Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/239

 

                                              

 

 

 

 

 

       2025          02            18                                        2025/ДШМ/239

 

Г.Мад холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Ч, шүүгдэгч Г.Мын нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мад холбогдох 2410033241819 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

2004 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 137 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Чтой маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт цохих зэргээр зодож биед нь халдан баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүх: Г.Мыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Ч давж заалдах гомдолдоо: “...Г.М нь мөрдөн байцаалт болон прокурорын шатанд миний эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нийт 10.333.000 төгрөгийг миний Голомт банкны 3635131327 дансаар 28 удаа шилжүүлж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч Г.М нь хөдөө орон нутагт хамгаалагчаар ажилладаг бөгөөд хотод оршин суух хаяггүй, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдолдоо: “...Миний бие тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан бодит хохирол болон сэтгэл санааны хохиролд нийт 10.333.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч анхан шатны шүүхэд холбогдох материалаа гаргаж өгөөгүй юм. Мөн би “Тэнгэрлэг бурхан халдун” ХХК-д харуул хамгаалалтын албаны “Таван толгой” ХХК-ийн салбар болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хамгаалагчаар ажилладаг боловч энэ талаарх холбогдох материалаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй юм. Миний бие ам бүл 2, бага насны 1 хүүхдийн хамт хоёулаа амьдардаг, өрх толгойлгосон эцэг. Би холбогдох материалаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлаас болж болж 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж байна.

Миний хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотод байнга оршин суух хаяггүй, бага насны хүүхэдтэй өрх толгойсон эцэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан 480 цагийн албадан ажил хийлгэх ялыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар сольж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Мын хувийн байдлын хувьд урьд хоёр удаа санаатай гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан ба уг гэмт хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Урьд үйлдсэн хоёр хариуцлагыг хүлээхдээ хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байж нийгэмшиж, хүмүүжихгүй хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн шинж, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн зорилго, зорилтод нийцсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.                              

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хохирогч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч Г.Мад холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

Шүүгдэгч Г.М нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Чтой маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт 2-оос 3 удаа цохих зэргээр зодож биед нь халдан баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Чын “...Төв аймаг орчихоод буцаж ирээд гэрийнх нь гадаа буулгах гэж байгаад мөнгөний асуудлаас болж маргалдаад би орилоод, Г.М миний нүүр хэсэгт гараараа цохисон бөгөөд тухайн цохисон нүдний хэсэг хавдаад хөхөрчихсөн бөгөөд Г.М шууд машинаас буугаад гэр рүүгээ орсон бөгөөд би ГССҮТ-д очиж үзүүлсэн чинь зүүн нүд хөхөрч хавдсан, толгой өвдөж байсан бөгөөд ач холбогдол өгөөгүй орхичихсон юм. Тэгээд 1, 2 хоногийн дараа санагдаж байна Г.М манай гэрт ирээд 2 литрийн “Сэнгүр” нэртэй 2 ширхэг пиво хувааж уусан бөгөөд бид хоёр нэлээн согтсон бөгөөд, нэг ухаан ороход замын хажууд миний урд Г.М ирчихсэн, миний хувцас шороо болчихсон, хөмсөгнөөс цус гарсан. Г.М намайг орхиж явсан гээд уурлаад байхаар нь би бас уурлаад алгадсан чинь Г.М миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон санагдаж байна, тэгээд намайг аргадаад “эмнэлэг явъя” гээд байхаар нь согтуу байсан болохоор “үгүй” гэж хэлээд бид 2 манай гэрийн ойролцоо голын хажууд машин дотор хоносон. ...” /хх 13/,

гэрч Ц.Зн “...Б.Ч нь над руу утсаар залгаад “би таксинд явж байгаад хүнд цохиулчихлаа” гэхээр нь шууд такси бариад байгаа газар нь очсон чинь Сонгинохайрхан дүүргийн “Содон” хорооллын уулзвар дээр зогсож байсан бөгөөд Б.Чын 2 нүд ерөнхийдөө хавдсан хөхөрсөн байдалтай, “толгой өвдөөд байна” гэхээр нь яаралтай ГССҮТ-д очиж үзүүлээд гэртээ харьсан. ...Тухайн үйл явдлаас хэд хоногийн дараа ...Б.Чын уруул ам нь хавдчихсан, хацар, хөмсгийг нь яз цохичихсон, шүд нь хугарчихсан байсан. ...Миний мэдэж байгаагаар Б.Чын биед учирсан гэмтлүүдийг Г.М гэх хүн учруулсан. ...” /хх 59- 60/,

Г.Мын яллагдагчаар “...Би уурлаад нэг удаа нүүр рүү дэлсээд явсан. ...Харин хэд ход хоногийн дараа над руу дайраад байхаар нь түлхээд нэг удаа алгадсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  ...” /хх 70/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10656 дугаартай “... Б.Чын биед баруун дээд 1-р шүдний булгарал, уруулын салстад язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулын баруун дээд хэсэг, хамрын нуруу, эрүү, баруун бугалга, зүүн бугалга, шуу, хэвлий, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун дээд 1-р шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх баруун дээд 1-р шүдний булгарал нь 42.1-т цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна, бусад гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 18-20/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Шүүгдэгч Г.Мын хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Чтой маргалдаж улмаар хохирогчийг зодож, биед нь “...баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, уруулын салстын язарсан шарх, баруун хөмсөгт няцарсан шарх, зовхины цус хуралт зөөлөн эдийн гэмтлүүд” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Анхан шатны шүүх Г.Мын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүх, шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялуудаас түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгож, 480 цагийн хугацаагаар оногдуулсан нь тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байна.

Г.Мад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Мөн шүүгдэгч Г.Мад оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тохирсон төдийгүй, тэрээр урьд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан атлаа дахин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь түүний засарч хүмүүжээгүй хувийн байдлыг илтгэж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд хохирогч Б.Ч, шүүгдэгч Г.М нарын гаргасан “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ч, шүүгдэгч Г.Мын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ