Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2026/0778

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “С” ХХК /РД:6******/,

Хариуцагч: Зам, тээврийн сайдад холбогдуулан сайдын тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анар-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “С” ХХК-аас Зам тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох.

 

            Хоёр. Маргааны  үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1.”С” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай Монгол Улсын Иргэний хууль, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Нүүрс тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 320 дугаар тогтоол, 2022 оны "Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай" 349 дүгээр тогтоол, 2022 оны "Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 362 дугаар тогтоол болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны "Нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх тухай” А/07 дугаар захирамж, талуудын хүсэл зоригийг тус тус үндэслэн “Тусгай зориулалтайн замаар тээвэрлэлт хийх, зорчих, хөдөлгөөнд оролцох хариуцлагын гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулсан байна[1].

            2.2. Өмнөговь аймаг Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/*** дугаар “Сайжруулсан шороон замын засвар арчлалт, тээвэр зохион байгуулалтыг хариуцуулах тухай” захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 20236 оны 01/2425 тоот албан бичиг, Хилийн боомтын захиргааны даргын 2023 оны 31 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын 95, 349 дүгээр тогтоолын дагуу автомат удирдлагатай терминал байгуулах ажлын гүйцэтгэгч “С” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг харгалзан тус сумын Хайрхан багийн Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх О ХХК-ийн ашиглаж байсан 18.2 км сайжруулсан шороон замыг түр хугацаагаар буюу 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С” ХХК-д хариуцуулсан.

            Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/*** дүгээр “Сайжруулсан шороон замын засвар арчлалт, тээвэр зохион байгуулалтыг хариуцуулах тухай” захирамжаар Хайрхан багийн Цагаан хаднаас Гашуунсухайт боомт хүртэлх О ХХК-ийн ашиглаж байсан 18.2 км сайжруулсан шороон замын засвар, арчилгаа, тээвэр зохион байгуулалтыг үргэлжлүүлэн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “С” ХХК-д хариуцуулсан байна.

            2.3. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗА/23-06-37 дугаар “Түр шороон зам ашиглах, хөдөлгөөн зохицуулах хариуцлагын гэрээ”-г Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай “С” ХХК-тай Монгол Улсын иргэний хууль, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авар зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоол, 2023 оны “Нээлттэй цахимаар арилжсан нүүрсний экспортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 159 дүгээр тогтоол, 52022 оны “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай” 349 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны “Нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийх тухай” А/**, 2023 оны “Сайжруулсан шороон замын засвар арчлалт, тээвэр зохион байгуулалтыг хариуцах тухай” А/276 дугаар захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 01/2425  тоот албан бичиг, Хилийн боомтын захиргааны 2023 оны 31 тоот албан бичиг, талуудын хүсэлт зоргыг тус тус үндэслэн байгуулж, “С” ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргатай хийсэн “Түр шороон зам ашиглах, хөдөлгөөн зохицуулах хариуцлагын гэрээ”-г дуусгавар болгож, 2 жилийн хугацаатай байгуулсан[2].  

            2.4. Зам ,тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Б******* 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №ТЭЗҮ-02/2025 дугаар “Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн нутагт орших Цагаанхад дахь суурьшлын бүсээс Гашуунсухайт боомт хүртэл тусгай зориулалтын авто зам барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгавар”-ыг баталсан[3].

            2.5. “С” ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №АГГ2501-02 дугаар “Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, ажлын зураг төсөл боловсруулах гэрээ”-г Зууны хөгжлийн зам ХХК-тай “Цагаанхад суурьшлын бүсээс хилийн Гашуунсухайт боомт хүртэл 17,2 км, 2 эгнээ тусгай зориулалтын авто замын техник эдийн засгийн үндэслэл, ажлын зураг төсөл” боловсруулах ажлыг захиалагчаас урьдчилгаа санхүүжилтийг хүлээн авснаас хойш хуанлийн 60 хоногт багтаан гүйцэтгэхээр хийсэн[4].

            2.6.Мөн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн АГГ2501-04 дугаар “Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 17,2 км тусгай зориулалтын авто зам барих ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ”-г 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэхээр байгуулсан[5].

            2.7.Өмнөговь аймаг дахь Хилийн боомтын захиргаанаас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар “ Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Хилийн Гашуунсухайт боомт нь Монгол Улсын нийт нүүрс экспортын 50-55 хувийг дангаар бүрдүүлдэг, стратегийн ач холбогдол бүхий боомт  ...2025 онд 50 сая тонн нүүрсийг экспортлохоор төлөвлөж байна.

Боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын нэмэгдүүлэх дээрх зорилтдоо хүрэхийн тулд Цагаанхаднаас Гашуунсухайт боомт хүртэл ачаа тээврийн зориулалттай хүнд даацын авто замыг шинээр барих, нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Мөн шинээр байгуулагдсан ачаа тээврийн терминалуудыг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад автозамын логистикийн зохицуулалт хийх, шинэ хүнд даацын авто зам байгуулах хэрэгцээ шаардлага их байна.

Цагаанхаднаас Гашуунсухайт боомт чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэх нь тухайн орчинд ажиллаж, амьдарч буй албан хаагчид, ард иргэд, нэн хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, боомтоор нэвтрүүлэх экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд танай эзэмшиж ашиглаж буй 19 км шороон замыг тусгай зориулалтын хатуу хучилттай авто зам болгох асуудлыг дэмжиж байна гэх хариуг өгсөн[6].

            2.8. “С” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын  2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/616 дугаар202 “Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшигчийг тогтоох тухай” захирамжийн 1 дэх заалтаар Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаан хад-Гашуун сухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зориулалт бүхий авто зам, түүний зурвас газрыг “С” ХХК-д эзэмшүүлж, 2 дахь заалтаар Захирамж гарсантай холбогдуулан орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшигчтэй эрх, үүрэг, хариуцлагын нарийвчилсан зохицуулалт бүхий захиргааны гэрээ байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газарт, 3 дахь заалтаар Эзэмшиж буй орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын засвар арчлалтыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр тогтмол гүйцэтгүүлж ажиллахыг “С” ХХК-нд даалгасан байна[7].

            2.9. Уг захирамжийг үндэслэн аймгийн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.А*******, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Э*******, “С” ХХК-тай  2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №ӨМАЗДТГ2025-01 дугаар гэрээг байгуулж, гэрээний хоёр дахь нөхцөлөөр Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дахь Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зориулалт бүхий авто зам, түүний зурвас газрыг 1/нэг/ жилийн хугацаагаар “С” ХХК-д эзэмшүүлэн, замын засвар арчлалтыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр стандартын дагуу энэхүү гэрээний хугацаанд тогтмол гүйцэтгүүлнэ, Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зориулалт бүхий авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 15/06 дугаар тогтоолоо 80,000 /наян мянган/ төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүнээс тухайн замын засвар арчлалтын зардалд зарцуулагдсанаас бусад орлогыг аймгийн авто замын санд төвлөрүүлэх, “С” ХХК Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зориулалт бүхий авто зам, замын байгууламж ашигласны төлбөр хураах цэг (пост) төлбөрийг төвлөрүүлэх үүргийг хариуцуулсан[8].

            2.10. 2026 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04 дугаар “Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дэргэдэх авто замын салбарын дэд зөвлөлийн хурлаас гаргасан зөвлөмж”-өөр Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын техник эзийн засгийн үндэслэлийн судалгааны ажилтай Авто замын салбар Шинжлэх ухааны технологийн дэд зөвлөлийн гишүүн танилцаж, трассын төлөвлөлтийг дэмжиж, Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын техник эдийн засгийн үндэсний судалгааны ажлын тухай хэлэлцэж Захиалагч “С” ХХК, гүйцэтгэгч “Зууны хөгжлийн зам” ХХК-д тус тус зөвлөж болгосон[9].

            2.11. “С” ХХК болон Зэвсэгт хүчний барилга-Инженерийн цэргийн удирдах газартай 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №39 АГТ2501-11 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Монгол Улсын Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл, Авто замын тухай хууль, Барилгын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Батлан хамгаалах сайдын 2025 оны А/*** дугаар тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2025 оны А/471 дүгээр тушаал болон талуудын хүсэл зоригийг тус тус үндэслэн ... Захиалагчаас өгсөн Ерөнхий төлөвлөгөө, техникийн шаардлага, зураг төслийн дагуу Өмнөговь аймгийн Ханболд сумын нутаг дэвсгэр, Гашуунсухайт боомт Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19 км газар, шороо суурийн ажлын гэрээг хийсэн[10].

            2.12. Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 436 дугаар “Гомдол мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр Зам тээврийн яамны салбарын хяналтын газрын дарга М.Э******* Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хархан, Номгон багийн нутагт “С” ХХК нь өөрийн эзэмшлийн нүүрс ачиж буулгах талбай руугаа 18,6 км шороон замаар нүүрс тээвэрлэлт хийж, мөн хатуу хучилттай авто замын далангийн ажлыг 80 гаруй хувьтай хийж, бетон зуурмагийн 2, асфальтын 1 үйлдвэрийг угсарсан байна.

            ...Иймд С ХХК-ийн тусгай зориулалтын ачаа тээврийг шороон замаар хийсэн, холбогдох зөвшөөрөлгүйгээр зам барилгын ажил эхлүүлсэн зөрчлийг нэн даруй зогсоож, хариуцлага тооцож ажиллаж, хариу ирүүлэхийг хүссэн байна[11].

            2.13. Монгол Улсын Зам тээврийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 09/4453 дугаар “Салан, дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км сайжруулсан шороон замын нөхцөл байдал нь Засгийн газар болон "Тал нутгийн хөгжлийн зам" ХХК-ийн хооронд байгуулсан "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл"-ийн концессын гэрээний 2.8 дахь "Гэрээний хугацаанд эрх бүхий этгээд нь гуравдагч этгээдэд төслийн хоёр талын зурвас газар тус бүрээс 50 км зай бүхий бүсэд аливаа зэрэгцээ авто зам шинээр барих зөвшөөрлийг олгохгүй" заалтыг зөрчиж байна гэх асуудлаар холбогдох байгууллагуудаас манай яаманд удаа дараа гомдол, мэдээлэл ирсээр байна.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/616 дугаартай "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшигчийг тогтоох тухай" захирамжаар Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай, ашигт малтмалын тээвэрлэлт хийх зориулалт бүхий авто зам, түүний зурвас газрыг "С" ХХК-д эзэмшүүлж, тус авто замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайн солбицол, тоо хэмжээг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/977 дугаартай захирамжаар баталсан байгаа нь дээрх дурдсан хууль, журмын заалтууд болон Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.1 дэх "Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн заалттай зөрчилдөж байна.

Иймд Засаг даргын 2025 оны А/616, А/977 дугаартай захирамжийн үндэслэл болон дээрх гомдол мэдээлэлтэй холбоотой асуудалд хууль эрх зүйн хүрээнд ямар бодлого, чиглэл баримталж, хамтран ажиллах талаар санал, дүгнэлтийг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ирүүлнэ үү гэжээ[12].       

2.14. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 06/16731 дугаар албан бичгээр Зам тээврийн яамны авто замын бодлого зохицуулалтын газраас “С” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханболд сумын нутаг, Цагаанхад суурьшлын бүсээс Гашуун сухайт боомт хүртэлх тусгай зориулалтын авто зам барих тусгай зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад[13] тус газраас 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/4586 дугаар албан бичгээр хариу өгсөн.

            2.15. Монгол Улсын Зам тээврийн яамнаас 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02/5850 дугаар “Захиргааны актыг хүчингүй болгуулах тухай” албан бичгээр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Э*******, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Ш.Э******* нарт Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны А/616 дугаар захирамж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны А/86 дугаар захирамж, 2023 оны А/276 дугаар захирамж, 2024 оны А/271 дугаар захирамжуудаар Зам, тээврийн яамны эзэмшлийн Оюу Толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын барилгын ажлын үед ашиглагдаж байсан Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19 км сайжруулсан шороон замыг тусгайлан эрх олгоогүй байхад албан тушаалаа ашиглан давуу байдал үүсгэж "Смарт Эко Транс" ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль нийцээгүй захиргааны актыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор хүчингүй болгож, холбогдох шийдвэрийг ирүүлэхийг даалгасан.

            2.16. Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/1880 дугаар “Захирамж, гэрээ цуцлах тухай” захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2, 49 дүгээр зүйлийн 49.4, 49.4.1, 49.4.2, 56 дугаар зүйлийн 56.1, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшүүлэх" ӨМАЗДТГ2025-01 дугаартай гэрээний 5.2-т заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшигчийг тогтоох тухай" А/616 дугаар захирамж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшүүлэх" ӨМАЗДТГ2025-01 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ "С" ХХК нь биелүүлээгүй, цаашид гэрээний анхны зохицуулалтыг баримтлах боломжгүй болох нь тогтоогдсон тул аймгийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшигчийг тогтоох тухай” А/616 дугаар захирамж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн "Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшүүлэх" ӨМАЗДТГ2025-01 дугаартай гэрээг цуцалж, Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км орон нутгийн чанартай шороон замыг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дотор "С" ХХК-ийн эзэмшлээс хүлээн авахыг даалгасан[14].

            2.17. Өмнөговь аймгийн Засаг дарга нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/4037 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Зам, тээврийн яаманд ...аймгийн Засаг даргын дээрх Орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрын эзэмшүүлэх захирамж, гэрээг зөрчиж “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хатуу хучилттай авто замын бүтээц болох бетоноор бэхжүүлсэн суурийн ажлыг хийж эхлүүлсэн” нь нотлогдож, цаашид гэрээний анхны зохицуулалтыг баримтлах боломжгүй болсон тул аймгийн Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 24-ний А/1880 дугаар захирамжаар дээрх эрх олгосон захирамж, гэрээг цуцалсан. 2024 оны 12 дугаар сарын байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх Цагаанхад-Гашуунсухайт боомт чиглэлийн 19 км шороон замд тодорхой зөвшөөрөлгүйгээр хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг “С” ХХК нь гүйцэтгэж байна.

            Иймд тухайн автозамыг цаашид тодорхой ангилалд хамааруулах, эзэмшигчийг тогтоох, зэрэг асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байна[15].

             2.18. Монгол Улсын Зам тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар “Авто замын хөдөлгөөнийг нээх тухай” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам хамгийн их ачаалалтай хэсэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт оргих Цагаанхад суурьшлын бүсээс Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын ачаалал бууруулах, биржээр арилжаалсан нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, тухайн чиглэлд хийгдэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор тусгай зориулалтын авто замаар зорчих авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээх тушаал гарсан.

            Нэхэмжлэгч “С” ХХК-аас тушаалыг эс зөвшөөрч 2026 оны 04 дүгээр  сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2943 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. “Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******гаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус" - Маргаан бүхий тушаалыг хэн гүйцэтгэх, хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Авто замын хөдөлгөөнийг нээх үүргийг хэнд хариуцуулж байгаа нь ойлгомжгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" - Тушаалын үндэслэх хэсэгт Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.9, 10.1.11, 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний 6 дугаар хуралдааны тэмдэглэл, Засгийн газрын 2026 оны "Төлбөрийн хэмжээ тогтоох" 83 дугаар тогтоолыг баримталсан тухай дурджээ. Гэтэл энэхүү хэрэглэсэн хууль, тогтоомжоор "авто замын хөдөлгөөнийг нээх", "авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх” тухай харилцааг зохицуулаагүй байна. Ер нь Авто замын тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжид "замын хөдөлгөөнийг нээх" харилцааг зохицуулаагүй тул захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Өөрийн 60 орчим тэрбум төгрөгөөр хатуу хучилттай болгож засварласан хөрөнгө оруулалтыг манай компанид мэдэгдэлгүй, зөвшилцөхгүйгээр ашиглаж, замын хөдөлгөөнийг нээж байгаа нь "С" ХХК-ийн эрхийг зөрчиж байна. Өмнөговь аймгийн Засаг даргын А/616 дугаар захирамжаар "С" ХХК-д автозам, замын зурвас газрыг эзэмшүүлсний хүрээнд замыг хариуцах, эзэмших, ашиглах эрхийг олгосон.

Зам, тээврийн яамны 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08/1384 дугаар "дэмжлэг хүсэх тухай" албан бичиг манай компанид ирлээ. Тус бичигтээ төлбөр хураах үйл ажиллагаанд шаардлагатай цахилгаан эрчим хүчинд холбох асуудлыг шийдвэрлэх, "Π" хэлбэрийн шонд байрлуулсан камер, автомат хаалтыг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ- т түр хугацаагаар ашиглуулахыг шаарджээ. Яамны албан бичиг нь "хүсэлт" нэртэй боловч Зам, тээврийн сайдын А/** дугаар тушаал нь манай компанийн өөрийн хөрөнгөөр барьсан зам, дэд бүтцийг булаан авсан шийдвэр байна.

Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 4.4-д "Тухайн авто зам, замын байгууламжийг улсын комисс хүлээн авсны дараа тээвэрлэлтийг эхлүүлнэ" гэж заасан. Улсын комисс ажиллаж, холбогдох норм, стандартад нийцсэн эсэхийг бүрэн тогтоож, байнгын ашиглалтад хүлээн авснаар тээвэрлэлтийг эхлүүлж, замыг нээх ёстой. Комисс ажиллуулахгүйгээр замыг нээсний дараа замаас шалтгаалж осол, аюул болсон тохиолдолд хариуцлага, үр дагавар зам барьсан "С" ХХК-д чиглэх эрсдэлтэй.

Иймд нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчсөн, хууль тогтоомжид нийцээгүй Зам, тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлалын үндэслэлдээ: “Тус шүүхэд "С" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн сайдад холбогдох "Зам, тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/** дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.13-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", мөн зүйлийн 47.1.4-т "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус", мөн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж тайлбарласан байгаа нь дараах хууль болон холбогдох журамд илт нийцэхгүй байна. Үүнд:

1. Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гэж, мөн зүйлийн 10.1.1-т "авто замын тухай хууль, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах" гэж мөн зүйлийн 10.1.9-т олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах", "авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах" гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “олон улсын, улсын чанартай, тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна" гэж, 17.2-т "олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна" гэж, 30 дугаар зүйлийн 30.1-д "Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно" гэж, Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7- т "тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах" гэж тус тус хуульчилсан.

1.1 Харин тусгай зориулалтын авто зам барих, ашиглах асуудлыг Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолоор баталсан "Тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг барих, ашиглах журам"-аар зохицуулж буй бөгөөд уг журмын 2.4-д "Хуулийн этгээд нь авто зам, замын байгууламжийг барих, ашиглах үйл ажиллагааг авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ", 4.1-д "ТЭЗҮ хийгдэж, авто замын чиглэл батлагдсаны дараа тухай авто байгууламжийг барих, байгуулна", 4.2-т "Авто зам, замын байгууламжийг батлагдсан ТЭЗҮ, зураг төсөл, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтад оруулна" гэж заасан.

1.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, их засвар хийх инженерийн хийцтэй бүх төрлийн авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулахтай холбогдон үүсэх харилцааг хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журам”-аар зохицуулж байгаа ба журмын 4.2-т “Гүйцэтгэгч авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах Ажлын хэсэг ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү журмын 4 дүгээр хавсралтын В хэсэгт заасан (Захиалагчтай байгуулсан гэрээ, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Авто замын тухай хуулийн 4.1.18.-д заасан зураг төслийн иж бүрдэл, улаан шугам хүлээлцсэн акт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан г.м) баримт бичиг, холбогдох материалыг бүрдүүлэн Зөвлөхөөр хянуулж, баталгаажуулна" гэж заасан.

1.3 Тодруулбал нь тус журмын 5 дугаар бүлэгт заасны дагуу Ажлын хэсэг нь авто зам, замын байгууламжийг батлагдсан зураг төсөл, техникийн шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэлийн чанар, ашиглалтын болон хөдөлгөөний аюулгүй байдал хангасан эсэх, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар нарийвчлан шалгаж, дүгнэлт гаргасны үндсэн дээр Авто замын тухай хууль болон бусад хууль, тогтоомж, авто зам, замын байгууламжийн зураг төсөл, стандарт, техникийн баримт бичигт заасан шаардлага, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан авто зам, замын байгууламжийг ашиглалтад оруулах үүрэгтэй юм.

2. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, нэхэмжлэгч "С" ХХК нь дээрх тусгай зориулалтын авто замыг дараах хууль, журмыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд:

2.1. Тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг барих, ашиглах журам"-ын 2.4 болон 4.2-т заасны дагуу тусгай зориулалтын авто зам барих, ашиглах гэрээ байгуулаагүй,

2.2. Авто замын тухай хуулийн 15.4-т заасны дагуу тусгай зориулалтын авто замын чиглэл батлуулаагүй,

2.3. Авто замын тухай хуулийн 19.1-т заасны дагуу авто замын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар батлуулаагүй,

2.4. Авто замын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу авто зам, замын байгууламжийн зураг төсөлд эрх бүхий этгээдээр магадлал хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулаагүй,

2.4. "Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журам"-ыг дагуу авто замын барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй,

2.6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 болон "Авто зам, замын байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад авах журам"-ыг 4 дүгээр хавсралтын 6-д заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй,

2.7. Засгийн газрын 2018 оны 229 дүгээр тогтоолын дагуу хэрэгжүүлж буй "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам төсөл"-ийн концессын гэрээний 2.8 дахь төслийн авто замын 2 талын зурвас газар тус бүрээс 50 км зай бүхий бүсэд аливаа зэрэгцээ авто зам шинээр барих зөвшөөрөл олгохгүй заалтыг зөрчигдөхөд хүргэсэн,

2.8. Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т "Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг магадлалын дүгнэлт бүхий баталгаажсан зураг төсөлгүй, техник, технологийн хяналтгүйгээр гүйцэтгэхийг хориглоно" гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн.

3. Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/03 тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтэд А0203 дугаартай О-Гашуунсухайт чиглэлийн улсын чанартай авто замын барилгын ажлын үед ашиглаж байсан Зам, тээврийн яамны эзэмшлийн Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19.2 км сайжруулсан түр замыг ашиглаж тээвэрлэлтийг зохион байгуулахдаа "Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар тогтооно" гэсэн хуулийн заалтыг зөрчин, нэг тээврийн хэрэгслээс 100 000 төгрөгийн хураамжийг дур мэдэн тогтоож, 24.2 сая ачаа тээвэрлэн, хууль бус орлого олж, уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрс тээврийн компани, тээвэрчдийн төрийн бус байгууллага, жолооч тээвэрчид нарт хохирол учруулсан байна гэсэн дүгнэлт гарсан гэдгийг дурдах нь зүйтэй байна.

3.1. Ажлын хэсгийн шалгалтыг дүнг Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газрын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулж, 6 дугаар хурлын тэмдэглэлээр Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19.2 км авто замыг төрийн мэдэлд буцаан авч, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хууль тогтоомжид заасны дагуу тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайдад даалгасны дагуу Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, 83 дугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэсэн 1 тонн/км ачаа тутамд 30 төгрөг байхаар тогтоосон.

3.2. Засгийн газрын 2026 оны “Төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 83 дугаар тогтоолын хэрэгжилт болон жолооч тээвэрчдийн удаа дараа тавьж буй шаардлагыг хангах, Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Зам, тээврийн сайдын "Авто замын хөдөлгөөн нээх тухай" А/70 дугаар тушаал баталж, авто замын хөдөлгөөнийг нээх шийдвэрийг гаргасан боловч, нэхэмжлэгч "С" ХХК-ийн зүгээс Засгийн газрын тогтоол шийдвэрийг эсэргүүцэн, нүүрсний тээвэрлэлтэд саад учруулж, улсын экспортын орлогыг бууруулахын зэрэгцээ улсын авто замын санд авто замын төлбөр, хураамжаас төвлөрөх байсан орлогыг тасалдуулж, өнөөдрийн байдлаар ойролцоогоор 1.9 тэрбум төгрөгийн алдагдалд оруулаад байна.

4.Оюу Толгой" ХХК болон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд 2010 онд ОТА3/169 дугаар "Оюу Толгойн авто зам барих тухай гэрээ"-г байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу А0203 дугаартай Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн улсын чанартай авто замын хэсэг болох Оюу Толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг барьсан.

4.1. Гэрээний дагуу 2012 онд ашиглалтад оруулах байсан боловч Он уурхайгаас Цагаан хад орчимд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замтай холбогдсон 85.57 км замыг 2015 онд 02/06/15 дугаартай актаар, уг уулзвараас Гашуунсухайт боомт хүртэл 19.2 км хүртэлх хүчитгэсэн хучилтын хийц бүхий замыг 2022 онд 06/24/22 актаар эзэмшигч Зам, тээврийн хөгжлийн яам, ашиглагч байгууллага болох "Оюу толгой" ХХК-ийн мэдэлд улсын ашиглалтад хүлээн авсан.

4.2. Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна", мөн хуулийн 17.2-д "Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна" гэж авто замын өмчлөгч, эзэмшигчийн талаар тодорхой зааж өгсөн.

4.3. Авто замын тухай хуулийн 17.2-д заасны дагуу А0203 дугаартай Оюу Толгой- Гашуунсухайт чиглэлийн авто замын эзэмшигч нь Зам, тээврийн яам бөгөөд тухайн замын барилгын үед "О" ХХК-ийн барьж ашиглаж байсан Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн замын түр зам нь 2022 онд тус чиглэлийн авто замын ашиглалтад хүлээн авснаар Зам, тээврийн яамны мэдэлд шилжсэн байна.

Иймд нэхэмжлэгч "С" ХХК-аас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.13-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан", мөн зүйлийн 47.1.4-т "захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус", мөн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэх үндэслэлээр Зам, тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох" хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

 

Дөрөв. Захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Энэхүү маргаанд хэргийн оролцогч талуудын зүгээс маргаж буй гол зүйл нь "С" ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Хайрхан баг, Цагаанхад суурьшлын бүсээс хилийн Гашуунсухайт боомт чиглэлийн тусгай зориулалтын хатуу хучилттай 19.2 км авто замыг ашиглалтад авч бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажиллагааг хийлгүйгээр замын хөдөлгөөнийг нээсэн болон тус замаар зорчих хүнд даацын тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авч, Улсын авто замын санд төвлөрүүлэх шийдвэрлэсэн Зам, тээврийн сайдын үйл ажиллагаа үндэслэл бүхий эсэх, баримталсан хуулийн зорилгод нийцэж байгаа эсэх асуудал байна.

4.3.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “...улс орны эдийн засаг, нүүрс тээвэрлэлтийн хөдөлгөөнийг зохион байгуулах, сайжруулах зорилгоор тухайн 19 км орон нутгийн чанартай шороон замыг засан сайжруулалт хийгээд хатуу хучилттай болгож 100% өөрийн хөрөнгө буюу бусдаас зээл тусламж авч нийт 70 тэрбум орчим төгрөгөөр барьсан байхад замын хөдөлгөөнийг “С" ХХК-д мэдэгдэлгүй нээсэн, энэ тухай сонсох ажиллагаа хийгдээгүй,

... Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4-т заасны дагуу төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хөрөнгөөр засан сайжруулалт хийгдэж хатуу хучилттай зам тул А/** дугаар тушаалын 3 дахь заалтаар шийдвэрлэсэн төлбөр мөнгөний асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээ Зам тээврийн сайдад бус Эдийн засаг хөгжлийн сайдад байх ёстой учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан буюу илт хууль бус акт гаргасан гэж, 

...Хувийн хөрөнгөөр боссон замыг арчлах, шилжүүлэх асуудал олон үе шат дараалалтай байдаг. Энэ бүх процессыг зөв хийж байж төр болон хувийн хэвшилд ашигтай нөхцөл байдал үүсдэг. Үүнийг хийгээгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан эрх зүйн үндэслэл байгаагүй...” хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Энэ бол концессоор хэрэгжих ажил биш, Зам тээврийн яамнаас зөвшөөрөл авч ажиллаа эхлүүлэх байсан. Нэхэмжлэгч компанийн хувьд  Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр зам барьсан нь буруу, буруу болох нь тогтоогдсон..., хууль бус эзэмшил, ашиглалт гэж байгаа, эрүүгийн хэргийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа...” гэж тайлбарлан маргасан.

4.4.Харин хэрэгт авагдсан баримтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан шинжлэн судлахад маргааны үйл баримттай холбоотой эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа, яллагдагчаар татагдсан эсэх үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчаас энэ талаарх баримтыг болон баримтыг эх сурвалжийг зааж өгөөгүй, ирүүлээгүй болно.

4.5.Хавтас хэрэгт авагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажлын хэсгийн дүгнэлтийн хоёрт [16] “...Өмнөговь аймгийн Засаг даргын 2025 оны А/616 дугаар захирамж[17], Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын  2023 оны А/86 дугаар захирамж[18], 2023 оны А/276 дугаар захирамж[19], 2024 оны А/271 дугаар захирамжуудыг[20] үндэслэн  "С" ХХК 2025 онд 19.2 км хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулсан.

...Улмаар уг замаар нийт 24.2 сая.тн ачаа тээвэрлэсэн,...Төлбөр хууралтын хувьд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас авто замын хураамжийг 80,000 төгрөг байхаар тогтоосон боловч "С" ХХК-ийн зүгээс 100,000 төгрөгийн хураамж авч, 20,000 төгрөгийг орон нутагт шилжүүлдэг.

...Автозамын засвар, арчлалт хийсэн талаарх гүйцэтгэлийн тайлан мэдээг орон нутгийн засаг захиргааны байгууллагаас хяналт тавьж,баталгаажуулсан баримт байхгүй байна...” гэснээс үзвэл нэхэмжлэгч "С" ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Хайрхан баг, Цагаанхад суурьшлын бүсээс хилийн Гашуунсухайт боомт чиглэлийн тусгай зориулалтын хатуу хучилттай 19.2 км авто замыг Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг даргын дээрх шийдвэрийг үндэслэл болгон тэдгээрийг хуулийн хүчин төгөлдөр байх хугацаанд тус авто замыг ашиглалтад оруулсныг буруутгах боломжгүй юм. 

4.6.Учир нь Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, сум, ...Засаг дарга авто замын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан ба энэ зүйлийн 12.1.2-т “авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх; хүрээнд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 -д “...орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнээс эрх олгосон этгээд байна” гэж заасны дагуу өөрийн нутаг дэвсгэрт байгаа өмнө ашиглагдаж байсан орон нутгийн чанартай хүчитгэсэн хучилтын хийц бүхий шороон замыг "С" ХХК-д эрх олгон тусгай зориулалтын авто зам болгон сайжруулсан байна.

4.7.Өөрөөр хэлбэл “С" ХХК-ийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур зоргын үндсэн дээр зам барьсан гэж үзэхээргүй, харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т томьёолсноор харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэгч болох Өмнөговь аймгийн Засаг дарга, Ханбогд сумын Засаг дарга нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 2-т заасан ...эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах баталгаатай эдлэх Монгол Улсын иргэний эрхийг хангах хүрээнд гаргасан шийдвэрийг үндэслэл болгон Ашигт малтмалын бүтээгдэхүүний тээврийн зардлыг бууруулах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, улмаар уул уурхайн орлогоос төсөвт орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр тус бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн нь маргаан бүхий Зам, тээврийн сайд 2026 оны А/70 дугаар тушаалын зарим заалтад заасан үндэслэлтэй бүрэн нийцжээ.

4.8.Тодруулбал, хариуцагч Зам, тээврийн сайд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 дугаар тушаалын 1 дэх заалтад “..."Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт орших "Цагаанхад” суурьшлын бүсээс Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын ачааллыг бууруулах; биржээр арилжаалсан нүүрсний экспортыг нэмэгдүүлэх; тухайн чиглэлд хийгдэж буй тээврийн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах" гэж тодорхойлсон, уг  зорилгыг хэрэгжүүлэх үүднээс урд нь ашиглаж байсан,  одоо засан сайжруулсан тусгай зориулалттай авто замын хөдөлгөөнийг нээх нь нийтийн ашиг сонирхолд нийцэх тул энэ хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан  " зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон” тусгай зарчмыг баримтлан гарсан акт гэж үзэхээс гадна уг актын 2 дахь заалтаар хариуцагч дээр дурдсан зорилгод хүрэхдээ тухайн замын хөдөлгөөнийг нээж, тусгай зориулалтын авто зам байдлаар ашиглах нь хариуцагчаас авч болох шаардлагатай хувилбар, шийдэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

4.9.Хариуцагчаас Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 “олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах, бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх,...ажлыг зохион байгуулах”-гүй авто замын хөдөлгөөнийг нээх шийдвэр нь Цагаанхад суурьшлын бүс, Гашуун сухайт боомтод оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй ажиллах, амьдрах эрх зөрчигдөхөөс, байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэхээс, авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болох нөхцөл байдлыг буруулахад чухал ач холбогдол бүхий болсноос гадна нийтийн эрх ашгийн төлөө хүсэл зоригоо илэрхийлсэн Түмэн наст тээвэрчдийн зөвлөл” холбооны нийт жолооч нарын эрх ашиг хангагдах нь сайшаалтай ч цаашид тус замын замын хөдөлгөөнийг бодитоор нээхдээ авто замыг байнгын ашиглалтад авах журмыг баримтлах нь зохистой гэж шүүх үзэв.

4.10.Учир нь маргаан бүхий актын хууль зүйн голлох зохицуулалт болох Автозамын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1.авто замын тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах; 10.1.9.олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто замын ашиглалт, засвар, арчлалтын ажлыг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулах; 10.1.11.авто замын бүрэн бүтэн байдал, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах талаар байгууллага, аж ахуйн нэгжид үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах; 17.1.Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна”-тай бичгийн үндэслэл нийцэх ёстой.

4.11.Өөрөөр хэлбэл дээрх баримталсан зүйл заалтаар тусгай зориулалтын авто замын ашиглалтыг шийдвэрлэж байгаа тохиолдолд даруй улсын комисс ажиллуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй[21].

4.12. Тус замыг албан ёсоор ашиглалтад хүлээн авснаар шороон замын тоосжилт, эвдрэл, түгжрэлээс үүдэн бий болсон хугацаа болон засвар үйлчилгээний зардал, дугуйн элэгдэл, сэлбэг, түлшний зардал багасах буюу тээврийн зардал буурч, тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлж буй иргэн, хуулийн этгээдийн орлого нэмэгдэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зохих журмын дагуу мөрдөгдөхөөс гадна байгаль орчинд ээлтэй нөхцөл байдал бий болно.

4.13.Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий актын үндэслэл болсон Авто тээврийн тухай хуулийн заалтаар зам нээх, хэвийн үйл ажиллагааг хангах, тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг асуудлыг шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” буюу хариуцагчийг маргаан бүхий актын холбогдох хэсгийг гаргахдаа  эрх зүйн ямар нэг зохицуулалтад огт тулгуурлаагүй байх, эсхүл хэрэглэсэн хуулийн заалт нь тухайн маргаантай харилцаанд эрх зүйн агуулгын хувьд илэрхий хамааралгүй, бодит нөхцөл байдалд илт зөрүүтэй байдлаар хэрэглэгдсэн байх, эсхүл эрх зүйн хэм хэмжээний агуулга, зорилгыг ноцтой гажуудуулсан шинжтэй байх зэрэг нөхцөлүүд бодитой тогтоогдоогүй тул Зам, тээврийн сайд 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 дугаар тушаалын 1, 2, 4 дэх заалтыг илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлгүй юм.

4.14.Харин тус актын 3 дахь заалтын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэг заасан "илт хууль бус актад тооцох" үндэслэл байна.

4.15.Бодит байдалд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, Хайрхан баг, Цагаанхад суурьшлын бүсээс хилийн Гашуунсухайт боомт чиглэлийн шороон замыг 2012 оноос ашигласаар ирсэн бөгөөд уг замыг нэхэмжлэгч компани өөрийн  хөрөнгөөр засан сайжруулан тусгай зориулалтын хатуу хучилттай[22] зам болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхаас гадна энэ үйл баримтыг хариуцагчаас үгүйсгээгүй.

4.16.Энгийнээр хэлбэл төрөөс хийж хэрэгжүүлээгүй ажлыг хувийн санхүүжилтээр улс-нийтийн эрх ашгийн төлөө хийж гүйцэтгэсэн нь буруу биш, эдийн засгийн үр өгөөжийг бүгд хүртэхээс гадна тээврийн зохион байгуулалтыг хийж байсан нь төр, нийтийн ашиг сонирхолд харшилсан зүйлгүй, нэхэмжлэгч компанийн үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд болохын хувьд тэдний өөрийн хувийн хөрөнгө оруулалтаар засан сайжруулсан замыг хариуцагчаас тусгай зориулалтаар байнгын ашиглалтад авахдаа авто зам ашигласны төлбөрийн асуудлыг Засгийн газраас тогтоосон хэмжээний хүрээнд талууд харилцан тохиролцож, хаана төвлөрүүлэхийг шийдвэрлэх нь шударга ёсонд нийцэх бөгөөд үүнийг хэрэгжүүлэхдээ Төр хувийн хэвшлийн хамтын түншлэлийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

4.17.Харин нэхэмжлэгч компани энэ замыг барьж ашиглалтад оруулахдаа тодорхой хэмжээний зардал гаргасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас авто замын төлбөрийг 80,000 төгрөг байхаар тогтоосон боловч “С” ХХК 100,000 төгрөгийн хураамж авч 20,000 төгрөгийг орон нутгийн төсөвт оруулж буй үйл баримт байхад тухайн авто зам ашигласны төлбөрийг шууд Улсын авто замын санд төвлөрүүлэх шийдвэр гаргах нь буруу, ийм эрх хэмжээ Зам, тээврийн сайдад  хуульд тусгайлан олгогдоогүй байх тул шүүх энэ хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасны дагуу "илт хууль бус актад тооцох" үндэслэлтэй байхаас гадна энэхүү заалтыг биелүүлэх арга, хэлбэр тодорхойгүй, бодит нөхцөл байдлыг бүрэн судлаагүй зэрэг нь тухайн заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаатуулах боломжтой юм.

4.18.Энгийнээр хэлбэл хувийн хөрөнгөөр засан сайжруулсан зам ашигласны төлбөрийг төр /хариуцагч/ шууд авах хууль эрх зүйн үндэс байхгүй.

4.19.Зүй нь, уг компанийн гаргасан зардлыг шийдвэрлэхгүйгээр дайчлан авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3/ Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно” гэх үндсэн эрх хөндөгдөх тул тухайн замыг өмчийн хувьд эхлээд шийдвэрлэх, /холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр гаргах/, өмчийг бүртгэх зэрэг ажиллагаа хийгдсэний дараа авто зам ашигласны төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь эрх зүйт ёсонд тохирно.

4.20.Эцэст нь маргаан бүхий актыг 4 дэх заалтын талаар талаар тусгайлан хууль зүйн үндэслэл заан маргаагүй, шүүх уг заалтыг хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн, илт хууль бус актын шинжийг агуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.2, 17 дугаар зүйлийн 17.3, 24 дүгээр зүйлийн 24.6, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-иас Зам тээврийн сайдад холбогдуулан гаргасан Зам тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/70 дугаар тушаалыг 3 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож, бусад заалтыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тал шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР

 

[1] Шүүхэд өгсөн нотлох баримтын 3-8 хуудас

 

[2] Шүүхэд өгсөн нотлох баримтын 9-12 хуудас

[3] Шүүхэд өгсөн нотлох баримтын 13-16 хуудас

[4] Шүүхэд өгсөн нотлох баримтын 17-21 хуудас

[5] Шүүхэд өгсөн нотлох баримтын 22-29 хуудас

[6] Шүүхэд өгсөн нотлох баримтын 30 хуудас

[7] 1 дүгээр хавтас хэргийн 8 хуудас,

[8] 1 дүгээр хавтас хэргийн 9-12 хуудас

[9] Шүүхэд өгсөн нотлох баримтын 35 хуудас

[10] Шүүхэд өгсөн нотлох баримтын 38-48 хуудас

[11] 1 дүгээр хавтас хэргийн 88 хуудас

[12] 1 дүгээр хавтас хэргийн 90-91 хуудас

[13] 1 дүгээр хавтас хэргийн 94 хуудас

[14] 1 дүгээр хавтас хэргийн 138 хуудас

[15] 1 дүгээр хавтас хэргийн 33 хуудас

[16] 1 дүгээр хавтас хэргийн 58-63 хуудас

[17] 1 дүгээр хавтас хэргийн 8 хуудас

[18] 2 дугаар хавтас хэргийн 54 хуудас

[19] 2 дугаар хавтас хэргийн 55 хуудас

[20] 2 дугаар хавтас хэргийн 56 хуудас

[21] 1 дүгээр хавтас хэргийн 47 хуудас

[22] Авто тээврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27."тусгай зориулалтын авто зам" гэж тусгай зориулалтын тээврийн үйлчилгээнд зориулсан авто замыг;