийн яамнаас шилжсэн албан хаагчдыг холбогдох албан тушаалд авч ажиллуулахыг” үүрэг болгосон, Засгийн газраас Гадаад харилцааны яамны орон тооны дээд хязгаарыг 142 орон тоотойгоор тогтоосноор тус яам 142 албан тушаалтныг ажиллуулах боломжтой байхад 120 хүний орон тоотой ажиллаж байсан болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тэрчлэн хариуцагч Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар Засгийн газрын тогтоолоор шилжиж ирсэн нэхэмжлэгч Б.Д-ийг  ажилд шилжүүлэн томилоогүй Засгийн газрын 349 дүгээр тогтоолыг биелүүлээгүй хэрнээ ажлаас чөлөөлөхөөр, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д  нь дээрх тушаалуудыг эс зөвшөөрч, “Эдийн засгийн хөгжлийн яаманд миний хариуцаж байсан ОХУ, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэг Гадаад харилцааны яамны Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэгт хэвээр хадгалагдаж үлдсэн учраас намайг тус албан тушаалд томилох ёстой байтал ажилд томилохгүй эс үйлдэхүй гаргаж байгаа Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг тогтоолгох, албан тушаалд томилуулахыг хүсч байна” гэж, хариуцагчаас “Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд тус яам Б.Д-ийг  албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна, импортын бодлого, евразийн эдийн засгийн комиссын асуудал нь ОХУ, ТУХН-ийн орнуудтай хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаас өөр юм. Евразийн эдийн засгийн комисс нь олон талт олон улсын холбоо бөгөөд импортын бодлого нь зөвхөн Б.Д-ийн нэхэмжлэлд дурдсан ОХУ, ТУХН-ийн орнуудаас орж ирэх импортын бус, Монгол Улсын импортын бодлогын асуудал болно” гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн тогтвортой байх”, 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж зааснаар хариуцагч Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, тэтгэлэг олгосон гэх маргаан бүхий тушаалууд нь үндэслэлгүй болохыг тогтоож, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх зөрчигдсөн болохыг дүгнэж, түүнийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Тодруулбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэх үндэслэлээр Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Д-ийг  ажлаас чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч Б.Д-ийн ажлын байр Гадаад хэргийн яаманд шилжсэн байхад тус яаманд түүнийг ажилд томилоогүй хэрнээ түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны бүтцэд “Эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-ыг шинээр нэмж батлан яамны орон тооны хязгаарыг 142 байхаар тогтоосон байхад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гадаад хэргийн яамны нэгжийн орон тоог батлах тухай” Б/10 дугаар тушаалаар тус яамны орон тоог 120 байхаар баталж, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, татан буугдсан, орон тоо хасагдсан гэж үзэн нэхэмжлэгч Б.Д-ийг  ажилд томилохгүй эс үйлдэхүй гаргасан нь үндэслэлгүй, энэ талаар “нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй гэсэн атлаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан нь бодит байдалтай /тайлбартай/ нийцэхгүй, ...289 дүгээр тушаалын хавсралтаар тус яамны мэдэлд шилжүүлэх 13 албан хаагчдын жагсаалтаас 6 албан хаагчийг мэргэжил, мэргэшил, чиг үүрэг, онцлогийг харгалзан, тус яам өөрийн батлагдсан бүтцийн орон тооны дээд хязгаарт багтаан ажилд авсан боловч төрийн жинхэнэ албан хаагчдын хөдөлмөрийн харилцааг хэвийн үргэлжлүүлж ажилд томилох талаар шийдвэр гаргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасан зохицуулалтын дагуу үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулалт явуулах, сургалтад хамруулах, тэтгэлэг олгох, төрийн албанаас чөлөөлөх зэргээр албан хаагч нэг бүрийн хөдөлмөрийн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгох байтал ямар үндэслэлээр 6 албан хаагчийг үлдээсэн нь тодорхой бус, захиргааны байгууллага нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хууль бус байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах” гэж зааснаар нэхэмжлэгчийн томилуулахыг хүсч буй Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, Евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газрын ОХУ, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзвэл албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалд тавигдах шаардлага, хүчин зүйлс ижил байна. Харин ажлын байрны хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны зорилгын хувьд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ОХУ, ТУХН-ийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудал нь Импортын бодлого, Евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод хоёр дахь зорилт болж тусгагдсан, тус ажлын байрны тодорхойлолтын 3, 4 дүгээр үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх гол үйл ажиллагааг мөн нэхэмжлэгчийн хэрэгжүүлж байсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байх тул анхан шатны шүүхийн “Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байгааг үл анхаарч, зөвхөн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн байхад хуулийг буруу тайлбарлан төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон хасагдсан гэсэнтэй адилтган нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлсөн нь буруу” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд,

1. “Нэхэмжлэгч Б.Д  нь Төрийн албаны зөвлөлд дахин өргөдөл гаргаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох арга хэмжээ аваагүй шалтгааны талаар анхан шатны шүүх тодруулаагүй, үйл баримтыг тогтоогоогүй” гэх гомдлын тухайд,

Нэхэмжлэгч Б.Д  нь маргаан бүхий Б/74 дүгээр тушаалыг эс зөвшөөрч, Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргаснаар Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 665 дугаар албан бичгээр хариуцагч Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад нэхэмжлэгч Б.Д-ийг  ажлаар хангахыг үүрэг болгосон байх хэдий ч дээрх тушаалыг хүчингүй болгоогүй байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний бүрэн эрхийн асуудал юм.

Нэхэмжлэгчийн хувьд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны зөвлөлд нэгэнт хандсан, үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс холбогдох хариуг ирүүлсэн байх тул анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгосон эсэхийг тогтоох шаардлагагүй, энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

2. “Маргаан бүхий тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, мөн ...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоол, ...2014 оны 147 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж гарсан байхад шүүх анхаарч үзээгүй, Гадаад харилцааны яам болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй бөгөөд тус яам Б.Д-ийг  албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргасан гэж үзэхгүй. Б.Д  нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан ...Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг тус яамны удирдлага шууд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй” гэх гомдлын тухайд,

Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 349 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх зарим асуудлыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад хариуцуулсантай холбогдуулан тухайн асуудлыг хариуцсан нэгж, албан хаагчдыг цалингийн сан болон бусад зардлын хамт шилжүүлэн яамны бүтцийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд хариуцсан ажилд нь түр томилон ажиллуулах арга хэмжээ авахыг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад үүрэг болгосон байна. Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт ажиллаж байсан нэр бүхий 22 албан хаагчийг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд шилжүүлж, тэдгээр албан тушаалтнуудыг тухайн яаманд үргэлжлүүлэн ажиллах нөхцлөөр хангасан буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан төрийн байгууллага татан буугдаж, албан тушаалын орон тоо хасагдаагүй гэж үзэхээр байна.  

Хэдийгээр Эдийн Засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 289 дүгээр тушаалаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт ажиллаж байсан нэр бүхий 22 албан хаагчийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, 2014 оны цалингийн сангийн үлдэгдлийн хамт Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолоос цаг хугацааны хувьд өмнө гарсан байх боловч эдгээр албан тушаалтнуудыг шилжүүлсэн үйл баримт нь Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тушаалтай нийцжээ.

Нөгөөтэйгүүр Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 7-д “Монгол Улсын яам Төрийн нарийн бичгийн даргатай байна. Төрийн нарийн бичгийн дарга нь яамны аппаратын гүйцэтгэх ажлыг зохион байгуулан удирдаж, сайд үйл ажиллагаагаа шуурхай явуулахад шууд туслах үндсэн чиг үүрэгтэй. Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ”, 30 дугаар зүйлийн 8-д “Хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын тогтоолыг биелүүлэх нь Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг юм.

Гэтэл Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны орон тооны дээд хязгаарыг 142 байхаар тогтоосон байхад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гадаад хэргийн яамны нэгжийн орон тоог батлах тухай” Б/10 дугаар тушаалаар тус яамны нэгжийн орон тоог шинэчлэн тогтоож, Эдийн засгийн хамтын ажиллагааны газар 7 орон тоотойгоор, тус яамны нийт орон тоог 120 байхаар баталсан байх бөгөөд Засгийн газрын тогтоолоор шилжүүлсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн бодлогын газарт ажиллаж байсан нэр бүхий албан хаагчдыг ажлын байраар хангах боломжтой байхад ажилд томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, Засгийн газрын 2014 оны 349 дүгээр тогтоолыг зөрчжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эдийн засгийн хөгжлийн яамнаас цалингийн сан шилжиж ирээгүй гэж маргах хэдий ч захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй төдийгүй энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчих үндэслэл болохгүй.

Дээрх Засгийн газрын тогтоолуудаар нэхэмжлэгч Б.Д-ийг  ажлаас чөлөөлөөгүй харин түүний ажлын байрыг шилжүүлсэн байх тул хөдөлмөрийн харилцаа нь шууд дуусгавар болсон гэж үзэх боломжгүй бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар түүнд 6 сарын тэтгэмж олгосон тушаалд ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй байх тул ажлын байраар хангуулах эрхээсээ татгалзсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

3. “Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 11 албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг удаа дараа шаардан гаргуулж авсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шаардаж буй нотлох баримт нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох зорилготой бус харин нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотой байсан” гэх гомдлын тухайд:

Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан шүүхийн үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

4. Нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх гомдлын тухайд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2017/0703 дугаар тогтоолоор энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн эсэх талаар дүгнэх шаардлагагүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН