| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/03920/И |
| Дугаар | 191/ШШ2025/08947 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/08947
2025 10 21 191/ШШ2025/08947
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********* тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******** тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Зээлийн төлбөрт 19,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Ц.******* /цахимаар/,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ц.******* миний бие О.*******ад 30,000,000 төгрөгийг өөрийн ******* банкны тоот данснаас банкны тоот дансанд шилжүүлж аман хэлцэл хийн зээлсэн. Түүнээс хойш 11,000,000 төгрөгийг буцаан авсан бөгөөд 5,000,000 төгрөгийг хариуцагчийн ээж нь өгөөд, 6,000,000 төгрөгөөр цувуулан хувааж төлсөн. 2019 оноос хойш мөнгө төлөөгүй учир байнга нэхэж шаардаж байсан бөгөөд 2021 оноос холбоо тогтоож чадаагүй, аав, ээж, эхнэртэй нь холбогдоход хариуцагчийг хөдөө явсан гэж хэлдэг байсан ч, сүүлдээ уулзаагүй удаж байна, хаана байгаа талаар мэдэхгүй байна гэсэн хариу өгч байсан. 2022 оноос эхэлж шүүхэд хандсан, шүүх цагдаагийн байгууллагаар удаа дараа эрэн сурвалжлуулж, шүүхэд нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийг гардуулахыг оролдсон боловч эрэн сурвалжилж олсон хаяг дээрээ байхгүй, мөн ар гэрийнхэн нь хаана байгааг нуун далдалж холбогдох боломжгүй болсон. Тухайн үед О.*******ад залилуулсан олон хүмүүс байдаг байсан, тэдгээр хүмүүс нийлж хайгаад ч хариуцагч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Хэд хэдэн иргэн, хуулийн этгээд Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд эрэн сурвалжлуулж 2024 оны 04 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, прокурорын зөвшөөрлөөр саатуулан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс мэдэгдсэн. Хариуцагч нь төлбөр мөнгө төлөх талаар ямар нэгэн үйлдэл гаргаагүй, эцэг эх, ар гэрийнхэн нь хариуцагчийг нуун далдалж мөнгө зээлүүлсэн нь чиний буруу гэх мэтээр үл ойшоож гэрээ хэлцэл хийж тохиролцох санаа бодолгүй байгаа билээ. О.*******ийг надтай ярилцаад график гаргаж хугацаа тохироод шийдэлд хүрэх байх гэж бодож байсан боловч уулзаад ямар нэгэн яриа, хэлцэл хийлгүй шууд явчихсан бөгөөд надтай эргэж холбогдоогүй. Иймд хариуцагч О.*******аас миний зээлсэн мөнгөний үлдэгдэл 19,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл хх-1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023.06.23-ны өдрийн хаяг тогтоосон тухай албан бичиг /хх-4/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024.05.29-ний өдрийн хаяг тогтоосон тухай албан бичиг /хх-5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.07-ны өдрийн 101/ШШ2023/01168 дугаартай шийдвэр /хх-6-7/, ******* банкны дугаартай дансны хуулга /хх-8-10/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15327 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх-16-17/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт авагдсан, зохигчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.*******ад холбогдуулан зээлийн төлбөрт үлдэгдэл 19,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч О.******* 2025 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, шүүхээс хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
5. Хариуцагч нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг зээлсэн талаар маргаагүй, тухайн үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй бөгөөд зохигчийн хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх талаар тохиролцсон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч О.******* нар зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч мөнгө зээлдүүлж, хариуцагч мөнгө эргэн төлж байсан байдал нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулагдсанд тооцогдоно.
6. Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Ц.*******ээс 30,000,000 төгрөгийг зээлсэн болон 11,000,000 төгрөгийг буцаан өгсөн талаар маргаагүй, тухайн үйл баримтыг нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийг бэлэн мөнгөөр болон дансаар шилжүүлдэг байсан, мөн мөнгө гуйвуулдаг газраар мөнгө гуйвуулж байсан, нэхэмжилж буй мөнгөн дүн нь их байгаа тул холбогдох нотлох баримтыг бүрдүүлэхэд 2 долоо хоног шаардлагатай байна гэх тайлбар гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 14 хоногоор хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагч нь нотлох баримт ирүүлээгүй, уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
7. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 12 сарын 06, 08, 10, 12, 13, 16-ны өдөр тус тус 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг шилжүүлж, 2019 оныг хүртэл нийт 11,000,000 төгрөгийг буцаан авсан, хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрийг байнга шаардаж байсан боловч 2021 оноос оршин суугаа хаяг мэдэгдэхгүй, хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болсон, холбогдох шүүх, цагдаагийн байгууллагад нэхэмжлэл, хүсэлт гаргаж байсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, шүүхийн шийдвэрээр удаа дараа эрэн сурвалжлуулах ажиллагааг хийлгэсний дүнд хаягийг тодруулж шүүхэд хандсан гэх тайлбарыг гаргажээ.
8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.
Нэхэмжлэгчийн 2013 оны 12 сард хариуцагчид мөнгө зээлдүүлж, 2019 оныг хүртэл хугацаанд 11,000,000 төгрөгийг буцаан авсан, 2021 оныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэн няцааж маргаагүй бөгөөд Ц.*******ээс хариуцагч О.*******ад холбогдуулан зээлийн төлбөрт 19,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/28483 дугаар захирамжаар нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01168 дугаар шийдвэрээр хариуцагч О.*******ийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-7/
Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс 2023 оны 06 сарын 23-ны өдөр хариуцагч О.*******ийн хаягийг тогтоож мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, 2023 оны 09 сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлах ажиллагаа цагдаагийн байгууллагаар хийлгэсэн боловч амжилтгүй болж шүүгчийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/15327 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар нэхэмжлэгч дахин эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр 2025 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх-ийн 16-17, 5/
Нэхэмжлэгч нь хариуцагчид 2013 оны 12 дугаар сард мөнгө зээлдүүлж, 2021 оныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул 2021 оноос нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байх ба нэхэмжлэгч нь 2021 оны хэдэн сарыг хүртэл шаардаж байсан талаар тодорхой тайлбар гаргаагүй тул 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2024 онд 01 сарын 01-ний өдөр дуусахаар байна.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ гэж заасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/28483 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн О.*******ийн хаягийг эрэн сурвалжлуулж тогтоон шүүхэд дахин нэхэмжлэл гаргасныг 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/15327 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасны дагуу тооцоход нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
9. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч О.*******аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 19,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******эд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
10. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
11. Хариуцагч 2025 оны 10 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон ба шүүх хуралдааны товыг 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 16 цаг 00 минутад товлон мэдэгдэж хариуцагч гарын үсэг зурсан боловч товлогдсон шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч О.*******аас зээлийн төлбөрт 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 252,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР