Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/223

 

                                                                                                           

 

 

 

   2025           02            11                                      2025/ДШМ/223

 

                                               С.Жд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

шүүгдэгч С.Ж, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг, Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1426 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406012550787 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/1368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, .............. тоотод хохирогч С.Т гэрт түүнтэй хамт байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарахыг шаардсанд дургүйцэж ахуйн хэрэглээний хутга хэрэглэн түүний хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Жгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Жг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Жг 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч С.Т нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие С.Т биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирол 3.628.525 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд тухайн хэрэгт бусдад төлөх төлбөргүй болно. Түүнчлэн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие авто осолд орж тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас эмчийн хяналтад байдаг бөгөөд үүнээсээ болоод гар хуруунд таталт өгдөг болсон бөгөөд хагалгаанд орох заалттай байсан боловч хагалгаандаа орж чадалгүйгээр анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Иймд үйлдсэн гэмт хэрэг, хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал болон эрүүл мэндийн нөхцөл байдлыг минь харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие авто осолд орсноос хойш эрүүл мэндийн байдал муу байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэг С.Жгийн өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Маргасан зүйл асуудал нь хэргийн зүйлчлэл байсан. Харин өнөөдрийн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйчлэлдээ маргаагүй байр суурьтай байгаа. Мөн түүний хувийн байдал эрүүл мэндийг харгалзан оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэг хянан хэлэлцэх явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах үндэслэлгүй байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаж, хохирогчийн буруутай үйлдэл байгаа гэж маргадаг байсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Ж нь 2024 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ................тоотод хохирогч С.Т гэрт түүнтэй хамт байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрээсээ гарахыг шаардсанд дургүйцэж ахуйн хэрэглээний хутга хэрэглэн түүний хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Т “...Тэгээд архиа ууж дуусаад түүнийг гэрээсээ явуулах гээд хэлсэн бөгөөд тэр үед тэр эмэгтэй “намайг юу гэж бодоод байгаа юм, танай гэрт чинь өөр хүн авчирахгүй” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь түүнийг өөр хүн дагуулж ирж магадгүй гэж ойлгоод гэрээр дүүрэн архичид цугларах вий гэж бодоод түүнийг хөөхөд уурлаад гал тогооны шүүгээний дээр байсан ком хутганы хамгийн жижгийг нь аваад миний гэдэс хэвлийн хэсэгт 1 удаа дүрсэн. Тэгээд дүрсэн хутгаа буцаагаад атгасан чигээрээ аваад гэрээс гараад явчихсан бөгөөд тэр үедээ миний гэдэснээс их цус гарч байсан учраас гэдэс дээрээ даавуугаар дараад хүргэн дүү Ганзориг руу залгахад дүү түргэн дуудаад намайг түргэн ирж авсан. ...” /1хх 16-18/,

гэрч Д.О “...Манай охин С.Ж гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас ганцаараа цагаан өнгийн бариултай хутга бариад ороод ирсэн. Би С.Жгаас “хаанаас авсан юм, ямар хутга юм” гэхэд “айлаас авсан хутга” гэж надад хэлсэн чинь Б намайг “хутгыг нь аваад хая” гэж надад хэлэхээр нь би С.Жгаас “наад хутгаа өг” гэсэн чинь өгөхгүй байхаар нь би гарыг нь мушгиж байгаад булааж аваад гэрийнхээ хойд өрөөний цонхоор гаргаад шидсэн. Би С.Жгаас “аль байрны айлын хутга юм” гэж асуухад “хажуу 14 дүгээр байрны 5 давхарт байдаг айлаас авсан, миний таньдаг айл” гэж надад хэлсэн...” /1хх 20-21/,

гэрч Д.Г “...Т над руу залгаад “ах нь гэртээ хүнд хутгалуулчихлаа, чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн С.Т гэрт ороход өрөөнийхөө голд газар С.Т нь дээшээ хараад гэдэс дээрх шархаа улаан өнгийн богино ханцуйтай цамцаараа дарчихсан шархнаас нь цус гоожоод ойр орчим нь бас цус болсон байдалтай байсан. Би С.Таас “юу болсон талаар” асуухад “манай гэрийн ойр орчим явж байдаг нэг эмэгтэй хамт архи ууж байгаад муудалцаад намайг хутгалчихаад гараад явчихсан” гэж хэлсэн. ...” /1хх 25/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Ш.Цэцэгмаагийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 826 дугаартай “...С.Т биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн цусан хураа /500мл/ гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун дал ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун талын 3-р хавирганы далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” /1хх 236-240/,

 Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 814 дугаартай “...С.Ж нь өөрийнхөө үйлдлийг зөвөөр ойлгон мэдэж удирдан жолоодох чадвартай байна. С.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. С.Ж нь гэмт хэргийн үйлдлийн үед сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. С.Ж нь өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдаж чадаж байсан байна. С.Ж нь тухайн үедээ өөртөө болон нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийх боломжтой эсэхийг урьчилан тогтоох боломжгүй болно. С.Ж нь өөрийн үйлдсэн хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах чадвартай байна. С.Ж нь хэрэг хариуцах чадвартай байна. С.Жд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. С.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болохыг баталсан баримт бичиг үгүй байна. ...” /1хх 246-248/ гэсэн дүгнэлтүүд,

дуудлага лавлагааны хуудас /1хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 5-11/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 69-74/, өвчтний түүх /1хх 137-169/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 171-173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Жг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч, хохирогч нар хэрэг учрал гарсан өдөр шүүгдэгчийн гэрт хамт архи уусан, улмаар шүүгдэгч С.Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ хянах чадваргүй болсны улмаас ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хутга авч, хохирогч С.Тыг хэвлий тус газарт 1 удаа хутгалж хэвлийн хөндийд нэвтэрч хутгалагдсан шарх, хэвлийн хөндийд цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Жд ял шийтгэл оногдуулахдаа талуудын гаргасан ялын санал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээг харгалзан хуульд зааснаар 5 жил хорих ял нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байна.

Шүүгдэгч С.Ж болон түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг нараас “хувийн байдал болон биеийн эрүүл мэндийн байдлыг минь харгалзан, шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.

Шүүгдэгч С.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, хохирогч гомдол, саналгүй /1хх 170/ болсон, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иймд, шүүгдэгч С.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлсэн өөрчлөлтийг оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч С.Ж нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 53 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/1426 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Шүүгдэгч С.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Жгийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                        Т.ШИНЭБАЯР

 

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ