| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0108/Э/ |
| Дугаар | 115 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 115
2018 оны 06 сарын 28 өдөр Дугаар 2018/ШЦТ/115 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Иргэдийн төлөөлөгч: Б.Наранхүү
Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох 1728001140083 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр баг Хуршуут гэх газар О.Үийн бие эрх чөлөөнд зэвсгийн чанартай зүйл хэрэглэн халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 4 дүгээр багийн нутаг Хуршуут гэх газар хохирогч О.Үийн биед төмөр малтуур хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...10 дугаар сарын 25-ны өдөр Өгүүлэгч ахыг сум явах гэж байхаар нь 2 хүүхдээ өгч явуулсан. 2 хүүхдээ авах гэж очсон чинь сууж бай гэсэн. Сууж байгаад 0.5 грамм архинаас хийж өгснийг нь уусан. Утсыг нь авч хариад ярих гээд зогсож байсан чинь цэрэг нь ирээд утсаа авъя гэсэн. Утсыг нь дөнгөж өгчихөөд л байж байтал Өгүүлэгч ах аймаар чанга хараагаад ирж байсан. Би цаашаа зугтсан чинь араас гүйцэж ирээд том том чулуугаар нүүлгээд байсан. Би маш их айж балмагдаад яахаа мэдэхгүй зугтаад л байсан. Тонгойгоод бутан дундуур мөлхөж байгаад харсан чинь цэрэгтэйгээ хоёулаа юм яриад зогсож байгаа харагдсан. Тэгэхээр нь цэргийг нь Өгүүлэгч ахыг барьж бай гэж хэлчихээд гэрийнхээ зүүн хойд хаяанд очоод шигдээд сууж байсан чинь дахиад хүрээд ирсэн. Бага хүүхэд гэрт уйлаад байсан. Авраач туслаач гэсэн чинь хүүхэд мөд гарч ирэхгүй байсан. Сандраад айгаад, том гэрийн ард нуугдаад сууж байсан чинь араас хүрээд ирсэн. Ингээд газар тэмтрэхэд гарт нэг юм баригдсан. Айгаад өөрийгөө хамгаалах гэж тийм үйлдэл хийсэн нь үнэн. Ийм гэмт хэрэг хийсэндээ харамсаж байна. Цохьсон дараа лаг хийтэл газар суусан. Ядаргаатай юм наадахаа аваачиж унтуул гэж би хэлсэн. Газар сууж байгаад дахиад босож ирээд ална хядна хүйс тэмтэрнэ гээд босоод ирсэн. Дахиад 2 талаас нь айлгах гээд цохьсон. Тэгээд яваад өгсөн. Жаахан байж байгаад цэрэг нь гүйгээд ирсэн. Өгүүлэгч ахын толгой хагарчихсан байна гэсэн. Эмнэлгийн дугаар байхгүй байсан учраас хүүхэд рүү нь залгасан. Эмч цагдаа дууд гэсэн. Эмч цагдаа ирээд аваад явсан. Маргааш нь манай эгч ирээд өөрөө цагдаа дээр очоод хэл гэсэн. Эгчийнд очоод хонох гээд байж байсан чинь сумын цагдаа утсаар яриад цохьсон төмөр, цэрэг хоёроо аваад хүрээд ир гэсэн. Ер нь архи уухаараа дандаа ирж агсан тавьдаг. Ээж аавынх руугаа зугтчих юм бол араас хөөж ирдэггүй. Тэр үед манай аав ээж хоёр эзгүй байсан юм. Аав тэр хүний дарга байсан болохоор ааваас айдаг юм шиг байна билээ. Манайд дандаа ирж агсан тавьдаг. Бага хүүхэд гэдсэнд байхад үүрээр гэрийн гадаа ирээд ална хядна хаалгаа тавь гээд нүдээд байсан. Тавихгүй гэсэн чинь хошлонг чинь тасдаж ороод, гэдсийг чинь хүүлж ална гээд байсан. Үнэхээр цохъё гэсэн санаа агуулаагүй байсан. Наашаа цаашаа харж байсныг би анзаараагүй. Айгаад чичрээд, ядаж гэрт хүүхэд уйлаад байсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Ү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...2017 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 10 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох 4-р багт байрлах Хуршуут гэдэг газар гэртээ байж байгаад сум руу явсан. Тэгэхэд хажуу айл болох Д.О хоёр хүүхэд нь хамт явсан. Тэгээд би сум ороод эмнэлэг дээр эмчид биеэ үзүүлчихээд эм тан аваад Гурвантэс сумаас явахдаа Д.О аав ээжийнд хоёр хүүхдийг нь авах гээд очих гээд явж байхад замд нэг найз таараад нэг шил 0.5 граммын архийг тал хүртэл хувааж уучихаад Д.О гэрт нь очсон. Тэгээд тэнд хугас шилтэй архийг Даш өвгөнтэй уучихаад би хоёр хүүхдийг нь аваад буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд орой 17 цагийн үед ирчихээд байж байтал хажуу айлын Д.О хоёр хүүхдээ авах гээд ирэхээр нь гэрт хүн надад өгөөд үлдээсэн 0.5 граммын Ерөөл нэртэй архи байсныг нь Д.О бид хоёр хувааж уусан. Тэгээд Д.О хоёр хүүхдээ аваад явахаар нь цэргийн хүү Сууринбат бид хоёр хоол цайгаа ууж идчихээд амарсан. Тэгээд шөнө 00 цаг өнгөрч байсан байх Сууринбат намайг сэрээгээд “Д.О утас авч явна гээд байна гэж хэлэхээр нь би утсыг аваад яв гэж хэлээд буцаад хэвтэж байсан. Тэгээд нэлээн удаад цэргийн хүү Сууринбатыг хүлээгээд ирэхгүй байхаар нь би хувцсаа өмсөөд Д.О гэрийн гадаа нь иртэл Д.О гэрээсээ гараад ирэхээр нь би уурлаад утас аваад алга болчихлоо, ална шүү гээд газраас нэг хоёр чулуу аваад Д.О луу шидсэн чинь цаашаа зугатаад явчихсан. Тэгтэл цэргийн хүү Сууринбат миний гар утсыг надад өгсөн. Тэгээд Сууринбат бид хоёр Д.О гэрээс 5-6 м зайд гэр рүүгээ явж байтал гэнэт л миний толгойны ар луу нэг юмаар цохих шиг болсон. Тэгээд ухаан манараад доошоо явган суутал дахиад миний ар нуруу хавьд нэг юмаар цохихоор би гэр рүүгээ явъя гээд Сууринбатаар түшүүлээд гэртээ очиход миний толгойноос цус гараад энгэр цээж цус болчихсон гэрийн хулдаасан дээр дусалж байсан. Тэгээд цус тогтохгүй байхаар нь Сууринбатыг явж Д.О дууд гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Д.О орж ирэхээр нь би эмнэлэг түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын эмнэлэг хүрч ирээд намайг эмнэлэг рүү авч явчихаад тэр шөнөдөө аймгийн гэмтлийн тасагт ирж хэвтсэн. Би архи уусан байсан. Гэхдээ тийм их согтоогүй болсон зүйлийг бүгдийг нь тод санаж байна. Гар утас аваад удахаар нь утсаа авах гэж очсон юм. Тэгээд уур хүрээд ална гэж хэлсэн. Би Д.О гар утсаа өгөө, хүнтэй яриадахъя гэхэд би өөрөө өгсөн юм. Гэрээсээ гараад зугтахаар би араас нь чулуу шидсэн юм. Д.О миний араас толгойны ар руу ногооны талбайд зэрлэг түүдэг гаапуугаар \малтуур\ цохьсон. Толгой руу цохьчихоод дараа нь миний ар нуруу луу нэг удаа цохиж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй Мөнгө өгсөн , нийт 1.800.000 мянган төгрөг өгсөн.” /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Ө.Смөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би Хилийн цэргийн 0166-р ангид цэргийн алба хааж байгаа юм. Гурвантэс сумаас 70 км-т Хоршуут нэртэй газар овоотын цэргийн ангийн хүнсний ногоо болох төмс тарьдаг юм. Би тэнд Үнэн-Өгүүлэгч ахтай хамт амьдарч ногоо тарьдаг. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Үнэн-Өгүүлэгч ах Д.О эгчийн 2 хүүтэй хамт өглөө 10 цаг өнгөрч байхад Гурвантэс сумын төв орж эмнэлэгт орж нүдээ үзүүлнэ гээд явсан. Орой 17 цагийн үед гэрт ирсэн. Тэгэхдээ бага зэргийн архи үнэртүүлж ирсэн. Нээх удаагүй Овоотын цэргийн ангийн жолооч Мандах ах ирж Үнэн-Өгүүлэгч ахад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи өгөөд Үнэн-Өгүүлэгч ахад би 5 дугаар застав орох гэж байна явлаа гээд явсан. Тэгээд Мандах ахыг явсны дараа Д.О эгч ирээд Үнэн-Өгүүлэгч ах, Д.О эгч хоёр Мандах ахын өгсөн 0.5 литрийн Ерөөл нэртэй архиа хувааж ууж дуусгачаад Д.О эгч хоёр хүүгээ аваад гэр лүүгээ харих гээд яваад өгсөн. 1, 2 цагийн дараа хаалга тогшоод байхаар нь би хаалгаа нээж өгсөн чинь Д.О эгч Үнэн-Өгүүлэгч ахыг Skytel-ийн утсаа өгчих мессеж бичиж байгаад маргааш үдээс хойш өгье гэсэн чинь Үнэн-Өгүүлэгч ах би чамаас утсаа харамладаггүй ш дээ наад цэрэг чинь мэдэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.О эгчид гал тогооны өрөөнд цонхон дээр байгаа гэж хэлээд Д.О эгч аваад гараад явсан. Тэгээд Үнэн-Өгүүлэгч ах утас аваад ир гээд намайг явуулсан. Би Д.О эгчийнд очоод Үнэн-Өгүүлэгч ах утас гэнэ ээ гэж хэлээд үүдэнд нь зогсож байсан чинь Д.О эгч гэрээсээ гарч ирээд Skytel-ийн гар утсыг надад өгсөн. Тэгсэн Үнэн-Өгүүлэгч ах араас хүрч ирээд чулуу аваад Д.О эгч рүү шидээд дахиад газраас чулуу авсан чинь Д.О эгч цаашаагаа бага гэрийнхээ урдуур гүйсэн чинь бут руу өнхөрч унаад цаашаагаа мөлхөж босоод гүйгээд алга болсон. Би Үнэн-Өгүүлэгч ахын газраас авсан чулууг нь гараас нь салгаж доошоо хаячихаад би Үнэн-Өгүүлэгч ахыг аваад гэр лүүгээ харьж байсан чинь Д.О эгчийн том гэрийн баруун гар талд нь нэг том амбаар байдаг юм тэр амбаарыг нь өнгөрч явтал гэнэт ардаас Д.О эгч гарч ирээд гартаа нэг урт төмөр барьсан Үнэн-Өгүүлэгч ахын толгойны ар хэсэг рүү цохьсон чинь Үнэн-Өгүүлэгч ах газарт унаад хэвтсэн. Тэгсэн Д.О эгч нэг юм хэлээд байсан бас Үнэн-Өгүүлэгч ах өөдөөс нь юм яриад байхаар нь би Үнэн-Өгүүлэгч ахыг босгоод бид хоёр гэр лүүгээ алхаж гэртээ очоод гэрэлд харсан чинь Үнэн-Өгүүлэгч ахын толгойны арын хэсгээс цус гоожиж байсан юм. Тэгсэн Үнэн-Өгүүлэгч ах Д.О эгчээ дууд гэхээр нь би гүйж очоод хаалгыг тогшоод Үнэн-Өгүүлэгч ах дуудаж байна толгойноос нь цус гоожоод байна гэсэн чинь хүү нь босож ирээд би үзээд ирье гээд бид хоёр хамт буцаж гэрт ирсэн чинь Д.О эгчийн хүү нь ээжийг дууд дууд гэхээр нь би буцаж явж Д.О эгчийг дуудсан. Тэгээд Д.О эгч Гурвантэс сум руу залгаж эмнэлэг дуудаад эмнэлэг ирж Үнэн-Өгүүлэгч ахыг аваад явсан. Би тэр хоёрыг архи ууж байх үед Д.О эгчийн хоёр хүүхэдтэй хамт нөгөө өрөөнд зурагт үзээд сууж байсан. 0.5 литрийн Ерөөл нэртэй архи л хувааж уусан өөр архи байгаагүй. Д.О эгчийн гэр манайхаас ойрхон 200-300 метр байдаг юм. Том хүү нь Өлзийдэлгэр 19 настай, бага хүү нь Эрдэнэсүмбэрэл 3, 4 настай байх том хүү нь жижиг гэртээ дотроо унтаж байсан. Бага хүүхэд нь том гэр дотроо байсан. Д.О эгчийн аав ээж нь байдаг юм. Тухайн үед гэртээ байхгүй байсан. ...би орондоо ороод унтаж байтал Үнэн-Өгүүлэгч ах намайг дуудаад Октябриас гар утас аваад ир гэж намайг явуулсан. Би тэгээд гэрээс гараад баруун хойшоо яваад Д.О эгчийн гэрийн хаалгыг тогшоод Үнэн-Өгүүлэгч ах гар утас аваад ирээ гэж хэлээд гэрийн үүдэнд нь зогсож байтал Үнэн-Өгүүлэгч ах гэрээсээ гараад наашаа ирж байгаа бололтой хашгираад ирж байгаа чимээтэй байсан тэгтэл Д.О гэрийн хаалгаа онгойлгоод надад гар утас өгтөл Үнэн- Өгүүлэгч хүрч ирээд чулуу шидсэн тэгтэл Д.О гэрийнхээ үүдэнд зогсож байгаад хажуу талын жижиг гэрийн урдуур ороод цаад талд нь байдаг дэрс бут руу ороод газар унахаар би Үнэн-Өгүүлэгч ахын гарт байсан чулууг авсан.Тэгтэл Д.О цаашаа мөлхөөд алга болсон. Тэгээд би Үнэн-Өгүүлэгч ахыг авч яваад ард нь дагаад явж байтал Үнэн-Өгүүлэгч ах Д.О эгчийн том гэрийн зүүн урд талд нь байгаа үүдний амбаарын урдуур ороод цаашаа явж байтал үүдний амбаарын хавиас Д.О эгч гарч ирээд гартаа барьж байсан малтуур шиг \гаапуу гэх\ төмрөөр Үнэн-Өгүүлэгч ахыг цаашаа явж байхад араас гүйж очоод толгой руу нэг удаа цохиод автал Үнэн-өгүүлэгч ах газар саваад унасан тэгтэл Д.О нөгөө төмрөөрөө нурууны хавьд нь нэг удаа цохих шил болоод нөгөө төмрөөрөө Үнэн-Өгүүлэгч ахыг газар хэвтэж байхад хоёр талд нь төмрөөрөө газар цохиод байсан.Тэр хоёр хоорондоо хэрэлдээд байхаар би Үнэн-Өгүүлэгч ахыг газраас босготол Үнэн-Өгүүлэгч ах өөрөө гэр лүүгээ явахаар нь би араас дагаад гэрт нь ороход Үнэн-Өгүүлэгчийн толгойны арын дагз хавиас нь цус гараад тогтохгүй байсан түүнийгээ даавуугаар боосон. Тэгээд Үнэн-Өгүүлэгч ах намайг яваад Д.О дуудаад ир гэхээр би гэрээс гараад Д.О эгчийг дуудаж авчирсан тэгээд Д.О эгч гар утсаар эмнэлэг рүү залгаж түргэн дуудсан.удалгүй Гурвантэс сумаас эмнэлгийн эмч нар ирээд Үнэн-Өгүүлэгч ахыг эмнэлгийн машинаар аваад явсан. Тэр rap утсыг Д.О эгч авч яваад удаад байна гээд Үнэн-Өгүүлэгч ах уурлаад үүнээс болж хэрүүл маргаан болж Д.О эгч Үнэн-Өгүүлэг ахыг төмрөөр цохиж авсан. Д.О үүдний амбаарын ар талаас гарч ирээд Үнэн-Өгүүлэгч ахыг цаашаа явж байхад миний хажуугаар гүйж гараад Үнэн-Өгүүлэгч ахыг цаашаа явж байхад нь араас толгой руу нэг удаа төмрөөр цохиж авсан тэгээд газар унасан байхад мөн нуруу хавьд нэг удаа цохиж аваад газар луу төмрөөрөө цохиод байсан. Тэр төмөр нь Д.О эгчийн үүдний амбаар дотор нь байдаг төмөр байсан тэр төмрөөр ногооны зэрлэг түүдэг газар малтахад хэргэлдэг төмөр байсан Асуулт: О.Үийн биед ямар гэмтэл шарх сорви үүссэн юм бэ? Хариулт: Толгойны арын дагз хавьд хутгаар зүсчихсэн юм шиг ярчихсан байсан түүнээс цус гараад тогтохгүй байсан өөр ил харагдах сорви байгаагүй Чулуу шидээд байсан тэр чулуу нь Д.О оноогүй хажуугаар нь гараад байсан.
...Намайг О.Ү аваад Д.О гэрийн урдуур гараад аваад явж байхад амандаа юм үглээд цаашаа явж байсан тэр үлгэж байгаа нь үг нь сайн сонсогдохгүй байсан. Би Д.О хаана байсныг хараагүй гэнэт л гэрийн зүүн урд талд байдаг пингийн хойд талаас гартаа малтуур \гаапуу\ барьчихсан гүйж хажуугаар гараад миний өмнө талд явж байсан Үнэн-Өгүүлэгч ахын толгой руу нь нэг удаа цохиж авахад Үнэн-Өгүүлэгч ах газар унасан. Тэр шидсэн чулуу нь Д.О оноогүй хажуугаар гарсан Би 2017 оны 06 дугаар сард энэ Хуршуут гэх газарт ногоо тарих гэж ирсэн байсан юм. Намайг байх хугацаанд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй харин хоёулаа архи уухаараа хоорондоо маргалдах гээд байдаг байсан. Үнэн-Өгүүлэгч ах тайван дөлгөөн зантай хүнд тусархуу зантай, хаад уудаг, ам бүл ганцаараа амьдардаг хүн байгаа юм. Хүнд тусархуу зантай, архи уухаараа жаахан тавьтаргүй зантай хүн.” /хх-ийн 22-23, 24-25, 89-р хуудас/,
Гэрч С.Даш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Миний 7 дахь хүүхэд байгаа юм. Миний төрсөн охин байгаа юм.Би одоо Гурвантэс сумын нутаг болох Хуршуут гэх газарт ногоо тариад 30 гаруй жил болж байна манай саахалт айл миний охин Д.О байдаг мөн цэргийн ангийн ногоочин Үнэн-Өгүүлэгч хамт саахалт айлууд байдаг юм. Д.О нь бага насандаа энэ Хуршуут гэх газарт өссөн тэгээд тэндээ айл гэр болж манайтай саахалт айл буусан юм. Мөн тэндээ жаахан газарт ногоо тарьдаг юм. Д.О нь гурван хүүхэдтэй том хүү нь тусдаа гарсан хоёр дахь аймгийн коллежид сурдаг, Хамгийн бага хүү нь 4 настай ээжтэйгээ хамт амьдардаг юм. Намайг 1980 онд Хуршуутад ногооны бригадын дарга байхад Үнэн-Өгүүлэгч ногоочноор ирж байсан юм. Сүүлд манай багийн тоо бүртгэгч хийж байгаад 2008 оноос хойш хилийн цэргийн 0166 дугаар ангийн ногоочноор ирж байсан юм. Манай охинтой энгийн харьцаатай байдаг. Хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаантай зүйл байхгүй байдаг байсан. Бид нар айл саахалт болоод 30 гаруй жил болж байна. Миний охин ажилд сайн, хүн амьтанд их тустай хүн.” /хх-ийн 91-р хуудас/,
Гэрч Д.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”... Миний төрсөн охин байгаа юм. Энэ хоёр манайтай айл саахалт байдаг хүмүүс. Энгийн харьцаатай байдаг, хамт нэг газарт ногоо тарьдаг. Үнэн-Өгүүлэгчтэй айл саахалт болоод нийт 20 гаруй жил болж байна. Миний охин жаахан ширүүн дориун зантай бусдаар бол ажилсаг, хүнд тусархуу, хүнд муу юм боддоггүй уурлаад байж байгаад удалгүй уур гараад явж байдаг хүн байгаа юм. Миний охин 3 хүүхэдтэйгээ хамт амьдардаг юм. Том хүү нь 18 настай “Эсжиэс” ХХК-ний уурхайд ажилдаг, дунд охин нь Өмнөговь аймагт сургуульд сурдаг харин бага хүүтэйгээ \4 настай\ хамт амьдардаг юм.” /хх-ийн 92-р хуудас/,
Шүүгдэгч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Гурвантэс сумын 4-р багт байрлах Хуршуут гэдэг газар гэртээ байж байхад Үнэн-Өгүүлэгч ах Гурвантэс сум руу явна гэхээр хоёр хүүхдээ хамт сум руу явуулсан. Тэгээд орой Үнэн-Өгүүлэгч сумаас ирсэн хамт манай хоёр хүүхэд хамт ирсэн. Би тэгээд Үнэн-Өгүүлэгчийн гэрт очиход Үнэн-Өгүүлэгч ах нэлээн архи уучихсан согтуу байхаар би хоёр хүүхдээ аваад явах гэтэл намайг сууж бай гэж хэлээд надад хүн архи үлдээсэн байна гээд нэг шил 0.5 граммын Ерөөл нэртэй бүтэн шил архи гаргаж ирэхээр Үнэн-Өгүүлэгч ах бид хоёр тэр архийг хоёулаа хувааж уусан.Тэгэхэд Үнэн-Өгүүлэгч ах нэлээн согтохоор нь би хоёр хүүхдээ аваад гэр лүүгээ явсан.Тэгээд би гэртээ орж хоол цайгаа уучихаад буцаад ганцаараа яваад Үнэн-Өгүүлэгчийн гэрт нь очиход Үнэн-Өгүүлэгч сэрүүн байхаар гар утсаа өгчих гэхэд гэрт нь байсан Сууринбат гэдэг цэрэг гар утас нь цонхон дээр байгаа гэхээр цонхон дээр нь байсан гар утсыг нь авчихаад буцаад гэртээ очоод гар утсаар яриад зогсож байтал миний араас Сууринбат цэрэг хүрч ирээд Үнэн-Өгүүлэгч ах гар утас аваад ир гэж байна гэж хэлсэн.Би тэгээд гэрээс гараад гар утсыг Сууринбатад өгөхөд Үнэн-Өгүүлэгч ах гэрийнхээ зүгээс ална, хядна.пязда, гөлөг минь гээд хашгираад ирж байхаар би жижиг гэрийнхээ урдуур ороод баруун тийшээ гараад зугатаасан. Араас туулгаад том том чулуу шидээд араас хөөгөөд байхаар би бултаад цаашаа явж байгаад Сууринбатыг наад хүнээ бариад ав гэхэд Сууринбат Үнэн-Өгүлэгчийн гарнаас нь бариад авсан. Би тэгээд хоёр гэрийн урдуур гараад пингийн ард гарсан чинь араас Үнэн-Өгүүлэгч гараад ирсэн тэгэхэд гэрт хүүхэд уйлаад би айгаад пингийн ард очиход араас хүрээд ирэхээр би доошоо тонгойгоод суухад гарт нэг юм баригдахаар айж сандарсандаа Үнэн-Өгүүлэгчийн нуруу руу нэг удаа цохиод авсан.Тэгтэл Үнэн-Өгүүлэгч ах газар суухаар би хүрч очоод баахан загнасан. Тэгээд Сууринбатыг наад хүнээ гэрт нь хүргэж өг гээд би гэр лүүгээ орсон.Тэгээд унтах гээд хувцсаа тайлаад унтах гэж байтал Сууринбат хүрч ирээд Үнэн-Өгүүлэгчийн толгой нь хагарчихсан цус гараад байна таныг хүрээд ир гэж байна гэж хэлэхээр би Сууринбаттай хүрээд очиход Үнэн-Өгүүлэгчийн толгойноос цус гараад цусаа гоожуулаад сууж байсан. Тэгэхээр би биеийг үзье гэхэд үзүүлэхгүй байхаар утсаар нь охин Отгонбаяр луу залгаж “аавын чинь толгойг санамсаргүй хагалчихсан, эмч цагдаа дуудаад өг гэж хэлсэн.Тэгээд удалгүй сумын эмч нар ирээд О.Ү сум руу аваад явсан. Үнэн-Өгүүлэгч намайг гар утас авч явлаа гэж уурлаад ирж агсам тавьсан үүнээс болж хэрүүл маргаан зодоон болсон. Толгойноос цус гараад байсан биеийг үзэх гэхэд үзүүлэхгүй байсан. Би зэрлэг түүдэг гаапуу \хамуур\ төмрөөр Үнэн-Өгүүлэгчийн толгойны хавьд нь нэг л удаа цохиж авсан.өөр би цохисон зүйл байхгүй” /хх-ийн 35-36-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №529 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: Үнэн-Өгүүлэгчийн биед зүүн зулайн хуйхны язарсан шарх, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал, хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, цээжний ар, зүүн бөөр орчмын цус хуралт гэмтэл үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гавал тархинд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, цус хуралт гэмтэл нь 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 27-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10-р хуудас
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-75-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Д.Д.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зэвсэг,тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж байхаар хуульчилсан ба улсын яллагч энэ зүйл, хэсэг, заалтад байхгүй үндэслэлээр буюу “зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн зүйлчилж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Энэхүү зүйлд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Харин “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ.
Шүүгдэгч Д.О нь хохирогч О.Үийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа ногооны зэрлэг зулгаах зориулалт бүхий ажлын багаж болох гаапуу буюу малтуурыг ашигласан бөгөөд уг малтуурыг шүүгдэгч нь өөрийн ажлын багаж болгон ашигладаг байсан, мөн өдөр гэрийн хаяагаа манах зорилгоор ашиглаж байгаад гэрийн ойролцоо орхисон байсан болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ажлын багаж болох малтуурыг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлвэл шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл, хохирол учруулах зорилгоор уг малтуурыг тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулж янзлаагүй, тусгайлан бэлтгэсэн зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хамаарахгүй ажлын багажны зориулалтаар ашиглагддаг эд зүйл байна гэж үзэн шүүгдэгчийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Д.О үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ гэмт хэргийг шүүгдэгч болгоомжгүйгээр үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэж дүгнэлт гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу шүүгдэгчийн гэм буруу нь санаатай хэлбэртэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Үийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны 529 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1.900.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь нэхэмжлэх хохирол төлбөргүй болох нь түүний мэдүүлэг болон шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлт, тайлбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь ам бүл 4, 4-19 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй ба ногоо тарьж амьдралаа залгуулдаг, урьд ял шийтгүүлж байгаагүй эмэгтэй болох нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын засаг дарга О.Баттогтохын 2018.11.16 № 1/474 дугаартай тодорхойлолт, /хх-ийн 40-р хуудас/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг дарга Л.Пүрэвдоржийн 2017.11.29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 41-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 133-134-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д.О үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, мөн хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна гэж үзэв.
Иймд шүүгдэгчийн дээр дурьдсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр хуваан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын багаж болох малтуур /гаапуу/ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.О үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.О хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От шүүхээс оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, жил бүр 3.333.333 /гурван сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн торгуулийн ялыг ялтан төлж байхаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэрлэг зулгаах зориулалт бүхий гапу /малтуур/ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Э.ОЮУН-ЭРДЭНЭ
З.ТӨМӨРХҮҮ