| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2018/0110/Э/ |
| Дугаар | 117 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 117
2018 оны 07 сарын 02 өдөр 2018/ШЦТ/117 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: П.Цэнднасан,
Улсын яллагч: Л.Солонго,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох 1828000000085 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр П.Эийн нүүрэн тус газарт нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэг шил архи аваад худалдааны төвийн ард талын сааданд уусан. Явах гэж байтал удирдлагын ордны урд талбайд юм болж байсан. Сааданд согтуу хүн сууж байхаар нь яваад очсон чинь сууж байсан. Юу болж байгаа юм гээд асуусан чинь чамд ямар хамаатай юм, холд зайл гэхээр нь чулуугаар цохиод авсан.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2018.05.24-ний өдөр худалдааны төвөөр тэнэж яваад Баяндалай сумын малчин Амбуу гэдэг залуу тааралдаад отор нүүдэл хийж байна гэж ярьсан. Тэгж байсан чинь Амбуу надад 20000 төгрөг бэлэглэсэн. Тэгээд би тэр мөнгөөр Цогжавхлан гэдэг дэлгүүрээс өөрөө орж нэг шил 0.33 грамм Ерөөл нэртэй архи аваад төв сааданд очсон чинь худалдааны төвөөр архи уугаад явдаг Наранхүү явж байхаар нь би дуудаад хамтдаа сааданд сууж байгаад архиа хувааж уусан. ...Очир дэлгүүрийн гадна шатан дээр сууж байснаа санаж байна түүнээс хойш юу болсныг огт санахгүй байгаа, нэг мэдэхэд эгчийн гэрт орон дээр нь толгой боодолтой хэвтэж байсан. Би тэр талаар огт мэдэхгүй, санахгүй байна, архи ууснаас болж согтоод тасарчихсан байсан. ...Миний толгойд духны орчимд урагдсан, баруун хөмсөг язарсан байсан. Духны орчимд нийт 13 оёдол тавьсан гэж эмч хэлсэн. Гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Хохиролтой холбоотой баримт байхгүй. Б.О бид хоёр адилхан архи уудаг. Мөнгөний бололцоогүй хүмүүс гэдгийг нь мэднэ” /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:”...Өнөөдөр 18 цагаас би Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд болсон үйл ажиллагааны хамгаалалтад гарч удирдлагын ордны өмнөх төв садны явган хүний гарцын хэсэгт үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгсэн чинь сааданд сууж байсан 2 согтуу хүний нэг нь нөгөөгөө зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би яваад очсон чинь Б.О гэдэг хүн Эрдэнэдөш гэдэг хүнийг зодоод толгойг нь хагалчихсан. П.Э толгойноос их цус гарч байсан. Тэгэхээр нь түргэн дуудаж хүлээлгэж өгөөд Б.Оыг нь цагдаагийн газрын жижүүрийн машин дуудаад ирэхээр нь өгч явуулсан. Тухайн үед намайг гүйж очиход Б.О цаашаа явж байсан Эрдэнэдөш зодуулсан газартаа сууж байсан. Хажууханд нь нэг тал нь цус болсон цементийн хагархай байсан. Түүгээр П.Э толгойг хагалсан байсан. Тэр цустай цементийн хагархайг нь би жижүүрийн машинд өгч явуулсан. Би энэ xоёp хүнийг танина Эрдэнэдөш, Б.О нар байнга архи уудаг. Худалдааны төв, төв саад орчмоор архи уугаад байдаг болохоор намайг эргүүл хийж явахад байнга л байж байдаг хүмүүс байгаа юм. Тэр хавьд өөр хүн байгаагүй, Б.О Эрдэнэдөш нар хоёулаа л байсан. Намайг харахад тэр хоёр саадан дотор модны хажууд сууж байгаа харагдсан тэгээд 19 цаг 10 минутын үед Б.О нь Эрдэнэдөшийг цохиж байгаа харагдахаар нь би очиж салгасан юм” /хх-ийн 18-р хуудас/,
Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийнхээ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа болохоор өмгөөлөгч авах шаардлагагүй гэж бодож байна. Танина, олон удаа хамт архи ууж байсан. Би Эрдэнэдөшөөс энд юу болж байна гэж асуусан чинь Дөш намайг холд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд миний нүүр лүү цохихоор нь миний уур хүрээд газраас нэг чулуу аваад П.Э толгой руу цохьсон. Би тухайн үед их согтуу байсан болохоор яг юу байсныг мэдээгүй чулуу л байх шиг байсан гарт атгагдаж байсан юм” /хх-ийн 31-32-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.05.28-ны өдрийн №303 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэд: П.Эийн биед духны баруун, зүүн өмнөд хэсэг, баруун хөмсөгний урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Эийн нүүрэн тус газарт нь цементэн чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба энэхүү гэмтэлтэй холбогдуулан хохирогч нь шүүгдэгчээс хохирол, хор уршиг, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний хүсэлтийн дагуу өмгөөлөгч оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.О нь тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШЗ/220 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан болох хүртэл нийт 5 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон 5 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй хэмжээний төгрөгөөр тооцож, 75.000 төгрөгийн торгуулийн ялыг эдлэх ялаас хасч тооцон, шүүгдэгч Б.Оын торгуулийн ялыг 375.000 төгрөгөөр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгуулийн ялыг төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 см урт, 10 см өргөн, 4 см зузаантай саарал өнгийн цементийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газарт даалгав.
Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.От торгох ял шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 17 см урт, 10 см өргөн, 4 см зузаантай саарал өнгийн цементийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймгийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
.