| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2309000001980 |
| Дугаар | 2025/ДШМ/222 |
| Огноо | 2025-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/222
2025 02 11 2025/ДШМ/222
Б.Н, С.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Энхтулга,
шүүгдэгч Б.Н /цахим/, түүний өмгөөлөгч Г.Ганбат,
шүүгдэгч С.Т /цахим/, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, А.Адалбек нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н, С.Т нарт холбогдох эрүүгийн 2309000001980 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Н нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. Шүүгдэгч Б.Л бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лёкор” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Д.Б өмчлөлийн 725.000 төгрөгийн үнэтэй Самсунг эс-10 загварын гар утас, “Берешка” загварын цүнх, “Эл жи” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
2. Шүүгдэгч Б.Д нар бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Батбайгаль бейкери” хүнсний дэлгүүрийн лангуунаас хохирогч Б.О өмчлөлийн 1.050.000 төгрөгийн үнэтэй “Айфоне икс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
3. Шүүгдэгч Б.У, Б.Д нартай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Пийс молл” их дэлгүүрийн 5 давхарт байрлах лангуунаас хохирогч Б.Х өмчлөлийн 225.000 төгрөгийн үнэтэй “Самсунг галакси А-10” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, уг гар утсанд суулгасан Хаан банкны ......... тоот данснаас 485.000 төгрөг, Голомт банкны ............. тоот данснаас 490.000 төгрөгийг тус тус шилжүүлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Шүүгдэгч Б.Н бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Очир титэм” зочид буудалд хохирогч М.Ч хамт үйлчлүүлж байхдаа түүний гар утсандаа суулгасан Хаан банк дахь ................. тоот харилцах данснаас 10.370.000 төгрөгийг Хаан банк дахь Ү.И эзэмшлийн ................. тоот харилцах данс руу шилжүүлэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,
5. Шүүгдэгч Б.Н, С.Т нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Ану-Марал” зочид буудлын гадна талаас хохирогч Б.Б өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн 750.000 төгрөгийн үнэтэй “Оппо А93” загварын гар утас, бэлэн 20.000 төгрөг, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, хулгайлан авсан гар утсанд суулгасан Б.Б эзэмшлийн Хаан банк дахь ................... тоот харилцах данснаас мобайл банканд нь 1 удаагийн код ашиглан Хаан банк дахь Н.Г эзэмшлийн 5......... тоот дансанд 520.000 төгрөгийг, Хаан банк дахь С.Г эзэмшлийн ..................... тоот дансанд 20.000 төгрөг, Хаан банк дахь Х.Ж эзэмшлийн ............... тоот дансанд 40.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1.330.000 төгрөгийг шилжүүлэн хохирол учруулан,
6. Шүүгдэгч Б.Н бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ”Хан” зочид буудлын 402 тоот өрөөнөөс хохирогч У.А, Б.Гнарын “Айфоне 7 плас”, “Айфоне 11” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч У.А 1.375.000 төгрөг, Б.Гд 300.000 төгрөгийн нийт 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Шүүгдэгч Б.У, Б.Н нартай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ану” үсчний газраас хохирогч Д.О өмчлөлийн 350.000 төгрөгийн үнэтэй “Редми 8 про” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,
8. Шүүгдэгч Б.Н бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Нисдэг машин” худалдааны төвийн 00-н өрөөний гадна талаас хохирогч С.А өмчлөлийн 174.000 төгрөгийн үнэтэй “Лж жи-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн өдөр хулгайлан авсан гар утсанд суулгасан С.Алтангэрэлийн эзэмшлийн Хаан банк дахь ....................... тоот харилцах данснаас Хаан банк дахь С.Д эзэмшлийн ............................... тоот дансанд 445.000 төгрөгийг, С.А эзэмшлийн ............... тоот данснаас 20.000 төгрөгийг Хаан банк дахь С.Д эзэмшлийн ................. тоот дансанд тус тус шилжүүлж, нийт 639.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирол учруулсан,
9. Шүүгдэгч С.Т, Б.Н нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Т “гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч, түүний эзэмшлийн 669.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-51” загварын гар утсыг залилж авсан,
10. Шүүгдэгч Б.Н бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Моника” нэртэй зочид буудалд үйлчлүүлж байхдаа иргэн Э.Ж 250.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар уг гар утсанд суулгасан Хаан банкны апплейкешн ашиглаж хохирогч Э.Ж .......................... тоот данснаас 8.600.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 8.850.000 төгрөгийн хохирол учруулж бусадтай бүлэглэн нийт 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Т нь ганцаараа 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” нэртэй зочид буудалд хамт байсан хохирогч С.Г эзэмшлийн Хаан банкны картыг авч улмаар Хаан банкны .. тоот данснаас нийт 9.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Н, С.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Н, С.Т нарыг “Бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, С.Т нарт тус тус 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, С.Т нарт тус тус 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, С.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Нд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон 108 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 60 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Тээс гэм хорын хохиролд 9.663.530 төгрөгийг гаргуулан хохирогч нарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2023 онд авто осолд орж аарцаг, тархи толгойны хүнд гэмтэл авч байсан ба одоо 8 сартай жирэмсэн, сүүлийн төрөх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр билээ. Би хийсэн хэрэгтээ харамсаж өдөр бүр өвдөж биеэрээ мэдэрч байна. Би хүү болон хөгшин ээжтэйгээ цуг амьдардаг, өрх толгойлсон ээж юм. Өөрийн муугаас болж ар гэр, хамаатан садныгаа давхар яллаж мөн хохирогч нараа сэтгэл зүйн болон эд хөрөнгийн нөхөж баршгүй хохирол учруулсандаа харамсаж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг миний биеийн эрүүл мэндийн байдал болон ар гэр, үр хүүхдийг минь бодолцон харгалзаж үзээд авсан ялыг минь бууруулж, шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Н нь урьд тус хэргийн яллагдагч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлгээрээ гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн /5хх 17-19/. Мөн тус хуралд гэрчээр оролцсон А.М2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлгээрээ Б.Н буруутайг гэрчилсэн /7хх 84-85/. Гэрч Б.Н хэрэгт яаж оролцсоноо өөрийн мэдүүлэгтээ холбож зааж өгсөн. Хохирогч Г Хаан банкны виза картыг Б.Н АТМ-д уншуулж буй камерын бичлэгийг анх хэрэгт холбогдох үед би өөрийн эх С хамт үзэж танилцаж, гарын үсэг зурсан. Гэвч түүнээс хойш файл нээгдэхгүй байна гэж явсаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны үеэр “Ай Ти” инженерээр файлыг сэргээсэн ч бидэнд хамааралгүй, танихгүй хүмүүсийн бичлэг байсан. Уг камерын бичлэг нь байхгүйгээс тус хэрэгт би ганцаараа буруутай мэт дүгнэгдэж, миний эрх зүйн байдал дордож байна. Би анхан шатны шүүх хуралд энэ тухайгаа эхийгээ гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Иймд уг хэргийг Б.Н хэргээс тусгаарлаад мөрдөн байцаалтад буцааж, камерын бичлэгийг олуулан, тус хэрэгт холбогдуулан Б.Нг шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч А.Адалбек давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс шүүх хуралдаанд шүүгдэгч буюу 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” зочид буудалд хамт байсан хохирогч М.Г картыг хулгайлсан үйлдэлд сэрдэгдсэн этгээд болох Б.Нг гэрчээр асууж, урьд өгсөн гэрчийн мэдүүлгийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрчээр оролцуулах хүсэлтийг прокурор гаргасан гэж хэлсэн ч гэрч оролцуулах прокурорын хүсэлтийг шүүхээс хэлэлцэхгүйгээр шууд цахимаар гэрч оролцуулсан. Гэрч гэх Н.Н нь тусгаарлагдсан хэргийн шүүгдэгч ба хэргээ шүүхээс шийдвэрлүүлж гэм буруутайд тооцогдсон эрүүгийн хариуцлага хүлээсэн этгээд юм. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...тэгээд бид хоёр явах гээд гарсан. Гараад Т саяны залуугийн картыг нь авчихлаа. ...Ундрам Плазагийн АТМ ороод мөнгийг нь авсан. ...” /5хх 17-19/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...бид гараад таксинд суугаад надад карт өгөөд АТМ-ээс ороод мөнгө авчих гээд кодыг нь хэлсэн. Т Туркээс ирээд удаагүй байсан. Тэгээд лайвны мөнгө гэж хэлсэн. Хүний карт гэж 2 хонгийн дараа мэдсэн...” гэх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Гэрч Б.Н “...тухайн өдөр таксинд суугаад явсан...” гэж мэдүүлэг өгдөг бол шүүгдэгч С.Т “...Н найз залуу Т машинтай ирээд авсан...”, хохирогч М.Г “...Н тэр хоёрыг 04 цагийн үед эрэгтэй найз нь дуудаад байна гээд явсан...” /5хх 8/ гэж мэдүүлэг өгдөг. Дээрх мэдүүлгүүдээс харахад гэрч Б.Н нь худлаа мэдүүлэг өгч байгаа нь тодорхой харагдаж байна. Шүүгдэгч С.Тийн Б.Н найз залуу Т ирээд авсан гэж өгсөн мэдүүлгийг хохирогчийн эрэгтэй найз нь дуудаад байна гэж өгсөн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлаагүй байдаг. Гэрч Б.Н нь гэрч биш, 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” зочид буудалд хамт байсан хохирогч М.Г картыг хулгайлсан гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд буюу сэжигтэн гэж үзэж байна. Хохирогч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “шүүгдэгч С.Тийн эх болох Соддалайтай утсаар ярьсан, танай охин миний картыг аваагүй Н авсан гэж хэлсэн. ...Н гэдгийг мэдэж байгаа гэж миний утсыг авсан. Сүүлд харахад аавтайгаа миний утсанд өөрийнхөө фейсбүүк хаягийг оруулж байгаад ярьсан байсан.” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад камерын бичлэгийг Хаан банкнаас аваад картаас мөнгийг Н авч байсныг мэдсэн ч мөрдөн байцаагч нарт энэ тухай мэдүүлэг өгөхөд хэлэхгүй нуудаг, өөрийнхөө бодлыг мэдүүлэг болгон картын нууц кодыг С.Т мэдэж авснаар хулгайлсан гэж үздэг. Хохирогч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгдөг ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Хохирогч М.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх гэж заасан үүргээ зөрчсөн юм. Гэрч А.М “...Тэгээд Г нь Н, Т нэр гарч дахин дэлгүүр явсан ...тэгээд тэр 3 дахин дэлгүүр гараад орж ирэхдээ ...Н 00 гарч ирээд намайг гар утсаа өг гэхээр нь би өгөхгүй гэснээс болж жаахан маргаан болсон. ...Тэгээд 23 цаг 30 минутын орчим Н гар утас дугарахад Н аваад ярьснаа Тээ хоёулаа гарч уулзаад ирье гээд тэр 2 хурдан гараад явсан. ...Хэд хоногийн дараа Г надад гар утас дээрээ АТМ -ээс мөнгө авч байх үеийн бичлэг үзүүлж байсан. Уг бичлэг дээр Н АТМ-ээс мөнгө аваад Тд өгч байсан.” гэж мэдүүлэг өгдөг. Гэрч А.Мын мэдүүлгээс харахад нууц далд аргаар карт хулгайлсан этгээдийг шууд зааж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэж заасныг нотолсон гэж үзэж байна. Хохирогч М.Г картыг гэрч Н.Н нь гар утсаар ярих, өөрийнхөө фейсбүүк хаягийг оруулан аавтайгаа ярих явцад хохирогчийн дансны үлдэгдэл, картын нууц кодыг мэдэж авч карт хулгайлах сэдэлт бий болж, нууц далд аргаар хэнд ч мэдэхгүй картыг хулгайлсан гэж хууль зүйн дүгнэлт хийхээр байна. Шүүгдэгч С.Т нь хохирогч М.Гтай хамт удаа дараа дэлгүүр гарч тооцоо хийхэд үед хамт байсан, буудлын өрөөнд хамт хэвтсэнээр картыг хулгайлсан гэж үзэх нь энэ гэмт хэргийн шинж болох нууцаар авсан байх шинжийг үгүйсгэж байна. Шүүгдэгч С.Тд анхан шатны шүүхээс Б.Н, Б.Н нартай бүлэглэн 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн 8 дугаар хороо, “Ану-Марал” зочид буудлын гадна талаас хохирогч Б.Бн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үлдээсэн 750.000 төгрөгийн үнэтэй “Оппо А93” загварын гар утас, бэлэн 20,000 төгрөг, Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн Б.Н, Б.Н нартай бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд иргэн Б.Т “гар утсаа түр хэрэглүүлээч” гэж хуурч түүний эзэмшлийн 669.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А-51” загварын гар утсыг залилсан гэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт 12 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Тийн 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” зочид буудалд хамт байсан хохирогч М.Г картыг хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдолдоо: “...Гэрч А.Мын мэдүүлэг /7хх 84-85/, хэд хоногийн дараа хохирогч М.Г надад гар утас дээрээ АТМ-ээс мөнгө авч байх үеийн бичлэг үзүүлж байсан, уг бичлэг дээр Н.Н АТМ-ээс мөнгө аваад С.Тд өгч байсан, Н.Нд С.Т араас нь код хэлж өгч байгаа юм шиг харагдаж байсан гэх мэдүүлэг, Н.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /5хх 17-19/, мөн Н.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрүүтэй байдаг, Хаан банкны АТМ-ын бичлэг алга болсон, өөр бичлэг хийсэн байсан, хамтран гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гэрчээр байцаасан зэрэг нь дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэх үндэслэлд хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Н үйлдлийг эргэлзээгүй тогтоох зайлшгүй шаардлагатай байх тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Н өмгөөлөгч Г.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.
Прокурор Х.Энхтулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н, С.Т нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Н, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, А.Адалбек нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Н, С.Т нарын үйлдлийг бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...шүүгдэгч Б.Н, С.Т нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж тэдгээрийг залилах болон хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээдүүдэд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.
Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үздэг.
Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, А.Адалбек нар “...Б.Н үйлдлийг дахин шалгуулж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Шүүгдэгч С.Тийн ганцаараа 2022 оны 11 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Моника” нэртэй зочид буудалд хамт байсан хохирогч С.Гын эзэмшлийн Хаан банкны картыг авч улмаар Хаан банкны .. тоот данснаас нийт 9.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдлын тухайд:
мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Н “...Тэгээд бид хоёр явах гээд гарсан. Гараад Т “би саяны залуугийн картыг нь авчихлаа” гэхээр нь би “кодыг нь мэдэх юм уу” гэсэн чинь “мэднэ, хамт дэлгүүр орж байхдаа харсан” гээд Атм ороод мөнгийг нь авсан. Тэгээд авсан мөнгөөрөө Тийн утсыг ломбарднаас аваад үлдсэн мөнгөөр нь бид хоёр 5, 6 хоног хамт ууж идээд шоудаад дуусгасан. ...” гэж /5хх 17-19/, гэрч А.Мын “...Тэгээд Г бид хоёр худалдан авалт хийсэн дэлгүүр рүү орж хяналтын камерыг шүүж үзэхэд Гын виза картаар тооцоо хийх болгонд Т нь хажууд очиж зогсоод харж байсан байна. Хэд хоногийн дараа Г надад гар утас дээрээ АТМ-ээс мөнгө авч байх үеийн бичлэг үзүүлж байсан. Уг бичлэг дээр Н АТМ-ээс мөнгө аваад Тд өгч байсан. Нд Т нь араас код хэлж өгч байгаа юм шиг харагдаж байсан. ...” гэж /7хх 84-85/, хохирогч М.Г “...Т “дэлгүүр явъя” гэж хэлээд намайг дагуулж гарсан. Тэгээд уух юм аваад намайг тооцоо хийж байхад Т миний нууц үгийг харж байсан. Намайг дэлгүүр ороод гүйлгээ хийх болгонд миний нууц үгийг харж байсан. Т бид хоёр буудал руугаа буцаж ороод хэсэг уугаад сууж байхад тэр хоёр “явлаа” гэж хэлээд буудлаас гараад явсан. ...” гэж /5хх 8/ тус тус мэдүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дурдсан асуудлын талаар тодруулаагүй, ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах буюу тухайн гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч С.Т нь Б.Н хамтарч үйлдсэн эсэх талаар шалгаж тодруулаагүй, энэ талаар ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, прокурорын хяналтын шат болон анхан шатны шүүхийн шатанд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Тодруулбал, Б.Н нь тухайн үйлдлийн талаар мэдүүлэг өгөхдөө шүүгдэгч С.Ттэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх агуулгаар мэдүүлж, мөн гэрч А.М үүнийг давхар нотолж мэдүүлсэн байхад тэдгээрийн мэдүүлгийн эх сурвалжийг хохирогчийн мэдүүлэгтээ давхар шалгах ажиллагааг явуулаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй үндэслэлд хамаарна.
Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, А.Адалбек нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Б.Н “хорих ялыг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/1387 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Н, шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч С.Соронзонболд, А.Адалбек нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Б.Н, С.Т нарт урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ