Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 113

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 27 өдөр                                                    2018/ШЦТ/113                                                Өмнөговь аймаг

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга П.Цэнднасан,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогч: Ц.О

Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох 1828000000086 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв

                       

Тодорхойлох нь:

 Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Хаан болор төвийн урд байрлах вьетнам авто засварын гадна иргэн Ц.Отай маргалдан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд вьетнам авто засварын гадна иргэн Ц.Отай маргалдан, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Гын шүүх хуралдаанд өгсөн: Энэ хүн хүрч ирээд ямар учиртай хүн юм бэ гээд асуухад би чиний гражийг авах гээд байгаа юм уу. Ажиллуулдаг ажилладаггүй чинь ямар хамаатай юм гэсэн. Зүгээр л ажил явдал гарсан учраас чулууны будаг авъя гээд л хэлчихсэн бол би өгөөд л явуулах байсан. Хүмүүс ирж надаас байнга будаг авдаг. Би үнэгүй өгөөд л явуулдаг. Зүгээр л тэгээд хэлчихсэн байсан бол ийм байдалд хүрэхгүй байх байсан.

Хохирогч Ц.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Граж дээр анх очихдоо юм асуугаад гаръя гэж хэлэхэд оруулахгүй байсан. Хуучин эзнийг нь би таньдаг байсан. Энэ хүнийг түрээсэлж байгааг мэдээгүй. Эхлээд мөргөж гарчихаад буцаад зөв талын урд талаас машин мөргөчихөөд явсан. Зөв талаас нь явж ирснийхээ дараа дахиад мөргөсөн. 3 удаа мөргөсөн шүү дээ. Нүүрэнд сорви үүссэн байгаа. Машин янзлаад хохиролгүй болгоно гэж хэлсэн. Нүүрний сорвио янзлуулмаар байна. Өөр гомдол санал алга. Миний машиныг энэ хүн зарах гэж байхад болиулчихсан. Энэ хүн намайг ямар ч хохиролгүй болгож өгнө гэсэн. Өөр эргэж буцах зүйл алга. Нэхээд байгаа зүйл алга. Машинаа зараад машины мөнгийг нь надад өгчих юм бол гомдолгүй. Зарах гээд тохирчихсон байсан. Ажил явдлын дараа ирээд машинаа авах гэхэд нь мөргөчихсөн байсан учраас зарж чадаагүй. Энэ хүн надад янзлаад зараад өгнө гэсэн юм. Тэгж тохирсон. Энэ хүн өөрөө мэдэж байгаа байх. Өөрөө машин ирж мөргөчихөөд одоо өөр байдлаар яриад байна шүү дээ. Уг нь ярилцсан зүйл байгаа. Анхнаасаа энэ хүн зараад мөнгийг нь өгнө гэж ярьсан.  Машиныхаа мөнгийг авмаар байна.

Хохирогч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Урьд нь би Б.Гой огт муудалцаж байгаагүй, бидний хооронд өр авлага, өс хонзон байхгүй. Миний машины жолоочийн эсрэг талын буюу зүүн урд талын кирлан цөмөрч хонхойсон, мурийсан байсан. Урд гэрлийн суурь тогтоогч нь хугарсан, урд куперийн нэмэлт гэрэл хагарсан байсан. Би өөрийн 3 хүүхэдтэйгээ хамт явж байсан...Гомдолтой байна. Машинаа би хүнд зарах гэж байсан юм тэр машиныг би Б.Г 5.000.000 \сая\ төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон тэр мөнгөө гаргуулж авмаар байна. Би шүүх хуралд оролцоно. Хэргийн материалтай танилцана” /хх-ийн 16-17-р хуудас/,

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед Б.Гоос машины талаар юм асуух гэж очсон. Тэгэхэд Б.Г гражийн гадаа нэг хүнтэй муудалцсан бололтой байх шиг байсан тэгэхэд би гадуур явж байгаад нэлээд архи уучихаад явж байсан болохоор тэнд ямар хүмүүс байсан юунаас болсон зэргийг нь мэдээгүй намайг очиход Б.Г нэг хүнтэй гражийнхаа гадаа зууралдахаар нь салгасан. Тэгээд би явсан түүнээс хойш юу болсныг нь мэдээгүй. Б.Гой уулзах гээд очиход гадаа хүнтэй муудалцаад нөгөө хүмүүс нь цагдаа дуудна гэж ярьж байхаар нь би явчихсан” /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 15 цаг өнгөрч байх үед би машинаа засуулах гээд Б.Гын ажиллуулдаг засварын газарт очсон. Тэгэхэд Б.Г нэг машинд будаг хийж байсан. Тэгээд би завтай болохыг нь хүлээгээд хамт байж байсан чинь танихгүй хэдэн хүн ирээд машинаа засуулж байгаа гээд үзээд байсан. Тэгж байхад Б.Г машинаа будаж дуусгачихаад гарчихаад ирье гээд гарах гэж байхад гаднаас нэг хүн ирээд тэр хоёр хаалган дээр юм ярилцаад зогсоод байсан. Тэгснээ нөгөө хүнтэйгээ муудалцаад байгаа бололтой заамдалцаад Б.Г тэр хүнийг цохихоор нь би очоод салгасан. Тэгсэн чинь нөгөө хүн нь Одбаяр гэдэг хүн байсан. Тэр хоёр нэгнийгээ хэл үгээр доромжлоод хэрэлдээд байсан. Тэгж байтал Одбаярын хүүхэд бололтой нэг залуу гражид орж ирээд бас Б.Гой хэрэлдээд байсан. Тэгээд тэр залуу Б.Г руу дайрахаар нь би салгасан. Тэгсэн чинь Б.Г гадагшаа гарч явсан. Тэгээд гадаа байсан машинаа асааж унаад ухарч зогсоод баруун тийш хөдөлсөн чинь өмнөө байсан Одбаярын машиныг зүүн урд тал руу нь мөргөсөн. Тэгээд ухраад цаашаа хөдлөөд явчихсан. Тэгээд би граж руу ороод машин дээрээ байж байтал Одбаяр гадаа байгаад байсан. Тэгсэн чинь Б.Г машинтайгаа ирж зогсчихоод бууж ирээд нэг шилтэй архи гаргаж задалж уусан. Тэгснээ Одбаяр руу уурлаад чи муу намайг дээрэлхлээ гээд Одбаяр луу чулуу шидсэнээ гүйж очоод Одбаярын нүүр лүү гараараа цохиод Одбаярыг цаашаа эргээд явсан чинь нуруу руу нь цохиод авахаар нь би очоод Б.Гыг салгаж аваад граж руу нь оруулсан. Б.Г намайг очиход бол архи уугаагүй л байх шиг байсан машинд будаг хийгээд завгүй байсан. Сүүлд нь Ц.Оай муудалцсаныхаа дараа дэлгүүр явж нэг шил архи барьж ирээд гадаа шилтэй архийг амаар нь шууд уугаад байсан. Б.Г гражийнхаа үүдэнд зогсчихоод Ц.Оай уулзаад байсан. Тэгснээ гэнэт муудалцаад эхэлсэн. Юунаас болсныг нь би мэдээгүй, сүүлд нь сонсоход Одбаяр дотогшоо орно гэхээр нь Б.Г оруулахгүй гэснээс болсон гэж Б.Г ярьж байсан. Б.Гоор машинаа засуулах гэж байгаа гэсэн 3 хүн байсан” /хх-ийн 22-23-р хуудас/,

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 16 цаг өнгөрч байх үед аав Одбаяр болон 2 дүүгийн хамт ажил явдалд хэрэглэх будаг хайгаад гадуур явсан. Тэгээд Хаан болор рестораны урд талд байдаг засварын газарт очсон. Тэгээд аав машинаас буугаад засварын газар луу орох гээд явсан. Тэгсэн чинь үүдэнд нь нэг хүн зогсчихоод чи хаанаас ирсэн хэн бэ би эзэн нь байна гэж байсан. Тэгж байгаад тэр хоёр дотогшоо орсон. Тэгээд тэр залуу манай аавыг цохихоор нь би очоод тэр хүнд та нар чинь ямар соёлгүй юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд манай аав нэг залуутай зууралдаж байсан. Тэгэхээр нь би салгасан чинь хажуугаас намайг хориод зогсоосон. Тэгээд аавтай муудалцаж байсан залуу миний хөлийн шилбэ рүү өшиглөсөн. Тэгээд манай аавтай тэр хүн ноцолдож зууралдаж байгаад архинд явлаа гээд гараад явсан. Тэгээд би гарч яваад машиндаа суусан чинь нөгөө хүн машинаа асаагаад манай машины зөв талын урдаас нь хоёр мөргөсөн. Тэгээд хажуугаар гараад явчихсан. Тэгээд бид нар буугаад машинаа хараад байж байтал нөгөө хүн эргэж ирээд машины зөв талаар мөргөсөн. Тэгээд нөгөө хүн машинаа тавьчихаад буугаад аав руу чулуу шидчихээд хэл амаар доромжлоод аавыг барьж аваад зодсон. Тэгж байсан чинь гражаас нэг хүн гарч ирээд тэр хүнийг салгаж аваад явсан. Тэгж байхад цагдаа нар ирсэн. Аав дотогшоо орох гэхэд нь тэр хүн оруулахгүй байсан түүнээс болж муудалцсан. Намайг аавтай муудалцаад байсан хүн л өшиглөсөн өөр зодсон хүн байхгүй. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Согтуу байсан, бас сүүлд бас дэлгүүр явж ирээд архи авчираад бид нарын хажууд уугаад байсан. Тэр Б.Г гэдэг хүн аавын нүүр лүү нь гараараа цохиод байсан” /хх-ийн 24-25-р хуудас/,

Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр засварын газрын граж дотроо засвар хийж байгаад гадагш гарсан чинь үүдэнд нэг танихгүй залуу дотогшоо орох гэж байхаар нь би ямар учиртай яаж явна гэж асуусан чинь өмнөөс ормоор байна гээд зүтгээд байсан. Тэгэхээр нь би энэ гражийг ажиллуулдаг юм аа яах гэж байгаа юм гэж асуусан чинь би чиний гражийг авах гэж байгаа юм уу гээд дайраад байсан. Тэгэхээр нь би оруулахгүй гээд цааш нь түлхсэн чинь өмнөөс барилцаж аваад зууралдсан. Тэгээд би нэг хоёр удаа цохилцож авсан. Тэгсэн чинь араас нь нэг залуу орж ирээд намайг өшиглөсөн. Тэгэхэд надтай хамт машин засаж байсан Амбал гэдэг залуу тэр хүүхдийг нь хорьсон. Тэгээд би тэр хүнтэй муудалцахаа болиод гадагшаа гарч машинаа унаад хөдөлсөн чинь тэр хүний машины хажуу талыг шүргэчихсэн. Тэгээд би эргэж машинаа зогсоолд тавьчихаад машинаас гарсан чинь нөгөө залуу намайг ална хядна гээд ирэхээр нь би нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэгээд дахиад цохих гэсэн чинь тэр хүн цаашаа болоод зугтаад байхаар нь би араас нь явсан чинь манай найз Амбал намайг салгаж болиулсан. Түүнээс хойш зодоон цохион болоогүй. Одбаярыг би зодож сүйд болоогүй бид хоёр зууралдаж барилцаж авсан. Нүүр лүү нь нэг хоёр удаа цохьсон байх.../хх-ийн 37-38-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.30-ны өдрийн №313 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Ц.Оын биед тархины доргилт, зүүн зулайн хуйх, зүүн шанаа, хацрын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ний 2018.06.12-ны өдрийн 218 дугаартай автомашины техникийн үнэлгээний дүгнэлтэд: ...2011 онд үйлдвэрлэгдсэн 95-91 ӨМА улсын дугаартай автомашины эвдрэлийн нийт үнэлгээ ...283.000 төгрөг гэжээ. /хх-ийн 31-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-12-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Гын гэм бурутай үйлдэл нотлогдож байна.

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэйгээ холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн энэхүү гэмт хэргийг үйлдэх явцдаа шүүгдэгч Б.Г нь хохирогчийн эзэмшлийн автомашинд эвдрэл учруулж, машины хохирлыг 283.000 төгрөг байхаар шинжээчийн дүгнэлт гарч, улмаар прокурорын тогтоолын дагуу зөрчлийн хэрэг гэж үзэн, шүүгдэгчийн энэхүү үйлдлийг зөрчлийн хэрэг бүртгэлтэнд шилжүүлжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулах хохирол төлбөр буюу машины үнэ 5.000.000  төгрөгийн талаар мэтгэлцэж байх бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдэлд нь хамааралгүй байна гэж үзэн, шүүх шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.  

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

         Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

         Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснй дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шүүхээс тогтоосон торгуулийн ялыг төлүүлэхээр шийдвэрлэв.

         Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8,  9 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.Г нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ДЭЛГЭРМАА