| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10232/И |
| Дугаар | 191/ШШ2025/09491 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/09491
2025 11 06 191/ШШ2025/09491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *********** тоот хаягт байрлах ******* ******* ХХК /Регистрийн дугаар *******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Н.******* манай компанитай 2021 оны 05 сарын 31-ний өдөр ******* барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,298,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар хөргөгч худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Н.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу HA /Home Appliances/ загварын хөргөгч Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч нь зээл авснаас хойш 2025 оны 09 сарын 11-ний байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,145,689.52 төгрөг төлөх байснаас 2,091,600 төгрөг төлж, үлдэгдэл 2,054,089.52 төгрөгийг төлөөгүй хугацаа хэтэрч гэрээний үүргээ зөрчин 1036 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ************ тоот хаягаар Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягандаа амьдардаггүй нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож тус шүүхийн шүүгчийн 320/ШЗ2025/01123 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Н.*******ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч зээл авах үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Н.*******ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
2.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021.05.31-ний өдрийн ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025.03.13-ны өдрийн 320/ШЗ2025/01123 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.10.17-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаа.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй. ******* ******* ХХК нь Улаанбаатар хот, *********** тоот хаягт байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.
3. ******* ******* ХХК нь ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-тэй 2021 оны 05 сарын 31-ний өдөр ******* дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй байгаа, түүнийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.
5. ******* ******* ХХК нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,819,037.26 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргахдаа хариуцагчийн хаягийг ************** тоот гэж тодорхойлсон байх ба тус шүүхийн шүүгчийн шүүгчийн 2025 оны 03 сарын 13-ны өдрийн 320/ШЗ2025/01123 дугаар захирамжаар хариуцагч дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Н.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад Улаанбаатар хот, ************* тоот гэсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.
7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаягаар Н.*******ийг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй нь хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн шуудангийн илгээмжийн магадлагаагаар тогтоогдож байна.
8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.
Иймд, Н.*******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Улаанбаатар хот, ************* тоот хаягт оршин суух бүртгэлтэй ******* овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* /утас: , , , /-д мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР