Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс: 114/2016/0076/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Хангамжийн ******* тоотод оршин суух, *******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

            Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74,Б/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Р.*******ыг хуучин эрхэлж байсан Аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хүссэн” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Р.*******

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг  нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:- Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74 дүгээр захирамжаар миний ээлжийн амралтын хугацаанд өөрчлөлт оруулсныг, Б/75 дугаар захирамжаар Р.******* миний биеийг үндэслэлгүйгээр ажлаас халсан захирамжуудыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг захирамжуудыг хүчингүй болгуулан Р.******* миний бие хуучин эрхэлж байсан “ Аймгийн Засаг даргын орлогч” –ийн ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орлогч Р.*******т ээлжийн амралтыг олгосон байсан захирамжид өөрчлөлт оруулан улмаар мөн өдрөө Б/75 дугаар захирамжаараа намайг үүрэгт ажлаас маань чөлөөлж Б/76, Б/77 дугаар захиармжуудаараа А.*******, Т.******* нарыг Аймгийн Засаг даргын орологчоор томилсон. Миний бие аймгийн Засаг даргын 2016 оны А/263 дугаар захирамжийн дагуу ээлжийн амралтаа биеэр эдлэн хөдөө Булган аймгийн Уньт багт амраад буцаж байхад захирамжид өөрчлөлт оруулсныг мэдсэн. Тэгээд ирээд 8 дугаар сарын 4 билүү 5-нд Төрийн удирдлагын хэлтсийн дарга *******аас захирамжийг авсан. Урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие өмнө нь Дархан-Ус суваг ХК-д гүйцэтгэх захирлаар 2016 оны 04 дүгээр сарын 08 хүртэл ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын орлогчоор шилжин ажилласан. Дархан-Ус суваг ХК-аас гарахдаа амралтыг тооцуулж бодуулсан боловч ээлжийн амралтаа биеэр эдлээгүй байсан. Иймд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* нь Захиргааны Ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хуулиудыг илт ноцтой зөрчиж Р.******* надыг ажлаас үндэслэлгүй халсан учир Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74, Б/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгож Р.*******ыг хуучин эрхэлж байсан Аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр захирамжаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Агвааны Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж Сундуйжавын *******ыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилсон. Намайг ажлаа хүлээн авсны дараа Засаг  даргын орлогч Р.******* нь надтай уулзаж ээлжийн амралттай байгаагаа албан ёсоор мэдэгдээгүй ба Р.*******ыг аймгийн Засаг даргын орлогчоос чөлөөлөх үед Р.*******т 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 2016 оны 08 дугаар сарын 17 хүртэлх хугацаанд ээлжийн амралт олгосон 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаар захирамж гарсаныг  олж мэдсэн болно. Засаг даргын А/263 дугаар захирамжийг судлан үзэхэд Р.******* нь аймгийн Засаг даргын орлогчоор 2016 оны 04 дүгээр сарын 07-н.ы өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажлын 73 өдөр ажилласан байхад Р.Эрдэнэнбаярт 21 хоногийн ээлжийн амралт олгосон нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 5.4.3 дахь заалтыг

зөрчсөн байсан. Аймгийн Засаг дарга шинээр томилогдсон тул орлогчийн  асуудал яригдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт зааснаар  А/263 дугаар захирамжийн илэрхий алдааг засварлан Р.*******ын ажилласан хугацаанд нь тохирсон 9 хоногийн ээлжийн амралтыг олгосон Засаг даргын Б/74 дүгээр захирамжийг гаргасан болно. Захирамжид өөрчлөлт орсныг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Р.*******т өөрт нь мэдэгдэхээр 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гар утас руу нь аймгийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Нарангэрэл залгасан боловч Р.*******ын утас нь холбогдохгүй байсан тул мессэж бичиж мэдэгдсэн тухайгаа тэмдэглэл хөтөлсөн болно.

Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.******* нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.3, 14.2.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.14, 58.2.17 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Аймаг, нийслэл, сум дүүргийн Хурлын болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 6 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэсэн заалтууд нь аймгийн Засаг дарга буюу төсвийн ерөнхийлөн захирагчид хуулиар олгогдсон эрхийг ашиглан захирамж гарган аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Энхболдыг ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад аймгийн Засаг даргын нөөц сангаас 8.101.374 төгрөгийн тэтгэмжийг олгосон ноцтой зөрчил гаргасан тул Р.*******ыг Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөх асуудал яригдсан болно.

Аймгийн Засаг даргын орлогч даргын тушаал нь улс төрийн албан тушаал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт “аймагт, нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн хурлын Тэргүүлэгчтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдтэй зөвшилцөн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.******* нь дээрх ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн болно. Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын тушаал заавар, журам батлах тухай /Ээлжийн амралт олгох/ 2000 оны 166 дугаар тогтоолын 7-д Ажил олгогч нь ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны дараа хэдийд ээлжийн амралт олгох, хоёр амралтын хоорондох хугацаа болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд олгох нэмэгдэл амралтын хугацааг хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Дотоод журмын 5.4.3-т “...Ээлжийн амралтын хоорондох хугацаа 6 сараас доошгүй байна” гэж заасан бөгөөд үүнийг зөрчсөн байсан.

Мөн Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайдын тушаал заавар, журам батлах тухай /Ээлжийн амралт олгох/ 2000 оны 166 дугаар тогтоолд “Нэг аж ахуйн нэгж, байгууллагаас нөгөөд шилжин ажиллах ажилтан урьд ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогчтой ээлжийн амралтын тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч амралтын тооцоог үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралтыг олгож болно” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Р.******* нь Дархан-Ус суваг ХК-ний гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөхдөө ээлжийн амралтын тооцоогоо заавал хийсэн байх  ёстой байсан бөгөөд сая хурал дээр ээлжийн амралтын тооцоогоо бодуулж авсан гэж тайлбарлаж байна. Иймд Р.*******ын ээлжийн амралтыг зөвтгөж тооцсон Засаг даргын захирамжийг буруутгах үндэсгүй бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 01-нд Р.*******ын ээлжийн амралтын хугацаа нь дууссан байсан.

 Иймд Р.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд А.*******, Т.******* нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- Р.*******ын нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал нь “Бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч” байна гэж заасан байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлөх” гэж заасныг дагуу 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчтэй зөвшилцөн аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Р.*******ыг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/75 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлж, аймгийн  Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/77 дугаар захирамжаар А.******* намайг аймгийн  нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн асуудал хөтөлбөрийн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч даргын албан тушаалд, Т.******* намайг аймгийн үйлдвэрлэл, дэд бүтэц, хот төлөвлөлт, хууль эрх зүйн асуудал хариуцсан аймгийн Засаг даргын орлогч даргын албан тушаалд томилсон болно.

Иймд Р.*******ыг аймгийн Засаг даргын орлогч даргаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны Б/75 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул Р.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Үүнд: 1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74, Б/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Р.*******ыг хуучин эрхэлж байсан Аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хүссэн” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Р.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/28 дугаар  захирамжаар аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/263 дугаар захирамжаар Р.*******т 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нь ээлжийн амралтыг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эдэлсэн болох нь дээрх захирамж болон цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

            Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 дүгээр захирамжаар 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон А.Энхболдыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, С.*******ыг Дархан-Уул аймгийн Засаг даргаар томилжээ. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.******* нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж зааснаар Засаг дарга нь өөрийн орлогчийг чөлөөлөх, томилохдоо “ ...тухайн иргэдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх” гэсэн хуульд заасан журмыг хангаж 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн Засаг даргын орлогчийн асуудлыг хэлэлцүүлж, Р.*******ыг ажлаас чөлөөлж, энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй А.*******, Т.******* нарыг Засаг даргын орлогчоор томилох асуудлыг зөвшилцөж, Засаг даргын орлогч Р.*******т ажиллаж байсан хугацааны амралтыг тооцож, А/263 дугаар захирамжид өөрчлөлт оруулан 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74 дүгээр, ажлаас чөлөөлсөн Б/7

5 дугаар захирамжуудыг гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна”, 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаар аймгийн Засаг даргын орлогч нь улсын төрийн албан тушаалтан болохыг хуулиар тогтоосон байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “ Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж зааснаар аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөх, томилох харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж  нарийвчлан зохицуулсан байна.

            Иймд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга дээрх журмыг баримтлан  Засаг даргын орлогч Р.*******ын ээлжийн амралтанд өөрчлөлт оруулан ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчөөгүй, Засаг дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Р.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

              Хавтаст хэрэгт авагдсан нотлох  баримтаар нэхэмжлэгч Р.*******т “Дархан-Ус суваг” ХК-аас халагдахад 15 өдрийн ээлжийн амралтын цалин 737535 төгрөг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 21 хоногийн ээлжийн амралтын цалин 958314 төгрөгийг олгосон болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.1.12, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан Р.*******аас Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг дарга С.*******ын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/74,Б/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Р.*******ыг хуучин эрхэлж байсан Аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхийг хүссэн” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА